Thursday, March 23, 2017

С.Молор-Эрдэнэ: Монгол эрчүүд өнөөдөр юун түрүүнд насанд хүрэх хэрэгтэй байна


"Эрх чөлөө - Эрхэм үг" хэмээх ээлжит номоо хэвлүүлээд байгаатай нь холбогдуулж философич, доктор С.Молор-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө шинэ номоо  хэвлүүлсэнд баяр хүргэе. "Эрх чөлөө -Эрхэм үг" хэмээх энэхүү номыг ямар  учраас бичих болов. Номынхоо талаар товч танилцуулгыг бидэнд өгөхгүй юү?

-Би философич хүн. Философич хүний хувьд үнэнийг бичиж нийгмээ урагшлуулах үүрэгтэй. Энэ үүргээ л биелүүлж явна. Бусдаас нэг их илүү гарах гэсэн дээ биш. Монгол хүн учраас эх орон,амьдран буй нийгмээ  шүүмжлэлтэйгээр хардаг. Гол нь  бидэнд ямар  боломжууд байна вэ, тэр боломжуудыг яагаад ашиглаж чадахгүй байна. Яагаад  XXI зуунд бид өөрийн хүслээрээ, илүү их эрх чөлөөтэй амьдарч чадахгүй болчихвоо.  Өнөөгийн нийгэмд эрх чөлөөтэй амьдрах боломжууд  ямар их хаагдаж, боогдсон юм бэ гэх мэтийг  олж харсны үндсэн дээр энэ номыг бичиж хэвлүүлсэн.

-Би гайхаад байна л даа. Монгол хүн хамгийн их эрх чөлөөтэй биш гэж үү. Гадаадад ялангуяа баруунд ингэж ч болохгүй, тэгэж ч болохгүй гээд хөдлөх боломжгүй хавчигдмал байдаг шиг санагддаг . Монголд харин ч эрх чөлөөтэй хүссэнээ хийж болдог шүү дээ?

-Тэр хавчигдмал гээд байгаа орнуудад эмнэлэг сайн,  мухар сүсэгт нийгмээрээ живээгүй учраас эрүүл явах эрх чөлөөтэй. Арван жилийн сургуулиуд олон оронд их дээд сургуулиуд төлбөргүй тул мөнгөтэй мөнгөгүй ялгаагүй бүх хүн сурч боловсрох эрх чөлөөтэй. Замын хөдөлгөөний дүрмээ сайн биелүүлдэг дураараа биш тул заавал дарга сайд болж дохио хангинуулж гудамжны хөдөлгөөн зогсоох шаардлагагүй бүх хүн түгжрэлгүй хурдан явах эрх чөлөөтэй.

Монгол амьдрал харин тэр чигээрээ эрх чөлөөгүй. Бүгдээрээ дураараа аашилдаг тул нэг нэгэндээ саад болж нэг нэгнийхээ эрх чөлөөг хаадаг.  Оюутан хүнд тэтгэмж байхгүй тул мөнгө багатай хүнд сурах эрх чөлөө байхгүй. Мөнгөгүй бол эрүүл явах ч эрх чөлөө байхгүй . Зөвхөн эрүүл мэнд боловсрол төдийгүй эхнэр хүн нөхрөөсөө салах  ч эрх чөлөөгүй. Бүгд айдастай. Бүгдээрээ аймхай.  Өөрөө шийдэж чадахгүй тул бүгд ламруу гүйж ламын орон болсон.  Сайд хүртэл ажлаа хийж чадахгүй тул лам дуудаж ламд бүх хариуцлагаа даатгадаг . Сайдаасаа авхуулаад оюутан залуус хүртэл мухар сүсэгт хүлэгдсэн тул муу ёр далдын хүчнээс айх айдастай,  жинхэнэ эрх чөлөөгүй. Хэн нэг албан тушаалтан эсвэл баян хүнийг бараадахгүйгээр ажлаа хийгээд биеэ даагаад амьдрах эрх чөлөө байхгүй. Тиймээс эрх чөлөө гэсэн нийгмийн суурь үнэт зүйлийг зөвөөр тайлбарлаж зөвөөр ойлгоцгоох шаардлагатай. Ганц нэг онолч судлаач хүн биш бүх нийтээрээ, нийгмээрээ нэгдсэн ойлголттой болж байж нийгэм зөвөөр төлөвших боломжтой. 
 
-Номын гарчигаас дахиад нэг зүйл тодруулах гэсэн юм. Эрхэм гэдэг үгний эхний үсгүүд ЭРХ гэж байгааг тодотгожээ. Эрх, Эрхэм гэх хоёр үг хоорондоо холбоотой юу эсвэл зүгээр тохиолдол уу?
-Ер нь гаднаас орж ирсэн мэдлэгийн үгнүүдийг ихэнхдээ шашны үгнүүдээр орчуулсан байдаг. Энэ эрх гэсэн үг бас л гартаа эргэлдүүлдэг эрх гэсэн үгнээс гаралтай боловуу. Эрх гартаа зүүсэн бол буруутахгүй гэсэн ойлголтыг орчин үед улстөрийн эрх гэж орчуулсан. Кирилл үгсээр адилхан бичигдээд ирсэн байж болох. Нэгэнт дасаад өөр утгатай болжээ. Эрхэм гэдэг үг бас л буруу хэрэглээд дассан бололтой. Эрх зүүгээд эрхэм болдог байжээ дээр үед.  Өнөөдөр зарим залуучууд гартаа эрх зүүж явааг харахад эрхэмлүүлэх гээд л зүйдэг бололтой.
-Тун сонирхолтой тайлбар байна. Номын хавтсан дээр  чөлөөлөлтийн онол гэж тодотгосон байна. Мөн энэхүү номонд ааваасаа чөлөөлөгдөх, ээжээсээ чөлөөлөгдөх, мухар сүсэг, бөө мөргөлөөс чөлөөлөгдөх гэх мэт цуврал өгүүллүүд багтжээ. Ер нь таны харж байгаагаар монголчууд чөлөөлөгдсөн ард түмэн мөн үү?
-Чөлөөлөгдөх гэдэг бол өөрөө их гоё үг. Бид өдөр тутмын амьдралдаа энэ үгийг асар их хэрэглэдэг.  Хүн аливаа зүйлд баригдахгүй байх,  баригдсан байдлаасаа салж чадах, түүнийгээ олж мэдэх нь их чухал. Янз бүрийн хүлэгдсэн байдлаасаа салж сурна гэдэг бол эрх чөлөөний анхдагч алхмуудын нэг.
Миний харж байгаагаар монголчууд ядаж л ээж, ааваасаа чөлөөгдөж чадахгүй байна. Энэ нь түүхийн шалтгаантай л даа. Малчин удамтай, эсгий гэрт олуулаалаа халуун ам бүлээрээ амьдарцгаадаг байсан зэрэг үүдэл шалтгаанууд бий.  Гэтэл дээр үеээсээ уламжлагдсан энэ их дотно байдлаа орчин үеийн нийгэмд орж ирчихсэн атлаа хадгалах гээд зүтгээд байдаг нь гол алдаа. 
Ухаан нь, ээжийгээ хүндлэх, ачийг нь хариулах ч гэдэг юм уу, аавынхаа заасан заавар, загнасан дүрмэнд нь баригдаад л яваад байдаг. Гэтэл орчин үеийн нийгэмд ээж, аавуудын туулж өнгөрүүлсэн  цаг үеийн амьдралын туршлагууд ерөнхийдөө хүчингүй болчихсон.  Тухайлбал, орчин үеийн охид ээжийнхээ зааснаар явахад маш их хэцүү болсон.  Ээжийн амьдарлын туршлага өнөөдөр биелэгдэхгүй.  Ээжийг залуу байхад өнөөдрийнх шиг интернэт, гар утас гэж байсангүй. Тэгэхээр ээж ямар амьдарлын туршлага ярих вэ.
Аав нар хүүдээ амьдралын туршлага ярих ямар чболомжгүй болсон. Яагаад гэвэл орчин цагийн хөвгүүд огт өөр амьдарлын туршлагаар амьдарч байна. Дээхэн үеийн малчин айлд бол аавыгаа дагаад л адуучин болохоос өөр замгүй байлаа. Энэ тохиолдолд аавын туршлага маш их хэрэгтэй.  Уурга яаж хэрэглэх, адуугаа яаж манаж хонох, эмнэгээ хэрхэн сургах гэх мэт тэр бүх амьдарлын туршлагууд хүүхдэд чухал болох нь тодорхой. Гэтэл өнөөдөр чи аавыгаа дагаад  адуучин болохгүй нь тодорхой шүү дээ. Чи эмч, багш, сэтгүүлч, хуульч болох хэрэгтэй.  Тэгэхээр орчин цагт залуучуудад аавын сургаал, туршлага нэг их хэрэг болохгүй.  Энэ талаар номондоо бичсэн байгаа.
Мөн монголын нийгмийг харж байхад хүүхдүүд нь нэг л их аавынхаа зааж зааварласан замаар явах гээд байх шиг.  Аавыгаа их л ухаантай, хангай шиг түшигтэй гэж бодоод байдаг.  Үнэн хэрэг дээрээ өнөөдөр тийм боломж байхгүй. Хангай шиг түшигтэй аавыг хайж олно гэвэл үнэхээр хэцүү. 
Орчин үеийн нийгэмд залуу хүн өөрөө өөрийгөө авч явахын тулд ээж, аавтайгаа зууралдаж ерөөсөө болохгүй.  Ээж аавууд ч гэсэн хүүхдүүдээ бариад л, заавал өөрийнхөө үгээр явуулах гээд байх хэрэггүй. Чи тэрэнтэй суу, одоо хүүхэд гаргахгүй бол нас чинь явлаа гээд л шахаад байдаг шүү дээ эцэг, эхчүүд. Ээж нар цагаан сар болохоор хүүхдүүдээ Ганданд дагуулж очиж суудлыг нь засуулна ч гэх шиг. 100 жилийн өмнө Гандан, сүм хийд чухал байсан нь маргаангүй. Гэтэл орчин үед тэд нар шиг хэрэггүй юм алга.  Ламд очиж засал хийлгүүлж байхаар тэр мөнгөөрөө олигтойхон шиг ном худалдаж аваад уншаад сууж байсан нь дээр биздээ.  Яаж ч бодсон ламд мөнгөө өгснөөс номонд мөнгөө өгсөн нь чухал.
-Хоцрогдлоосоо хурдан хугацаанд салах хэрэгтэй гэж ойлгож болох нь ээ?
-Яг тийм, Монголчууд өнөөдөр зуун жилийн өмнөх хоцрогдсон амьдралтайгаа зууралдаад байна. Зуун жилийн өмнөх тэр амьдрал өнөөгийн нөхцөлд ямар ч хүчингүй болсон. Товчхондоо, эцэг эхдээ уягдсан байдал, лам, бөө, мухар сүсэг, зан заншилд баригдсан байдал маань бидний эрх чөлөөтэйгээр, өөрөө өөрийнхөө амьдарлыг аваад явах тэр боломжуудыг хаагаад байна. Өнөөгийн залуучууд аль хэдийнэ өөрөө, өөрийгөө аваад явчих чадвартай болчихсон.  Хамгийн гол нь ээж, аавууд нь үүнд саад болж болохгүй.
Маш их боломжтой үе эхэлчихээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Зуун жилийн өмнөх монгол хүнд өнөөдрийнх шиг эрх чөлөөтэй байх боломж байгаагүй.  Ер нь нүүдэлчид буюу малчин ард түмэнд эрх чөлөө гэдэг зүйл нэг их байдаггүй л дээ. Харин зан заншил гэх мэт эрх чөлөөг хааж боосон зүйлүүд бол багагүй бий.
-Нийгмийн эрх чөлөөний талаар та шинэ номондоо бичсэн байна. Нийгмийн эрх чөлөө гэдэг ойлголтыг товчоор тайлбарлахгүй юу?
-Ээж, ааваасаа холдсон залуу хүн маань огт танихгүй хүмүүстэй танилцаж,  тэдний дунд сайн сайхан аж амьдарлаа зохиохыг нийгмийн эрх чөлөө гэж үзэж болно. Мэдээж хэрэг өнөөх залуу хүн маань мэргэжилтэй болно, ажилтай болно, шинэ найзуудтай, тэр бүү хэл эхнэртэй ч болно.  Эхнэртэй болчихоод ээжийгээ яриад, санаад байх утгагүй шүү дээ. Энэ тохиолдолд тэр эмэгтэй чиний гол хүндэтгэх хүн чинь болж хувирч байгаа юм.  Авгайтай болчихоод ээжийгээ санаад уйлаад суугаад байж яасан ч болохгүй. Охид бол нөхөртэй болчихоод нөхрийгөө яаж хүндэтгэх вэ, хайрлах вэ гэсэн тухай л бодох хэрэгтэй. Аавыгаа, ахыгаа санаад суугаад байх нь утгагүй.
Уг нь залуу хүнд зоригтойгоор гэрээсээ гарах, аав, ээжийгээ орхиж сурах гэх мэт зүйлүүд маш чухал.  Одоо бол тэгж чадахгүй байна л даа. Хүнтэй суусан атлаа л аав, ах нар нь нөхрөөс нь ямагт дээгүүрт байдаг. Эхнэр авдаг, эхнэрийгээ тоохгүй ээжийнхээ үгээр яваад байдаг.  Тийм залуучууд зөндөө байна шдээ. Энэ бол яахав, нийгмийн амьдралд орж чадахгүй нөгөө л хүүхэд насны гэрийнх нь амьдрал үргэлжлээд байгаагийн тод жишээ. Аав, ээжээсээ холдож чадахгүй, үгээр нь байгаад байх юм бол хүний хүүхдийг нөхөр, гэргийгээ болгож баллаад яах юм бэ.
-Монголчуудын өнөөгийн мэдлэг, боловсролын талаар та бас номондоо өгүүлсэн байна. Энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?
-Миний тухайд Германы гурван ч их сургуульд ажиллаж байсан.  Тийм учраас боловсрол, мэдлэг гэж юу байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Монголд ирснээсээ хойш сүүлийн  найман жил янз бүрийн их сургуулиудад лекц уншиж, хичээл зааж явлаа. Ингэж явахдаа ажигласан нэг зүйл маань манай оюутан залуусын ихэнхэд нь дэлхийн хэмжээний 10 жилийн боловсрол ерөөсөө байдаггүй болохыг анзаарсан явдал. Өөрснөө болохоор 10 дугаар ангиа төгсчихсөн гээд байдаг. Гэтэл тулаад харьцахаар өөрийнхөө санааг ч илэрхийлж чаддагүй, замбараагүй, яахаа мэдэхээ больчихсон шилжилтийн насны хүүхдүүд л байдаг шүү дээ. Хатуугаар хэлвэл юун оюутан гэж хэлэх нь байтугаа буцаад 10 жилийн сургуульд нь буцаагаад сургамаар хүүхдүүд оюутан нэр зүүчихсэн явж байдаг. Энэ мэтээр 4 жил явж байгаад яаж ийж байгаад нэг диплом олоод авчихдаг. Диплом авч байгаа нь ч бас их амархан.  Яагаад гэвэл тэдэнд хичээл зааж байгаа багш нар нь өөрсдөөс нь ялгаагүй улсууд байдаг юм. Бас л яаж ийж байгаад  доктор, проффесор цол авчихсан нөхдүүд. Ярьж байгаа юм ямар ч мэдлэг боловсролын үнэргүй.  Өөрийнхөө санааг юмуу өөрийнхөө ойлголтыг л оюутнуудад яриад байдаг. Олон улсад үйлчилдэг, хүн төрлөхтний хүчинтэй мэдлэг боловсролоос их хол юмыг манай их сургуулиуд зааж байна.  Физик, математик, анагаах гэх мэт байгалийн салбарт арай гайгүй.  Хууль, улстөр, социологи гэх мэт нийгмийн салбар тэр чигээрээ уначихсан байх жишээтэй. Тэнд мэдлэг  боловсрол ямар ч хүчинтэй биш. Багш нар гээд байгаа улсууд нь англи хэлээр ч ярьж чадахгүй, гадаадын хэл дээр гарч байгаа мэргэжлийнхээ номыг ч уншаагүй хүмүүс л байдаг байхгүй юу.
Ядаж байхад, муу дээр муу, муухай дээр улцан гэдгийн адил боловсролын салбар нь энэ мэтээр дампууралд орчихсон байхад залуучууд нь бас мухар сүсэгтээ живчихсэн байна.  Үс авдаггүй өдөр, хумсаа авдаггүй өдөр ч гэж байх шиг. Нөгөө л нэг зуун жилийн өмнөх юмаа ярьцгааж байна.  Ингэж болохгүй. 
Монголын залуу үеийг харахад маш их мухар сүсэгтэй, үүнийгээ дагаад ямар ч эрх чөлөөгүй болчихсон байгаа нь анзаарагддаг.   Бүр нэг хөгшин хүн шиг дандаа зан заншил ярьна. Уламжлалт монгол ёс, монгол ёсонд ингэж болохгүй шдээ гэх мэтээр ярьна.
Урагшаа харсан, хөгжил боловсрол, уншсан номоо хоорондоо ярилцана гэж байхгүй. Уулзахаараа дандаа зан заншил, ямарч ач холбогдолгүй түүх, хов жив ярьцгаана. Ерөнхийдөө хараад байхад хүн хөгжихгүй, толгой өвтгөсөн хачин сэдвүүдээр залуучууд хоорондоо их ярилцдаг болсон байна. Үүнийг нэг орой бааранд орж суугаад хажуу ширээнийхээ залуучуудын ярианаас захаас аваад анзаарч болно.
-Насанд хүрэх эрх чөлөө гэдэг сэдвийг та онцолсон байна. Насанд хүрсэн хүн гэж хэн бэ. Монголд насанд хүрсэн хүн байна уу.
-Тийм хүн харамсалтай нь ховор байна. Яагаад гэвэл насанд хүрэхийн тулд хүн өөрийгөө танин мэдэх ёстой. Ингэхийн тулд өндөр боловсрол, мэдлэг хэрэгтэй. Өөрийгөө олох хэрэгтэй. Өөрийгөө олоход мораль буюу ёс суртахууны өндөр чадвартай байх хэрэгтэй. Ер нь бол хүн өөрөө өөрийгөө л насанд хүргэнэ шүү. Өөр хүн чамайг хэзээ ч насанд хүргэж чадахгүй. Хүн, хүндээ хүмүүжил өгч болно. Бусдадаа мэдлэг боловсролоо зааж болно. Харин насанд хүрэхэд нь туслаж чадахгүй.  Өөрөө өөрийгөө дайчилж байж л тухайн хүн насанд хүрнэ. Үүний тулд юун түрүүн нийгэмтэйгээ зөрчилд орно, ламыг эсэргүүцнэ, ээж, аавыгаа эсэргүүцнэ, багшдаа эргэлзэнэ, төрийг шүүмжлэлтэйгээр харна. Энэ бүх чадварууд чам дээр явагдах ёстой. Тэгж байж чи насанд хүрнэ.  Энэ нь тийм амар биш.
Хараад байхад манайхан сүүлийн үед маш их нутгархадаг болсон байна.  Хүнд нутаг биш эх орон хэрэгтэй.  Наадмаар яадаг билээ. Хоёр бөх барилдаад нэг нь түрүүлээ л биз. Гэтэл хэн нэгэн бөхийг нь өмчирхөн дэмжиж нутгархаад л, талцаад л  бөөн юм болдог биздээ. Уг нь бол монголын газар нутаг дээр төрсөн хоёр нөхөр хоорондоо үзэлцээд нэг нь түрүүлээ л биз. Энэнд чинь нутгархаад байх ямар шаардлага байна аа.
Аливаа хүн насанд хүрнэ гэдэг маань жинхэнэ утгаараа эх оронч болж төлөвшихийг хэлж байгаа юм.  Эх оронч гэдэг бол бас бусдыг ад үзээд үндсэрхэг үзэл үнэртүүлээд явахын нэр биш шүү.  Эх оронч гэдэг бол хөдөө явж байхдаа хогоо хаячихдаггүй, нутаг усаа хайрлачихдаг, архины шилээ хаа хамаагүй шидчихдэггүй, наад голдоо битгий машинаа угаагаад бай, наад модондоо битгий хадаг уяаад өнгө үзэмжийг нь гутаагаад бай гээд хэлчихдэг, дуугардаг ухамсартай хүнийг хэлнэ. Ийм байж л хүн насанд хүрнэ. Биологийн хувьд бол хүн тэртэй тэргүй 30, 40 хүрээд л насанд хүрчихдэг. Гэтэл үүний хажуугаар  тархи оюунаараа хүн насанд хүрэх ёстой. Оюун санаагаараа насанд хүрнэ гэдэг бол тийм амар зүйл биш.
Монгол хүмүүс маш их бялдууч байна. Энэ нь тэднийг насанд хүрэхэд нь саад болж байна.  Улстөрийн сонгуулийн үеэр  энэ нь илүү сайн анзаарагддаг шүү дээ.
-Бид өнөөдөр эдийн засаг, улстөрөөс гадна хүн ёсны, сэтгэлгээний зэрэг асар олон хямралд орсон талаар ярих болж. Энэ олон хямралуудын аль нь бидэнд тулгамдаад байгаа гол асуудал юм бэ?
-Энэ хямралууд  бол товчхондоо, монгол хүн насанд хүрч чадахгүй байгаатай нь холбоотой. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, боловсрол мэдлэг, бусдаас хараат бус байдал, хэнээс ч хамааралгүй би гэдэг оршихуйг бий болгож чадаагүй хүмүүс улс орныг ч тэр, улстөрийн нам, тэр бүү хэл эдийн засгийг ч олигтой авч явж чадахгүй. Эндээс л энэ бүх хямрал эхлэлтэй.
Би хэлээд байгаа шүү дээ. Монгол эрчүүдийн ихэнх нь эхнэрийнхээ том хүү шиг нь байдаг гэж.  Авгай нь ихэвчлэн ар гэрээ авч явдаг. Ээж нь нь хүмүүжүүлж хүн болгож чадаагүй айлын хүүг авгай нь  хүн болгох гэж оролдоод эцэстээ бууж өгдөг байхгүй юу. Бидний яриад байгаа энэ хямрал монгол эрчүүд насанд хүрээгүй цагт үргэлжилсээр л байх болно.  Хүний хямрал нь нийгмийн хямрал болчихлоо. Өөрөөр хэлбэл, монгол хүний өөрийнх нь хямрал нийгэм, эдийн засаг, улстөрийн хямрал болсон байна.  Монгол хүн өөрөө хүн болж чадахгүй байна. Сэтгэл зүйн баахан асуудалтай,  тархи толгой нь мухар сүсгээр дүүрчихсэн, айдастай, өш хонзонтой, нутгархаж, талцаж байгаа цагт монгол орон одоо байгаагаасаа илүү өндийж чадахгүй.  Тэгэхээр монгол эрчүүд юун түрүүнд насанд хүрэх хэрэгтэй байна.
Шинэ цагийн монголчуудыг гаднаас нь харвал үнэтэй хувцас өмссөн, iphone гар утас барьсан,  хэдэн давхар байшинд амьдарцгааж байна. Гэтэл ухамсар сэтгэлгээ нь зуун жилийн өмнөхөөрөө. Хаанаа вэ, тархиндаа. Бодож байгаа бодол нь, ярьж байгаа үнэт зүйл нь, ёс заншил нь зуун жилийн өмнөхөөрөө. Энэ чинь л бидний хямралын эх үүсвэр, гол асуудал болоод байна.
-Эв нэгдэлгүй монголчууд нэг нэгэндээ дайсан болдог тухай бичсэн байна. Тэгэхээр биднийг чухамдаа юу эв нэгдэлтэй болгож сайн сайхан  амьдруулах вэ?
-Эвтэй бол хүчтэй гэж монголчууд ярьдаг. Энэ бол ёстой худлаа үг шүү.  Эв гэдэг чинь хоорондоо найрахыг л хэлж байгаа юм шүү дээ. Хүн эвтэй байж болно. Гэхдээ үүний цаана нэгдэлтэй байх хэрэгтэй.  Эв гэдэг бол чи бид хоёр зодолдохгүй л гэсэн үг шүү дээ. 
Бидэнд эх оронч үзэл гэж байхгүй учраас эв нэгдэл гэдэг зүйл  ч бас алга байна.  Эх орноо хэзээ ч хүндэлдэггүй.  Эх орноо хэн ч ярьдаггүй зөвхөн нутаг усаа л ярьцгаадаг.  Хаана төрсөн, аль нутаг вэ гэхчлэн.  Хэн ч эх орныхоо тухай ярьдаггүй. Тэр тусмаа гадаад оронд явж байгаа монголчууд маш хариуцлагагүй.  Эх орныхоо нэрийг өндөрт өргөдөггүй.  Дандаа Монгол орныхоо нэрийг муугаар харуулна. Монгол хүн тэнд тэгж гэнэ, ингэж гэнэ гэх мэтээр дандаа муухай зүйл сонсогдоно.
Эв нэгдэлтэй байна гэдэг бол хамгийн энгийнээр хүн бүр эх орон гэсэн нэгдсэн нэг ойлголт, ухамсартай болохыг хэлээд байгаа юм. Тэгж байж бид  улс орны хөгжил, ирээдүйн тухай ярьна. Түүнээс биш эх орон гэсэн ойлголтгүй хэдэн улсууд мянган сайхан ирээдүйн тухай яриад яах юм бэ.
Зун болохоор манай монголчууд яадаг вэ. Хөдөө гараад л, аялал зугаалга хийгээд л, архи ууж, хоног төөрүүлсэн газраа хогоо хаяад эрх чөлөөгөө эдлээд явдаг. Гэтэл энэ чинь яг үнэндээ эрх чөлөө биш дураараа аашлах зангийн нэг хэлбэр байхгүй юу. Монголчуудын дунд билэг танхай гэх нэг ойлголт бий. Энэ бол бүдүүлгээ л илэрхийлж байгаа болохоос биш огтоосоо эрх чөлөө гэсэн үг биш.  Эрх  чөлөө гэдэг чинь ухамсартай, хариуцлагатай  үйл ажиллагаа байдаг.  Шийдэлтэй, сонголттой байдаг. Сонголтгүй газар эрх чөлөө яриад яах юм, ямар ч утгагүй шүү дээ. Сонголт байхгүй учраас хүсэх эрх чөлөө байхгүй. Найзууд орчин тойрныхныхоо үгээр явдаг, өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чаддаггүй учраас нийгмийн эрх чөлөө байхгүй. Боловсрол нь худлаа, диплом нь худлаа, профессорууд нь худлаа учраас оюуны эрх чөлөөгүй, хуурамч хаяг зүүж явцгаадаг. Ээж аавууд өөрийнхөөрөө байлгах гэж зүтгээд үр хүүхэддээ зааж сургах боловсрол байхгүй тул залуус ээж аавдаа, ээж аавууд үр хүүхэддээ баригдсан нэг нэгнийхээ золиосууд болдог.
Нийгмийн шүүмж гэдэг мэдээж зөвхөн шүүмжлэх биш шүү дээ. Гарц, шийдэл хайсан хайлт. Хөгжил дэвшил рүү сайн сайхан руу явъя гэсэн уриалга. Уншигчдад ойлгомжтой болгохын тулд кино филмүүдэд энэ бүх асуудлуудыг хэрхэн харуулсан жишээнүүдийг номондоо нилээд оруулсан тул ойлгоход дөхөм бас сонирхолтой болсон хэмээн найдна.
-Маш сонирхолтой ном бололтой. Сүүлийн асуулт. Монгол хүнийг та эрх чөлөөгүй гэлээ. Тэгэхлээр Ардчилсан хувьсгалаар Монгол хүн эрх чөлөөгөө олж аваагүй гэсэн үг үү?
Ардчилсан хувьсгал мэдлэг боловсролын эрх чөлөө, эрүүл мэндийн эрх чөлөө,нийгмийн амьдралд оролцох эрх чөлөөг устгаж баячууд мухар сүсэгтнүүдийн дураараа дургидаг орон болгосон. Өнөөдөр мэдлэгт суралцсанаас нэг бол банкны менежер эсвэл лам болж мөнгөтэй болох, бүр болохгүй хуурамч дипломтой бол улстөр хийж амьдрах ийм л гурван сонголттой болсон.
Зэрлэг бүдүүлэг байх нь эрх чөлөө биш. Билэг танхай гэдэг эрх чөлөө биш,боловсролгүй бас ёс суртахуунгүйн илрэл. Нэг нэгнийгээ хүндэтгэж хүлээн зөвшөөрч байж л эрх чөлөө хэрэгжих боломжтой.Ийм л цагийг наашлуулах гэж энэ номыг бичсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Р.Улам-Оргих
Эх сурвалж: Zuv.m