Thursday, March 23, 2017

С.Молор-Эрдэнэ: Далай лам ирж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой


Философич С.Молор-Эрдэнэтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёр жилийн өмнө   Далай ламыг Монголд ирэхэд та  "Шашин бол ард олны хар тамхи" нийтлэл бичиж байсан. Харин  өнөөдөр "Далай ламд монгол хүн хэн болсноо харуулах өдрүүд эхлэх нь" гэж бичсэн байна лээ. Гэвч өнөөдөр Монгол Улсад ирсэн Далай ламаа  хөл алдан угтаж гүйсээр л  байна?  
-Миний хоёр жилийн өмнө бичиж байсан нийтлэлийн санаа батлагдлаа. Тухайн үед цагаан сараар ээжийндээ очиход телевизээр лам нар л ном уншаад  гараад байх юм. Би бүр гайхаад.  Нөгөө ард түмний баяр чинь лам нарын баяр болчихсон байна. Э.Бат-Үүл чинь Даншиг хийнэ гээд л. Цагаан сар, наадам хоёроо лам нарт алдчихжээ. Тэгээд би  бодохгүй юу. Ерөөсөө шашин гэдэг  төр улс, сэхээтэн, энгийн хүнийг хүртэл хар тамхи шиг мансууруулж, мэдрэмжийг нь балартуулж, өөрийн ухаангүй болгодог гэж хэлж байсан Марксын 150 жилийн өмнөх үг яасан  үнэн бэ гэж бодсон. Хар тамхи хүнийг мансууралд оруулахыг хэлээд байгаа юм.  Бүр өөрөө дурлаж мансуурдаг.   Үүнтэй адил хүн гараас нь хөтлөөгүй байхад яагаад өөрөө очоод байгааг Маркс  гайхаж судалсан байдаг. Гаргалгаа нь муу төртэй бол  тийшээ  явдаг юм байна гэж. Амьдрал нь зовлонтой,  асуултынхаа хариултыг хэлэх  хүн байхгүй, энэрч хайрлах төр байхгүй . Ийм болохоор хүн  сүм хийдэд очиж  хэдэн хором аман уншлага сонсч ,арц хүжний  үнэрт мансуурдаг юм байна л даа. Харамсалтай нь гандангаас гараад л тэр  зүйл нь алга болж, автобусанд суугаад хүнтэй хэрэлддэг л  байхгүй юу.
Би "Ар монголд орчин  үе үгүйлэгдэж  байна" номоо  4-5 жилийн өмнө бичиж байсан. Бид өнөөдөр  I phone  утас барьж, машин унаж, кофе ууж байна.  Тэгсэн хэрнээ тархиндаа ямар их мухар сүсэгтэй, ямар их хоцрогдчихсон юм бэ. Үс авхуулдаггүй өдөр, орой хумс  авч болохгүй ч гэх шиг. Бид  100 жилийн өмнө байгаа хэрэг үү. Гаднаа бол маш их орчин үеийн. Машин унаж давхилдаад л, ухаалаг утсаар харилцаад, орой нь дискодоод л. Бөөн электроник. Гарлаа мухар сүсэг. Энэ л монгол хүний худал, хуурамч, шашин гэхэд хэцүү өөдгүй хулчгар, хуучиндаа хоргодсон, юм л бол түүх, уламжлалт ёс, зан заншил ярьдаг. Энэ байдал маань хэвээрээ л , бүр гүнзгийрч байгаад харамсч байна.
-Бидний  сөгдөж мөргөөд, тахин шүтээд байгаа Далай лам  ямар түвшинд, хаана хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм бэ?
-Хаана ч хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэр байтугай өөрийн эх орондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн. Эх орон, ард түмнээ орхиод  хувийн жаргал, биеийн амар амгаланг хөөж эх орныхоо гадна амьдарч байгаа хүн. Тэрийг хэн ч хөөгөөгүй. Өөрөө ихээр хөрөнгөжөөд эх орноо орхин гарсан л хүн. 100 жилийн өмнөх шашны муухай зан заншлуудаа өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа. Энэ бол  шашин биш. Ламаизм. Нөгөө шарын урсгал. Япон, Тайланд, Бангладешд байдаг  буддизм биш. Энэ бол яргачин мухар сүсэг. Ялангуяа эмэгтэй хүнийг маш их доромжилдог. Түвдийн лам нар эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг. Үүнийгээ муу муухайг нь зайлуулж байна гэж тайлбарладаг. Лам  багш  нь  шавь нартаа нус, шүлсээ долоолгодог яг хэвээрээ. Манайд ч  гэсэн лам нар хүний нүүр лүү нулимдаг байдал байж л байгаа. Тэр байтугай шээсээ уулгах бол тоглоом. Үүнийг монгол ээжүүд дуурайгаад хүүхдээ өвдөхөөр шээсээ уулгадаг. Одоо ч  ийм байгаа. Чиний эргэн тойронд ч ийм зүйл байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Биднийг ийм зүйлээс орчин үеийн эмнэлэг, сургууль, анагаах ухаан  салгасан. Гэтэл бид 100 жилийн өмнөхтэй зууралдсаар л байна. Хөдөө аж ахуйн их сургууль Далай ламд хүндэт доктор өгнө гэнэ. Уг нь их сургуулийг залуу үеийг шашнаас, мухар сүсгээс салгаж  эрдэм боловсролтой, орчин үеийн залуусыг бэлтгэхийн тулд  байгуулсан. Сүм хийдэд хүүхдүүдийг боолчилж, арчаагүй амьтад болгоод байсан учраас дунд сургуулийг 1930-1940 онд байгуулсан юм. 1930 оныхоо хэлмэгдсэн чигээрээ үлдсэн бол би хаа нэгтээ лам, чи нэг хүний  зарц, бичиг үсэггүй, үргэлжийн доромжлолд амьдарсан эмэгтэй байх  байсан. Ингэж  бодохоор бидний сонгосон зам ямар их хувьсгал вэ. Гэтэл 100 жилийн өмнөх бүдүүлэг Түвд орны харгис, гэмт хэрэгтэн, ямар ч боловсролгүй "Далай лам" нэртэй хүнийг шүтээд байгаа юм. Яагаад яагаад шүтээд байгаа юм. Тэр хүнээс бид юу авах юм, юу сурах юм бэ?
-Гэмт хэрэгтэн гэв үү?
-Гэмт хэрэгтэн шүү дээ. Далай ламын гэмт хэргүүд гээд  интернэтэд маш их мэдээлэл  бий. Их зальжин,   худал инээж хүн уяраасан хүн. Монголын төр  нийгмээ, иргэнээ хамгаалахгүй байна вэ. Иргэдээ Түвдээс ирсэн нэг балай амьтанд яагаад өгч байгаа юм. Нөгөө Үндсэн хуулийн цэц яагаад Үндсэн хуулиа хамгаалахгүй байна. Үндсэн хуульд  шашин шүтэх нь хувь хүний эрх гэж заасан болохоос нийгмийн хэрэг, төрийн  хэрэг гэж заагаагүй. Шашин бол нийгмийн хэрэг биш. Тэгсэн атал  иргэндээ зориуд  нөлөөлж байна.
-Одоо ийм үйл явц өрнөөд байгаа юм биш үү?
-Төр бүр оролцоод, хамтраад байна. Хөдөө аж ахуйн сайд нь их ургац хураах  гээд хэдэн ламаар ном уншуулж байх юм. Юу гэсэн үг вэ. Хэдэн лам ном  уншаад их ургац авчихдаг бол Хөдөө аж ахуйн их сургууль байгаад хэрэггүй биз дээ. Хөдөө аж ахуйн сургууль Далай лам нэртэй хүнд хүндэт доктор өгөх гэж байгаа бол "Ламын сургууль" болох хэрэгтэй. ШУТИС бүр 5-6 жилийн өмнө өгсөн. Тэр сургуулиар ороход одоо ч хананд нь далай ламын том зураг өлгөөстэй байгаа. Би ректорт нь энэ зургаа аваачээ гэж хэлж байсан.  Хүлээж авахгүй  юм билээ. Бидний амьдрал дунд, сайн сайхны дунд, их сургууль дунд  тэртээ тэргүй Далай лам ороод ирчихсэн. Одоо бүр Монгол Улсын эзэн  аятай л ирж байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр хүндтэй байна. УИХ-ын гишүүдийн өрөөнд далай ламтай татуулсан зураг  байхыг олон удаа харж байлаа. Тэдний хийж байгаа зүйл нь  дуган барих. Номын сан бариад түүнийгээ хүлээлгэж өгсөн УИХ-ын гишүүний тухай би лав дуулаагүй. Дандаа л суварга, дуган, хийд. Тэгэхээр ерөөсөө л төрийг  төлөөлөгсөд  монголчуудыг  зориуд  100 жилийн өмнөх шиг бүдүүлэг, арчаагүй, сул дорой, хоцрогдсон, аймхай хулчгар болгож байна. Хүмүүсийг аймхай болгочихсон болохоор л мухар сүсэг байгаа  юм. Юунаас айж байна вэ. Нийгмийн энэ их хямрал, бухимдал, улс орны байдал биднийг айдастай болгожээ. Айсан хүн хаа нэг газраас аврал хайж байна. Төр нь аврахгүй болохоор ламыг  зорьж байна. Ийм хэвээр байлгахын  тулд  төрийг барьж байгаа хүмүүс Далай ламтай хамтарч ажиллаж байна. Далай лам ирж байна гэдэг нь үүний баталгаа. Энэ заваан зүйлээс 30 жилийн өмнө арайхийж салаад байтал эргээд хуучин руугаа  явж байна.
-Таны нийтлэлээс буддизмыг үгүйсгээгүй юм байна гэж ойлгосон. Харин таны эрс эсэргүүцдэг  ламаизм орж ирсэн түүхийн улбаа нь  юу юм бэ?
-Түвдэд шар, улаан гэсэн хоёр урсгал хамтдаа  оршиж байсан. Сүүлдээ шарын талын урсгал нь хэцүүдсэн. Тэр үед шар урсгал руу монголчуудыг автуулахаар Түвдэд аваачин алт мөнгө, хүүхэн өгч найр тавьсаар өөрсдийнхөө эсрэг бүх  шашны урсгалыг устгуулсан гэдэг. Монголчууд дайнч байлдаанч чанарыг ашиглаж ийм заль хэрэглэсэн хэрэг л дээ. Ингэж сайн сайхан амьдралаа устгаад хамгийн муу муухай урсгал нь үлдсэн. Тэр заваан зүйлийг бид мэдэхгүй л сохроор тахиж шүтээд явж байна.
-Далай ламыг хэн урьж залаад байгаа  юм?
-Харин хэн уриад байгаа юм бэ. Би мэдэхгүй байна. Тэр  хүн зүгээр л гадаад улсын иргэн. Хаанаас виз авсан  юм, эсвэл Түвд хүн Монголд визгүй орж ирдэг юмуу. Визээ авч орж ирсэн бол цагдаагийн газар бүртгүүлэх хэрэгтэй. Олон хонож болохгүй шүү дээ. Түвдэдээ л Далай лам юм байгаа биз. Бид нарын багш лав биш. Тэр хүнийг ингэж л харах хэрэгтэй. Бидний шүтэж дээдэлдэг хүн бол Чингис хаан. Арай Чингис хаанаа Далай ламын дор тавих гээд байгаа юм биш биз.
-Бидний бурханы  шашин гэж  ойлгодог Гандантэгчинлэн хийд, бурханч лам Пүрэвбат, энд тэндэхийн сүм хийдүүдийг та бас үгүйсгэх үү?
-Шашин биш ээ. Гандантэгчинлэн хийд маш ашигтай ажилладаг бизнесийн  компани. Чой хамба бол том компанийн захирал. Ингэж харах ёстой. Бурханы шашин буддизм гэж харах нь маш том эндүүрэл. Пүрэвбат ч ялгаагүй. Монголчуудыг залилж мөнгө олдог зальтай этгээдүүдийн бүлэг. Эдийн засгийн гэмт хэрэгтнүүд. Хүний зовлон, сэтгэл зүйн асуудал дээр дөрөөлж  залилж мэхэлж мөнгө олдог хүмүүс. Хаана "Ах нь мөнгө авахгүйгээр сайхан ном уншаад өгье" гэхийг харсан юм бэ. Тийм лам хаана байна вэ. Хамгийн тарган, баян эрчүүд  лам нар. Тэгээд маш их ёс бус үйлдэл хийдэг.  Тэдний нус, шүлсийг долоодог болоход ойрхон байна.  Ийм л болмооргүй байна.
-Аравдугаар богдыг нууцаар тодруулах гэж байна, хоорондын зөрчлөөсөө болоод тодруулж чадахгүй байна  гэх юм?
-Хамгийн сүүлийн богд бол Богд Жавзандамба. Түвдүүд заль хэрэглэсэн.  Монголын шашны тэргүүн Түвдээс  залагдаж байна гээд  3 настай хүүхдийг Түвдээс авчирч Монголд суулгаж богдоор тодруулдаг байсан. Түвдүүд Манж нартай хуйвалдаж байгаад Богдод хаан цол олгосон. Богд гэдэг нь шашны тэргүүн хаан гэдэг нь төрийн тэргүүн. Ингэж  шашин, төрийг хослуулж барьж байсан.  Үүний улбаа өнөөдөр үргэлжилж байна. Богдыг  тодруулна гэдэг нь хааныг  тодруулна гэсэн үг. Тэгэхээр монголын төр ямар ч чадваргүй болно. Юун УИХ, Засгийн газар. Тэднийг хэн ч сонсохгүй. Монголын төр устах аюул нүүрлэнэ. Богд хаантай болчихвол  сонгууль явуулаад ч хэрэггүй. Ийм л инээдэмтэй зүйлтэй учирна. Аягүй   бол улстөрчид  мөнгө  төлж байгаад  өөрийнхөө  юмуу, нууц хүүхдээ  тодруулна.  Монголын улстөрийн дотоод зөрчилдөөн Далай лам  энэ цаг үед ирж байгаагаар илэрч байна.
-Ямар учраас энэ цагт ирж байгаа гэж?
-2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор Далай лам ирж байгаа. Өөр ямар ч  шалтгаан байхгүй. Ард түмнийг тэнэг байлгах, мунхруулах улстөрийн үйл ажиллага.  Үүнийхээ шанд Далай лам хэдэн доллар авч байгаа бол.
-Энэ үйл ажиллагаанд хамгийн их хүчин зүтгэж байгаа хүн хэн бэ?
-Нэгт Чой хамба лам,  дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асанууд. Тэдний хийсэн ажил. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа урьж залаад давраачихсан. Тэдний хийж байгаа гэмт хэрэг, өшөө хонзон. Чой хамба бол арга хэрэгсэл нь болж яваа. Тэр хүн хэдийн Монголын төрийн үйл  хэрэгт оролцоод эхэлсэн.  Ламгүйгээр төрийн ямар ч үйл ажиллагаа явагдахаа больсон. 2008-2009 оны үед цагаан сараар С.Баяр, Н.Энхбаяр нар Гандантэгчинлэн хийдэд уралдаж ирээд Чой хамбатай золгож байсан түүхтэй. Уг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эхэлж ирэх ёстой байсан ч 5 минутын өмнө С.Баяр ирж байсан. Ингээд бодохоор ямар их эрх мэдэлтэй байна вэ. Уг нь зүй нь Ерөнхийлөгч нь бүх  шашны төлөөлөгчийг Төрийн ордондоо хүлээж авч уулзах учиртай.
-Тэгвэл үүнийг хэн өөрчилж засах ёстой юм?
-Филисофичид үгээ хэлээд, номоо бичээд лекцээ уншаад нийгэмд ил гараад явбал энэ засарна. Харамсалтай нь хэн ч ил гарахгүй байна. Хаана байна тэр De facto-ийн Жаргалсайхан, Ногоон ном-ын Энхбат. Хаана байна  тэр сэхээтнүүд. Тэд үгээ хэлмээр байна ш дээ. Бавуугийн Лхагвасүрэн, Сосорбарам, Аюурзана, Шүүдэрцэцэг, Ногоон нүдэн лам-ыг бичсэн Оюунгэрэл   нар бол  уран цэцэн үг хэлж, Түвдүүдийн тухай зохиол, роман бичиж  ээж аавуудын төдийгүй залуусын тархийг угааж байгаа. Ээж, эмээ нараас илүү залуус мухар сүсэгтэй болсон нь дээр хэлсэн хүмүүсийн  хийж  байгаа ажлын үр дүн.
-Уг нь Монголчуудын өөрсдийнх нь шүтээн нь бөө гэж ярихыг мэр сэр сонсч байсан. Харин та нийтлэлдээ бөөг  Түвдийнх гэсэн байсан?
-Бөө бидний шүтээн биш. Бөө гэдэг чинь бүр түвд үг. Шарын шашин дэлгэрхээс өмнө Түвдэд бөө байсан. Тэр бөө нар чинь шарын  шашин, Алтай хаанаас  зугтаад Монголд ирж үйл хэрэгээ үргэлжлүүлсэн. Монголчуудын шүтээн бол тэнгэр, уул ус, нар сар. Ерөөсөө л байгалиа шүтэж ирсэн. Бидний шүтээн хүн, зураг, гүнгэрваа, баримал байгаагүй. Түүнийгээ гээгээд удаж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны 11 сар