Thursday, March 23, 2017

С.Молор-Эрдэнэ: Давхар иргэншил бол улстөрийн алдаатай нүүдэл хийсний хариулт нь




Философич С.Молор-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хөндсөн давхар иргэншлийн асуудал нийгмийн сүлжээнээс хальж монгол даяар шуугиан тарьж байна. Энэ нь үнэхээр манай үндэстний аюулгүй байдалд сөрөг зүйл үү?

-Бид алдаатай нүүдэл хийсэн. Тэр нүүдлийнхээ хариуд давхар иргэншил гэсэн асуудлыг гаргаж ирлээ.

-Та ямар алдаа яриад байна вэ? 

-Энэ бол Далай ламыг эх орондоо оруулж ирсэн том алдаа. Хятад орон байн, байн сануулснаар байхад хоёр хөршийн энх тайван оршин тогтноход заналхийлсэн Далай лам цолтой Данзангочоо гэж энэ хүн Хятадын төр мэдэгдэл хийснийг мэдсээр байж бидэнд гай тарьлаа.  Далай лам ч даалгавраа амжилттай биелүүлж, биднийг алдаа гаргуулж Хятадтай муудалцуулж чадлаа.

-Одоо тэгээд хэрхэх нь зүйтэй вэ? 

-Бид нэгэнт алдаа хийсэн. Алдаагаа залруулахын тулд давхар иргэншлийг хэрэгжүүлэхээс өөр замгүй.

Учир нь энэ бол том улс төр. Бид том улс төр хийж чадахгүйгээ харууллаа. Улс төр гэдэг шатрын нүүдэлтэй адилхан. Ээлжилж нүүдэг дүрэмтэй.  Манай хоёр хөрш том улс төрийн шатрыг сайн тоглож чаддаг туршлагатай.

-Далай лам давхар иргэншлийн асуудалд буруутай гэдэг зүйл таны ярианаас ойлгогдоод байна л даа?

-Энэ нь цаанаа том улс төрийн шалтгаантай. АНУ ын Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх олон жил хийсэн,  одоо ч Обамагийн улс төрийн зөвлөх хийж байгаа Бржежински “Их шатрын хөлөг” номондоо Еврази гэсэн том шатрын хөлөг дээрх том улс төрийн талаар бичсэн байдаг. Евразийг хэн барина вэ, тэр улс дэлхийг атгаж чадна гэсэнд хариу болгож “Монголчуудын хар хайрцагны бодлого” номоо 5 жилийн өмнө бичсэн. Үүнд энэ том нүүдэлд хамгийн чухал байрлал бол Монгол байсан.  Би номондоо, “Бидний хамгийн чухал нүүдэл бол Орос, Хятад хоёр. Бид хөршүүдийнхээ эсрэг хэзээ ч гуравдахь талтай нийлж алсын бодлогогүй үйлдэл хийхгүй. Тиймээс Оросууд аа, биднийг ойлгоорой. Хятадууд аа, биднийг хүлээн зөвшөөрөөрэй. Хэзээ нэгэн цагт биднийг  та нарын эсрэг турхирна. Тэр үед бид алсын хараатай найдвартай хөрш байж чадна. Тиймээс, Бржежинскид та нар Евразийг барих гэсэн улс төрийн бодлогодоо Монголыг ашиглах гэвэл гонж шүү” гэсэн хариултыг бичсэн.

-Та давхар иргэншлийг энэ удаад зөвшөөрөхөөс өөр аргагүй гэлээ. Яагаад? 

-Алдаа гаргасан тал нөхцөл тавих боломжгүй. Энэ бол улс төрийн тоглоомын дүрэм. Хүмүүс гэснээс муусайн хужаа нар хуцаж л байг, өмхий хужаа нар гэх мэт үгнүүдээс бүрэн салахгүй бол бидний нөхцөл байдал цаашид улам муудна гэдгийг сэрэмжлүүлмээр байна. Өөрсдийн байгаа яг өнөөдрийн нөхцөл байдлаа бодитойгоор ухаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад л алдаа гаргана. Дахиад л бүр хүнд байдалд орох эрсдэлтэй.

-Давхар иргэншил нь цаашдаа манай үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах юм биш үү? 

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хятад бид нарыг хэзээ ч эзэлж байгаагүй. Эзлэх ч шаардлага байхгүй. Бид  л очиж түйвээж байсан уу гэхээс.

Давхар иргэншил бол асуудал биш. Гадны ашиг сонирхол орсон эсэх нь ч асуудал биш. Бид өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлээд шийдэх маш  олон арга замууд бий. Наад зах нь хотын утаа, инженерчлэлийн асуудлыг шийдэхэд дөхөмийг тооцоолж нарийн мэргэшсэн инженерүүдэд урт хугацааны эсвэл байнгын оршин суух виз олгож болно шүү дээ.  Үндэстнийхээ ашиг сонирхолд нийцүүлээд янз бүрийн шалгуур шүүлтүүр тавьж болно. Тиймээс давхар иргэншил ерөөсөө асуудал биш. Том асуудал бол бидний хүн чанар, иргэншил, эдийн засгийн асуудал.

Монгол хүн  ёс суртахуунгүй байна. За жишээлбэл, утааны асуудал байна. Өнөөдөр бидэнтэй хамт Улаанбаатарт экс ерөнхийлөгч, ерөнхий сайдууд утаагаар амьсгалаад байж байна уу хар л даа. Өвөл болохоор авгай хүүхдээ аваад Канад, Англи, арлын орнууд руу явчхаж байна. Эсвэл хотоос холхон халуун устай хаусандаа очоод өвөлжиж байна. Эд нар тэгвэл яагаад энэ олон мянган нялхас өвдөж зовж байхад утаанаас холдуулаад тэр том, том хауснуудаа хүүхдийн сувилал болгож болохгүй гэж. Энэ том том хаустай улс төрчид, баячууд хауснуудаа хүүхдийн сувилал болгох хэрэгтэй. Эсвэл энэ олон хотыг тойрсон тансаг амралтууд ч гэсэн ийм онцгой нөхцөлд өвдөж зовсон хүүхдүүдийг байрлуулж болохгүй гэж. Энэ шилдгийн шилдгээр жил бүр шалгараад байдаг монголын том том компаниуд тийм л шилдэг юм бол яагаад утааны асуудлыг шийдэхгүй байгаа юм? Энэ мундаг том том цолтой эрдэмтэн профессор гээд байгаа улсууд, ШУА, их сургуулиуд яагаад утааны шийдэл гаргахгүй байгаа юм? Ерөөсөө Монгол хүн утааны асуудалтай биш, ёс суртахууны асуудалтай байна.  Аливаа ард түмэн босч ирье гэвэл бие биенээ хайрлах хэрэгтэй. Эв нэгдэлтэй, Монголын гэрээтэй байх хэрэгтэй.

-Том улс төр гэж ярилаа. Үүнийгээ тодруулаач?

-Нэгдүгээрт, Улаанбаатар хотыг Орос, Хятад хоёр байгуулж өгсөн. Бидэнд хот суурин байгуулах туршлага байхгүй. Өнөөдөр хоолойд тулаад байгаа хотжилт, утаа, түгжрэл гээд суурин амьдралын асуудлуудыг бид хоёр хөрштэйгээ хамтарч шийдэхээс өөр арга байхгүй. (Бээжингийн утаа бол аж үйлдвэржилтийн утаа, Улаанбаатарынх бол ядуурлын, аргаа барсан, өлссөн даарсан хүмүүсийн утаа. Чанарын, улс төр, эдийн засгийн том ялгаа байгаа. Утааг арилгахад хөдөлмөрч чанар, мэдлэг, технологи хэрэгтэй. Утааны цаана орон сууц, цахилгаан, дулаан, зам байхгүй гэсэн л асуудал байгаа. Тиймээс бидэнд орос, хятад инженерүүд хэрэгтэй.)

Хоёрдугаарт, биднийг Орос, Хятадын эсрэг тавих гэсэн, хоёрдахь Украин болгох гэсэн геополитикийн ашиг сонирхол маш их байгаа.

Гуравдугаарт, хоёр хөрш маань олон улсад улам хүчирхэгжиж, байр суурь нь улам бэхжиж байна. Ийм том тоглогчидтой шатар нүүж чадахгүй. Ц.Мөнх-Оргилд маш том нүүдэл ирж байхад Далай ламд сөгдөж унаад бэрсээ идүүлчихлээ.Тиймээс одоо яалт ч үгүй, том улс төр ярихаас аргагүй цаг үе ирлээ.

-Та түрүүн “Монголын гэрээ” гэлээ. Энэ юуны тухай ном бэ? 

-Хятадын Күнзээс авхуулаад Францын философич Руссо, Германы философич Кант бүгд ард түмний эв нэгдэл бол ёс суртахуун дээр суурилдагийг хэлсэн. Тиймээс эвтэй бол хүчтэй биш, ёс суртахуунтай бол эвтэй. Бид дотроо хэл амаа ололцож байж гадагшаагаа харьцаж чадна. Тиймээс бид дотроо эхлээд нийгмийн гэрээгээ байгуулах хэрэгтэй. Энэ хоёр номыг уншаагүй ч юм уу, уншаад ойлгоогүй ч юм уу, өнөөдөр ямар ч байсан аавдаа загнуулсан хүүхэд шиг л сууцгааж байна.

Том улс төр хатуу учраас аливаа ард түмэн алдаа гаргасан бол алдаагаа бас даах л асуудал тулгарна. Дэлхийн том шатрын нүүдэл байтугай, хүүхэдтэйгээ тоглож байгаад  ч гэсэн бэрсээ алдчихаад уучилчих л даа гээд буцаачиж болдоггүй биз дээ. Эсвэл хүүхэд нь аав аа гэж уйлж байгаад буцаагаад бэрсээ авчихдаггүй биз дээ.

Давхар иргэншлийн асуудал бол улс төрийн нүүдэл шүү дээ. Зориуд иргэншил гэдэг асуудал тавьж өндөр авхуулж байгаа. Зөвшөөрөх, зөвшөөрөхгүй нь бидний шийдэх дараагийн асуудал. Улс төрийн нүүдлийг нэг нэгээр нь нүүхээс  нэгмөсөн гурав дөрвөн нүүдлийг нэгэн зэрэг нүүхгүй. Тиймээс давхар иргэншлийг шийдэж болно. Өөрсдийн ашиг сонирхлоо бүрэн тусгаад янз бүрээр шийдэж болно.

Энэ олон асуудлыг тэгээд хаанаас нь эхлэж шийдэх хэрэгтэй вэ? 

-Мэдлэг боловсрол, толгой нь хүрэхгүй байгаа нөхдүүд чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд чаддаг хүний үгийг сонсох хэрэгтэй. Чаддаг хүнээр нь хийлгэх хэрэгтэй. Ц.Элбэгдорж 1990 онд Оросын элчингийн гадаа жагсаж, колоничлогчид зайл гэж хөөж байсан. Оросуудыг хөөж гаргасан одоо тэгээд хятадууд ирж л таараа. Урд хилийг М.Энхсайхан нээж, импортын татварыг тэглэж, Хятадын бэлэн бараа орж ирээд Монголын аж үйлдвэрийг сүйрүүлсэн. Одоо гэтэл хилээ хаалаа гээд бид өөрсдөө л хэцүүднэ. Хятад Орос хоёр хилээ хаахад бид ганцхан сар л тэсэх байх. Төсөөлөөд л үз. Энэ бүх шатахууны компаниуд шатахууны үнээ тэнгэрт тултал нэмнэ. Махаа тэгээд үхэр тэргээр зөөх үү. Махны үнэ бас тэнгэрт хадна. Бараа таваарын үнэ тэнгэрт хадна. Тэгээд бид нар хоорондоо хэрэлдэж зодолдоод, нэг нэгнийгээ алаад  эхэлнэ. Улс төрчид, баячууд нисээд, нисээд гараад явчихна.  Ийм л юм болно. 

Эцэст нь хэлэхэд том улс төр бол том зургийг харах, деталь бүрийг тайлж унших чадвар.  Үүнд толгой хэрэгтэй. Мэдлэг боловсрол хэрэгтэй. Хэдэн нүүдлийн цаадахыг харах, гүн бодох чадвар хэрэгтэй.

Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих

Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны 12 сар