Thursday, March 23, 2017

С.Молор-Эрдэнэ: Бид монгол гэдэг ганцхан үндэстэнтэй, гэртээ байгаа эрх чөлөөтэй улсууд


Философич С.Молор-Эрдэнэ ярилцлаа.
МОНГОЛЫН ҮНДСЭН ХУУЛЬ МОНГОЛ ХҮНИЙ АМЬДАРЛЫН БАТАЛГАА БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
-Та саяхны нэгэн өгүүлэлдээ өнөөдөр хүн бүр хямралын тухай ярьж байна. Юун хямрал энэ бол ардчиллын хямрал гэж бичсэн байсан. Гэтэл улстөрчид энэ хямралыг Үндсэн хуультай холбон тайлбарлаж, түүнийг өөрчлөх гэж оролдож байгаа шүү дээ?
-Одоогийн энэ Үндсэн хуулийг 1990 онд ардчиллынхан өөрсдөө боловсруулж, баталсан. Тийм байтал тэрийгээ 20 гаруй жилийн дараа өөрчилнө гэж ярьж байгаа бол анхнаасаа дутуу дулимаг, түүхий ажил хийсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Дутуу хийсэн тэр ажлаа одоо сайжруулах гэж байгаа юм байлгүй. Нэгэнт л алдаатай Үндсэн хууль баталчихсан гэдгээ ухаарч байгаа бол засах л хэрэгтэй.
Гэхдээ дэлхийн түүхээс харахад 20 жил болоод л үндсэн хуулиа өөрчлөөд байдаг улс орон байдаггүй юм билээ. Үндсэн хуулийг өөрчилж, засна гэдэг бол хувьсгал хийж байгаагаас өөрцгүй зүйл. Аристотелоос "хувьсгал гэж юу юм бэ" гэж асуухад "хувьсгал гэдэг бол үндсэн хуулиа шинэчлэх" гэж хариулсан байдаг. Монгол Улс 1990 онд социализмын эсрэг хувьсгал хийж үндсэн хуулиа өөрчилсөн. 
Нөгөөтэйгүүр Үндсэн хууль гэдэг маань тулгын гурван чулуутай. Эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл гэсэн. Энэ гурав бол ардчиллын тулгар үзэл. Миний тухайд таван жилийн өмнө философийн үүднээс нь үндсэн хуулийг шүүмжилж байсан. Монголын үндсэн хуулийг ерөөсөө хуульч хүмүүс хийчихсэн байна аа, уг нь философич хүмүүс энэ хуулийг хийх ёстой байсан юм гэж. Дэлхийн улс орнуудын үндсэн хуулийг оюунлаг, сэхээтэн хүмүүс нь л бичсэн байдаг. Хуульчдын оролцоо бага сага байдаг л даа.
-Өнөөгийн үндсэн хууль монгол хүний эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалсан эрх зүйн бичиг мөн үү?
-Үндсэн гэдэг үг өөрөө учир дутагдалтай. Уг нь Үндэстний хууль гэх ёстой л доо. Монгол үндэстэнд зориулсан тийм суурь хуулийн талаар ярьж байгаа тохиолдолд. Энэ нь явж явж хууль гэхээсээ илүү тунхаг бичиг байвал их зүгээр. Бидний баримталдаг үзэл, амьдарлын чиг шугам нь байх ёстой.
Оросын үндсэн хууль орос хүний, хятадын үндсэн хууль хятад хүний хүний амьдралын баталгаа байдаг. Тэгэхээр бидний Үндсэн хууль ч бас монгол хүний амьдралын баталгаа байх ёстой. Үүнийг харин Үндсэн хууль эхэндээ бичээгүй байдаг юм. Товчхондоо Монголын Үндсэн хууль монгол хүний амьдралын баталгаа болж чадахгүй байна. Иргэд байргүй, дулаан хувцасгүй, идэх хоолгүй бол Үндсэн хуулиа бариад төр лүү очих ёстой. Яагаад гэхээр Үндсэн хууль бидэнд зориулагдсан, ард түмний сайн сайхан амьдралын баталгаа байдаг учраас. Түүнээс хууль гэхээр ард түмнийг шийтгэдэг, шалгадаг тийм зүйл биш шүү дээ. Эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн эрх мэдлийг хамгаалдаг арга хэрэгсэл бол бүр биш.
-Орон сууцгүй хүмүүс Үндсэн хуулиа барьж очоод төрөөс байр нэхэх ёстой гэсэн үг үү?
-Хүний амьдралын үндсэн хэрэгцээг үндсэн хууль хангаж өгөх ёстой. Үүнд орон байрны асуудал нэн тэргүүнд орно. Бүх хүн байртай байх, хоолтой байх, эрүүл байх, аюулгүй байх бол хамгийн наад захын хүний эрхүүд. Үндсэн хууль маань цаашлаад бүх хүнийг ажилтай байлгахад чиглэгдэх учиртай. Харин төр энэ бүхнийг зохицуулж өгөх үүрэгтэй.
Монголчуудын дунд сүүлийн 20 гаруй жилийн дотор явж ирсэн хэдэн буруу ойлголт байдаг. Үүний нэг нь төр шиг хэрэггүй зүйл алга, төрийн үүрэг оролцоо бага ёстой гэдэг үзэл. Бидэн шиг цөөхөн хүн амтай улсад төр шиг хэрэгтэй зүйл өөрөөр байх боломжгүй. Лебариализм, лебартари үзэл гэж их ярьдаг. Энэ ч ялгаагүй бидэнд ямар ч хэрэггүй. Угтаа энэ нь АНУ-д л хэрэгтэй.
БИД МОНГОЛ ГАНЦХАН ҮНДЭСТЭЙ, ГЭРТЭЭ БАЙГАА ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ УЛСУУД
-АНУ-д яагаад хэрэгтэй. Манайд яагаад хэрэггүй гэж?
-Учир нь тэнд энэ дэлхийн есөн жорын хүмүүс очиж цугларсан байдаг. Гэмт хэрэгтнээсээ авахуулаад нобелийн шагналтан нь хүртэл цагаачилж очсон, 140 гаруй үндэстэн хамтарч амьдрахад лебариализм, лебартари үзэл хэрэг болдог. Чөлөөт зах гэж яриад байна. Ухаан нь, нэг төрлийн бараа хийдэг үйлдвэр хэт олшроод ирэхээр өнөөх олширсон үйлдвэрүүдийг хооронд нь өрсөлдүүлээд хэн чанартай, хэн хямдхан үйлчилж байна тэр үйлдвэр нь амжилттай явна гэдэг зарчмыг чөлөөт зах зээл гэж нэрлэдэг.
Харин манайд тийм өрсөлдөөн одоохондоо байхгүй учир чөлөөт зах зээлийн онол утгагүй. Амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байгаа юм. Архины үйлдвэрүүдийн хооронд  л тийм өрсөлдөөн байдаггүй юм бол. Өөр ямар үйлдвэрүүд байна вэ.
-Тэгвэл чөлөөт зах зээлийн онол манайд анхнаасаа л огт тохирохгүй зүйл байжээ?
-Тэгж ойлгож болно. Америкаас гаралтай тэр чөлөөт зах зээлийн онол, ардчилал энэ тэрийн аль аль нь бидэнд ямар ч хэрэггүй байсан юм. Яагаад гэвэл АНУ шиг учиргүй олон үндэстэн манайд алга. Бид монгол гэдэг ганцхан үндэстэнтэй, гэртээ байгаа эрх чөлөөтэй улсууд. Тэгэхээр хоорондоо ардчилал ярьж маргалдах шаардлагагүй гэсэн үг.
Хамгийн гол нь баялгаа зөв ашиглаад, төр нь төр шиг ажиллаад, монгол хүн эх орондоо нэгдүгээрт  тавигдаад ирэх юм бол үндсэндээ бид тэр онолтой, онолгүй диваажинд байгаа юм шиг амьдрах бололцоо бүрэн бий. Бидэнд хүн ам, байгалийн баялаг, газар нутаг, тусгаар тогтнол байгаа учраас тэр. Тийм байхад гэмт хэргээр дүүрсэн, өдөрт хэдэн хүн буудалцдаг америк орныг үлгэр жишээгээ болгодог. Энэ бол арай дэндүү төөрөгдөл.
-Таны ярианаас бид ардчилсан хувьсгал хийлгүйгээр социализмдаа байсан нь дээр байжээ гэдэг санаа ойлгогдоод байна л даа?
-Уг нь бид нэг хэсэгтээ эдийн засгийн бодлогоо чөлөөтэй болгоод төр бол ерөнхийдөө социалист хэв маягаа хадгалаад явсан бол зүгээр байсан юм. Цаашид болж өгвөл дээд тал нь хоёр намтайгаар нэг хэсэгтэй явбал их зүгээр. Тэртэй тэргүй бид ийм цөөхүүлэхнээ юм чинь. Тэгвэл ядаж л жирийн иргэд нийгмийн сүлжээгээр улс төр ярьж талцах шаардлагагүй болно. Хэтэрхий их улс төр ярьж хэнхэглэсний уршгаар одоо монголын амьдрал талцсан хэв маяг руу яваад орчихлоо. Бидний өнөөдөр яриад байгаа зүйл чинь үнэн хэрэгтэй улс төр биш шүү дээ.
Хөгжлийн бодлого ярьж сонгуульд өрсөлдөөд ялсан нам нь улс орноо хөгжүүлдэг тэр гадаад оронд хэрэгждэг сонгодог зарчим өнөөдөр монголд хэрэгжихгүй байгаа. Миний бодлоор бид хоёр зүйл дээр л их сайн анхаарах ёстой. Нэгд нь, улс төрийн намын тухай хуулиар олон намыг цомхотгох, цаашид нэмж нам байгуулахыг хориглох хэрэгтэй байна. Одоо байгаа намууд нь чанаржих хэрэгтэй. Улс төрийн намын системээ маш чамбай, цомхон болгохгүй бол ерөөсөө болохгүй нь.
Хоёрдугаарт, маш хурдан үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэхдээ монгол хүн монгол нутагтаа нэгд байна гэдэг зүйлийг гаргаж ирэхгүй бол гадны тонуулчдад хамаг юмаа алдаад дууслаа.
-Монгол хүн эх нутагтаа нэгдүгээрт байгаа гэж л ойлгоод байгаа шүү дээ?
-Нэг жишээ хэлье. Их дэлгүүрийг тойрсон барилгуудыг дандаа гадаадынхан худалдаад авчихсан. Нэг нэгэндээ түрээслэдэг. Ингэж түрээслэхдээ англи хэл дээр зарлал тавьж түрээслүүлж байна. Монгол хэл огт мэдэхгүй гадаад хүн манайд огт торохгүй амьдарч чадна. Үйлчилгээний газрууд л гэхэд дандаа англи хэл дээр үйлчилгээгээ үзүүлж байгаа. Гэхдээ энэ тийм ч буруу биш.
Уг нь япон, герман гэх мэт аль ч улс орнуудад гадаадын хүн ямагт хоёрдугаарт тавигддаг. Эх нутагтаа байгаа хүн дандаа нэгдүгээрт тавигддаг. Гэтэл манайд эсэргээрээ. Оюутолгойд гадаадын нэг инженер 30 мянган ам.долларын цалин аваад явж байна. Тэгтэл хамгийн хямд цалинтай хар ажлыг нь монголчууд өөрсдөө хийж байгаа.
Бид өөрийнхөө нутаг, өөрийнхөө баялаг дээр суучихаад тэр баялгаа ашиглахдаа гадаадын хүнээр дарга тавиад өөрсдөө өрөм барьж газрын гүн рүү ороод эрүүл мэндийн хувьд согогтой хүмүүс болж хувирч байгааг юу гэж ойлгох вэ. Энэ мэтийг хараад байхад монгол оронд нэг хэсэгтээ онц байдал зарлах цаг болсон байна. Ямар онц байдал вэ гэхээр, монгол хүнээ аврах онц байдал.
-Монгол оронд монгол хүн биш гаднаас ирсэн тэр хүмүүс сайхан амьдарч байна гэж хэлэх гээд байна уу?
-Монгол улсад монгол хүн биш зөвхөн гадаадынхан сайн сайхан амьдарч болдог тийм нийгмийн бүтэц бий болчихлоо. Тэрийгээ өөрснөө ч олж харахгүй байна. Ийм л байх ёстой гэсэн шиг амьдарцгааж байна.
100 жилийн өмнө бас бид яг ийм байдалд орсон. Тэр үед маш их гадаадууд Харбин энэ тэрээр дамжаад монголд ирэн амьдарч байсан. ХХ зууны эхэн үед зүүн азийг колончилж байсан барууныхан хятадад хувьсгал явагдангуут Монгол руу их хэмжээгээр цагаачилж орж ирцгээсэн.
Тэд орж ирээд юу хийсэн гэхээр банк байгуулж, мөнгө хүүлэх үйл ажиллагааг явуулсан. Тухайн үеийн монголыг асар их өрөнд оруулсан. Үүнээс улбаатай өр зээлийн бичиг гэж уул овоо шиг болж, монголчууд бүгд өрөнд унаад байв. Тэгээд яасан гэхээр аз болж оросууд ирж хувьсгал хийгээд тэр нөхдийг бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Үүний дараа бүх өрийн данснуудыг овоолж байгаад шатаасан.
Одоо бид яг тийм байдалд орчихлоо. Банкинд өргүй монгол хүн гэж хаана ч алга. Гэхдээ биднийг өрөнд оруулаад байгаа тэр банкуудын нууц эзэд нь дандаа гадныхан байгаа шүү. Яахав наанаа бол Харвардад ч юм уу сургууль төгссөн нэг монгол залууг захирлаар нь тавьчихсан байгаа.
-Бид хүссэндээ зээл аваад банкны өрөөд байгаа юм биш үү. Үгүй гэж үү?
-Монголчууд уг нь нийтээрээ хөрөнгөжих ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Хөрөнгөжиж чадахгүй учраас бүгдээрээ зээлтэй амьдарч байна. Ийм хүмүүс амьдралын эрх чөлөө, сонголт, аз жаргалын тухай ярих ямар ч боломжгүй.
 Ардчилал өнөөдөр хямралд орсон. Энэ нь үнэт зүйлийн хямрал. Монгол хүн эх орондоо сайн сайхан амьдрах тэр боломж нь хаагдчихсан.  Мөнгө төгрөгийн хямрал бол өөр. Эдийн засгийн хямралаас хэсэг хугацааны дараа гарч болно. Үнэт зүйлийн хямралаас гарах их хэцүү.
МАНАЙД ЧАНСААТАЙ ТОМ ОЛИГАРХИ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ
-Та хэдэн жилийн өмнөх нэг ярилцлагадаа монголын улс төрийн намууд зүүн, баруун үзлээ ч ялгаж мэддэггүй гэж ярьсан байсан?
-Энэ талаар их эртнээс бичсэн. Ардчилсан нам баруун уу, зүүн үү гэж хүртэл бичиж байсан. Гэтэл маргааш нь шууд л З.Энхболд гүйж гарч ирснээ манайх барууны нам ш дээ гэж хэлээд алдаа гаргасан. Ардчилсан нам барууны нам байж болохгүй. Барууны нам гэдэг бол консерватив үзэлтэй хөрөнгөтнүүдийн нам. Нэг талаараа З.Энхболдын АН барууны нам гэж хэлснээс харахад тэд өөрсдийгөө хөрөнгөтөн болчихсон гэдгийг өөрсдөө батлаад байгаа мэт. Уг нь би тэднийг ард түмнийхээ талд ажилладаг зүүний нам гэж ойлгодог байсан.
Улс төрд баруун, зүүн гэдэг ойлголт маш чухал. Бид одоо АНУ-ын сонгуулийг харж байна. Сандерс гэж Клинтонтой үзэлцээд байгаа нэг өвгөн байна. Мань өвгөн дандаа социализм ярьж байгаа. Нөгөө талд яахав Трамп гээд жинхэнэ хөрөнгөтөн нөхөр явж байх жишээтэй. АНУ-д энэ удаа социализим, капитализм хоёрын аль нь ялах вэ гэдэг том өрсөлдөөн болж байна.
Зүүний нам дандаа ард түмнээ боддог. Барууны нам болохоор хөрөнгөтнүүдийнхээ эрх ашиг, хөрөнгийг хамгаалах гэсэн зарчмыг баримталдаг.Ард түмнээс татвар аваад олигтой мөнгө орж ирдэггүй. Энэ үнэхээр үнэн шүү. Харин хөрөнгөтнүүдээс татвар авахаар маш их мөнгө төвлөрдөг. АНУ-ын хөрөнгөтнүүд энэ удаад яаж байна вэ гэхээр татварыг нэмэгдүүлэхгүйн тулд Трампийг гаргаж ирэн Ерөнхийлөгчид өрсөлдүүлж байна.
-МАН тэгвэл аль үзлийг нь баримталдаг нам юм бэ?
-Манай намуудын тухайд аль аль нь баруун, зүүнээ ялгадаггүй. МАН хүртэл мэддэггүй гээд бод доо. Та нар одоо ямар нам юм бэ гээд асуухаар социал демократ энэ тэр гэсэн сонин, сонин юм өмнөөс ярьдаг. Яг ярьж, хийж байгааг нь харахаар нам нь социал демокрот ч биш бүхэлдээ олигархи бүлэглэл. Тийм байдал харагддаг. Товчхондоо АН, МАН хоёр бол олигархийн нам болчихосон. Ийм байхад улс төрийн баруун зүүн үзэл, онол ярих ямар ч шаардлагагүй. Энэ хоёр намд шатахууны, уул уурхайн, архины гэх мэт олигархиуд  зонхилж байгаа. Сүүлийн үед гаднаас бонд босгож түүгээрээ элдэв төсөл хэрэгжүүлж их баяжих шиг боллоо. Одоо шоронд явцгаах байх.
-Улс орон маань хөрөнгөжсөн олигархиудтай байна гэдэг харин ч сайн зүйл биш гэж үү?
-Олигархи ч гэж дээ, хөөрхий зайлуул. Манайд чансаатай том олигархи үнэндээ байхгүй. Монгол хүн олон зуун жилийн өмнөөс хөрөнгөтэй байж үзээгүйтэй нь энэ холбоотой. Өнөөгийн монгол баячуудын өмнө тулгараад буй том асуудал бол их мөнгийг яаж хөдөлгөхөө мэддэггүй мухардмал байдал. Тэд бүр учраа олохгүй самгардаж байгаа гээч.
Яагаад гэдгийн учир нь олон зуун жилийн түүх, монгол хүний цусанд шингэсэн гентэй холбоотой. Чингис хаан хүртэл ийш тийшээ яваад л баахан дайн хийгээд, эзлээд л байсан. Эцсийн дүндээ алт мөнгө цуглуулж шалиагүй. Тэгэхээр хөрөнгөтэй харьцаж чаддаггүй энэ байдал бол бидний цусанд байдаг зүйл. Учир нь монголчуудад бусад улс шиг олон зуун жилийн турш хөгжсөн хөрөнгөтний аж үйлдвэрийн түүх байдаггүйтэй холбоотой.
Манай хөрөнгөтнүүдийн тухайд үйлдвэр байгуулж, түүгээрээ хөрөнгөө өсгөж, нийгмийг ажилтай, орлоготой байлгадаг тийм баячууд биш л дээ. Тооны баячууд байхгүй юу. Дансандаа хэдэн төгрөгтэй, хэдэн ширхэг тансаг хаус, үнэтэй машинтай вэ гэх мэт тоон дотор л өөрсдөө уралдаад байдаг. Түүнээсээ таашаал авдаг шиг байгаа юм. Гэтэл тооны цаана чанар байж, хөрөнгө өөрөө хөрөнгийг бүтээнэ. Үүний үндсэн дээр жинхэнэ капитал бий болно. Мөнгөний төлөө мөнгө үржүүлээд яах юм. Хөрөнгөний төлөө мөнгийг үржүүлэх ёстой. Тэр хөрөнгө нь жирийн иргэдийг ажлын байраар хангаснаар нийгмийн дундаж давхарга олноороо бий болох учиртай. Тэгж байж нийтээрээ хангалуун сайхан амьдарна.
ӨВЧИН ЗОВЛОНТОЙ НЭГИЙГЭЭ БИЗНЕСИЙН НҮДЭЭР ХАРАХ ЧИНЬ МУУХАЙ ШҮҮ ДЭЭ, ЧОЙ ХАМБА АА
-Таны тухайд Гандан хийдийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Хүмүүс ганданд очоод үзэж харуулаад, ном уншуулаад явах нь яагаад буруу гэж?
-Шашин 100 жилийн өмнөх монголд маш их хэрэгтэй байсан. Тэр үед бичиг үсэгтэй хүн ховор, эмнэлэг байхгүй учир яагаад өвчин туссанаа хүртэл мэддэггүй байлаа шүү дээ. Хүүхэд л гэхэд багадаа жоохон шарлаад л үхчихдэг байсан. Ханиаданд халуураад явчихна. XX зууны эхээр пинцелин гарч ирж байж л маш олон өвчнийг дарсан. Түүнээс өмнө маш өчүүхэн өвчин тусаад л яваад өгдөг байсан.
Үхэл, өвчин тохиосон үед хүнд шашин их хэрэг болдог л доо. Шинжлэх ухаан хөгжөөгүй тэр цаг үед эцэг, эх нь өвчнөөр нас барахад  хэн нэгэн лам төлгө тавьж үзээд хувь заяаных нь сав дүүрээд таалал болсон байна гэж үр хүүхдүүдэд нь хэлдэг байсан. Энэ үүднээс нь аваад үзэхээр шашин өөрөө хэн нэгэнд сэтгэлийн тайвшрал өгөхөд зориулагдсан зүйл. Хэдийгээр мухар сүсэг ч гэсэн XX зууны эхэн үед буддын шашин тухайн үеийн монголчуудад маш их сэтгэлийн түшиг болдог байсан нь түүхээс анзаарагддаг.
Өнөөдөр бол шашнаас үүдэлтэй мухар сүсэг огт хэрэггүй. Яагаад гэхээр шинжлэх ухаан, эмнэлэг хөгжчихсөн байхад ойр дотны хүн чинь нас барлаа нэг их хувь заяа яриад, заавал нэг лам дээр очоод байх шаардлагагүй. Өөрөө сайхан биеэ даагаад, өөрийнхөө асуудлыг өөрөө шийдээд  явахад л хангалттай. Заавал лам дээр очин мөнгө төлж заяа төөргөө асуух хэрэггүй.
-Таныхаар Гандан хийд олон нийтийн мухар сүсгийг өөгшүүлэхгүйгээр оршин тогтнох боломжтой юу?
-Миний бодлоор хүмүүс сүмд очоод бурхан шүтээнээ харж дотооддоо тайвшрал авчихдаг, нийгмийн стресснээс зохих хэмжээгээрээ ангижрахад нь тус болдог тийм орчныг л гандан бүрдүүлэх хэрэгтэй байна. Гэтэл даанч тийм юм алга. Хог шороондоо баригдчихсан, хэдэн лам нар нь ирж байгаа хүмүүсээ мөнгөний нүдээр сэм хардаг тийм л газар болоод хувирчихсан байна.
Сүмд очих сайхан. Нэг тийм арц хүж үнэртээд л, зул асчихсан. Харанхуйд зулын гэрэл харахаар хүний сэтгэл цаанаасаа уужирдаг. Өөрөөр хэлбэл, манай гандан хийд орчин үетэйгээ зохицож оршин тогтнох хэрэгтэй байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай гэсэн үг. Гэтэл Чой хамбын тэргүүлсэн гандан өнөө л XX зууны эхэн үеийн арга барилаараа ажиллаад байна. Иргэдийнхээ боловсролгүй, харанхуй мунхаг, мухар сүсэг дээр нь бизнес хийж байна. Лам нар хүмүүсийн нарийн хувь заяаных нь урдуур орж аягүй муухай муухай хариулт өгдөг. Энэ хүнтэй сууж болохгүй, одоо амьдарч байгаа байрнаасаа гарах хэрэгтэй ч гэх шиг. Хүний дотоод асуудал руу ингэж бүдүүлгээр халддаг. Ийм байж болохгүй шүү дээ. Бүр болохгүй бол тухайн хүн ямар асуудалтай байна түүнийг нь зүгээр сайхан сонсоод сэтгэлийн тэнхээ, дэм өгчихөд л болох зүйл.
Тэгэхээр монгол лам нар бусдын хувь заяаг мэргэлээд өөрсдөө ч сайн мэдэхгүй төвд ном уншиж, бусдын амьдралд нөлөөлөх гэж оролддогоо зогсоох хэрэгтэй. Өвчин зовлонтой нэгийгээ бизнесийн нүдээр харах чинь муухай шүү дээ, Чой хамба аа. Энэ бол маш их аюултай зүйл. Яг үнэндээ нэг залуу хүн хэн нэгэнд хайр сэтгэлтэй болчихоод гэрлэж болох үгүйгээ ламаас очиж асууна гэдэг өөрөө асар том тэнэглэл. Үүнийг ч гэсэн иргэд, ялангуяа залуу хүмүүс ойлгож ухамсарлах хэрэгтэй.
-Цагаан сарыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэтэл та сар шинийг Улаанбаатар хотод тохирохгүй, хэтэрхий бүдүүлэг баяр гэж шүүмжилсэн?
-Цагаан сар хошин жүжиг болоод удаж байна. Тэр дундаа Улаанбаатар хотод. Хот уг нь өөрийн гэсэн баяртай байх ёстой. Цагаан сар бол хотын баяр биш.
Цагаан сарын анхны зорилго нь өөрөө ноёдод зориулагдсан баяр байсан. Ноёд жилдээ нэг удаа цагаан сар хийж ард түмнээ хооллодог байсан. Тийм учраас цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг үг гарсан.
Социализмын үед үүнийг ард түмний баяр болгочихсон. Одоо бол өөр. Тэртэй тэргүй нийгэм дээр, доороо орчихсон байгаа ийм үед тэгж их хамаатан садан, төрөл төрөгсөд гэж хавтгайруулах ямар ч шаардлагагүй. Одоо цагаан сар гэдэг чинь хаа хамаагүй хүмүүс нэгнийдээ уулзалдаж биесээ шинжиж, ёжилж, хүний өмнө эвгүй байдалд оруулдаг тийм л хоцрогдсон арга хэмжээ болоод хувирчихлаа.
Сар шинээр настай хүнд мөнгө барихгүй золговол муухай хардаг. Харин олигтойхон юм бариад золговол сайхан хараад тал засдаг. Энэ бол хүнийг ялгавар үзсэн, ямар ч ёс суртахуун, соёлгүй бүдүүлэг зүйл. Арав хориороо айлд ороод л айлыг хүндрүүлдэг. Зарим айлд хүнд өгчих олигтой юм байдаггүй шүү дээ. Энэ утгаараа орж ирсэн хүмүүстээ бэлэг өгөхгүй гэхээр эвгүй, өглөө гэхэд бас юугаа өгөх билээ, тийм үү.
Нэг л их хоол унд болдог. Угтаа бол ямар ч хэрэггүй. Учиргүй өлсөөд явдаг хүн ч гэж байхгүй. Хөдөө бол цагаан сар байх ёстой. Мал сүрэг нь онд мэнд ороод өвлийг давна гэдэг бол малчин хүнд хувьд агуу том баяр. Энэ утгаараа хөдөөд цагаан сар хэрэгтэй.
-Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс цагаан сарыг тэмдэглэж болохгүй гэсэн үг үү?
-Улаанбаатарт цагаан сарыг тэмдэглэж болно л доо. Ингэхдээ маш ойрын хүрээндээ цөөхөн хүмүүсийн дунд тэмдэглэх ёстой. Нэг их мах, бууз хуушуур гэхгүйгээр цэвэрхэн баярлах хэрэгтэй. Хамгийн дуртай хоолоо хамтдаа хийж идээд, үнэтэй дарс уунгаа өнгөрсөн жилийнхээ алдаа оноог ярьж хөөрөөд суух чинь сайхан шүү дээ.
Нөгөө талаараа цагаан сар өөрөө гэр бүлийн баяр болох ёстой. Ээж, аав, ах, эгч нарынхаа хүрээнд гэр бүлийн баяр болгоод тэмдэглээд сурчихвал их зүгээр. Хамаатан садан, худ ураг, хаа холын найз нөхөд гэж хавтгайруулах юм бол утгаа алдчихна.
Ингэж хавтгайруулвал юу болдгийг хангалттай харлаа. Сар шинээр нэг нэгнийхээ янзыг үзсэн, машины марк, өмссөн дээлийн торго, барьж байгаа хөөрөгнийхөө том жижгээр уралдсан бөөн сагсуурсан  үзэл л яваад байдаг. Энэ бол аливаа баярыг хэт хавтгайруулсны уршиг. Ийм байдал нь эргээд хүмүүсийг эдийн засгийн хүнд байдалд оруулж байна. Цагаан сар болно гэхээр баярлах биш айдаг хүмүүс зөндөө байгаа.
-Та мичин жилийг тарваган жил гэж нэрлэе гэдэг уриалгыг сар шинийн өмнө гаргасан байсан. Яагаад заавал тарваган жил гэж?
-Ганц мичин жил ч биш. Бүр арван хоёр жилээ бүгдийг нь монгол амьтдаараа нэрлэх хэрэгтэй. Бидэнд мич байхгүй юм чинь энэ жилийг тарвагаар орлуулъя гэдэг нийтлэл бичсэн. Сайхан тос даасан тарваган жил болгоё. Тарваган жил гээд нэрлээд сурчихвал хүмүүс их баярлана. Муу нүүрт мичин жил гарлаа гэхээр чинь олон нийт сэтгэлээр уначихаж байгаа байхгүй юу. Харин тарваган жил гэвэл тос даасан өнтэй жил болох нь гээд эсрэгээрээ баярлана.
Луу бол тэртэй тэргүй байхгүй. Харин луу жил гэдгээ тэмээн жил болгочих хэрэгтэй. Тэмээн жил гарлаа гэхэд тэр жилдээ тэмээ шигээ сайхан, налайсан, алсыг харсан амьдрах юм бол их сайхан. Үүнээс улбаатай нийгэмд очих сэтгэл зүйн нөлөөлөл нь маш чухал. Бар жилийг чоно жил болгох хэрэгтэй. Тэртэй тэргүй монгол хүн чинь чоныг хийморьтой амьтан гэж боддог шүү дээ. Арван хоёр жилийн зарим нэршлийг ингэж өөрчилснөөр нийгмийн уур амьсгалд эерэг нөлөөлөл их бий болно.
-Та Улаанбаатар хотын иргэд өөрсдийн гэсэн баяртай болох хэрэгтэй байна гэж хэллээ. Энэ баяр нь даншиг наадам юм биш үү?
-Э.Бат-Үүл уг нь орчин үеийн залуу хүн. Ингэж их өөгшүүлж байгааг нь хараад хувьдаа гайхдаг. Магадгүй Бат-Үүлийн цаана Чойжамц хамба л үүнийг хийгээд байна гэж харж байгаа.  Нэг зүйлийг зориуд хэлэхэд даншиг наадам чинь манай баяр биш манж нарын баяр байхгүй юу.Үг нь ч гэсэн манж үг. Даншигийг сэргээсэн нь өөрөө маш буруу. Бид уг нь улам орчин үеийн болох хэрэгтэй.Гэтэл ингэхийнхээ оронд буцаад дундад зууны бүдүүлэг үе рүүгээ харайж орох алхмыг хийгээд байх юм.
Төв замыг чөлөөлөөд автомашингүй өдөр гээд өнгөрсөн жил хийсэн. Хотын баярыг хийхдээ бүх гудамжаа ингэж чөлөөлөх хэрэгтэй. Хүмүүс нь гудамжаараа алхаад л, хоорондоо ярьж хөөрөөд л, Улаанбаатар хотынхоо тухай яриад л. Энэ бол хотын баяр. Түүнээс морь уралдуулж, бөх барилдуулах бол үнэхээр сонин биш.
ГАНЦ МОД ГАЛ БОЛОХГҮЙ, ГАНЦ ХҮН АЙЛ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ҮГ УЛААНБААТАРТ ТОХИРОХГҮЙ
-Монгол гэр бүлийн хямрал бол монгол эрчүүдийн хямралаас үүдэлтэй гэж та бичиж байсан. Яагаад ийм зүйл тохиолдов?
-Монголчууд эрэгтэй хүүхдийг хатуу хөтүү, биеэ даасан чанартай, хар ажилд сайн гэдэг нүдээр хараад зөнд нь хаячихдаг. Энэ маань тэгж байгаад өөрийгөө аваад явчихна биз гэсэн маягаар ханддаг. Зарим эцэг эх бол бараг л болоогүй байхад нь хүүхдээ нийгэм рүү түлхээд оруулчихдаг. Тэгээд яахав дээ. Нөгөө юу ч мэдэхгүй хүүхэд чинь гэнэт учраа олохгүй хүнд залилуулна. Сүүлдээ муу аргад суралцана биз дээ. Сэтгэлээр унахаараа архи, тамхинд орно. Хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй нөхөрлөнө. Ингэсээр байгаад эцэстээ хачин юм болж хувирдаг. Монгол эрчүүдийн хямрал ерөнхийдөө эндээс эхлэлтэй. Энэ нь гэр бүлийн хямрал болж цаашаагаа гүнзгийрсэн. Энэ зүй тогтлыг олж хараад өгүүлэлдээ дэлгэрэнгүй бичсэн.
Харин эмэгтэй хүүхдээ болохоор хайрлаад л, зоригжуулаад л, сургууль соёлд сургаад байдаг. Уг нь эрчүүд энэ улс орныг чинь авч явах ёстой байхгүй юу. Эрэгтэй хүүхдээ маш сайн хүмүүжүүлж, өндөр боловсролтой хүн болговол энэ улс оронд чинь хэрэгтэй. Ингээд зогсохгүй хажуугаар хэрэгтэй хэрэггүй эмэгтэйчүүдийн тэгш эрх, жендер энэ тэр ярихыг нь яана.
-Ажиглаад байхад эрэгтэйчүүдийн ихэнх нь таксины жолооч болчихсон юм биш үү?
-Социализмын үед ажиллаж байсан том том үйлдвэрүүдээ 1990 онд устгачихсан. Тэр  үеэс ер нь эр хүний хийх ажил ховордсон л доо. Үүний уршгаар одоо өглөө ажилдаа яваад орой ирэхдээ цалингаа эхнэртээ авчирч өгөөд нэртэй хүндтэй явдаг аавууд даанч цөөхөн болсон байна.
Ер нь монгол эрчүүдийн ихэнх нь таксины жолооч болсон. Энэ бол гашуун үнэн. Үлдсэн зарим нь гэртээ сууж эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэх жишээтэй. Хоол ундаа хийнэ, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гэх мэт.
Бүх их дээд сургуулийн 80 хувийг эмэгтэй багш нар эзлэж байна. Яагаад гэхээр эрэгтэйчүүдээ бүгдийг нь жолооч болгочихсон учраас. Уг нь зохион бүтээх салбар, үйлдвэрийн инженер, технологи, мэдлэг гэх мэт салбаруудад эрэгтэйчүүд байсан нь дээр байдаг юм. Яагаад гэхээр эрэгтэй хүн чинь байгалиасаа аливааг гүн бодож, түүндээ төвлөрч чаддаг чадвартай байхгүй юу.
-Сүүлийн үеийн өндөр боловсрол эзэмшсэн монгол эмэгтэйчүүд нөхөр олдохгүй байна гэх зүйл яриад байгаа нь таны ярьсантай бас холбоотой байх тийм үү?
-Холбоотой байлгүй яахав. Энэ бол цэвэр эцэг, эхчүүдийн буруу. Хүүгээ багаас нь сайхан хүмүүжилтэй, өндөр мэдлэг боловсролтой хүн болгож төлөвшүүлэхийн оронд хар зөнд нь хаясны уршиг. Тэр нь явсаар ямар ч боловсролгүй хар ажилчин болоод хувирчихсан. Тэгэхээр чинь тийм яриа гарах нь аргагүй. Энэ байдал урт хугацаанд үргэлжилбэл ямар аюулд хүргэж болох вэ. Эмэгтэй хүн эмэгтэй хүнтэйгээ сууж эхэлнэ. Нийгэмд маш олон лесби үүснэ. Одоо ч ийм байдал ажиглагдаж байна. Хөвгүүдээ тоохгүй, охид нь хоорондоо үерхээд эхэлчихэж.
-Эцэг эхчүүд өөрсдийн хүсэл эрмэлзлэлийг үр хүүхэддээ тулгаж, тэдний шийдвэрт нөлөөлөх нь хэр зөв юм бэ?
-Жишээ нь, ээж нар өөрт ашигтай учраас охиныхоо шийдвэрт, аав нар өөрт ашигтай учраас хүүгийнхээ сонголтод нөлөөлөх гэж оролдог. Энэ буруу шүү. Зарим аав залуудаа бөх болж чадаагүй учраас хүүгээ бөх болгох гээд зүтгээд байдаг. Өөрийнхөө гүйцэлдүүлж чадаагүй амбицыг хүүгээрээ дамжуулж гүйцэлдүүлэх гээд байгаа нь тэр байхгүй юу. Тэр хүү одоо аавдаа зориулж амьдрах юм уу. Тэр охин бас ээждээ зориулж амьдрах юм уу. Үгүй л байхгүй юу.
Нийгэм маань өөрөө чөтгөрийн тойрогт орчихсон байна. Энэ тойргийг бий болгоход хэрэгтэй, хэрэггүй зүйр цэцэн үгийн гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Жишээ нь, ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй ч гэх шиг. Юу ярьж байгаа юм. Хөдөө бол яахав жалгын мухарт ганцаараа байх хэцүү. Харин Улаанбаатарт залуу хүн ганцаараа байхгүй бол болохгүй. Энд чинь хүнтэй суухаасаа өмнө хэсэг хугацаанд ганцаараа байж, юм уншиж, өөрийгөө боловсруулж, санхүүгийн үүсвэртэй залгах тэр баталгаагаа бий болгох шаардлагатай байдаг. Тэгж байж нийгэмд орохгүй бол бусдын тоглоом болж дуусна. Тэгэхээр нэг хэсэгтээ ганцаараа байх бол хамгийн зөв арга. Саяны жишээнд авсан зүйр үг Улаанбаатарт лав тохирохгүй.
-Залуудаа хүнтэй суухгүй тэгээд хөгширсөн хойноо гэр бүл зохиох хэрэг үү?
-Залуучуудад хандаж хэлэхэд хүнтэй суух гэж адгах хэрэггүй. Суулаа гэхэд хүүхэдтэй болох гэж яараад бүр хэрэггүй. Өөрийгөө боловсруулаагүй, тодорхой хэмжээний санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй л бол чиний хүүхдийг авах цэцэрлэг өнөөдөр Улаанбаатарт алга байна. Амьдрах байргүй, цэцэрлэг байхгүй бол хүүхдийг чинь хэн өсгөх юм. За яахав ээж дээрээ аваачаад өгч болно. Гэтэл эцсийн дүндээ тэр хүүхэд чинь чиний хүүхэд биш болж хувирна. Эмээгийн хүүхэд болно. Аав ээж хоёрыгоо тоохоо больчихдог юм, ийм хүүхэд.
-Нийгмийн дээд хэсэг буюу мөнгөтэй гэр бүлүүд өнөөдөр хүүхдүүдээ америк сургуулиар дамжуулан боловсрол олгож байгааг та юу гэж хардаг вэ?
-Үүнийг би хувьдаа ноёны суудлыг удам залган өвлүүлдэг феодлын үеийн зарчим эргэн сэргэж байна гэж харж байгаа. Учир нь америк сургуулиар хүмүүжсэн хүүхэд баруунд мэргэжил эзэмшиж ирснийхээ дараа улс төрийн өндөр албан тушаалд ч юм уу аль нэг банкны захирлаар шууд томилогддог. Ийм залуус дандаа улстөрчид, олигархиудын хүүхэд байдаг. Өнөөдрийн нөхцөлд сая хүрэхгүй цалинтай дундаж айлын хүүхэд төлбөр мөнгөө төлөөд тэр өндөр өртөгтэй европын сургуулиудад сурч чадахгүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Нэгэнт баруунд боловсрол эзэмшээгүй тул төрийн том албанд тэнцэхгүй гэсэн үг.
100 жилийн өмнөх монголчууд нийтээрээ бичиг үсэггүй, тэр үед зөвхөн ноёны хүүхдүүд л бичиг үсэг мэддэг байсан. "Хүний мөр" кинонд ноёны хүү Гүрсэд бичиг үсэгтэй байхад, хөөрхий Чимэд ямар ч бичиг үсэггүй байдаг шүү дээ. Эрх мэдлийг үе дамжуулан залгамжилдаг тэр үеийн тогтолцоо яаж эргэн сэргэж байна гэхээр чи МУИС төгссөн учраас энэ албан тушаалд тэнцэхгүй, харин тэр сайдын хүү Харвард төгссөн учир энэ суудалд суух ёстой гэдэг үзэл л дээ.
ДИПЛОМ ГЭДЭГ ЗҮЙЛ МЭДЛЭГИЙН БАТАЛГАА БИШ АЖИЛД ОРОХОД ХЭРЭГТЭЙ ЦААС БОЛСОН
-Монгол хүн эх орондоо монгол хэлнээсээ татгалзаад өөр хоорондоо англиар ярьж байгааг та юу гэж ойлгодог вэ?
-Аль нэг кафед сууж байхад хоёр монгол охин хоорондоо англиар дуржигнатал яриад байдаг. Бэлэн сайхан эх хэл нь байхад харийн хэлээр ярьж байгааг хараад би гайхдаг юм. Англи хэл хэдийд хэрэгтэй вэ. Хүн төрлөхтний мэдлэг боловсролтой танилцахад гарцаагүй хэрэг болно. Түүнээс бидний өдөр тутмын харилцаа эх хэлээрээ явагдах ёстой. Гэтэл одоо яаж байна гэхээр олон нийт ихээр цугларсан газар монгол залуус хоорондоо англиар ярилцаж байх жишээтэй. Монголоор ярих нь гутамшиг, англиар ярьвал их мундаг болчихож байгаа нь тэр юм байлгүй. Энэ нь яваандаа их муухай үр дагавар авч ирнэ. Хүн эх хэлээрээ яривал сэтгэлийн үгнүүд их гарч ирдэг л дээ. Тэгэхээр сэтгэлийн дотно нандин харилцаа устаж, хүйтэн хөндий харилцаа үүсч эхэлнэ. Сэтгэлийн угт байгаа зүйл бол заавал эх хэлээр илэрхийлэгдэх ёстой.
Бид германд гэр бүлээрээ олон жил амьдарсан. Тэгэхэд яадаг байсан бэ гэхээр би хүүтэйгээ гэртээ дандаа монголоор ярьдаг байсан. Хэдий германд байгаа ч гэсэн монгол хүүхэд аавтайгаа монгол хэлээр ярих ёстой. Тэр үед германы өөр хотод сурдаг манай нэг найз байдаг байлаа. Заримдаа тэднийд очихоор охинтойгоо германаар яриад явчихдаг. Тэгээд би найздаа хэлдэг байсан. Чи яаж байгаа юм, хүүхэдтэйгээ монголоор яриач гэж. Гэтэл өмнөөс монголоор ярьж чаддагүй юмаа гэж хариулах жишээтэй. Тэгээд би, чи юу ярьж байгаа юм, энэ хүүхдийг балласан байна, наад хүүхэд чинь хэзээ ч монгол руу явахгүй, эх орондоо очихгүй юм байна ш дээ гэж хэлдэг байв. Тэгэхээр манай найз германы ард түмэнд охиноо бэлдэж өгч байгаагаас өөрцгүй.
-Турк дунд сургуульд төгссөн хүүхдүүд төгсөөд шууд турк явж дээд боловсрол эзэмшдэг?
-Энэ сургуулиудад би хэлдэг. Та нар монголын нийгэмд зориулж хүн бэлдээгүй шүү гэж. Турк сургууль төгссөн хүүхэд турк руугаа, кембрижийн боловсрол эзэмшсэн хүүхэд англи руугаа л явдаг. Товчхондоо бол, бид өөрийнхөө улс оронд тэр ард түмний сургуулийг байгуулаад өөрийнхөө хүүхдүүдийг турк, англи, амеркийн ард түмэнд бэлдэж өгч байгааг ойлгоход хэцүү биш.
Бүх хувийн дунд сургуулийг төрийн болгох хэрэгтэй. Бүх сургууль монгол хэл дээрээ боловсрол эзэмшүүлдэг байх ёстой. Их, дээд сургуулиуд хувийн байж болно. Түүнээс биш дунд сургуулиуд хувьд байж яасан ч болохгүй. Үр дүнд нь өөрсдийн хүүхдээ гадаадын улс орон, тэдний соёлд зориулж бэлдэж өгч байна.
-Зах зээл дээр ажлын байр үй олноороо байгаа ч түүнд тэнцэх мэргэжилтэй боловсон хүчин хомс байгаа үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ?
-1990 оноос хойш бид мэргэжил гэдэг зүйлийг үгүй хийчихсэн. Социализм хэрэггүй гэж хуучин нийгмээ муулж байхдаа хамгийн хэрэгтэй мэргэжлүүдээ хамт устгачихсан. Мэргэжлийн түвшинд хийнэ гэдэг ойлголт бол үнэндээ бүдгэрч. Мэргэжлийн биш хүн ч тэр ажлыг хийж болдог болсон. Хамгийн сайн эмч нь эмнэлгийн дарга, хамгийн сайн багш нь сургуулийн захирал байх ёстой. Гэтэл одоо Эрүүл мэндийн сайдын ажлыг физикч хүн хийгээд сууж байх жишээний. ШУТИС-ын захирлаар нэг яруу найрагч нөхөр сууж байвал гайхаад хэрэггүй.
Нөгөөтэйгүүр диплом их чанаргүй болсон. Диплом гэдэг зүйл мэдлэгийн баталгаа биш ажилд ороход хэрэгтэй цаас болсон байна. Бүх их дээд, сургууль, боловсролын байгууллагууд мэргэжлийн биш учраас түвшин нь доошилсон. Чамд хэрвээ мөнгө л байх юм бол Удирдлагын академид мөнгө төлөөд Төрийн захиргааны удирдлага гэсэн бичигтэй диплом өвөртлөж гараад сумын засаг дарга хийж болно. Ингэж сурахдаа тэр сургуулийн хаалгаар шагайх ч хэрэг алга. Ямар ч асуудал байхгүй. Багштайгаа утсаар яриад л болчих зүйлийг тэгж төвөг удаж яах юм бэ.
-Манайд ер нь сэхээтнүүд байна уу. Сэхээтэн хүн гэж хэнийг хэлээд байна вэ?
-Олон нийтийн сэхээтэн манайд огт алга. Тэгж ярих юм бол сэхээтэн гэдэг үг өөрөө монголд утгаа алдчихсан байна. Аль нэг их сургуулийн диплом авчих л юм бол өөрийгөө сэхээтэн гэж нэрлэх гээд байна. Үгүй шүү дээ. МУИС-ийг төгссөн оюутан болгон сэхээтэн биш. Сэхээтэн гэж нэрлэгдээд байгаа өндөр оюунтай хүмүүс яагаад байх ёстой вэ. Тэр хүмүүс чинь улс орныг авч явдаг байхгүй юу. Гэтэл манай ард түмэн тийм хүмүүсээ таньж улс төрийн шийдвэр гаргах түвшинд гаргаж ирж чадахгүй байна. Харин өөрсөд шигээ мэдлэг боловсролгүй харанхуй нэгнийг сонгож гишүүн болгочихоод нөгөө хүмүүсээ эргүүлээд хараадаг. Манайд сонгогчдын боловсрол гэдэг зүйл алга. Ийм байхад өөртэйгээ адилхан дугуйг сонгож төрд гаргачихаад түүнийгээ хагарчихлаа гэж зүхэх ямар хэрэг байнаа.
-Өндөр мэдлэгтэй сэхээтнүүд төрд гарч ирэхгүй байгаа нь тэд улс төрд хутгалдахыг хүсэхгүй байгаатай  нь холбоотой юм биш үү?
-Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байхаар чинь яаж гарч ирэх юм бэ. Масс гэдэг чинь өөрөөсөө илүү мэдлэгтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөх тун дургүй. Ялангуяа монголчууд. Бид чинь өөртэйгөө ойролцоо, өөрөөсөө доош хүмүүсийг л хүлээн зөвшөөрдөг. Энэ хандлага нь эргээд биднийг ангалаас гарахад маш том тээг болж байна.
Англи, герман, японд дандаа шилдгүүд нь улс төрд ордог. Бусад нь зүгээр л өмнөх ажлаа хийгээд явж байдаг. Тэдэнд улс төр ярьж маргалдаж суух ч шаардлага байдаггүй. Яагаад гэхээр нөгөө сонгогдсон хүмүүс нь ажлаа асуудалгүй хийгээд явчихдаг учраас тэр.
ХЯТАДУУДАД УУРЛАХ, ТЭДНИЙГ ҮЗЭН ЯДАХ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛАХ ХЭРЭГТЭЙ 
-Хятадууд монголчуудыг дээлгүй байхад даавуутай, бууз хуушуургүй байхад хоолтой болгож өгсөн тухай та нэгэн өгүүлэлдээ бичсэн байсан. Гэтэл манайхны дунд хятадуудыг үзэн ядах, тэднээс болгоомжлох хандлага их байдаг шүү дээ?
-Бидний тусгаар тогтнол, түүний дайсан бол хятад биш манжууд байсан. Бид манж нартай эртнээсээ нааш л асуудалтай байсан ард түмэн. Манж нар одоо устчихсан. Хятад чинь тээр цаана байдаг улсууд. Хятадуудад уурлах, тэднийг үзэн ядах сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Энэ алдааг одоо засч залруулах болсон.
Үнэн хэрэгтээ манай ихэнх соёл хятадаас орж ирсэн, сүүлд оросоос орж ирсэн гэж хоёр хуваагддаг. Бид чинь ерөөсөө махаа чанаж идээд л, нүүдэл суудлаа хийгээд явдаг байсан улсууд. Хувцас бол яахав дандаа хөдсөн дээлтэй. Бууз, хуушуурыг манай үндэсний хоол гэх мэтээр ярьдаг.Тэр бүү хэл "Монгол эртний хуушуур" гэдэг нэртэй гуанз байхтай хүртэл таарсан. Энэ бол ёстой худлаа шүү.
Бууз яагаад манайх биш вэ гэдэг асуултад хариулахад буузыг эрт үед сүлжиж нэхсэн хулсан дээр битүү жигнэж болгодог байсан. Хулс нэгдүгээрт манайд байгаагүй. Энэ бол хятадад байдаг зүйл. Жигнүүр бол сүүлд л төмөр болсон болохоос. Хуушуурыг чинь хятадууд янз бүрийн ургамлын тосоор шардаг. Тэр шарж хайрдаг ургамлын тос нь ч манайд байхгүй.
Өөр нэг зүйл хэлэхэд ар монголын энэ нутаг дээр сүүлийн 200 орчим жил бид суурин амьдарч эхэлсэн. Түүнээс өмнө урдуур нутаглаж байсан. Учир нь ар монголын энэ нутаг дээр их хүйтэн өвөл болдог. Өвөлжихөд хэцүү. Одоо л бид байшинтай болчихоод Улаанбаатарт амьдраад байгаа болохоос биш. Тэр үед чинь эсгий гэрт тулгатай, хаалга байхгүй задгай үүдтэй л өвөлждөг байлаа шүү дээ. Яндан зуух байхгүй. Яндан зуух бол сүүлд бий болсон. Тийм нөхцөлд тэр үеийн монголчууд дулаан газраа бараадаж урагшаа чиглэлтэй өвөлждөг байсан.
-Урд хөршийн тухайд ийм байдаг байж. Тэгвэл оросууд монголчуудыг өвчнөөс нь салгаж, соёлжуулсантай та мэдээж санал нийлэх байх. Харин гуравдагч хөрш болох барууныхан маань бидэнд юу өгсөн юм бэ?
-Барууныхан бидэнд юу ч өгөөгүй. Биднийг ашиглаж хойд, урд хөршүүдийн маань эсрэг тавьснаас өөр зүйл хийгээгүй. Улс төрийн геополитик, газар зүйн энэ ашигтай байрлалыг эзэлж авахын тулд бидний тархийг угаасан. Жеймс Бэйкэр 1990 онд америкаас хүрч ирээд бидний тархийг аягүй муухайгаар угаасан ш дээ. Хоёр хөршийн маань эсрэг тавиад алах шахсан. Одоо бид хоёр хөрштэйгээ эргэж сайхан нөхөрлөж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. За яахав дээ, барууныхан бидэнд зориулж сургууль барьж өглөө гэхэд тэр сургуулиараа дамжуулж манай хүүхдүүдэд англи хэл зааж сургачихаад л аваад явчихна. Ийм хүүхдүүд эцсийн эцэст монголын төлөө биш амеркийн төлөө ажиллах нь хэнд ч тодорхой.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих үзлийн тухай яриад байна. Энэ бол манай нөхцөлд байж болохгүй зүйл. Бид одоо байгаа нутаг дэвсгэр, тусгаар тогтнолоо хадгалаад энэ геополитикийн байршил дээрээ сайхан амьдрах хэрэгтэй. Үүний төлөө орос, хятад хоёртой ах дүү шиг болохоос өөр аргагүй.
Өнөөдөр бүх бараа бүтээгдэхүүний 90 хувь урдаас, бүх шатахуун хойноос орж ирж байна. Ийм байтал бид төвийг сахиж яах гээд байгаа юм. Америк бидэнд шатахуун өгсөн үү, америк манай бараа бүтээгдэхүүний 90 хувийг хангаж байна уу гэх мэтээр бодоод үзэх хэрэгтэй.
Ярилцсан Р.Улам-Оргих