Thursday, March 23, 2017

Монголын эдийн засаг Голланд өвчинд нэрвэгдсэнийг эконометрикийн шинжилгээгээр нотолсон


Эксперт ярьж байна ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайханыг урьж ярилцлаа.
-Та ШӨХТГ-ын даргын ажлаа өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогоор ямар ажил, албан тушаал хашиж байна вэ?
-МАН-ын Шинэчлэлийн хороонд Бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байна.Улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлийн асуудлыг хөндөж, судлаад багагүй хугацаа өнгөрлөө. Төрийн толгойд нам байгааг эсэргүүцсэнээр анх ардчилагчид гарч ирсэн. Гэтэл өнөөдөр эргээд л төрийн дээр нам байдаг болсон байна. Харин намын толгойд хэсэг бүлэглэл ноёрхдог болсон нь нэгэнт ил болжээ. Төрийг өвчлүүлж байгаа асуудлууд улс төрийн намаас шалтгаалж буй учир нам өөрөө эрүүл, ил тод байх ёстой л доо. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүс улс төрийн намыг ашиг орлого олох, бизнес хийх зорилгоор ашигладаг болж. Үүнээсээ болоод төрд гарч ирсэнийхээ дараа, төрийг бизнесийн нүдээр хардаг болжээ. Энэ нь улс орныхоо баялаг, ард түмнийхээ итгэлийг худалдахад хүргээд байна. Улс төрийн нам бодлогын инститүт, оюуны уурхай байх ёстой. Ард иргэд рүү чиглэсэн  тодорхой хөгжлийн бодлого боловсруулж, тэр бодлогоороо өрсөлдөж, түүнийг нь олон нийт дэмжвэл төрийн бодлого болгож улс орноо хөгжүүлдэг, зорилготой, аливаа явцуу бизнес эрх ашгаас ангидбайх шаардлагатай. Улс төрийн намуудыг шинэчилж өөрчлөхийн тулд бид бодлого боловсруулаад, үүнийгээ намуудад санал болгож ажилладаг.
-Таныг Чингэлтэй дүүрэгт сан байгуулаад ажиллаж байгаа талаар сонссон? Чухам ямар үйл ажиллагаа явуулдаг сан бэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний хувьд Шинэчлэлийн хорооноосоо гадна олон нийтийн ажил хийж байгаа.  1975 онд  Чингэлтэй дүүрэгт төрж, өсөж хүмүүжиж, цаашлаад дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ дахь Байгаль орчин тохижилт, үйлдвэрлэл үйлчилгээний хороог даргалаад зогсохгүй Засаг дарга хийгээд явсан. Өөрөөр хэлбэл, ажил амьдралаа энэ дүүрэгтэйгээ холбосон учраас өмнө нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэх, өөр шинэ бодит үр дүнтэй ажлууд санаачлан хийж, хэрэгжүүлэх зорилгоор "Хан Чингэлтэй" гэдэг сан байгуулсан. Санмаань залуучуудын боловсрол, ажил эрхлэлтийг дэмжих , байгаль орчин хамгаалах, бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, эрдэм шинжилгээ судалгаа хийх, дүүргийнхээ хөгжилд гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготойгоор байгуулагдаад ажиллаж байна.
-Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Анкарагийн гудамжийг тохижуулах гэх мэт бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлснийг тань мэдэх юм байна?
-Засаг даргаар томилогдохоосоо өмнө буюу Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч байхад минь Анкарагийн гудамжийг тохижуулах санаачлага гарсан.  Энэхүү ажлын хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй байсан учраас манай дүүргийн тухайн үеийн Засаг дарга надад хүсэлт тавьж байсан. Тодруулбал, Турк улсад сурч ажиллаж байсны хувьд боломж бололцоогоороо хөөцөлдөж өгөөч гэсэн. Миний хувьд жил гаруй хугацаанд нилээн уйгагүй хөөцөлдөж явсны үр дүнд Чингэлтэй дүүргийнхээ Анкарагийн гудамжийг тохижуулахад Турк улсаас буцалтгүй тусламжийн хөрөнгийг оруулж ирсэн. Анх 700 мянган долларын төсөвт өртгөөр зураг төсөл нь хийгдсэн байсан. Улмаар Анкара хотын өнгө төрхийг илтгэсэн, үлгэр жишээч гудамж болгох зорилгоор Туркуудын зүгээс 2.3 сая долларынбуцалтгүй тусламжаар Анкарагийн гудамжийг тохижуулж өгсөнд баяртай байдаг юмаа.
-Та ШӨХТГ-ын даргаар хэсэг хугацаанд ажиллалаа. Ажлаа авч байх үед тухайн газрын нөхцөл байдал ямар байсан бэ?
-Засгийн газрын агентлаг, төрийн байгууллага чадварлаг, хариуцлагатай боловсон хүчинтэй,  дотоод үйл ажиллагаа нь хууль журмын дагуу нээлттэй ил тод явах ёстой гэсэн зорилттойгоор ажиллаж эхэлсэн. Анх очиход дэвшилттэй зүйлүүд байсны зэрэгцээ дутагдалтай зүйлүүд ч их байсан. Их олон хяналт шалгалтын материалууд архивлагдаж үлддэггүй, бичиг баримт, архивын материалыг дараа дараагийн томилогдон ирэх хүмүүстээ хүлээлгэн өгөх асуудал доголдолтой байсан. Тиймээс би тухайн үеийн шадар сайдтай зөвлөлдөж байгаад Дотоод хяналтын газар гэж шинээр байгуулсан. Ингээд хариуцлага, хяналтыг сайжруулахаар ажлаа эхэлсэндээ. Хэдий эдийн засгийн хямралтай, төсөв хомс байсан ч хамт олонтойгоо багахан хугацаанд чамлахааргүй ажил хийсэн гэж боддог.
-ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа нэрлэхгүй юу?
-Аливаа ажлыг хийхийн тулд үндэс хөрсийг нь маш сайн тавих ёстой гэж боддог. Тиймээс хууль хяналтын орчныг сайжруулахын тулд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай шинэ хуулийн төсөл боловсруулсан. Удахгүй батлагдах байх. Мөн Хэрэглэгчийн эрхийн үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулсан байсныг саяхан Засгийн газрын хуралдаанаар баталсанд баяртай байгаа. Өрсөлдөөний орчинг бүрдүүлэхийн тулд Японы Жайкагаас хоёр тэрбум орчим төгрөгийн төсөл аваад, хэрэгжүүлж  эхэлсэн. Энэ маань бас л үр дүнтэй явж байгаа.
Эрх баригч, эрх мэдэлтэй хүмүүс ард иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр бизнесийн өнгө аястай үйл ажиллагааг явуулдаг болж. Өөрөөр хэлбэл, төрөл бүрийн төлбөр хураамж ард иргэдээсээ авдаг болсон. Энэ бүхнийг цаашаа судлахаар хуулийн үндэслэлгүй зүйл их гарч ирсэн. Тиймээс би энэ асуудалтай тэмцэж, таслан зогсоох ажиллагааг нэлээн шийдэмгий явуулсан.
Тухайлбал, Олон мянган айлаас орон сууцны төлбөрт хууль бусаар мөнгө нэмж татдаг байсныг таслан зогсоосон. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд 90 гаруй мянган айл өрх хамрагддагийн  50 гаруй мянгаас нь ямарч зөвшөөрөлгүйгээр даатгал нэртэй 1000-1500 төгрөгийг сар бүр "булааж" авч байсан цэвэр луйврын чанартай асуудлыг шийдвэрлэсэн. 20 шахам мянган айл өрхөөс ЦТП, насос, узел зэрэг нэрээр байрных нь төлбөр дээр их хэмжээний мөнгө нэмж авдаг байсан хууль бус үйлдлүүдийг зогсоосон. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хэрэглээ, төлбөртэй холбоотой хэд хэдэн асуудлыг нэгдсэн байдлаар шийдсэн. Хоёр хөршид зорчиж байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах орчинг бүрдүүллээ.
Мөн хууль бусаар машин түгжих аргаар ард иргэдээс мөнгө татдаг байсныг таслан зогсоосон. Үүгээр зогсохгүй, машин ачих төлбөрийг хууль журмаараа хотын дарга бус ЦЕГ-ын  дарга судалгаа тооцооны үндсэн дээр тогтоох ёстой байтал тэр хүний хуульд заасан эрхийг нь булааж аваад машин ачих төлбөрийг хотын дарга хууль бусаар тогтоолгож, хэрэгжүүлэхдээ ч иргэдийг хохироодог байсныг цэгцэлсэн. Одоо хууль журамд нийцүүлж машин ачдаг болсон.
Нийгмийн даатгалын сангийн мөнгөний зарцуулалт, ашигт малтмалын лиценз олголт гээд зарим яамд, агентлагуудын хуульд нийцэхгүй үйл ажиллагааг тогтоож, зөрчлийг арилгуулж ажилласан. Би өөрөө Засгийн газрын хуралдаанаар томилогддог хэрнээ нэг мэдэхэд Засгийн газрын нэлээн хэдэн гишүүний "дайсан" болж хувирсан. Энэ нь ч эргээд ажлаа өгөхөд хүргэсэн дээ.
-Таны хувьд гадаадын олон сургуульд сурч боловсрол эзэмшсэн гэж сонсож байсан. Энэ талаар?
-Би арван жилээ 23-р дунд сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд МУИС-ын Эдийн засгийн сургуульд элсэж орсон. Үүний дараа шалгалтад орж тэнцээд Засгийн газрын шугамаар Турк улсад эдийн засагч мэргэжлээр их сургуульд суралцсан. Дараа нь Японы Олон улсын их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Сүүлд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт сурч эрдмийн ажлынхаа судалгаа шинжилгээг хийснээр 2014 онд докторынхоо зэргийг хамгаалсан. Одоо л сурч боловсорч боллоо гэтэл бас болоогүй л байна. Миний хувьд боловсролын докторын Ph.D зэрэгтэй.Хамгаалах зөвлөл дээр эрдмийн ажлыг минь эрдэмтэд өндрөөр үнэлж, илүү гүнзгийрүүлвэл шинжлэх ухааны доктор хамгаалах хэмжээнд байна гэж урам өгсөн. Тиймээс шинжлэх ухааны доктор хамгаалах зорилт тавиад эрдмийн ажлынхаа сэдвийг сонгоод судалгаа, шинжилгээнийхээ ажилд орсон байгаа.
-Докторын зэрэг хамгаалсан сэдэв чинь их сонирхолтой санагдаж байлаа. Энэ талаар сонирхож буй хүмүүс ч бас байгаа байх?
-"Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны үзүүлэх нөлөө" гэдэг сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Манай улсад тулгамдаж байгаа асуудал яах аргагүй мөн л дөө. Өнгөрсөн 20 гаруй жилийн макро эдийн засгийн тоон үзүүлэлт дээр суурилж эдийн засгийнхаа хөгжлийн загварыг гаргасан. Загвараа ашиглаад тодорхой тооцооллуудыг хийж, гадаад худалдаа эдийн засгийн өсөлтөд ямар сувгаар яаж нөлөөлж байна гэдгийг нарийвчлан тогтоосон.
Аливаа улсын эдийн засгийн хөгжил бол гадаад худалдаатай салшгүй холбоотой байдаг. Манай улсын экспорт нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай.  Харин импорт нь БНХАУ-аас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээрээ хэт их хамааралтай байдаг. Монголын маань хөгжлийн эх үүсвэр бол уул уурхайн баялаг. Үүн дээрээ тулгуурлаж хөгжих ёстой.
Манай улсад уул уурхайн олборлох салбар хөгжиж байгаа боловч боловсруулах салбар уналтанд орсон. Үүнийг Голланд өвчин гэдэг. Эдийн засаг өсөлттэй ч дунд болон урт хугацаанд эдийн засгийн хямрал руу явдаг л даа. Манай улсын эдийн засаг Голланд өвчинд нэрвэгдсэнийг эконометрикийн тоон шинжилгээгээрээ нотолсон. Голланд өвчний шинж тэмдэг болох бусад салбараас уул уурхайн экспортын салбар руу ажиллах хүч, үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлсийн шилжилт, экспортын бус боловсруулах салбарын уналт, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн хэтөсөлт зэрэг нь амьдрал дээр тод харагдаж байгаа.
-Яагаад Голланд өвчинд Монгол улс нэрвэгдчихэв ээ?
-Энэ нь уул уурхайн экспортын тогтворгүй байдлаас гадна улс төрийн тогтворгүй байдал, уул уурхайгаас олсон орлогын оновчгүй хуваарилалт, авлигад идэгдсэн муу засаглалаас шууд шалтгаалсан. Үүнийг уул уурхайн том төслүүдийн удирдлагууд толгой дараалан хууль хяналтын байгууллагад шалгагдаад, зарим нь гадаадад зугтааж байгаа зэргээс харж болно. Товчоор хэлэхэд уул уурхайгаас олсон ашгаараа экспортын болон экспортын бус боловсруулах салбарыг хөгжүүлэх ёстой байсан боловч олдсон мөнгийг буруу замаар явуулсан гэсэн үг шүү дээ.
Үүнээс гарах арга зам гэвэл авлигаас ангид сайн засаглалыг тогтоох, Засгийн газрын тусгай сангаар дамжуулж боловсруулах салбараа хөгжүүлэх, экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх шаардлагатай.
Уул уурхайн баялаг дээрээ тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн уламжлалт салбар буюу мал аж ахуйд тулгуурлаж хөгжих боломжтой гэж боддог. Малын арьс шир боловсруулах, мах махан болон сүү сүүн бүтээгдэхүүн хийж өрсөлдөх юм бол олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвар өндөртэй байх болов уу.
-Хөрөнгийн зах зээлийн хөгжлөөрөө манай улс барууны орнуудаас нилээн хоцрогдсон явж байна. Үүнээс гадна хөрөнгийн дэд бүтцийг хөгжүүлэх ёстой гэж зарим хүмүүс яриад байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна?
-Яах аргагүй улсын эдийн засгийн хөгжил Хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс маш их хамааралтай байдаг. Яалт ч үгүй эдийн засгийн харилцааны хэрэгсэл нь мөнгө, хөрөнгө.
Монгол улсад хөрөнгийн зах зээл өнгөрсөн хугацаанд үнэхээр хөгжөөгүй. Хөгжүүлэхгүй байх сонирхол ч бас явж байгаа. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхад Хөрөнгийн биржийн брокер компаниудын хүсэлтээр хяналт шалгалт хийж тодорхой зөрчлүүдийг арилгаж ажилласан. Тэгэхэд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй байх сонирхол банкуудад байгаа нь харагдсан. Өнөөдөр банкууд үнэхээр монополь байна шүү дээ.
Нүдэн дээр их олон арилжааны банкны өрсөлдөөн байгаа мэт боловч угтаа монополь зах зээлтэй. Банкуудын үйл ажиллагаатай өрсөлдөхүйц хөрөнгө санхүүгийн зах зээл алга.  Банкууд өөрсдөө хөрөнгийн зах зээл рүү ороод тэндээ бас ноёрхсон орчин бий болгоод байна. Өнөөдөр хэн мөнгө олж байна банкууд л олж байна шүү дээ. Тэд бизнес эрхлэгчдийн үл хөдлөх хөрөнгийг, малчдын малыг, төрийн албан хаагчдын орон сууцыг, тэтгэврийн хөгшчүүдийн тэтгэврийг барьцаанд авч асар өндөр хүүтэй зээл олгож хохироож байна. Ялангуяа валютын зээлтэй бизнес эрхлэгчид асар их хохирч байгааг хэлэх хэрэгтэй. Гэтэл банкууд валютын ханшны өөрчлөлт дээр тоглолт хийж их ашиг олоод байдаг. 2014-2015 онд арилжааны банкууд 578 тэрбум төгрөгийн буюу түүхэнд байгаагүйгээрээ их ашигтай ажилласан байна.
Улсад 120 гаруй мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байдгийн тал хувь нь л үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл 60 мянган аж ахуйн нэгж ажиллахгүй байгаагаас дийлэнх нь аргагүйн эрхэнд үйл ажиллагаагаа түр буюу бүрэн зогсоосон байдалтай. Гэх мэтчилэн сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид, ард иргэд хямралд өртөж байхад банкууд түүхэндээ байгаагүй ашигтай ажиллаж байна гэдэг нь дэндүү шударга бус байгаа биз дээ.
Нэг жишээ дурьдахад, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин саяхан чухал шийдвэр гаргалаа. Ингэхдээ нэгдүгээрт, валютын зээлтэй бизнес эрхлэгчдийн зээлийг 100 хувь рубльд шилжүүлж байна. Хоёрдугаарт, рублийн ханш суларснаас болж хохирсон хохирлыг нь төрөөс буюу Төвбанкнаас нь хариуцахаар болж байна. Энэ нь эдийн  засгийн хямралын хариуцлагыг төр өөрөө хүлээгээд ард иргэд болон бизнес эрхлэгчдээ хохиролгүй болгож байгаа юм.
Яг ийм зарчмаар Монгол төр ч бас ажиллах ёстой. Валютын ханш өсч байна гэдэг нь Засгийн газар болон Монголбанкны хариуцлагын асуудалюм. УИХч үүнээс зугтаах боломжгүй. Учир нь УИХ Монголбанкны тэргүүнийг томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг. Тиймээс Монголын төр засаг валютын ханшийг өсгөж, эдийн засгийг хямруулсныхаа хариуцлагыг бүрэн хүлээж ард иргэдээ хохиролгүй болгох жишиг тогтох ёстой гэж үзэж байна.
-Монгол Улсын гадаад өр одоогийн байдлаар нийтдээ 44 их наяд төгрөг болсон гэх мэдээлэл бий. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү. Эдийн засагч хүний хувьд Та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Өр, зээл эдийн засгийн хөгжилд байдаг л нэг арга хэрэгсэлболовч аюултай хэмжээнд хүрчээ. Сая дурдсан тоо бол  улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц хэмжээний түвшинд хүрсэн.
Чингис бонд, Хөгжлийн банк гээд зээлийн тодорхой эх үүсвэр байдаг байсан бол одоо бондынх нь нэр л гэхэд зах замбараагаа алдлаа. Хаана, хэнээс зээл авч байгаа нь ч мэдэгдэхгүй болсон байна. 
2017 онд бид Чингис бондынхоо эхний 500 сая долларыг хүүтэй нь төлөх ёстой. Үүний зэрэгцээ бусад эх үүсвэрээс авсан зээлүүдээ тун удахгүй төлнө. Гэтэл энэ бүхнийг ямар эх үүсвэрээр төлөх гэж байгаа тооцоо алга.
Сая Парисын уур амьсгалын хэлэлцээрт Монгол Улс нэгдээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Байгаль орчны сайд гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээрээр дэлхийн улс орнууд байгаль орчин эх дэлхийгээ хамгаалах эцсийн боломж гээд 2020 он гэхэд нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзахаар тохиролцлоо. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихээр болж байна л даа. Тэгэхээр манай улстөрчдийн булаацалдаж, ард түмнээ талцуулаад байгааТавантолгойн орд чинь юу болж хувирах юм.
Тавантолгойг өндөр ашигтай байхад нь ашиглаж чадалгүй одоо нэг тонн нүүрс 27-хон ам.доллар болчихлоо шүү дээ. БНХАУ манай нүүрсний гол худалдан авагч. Гэтэл БНХАУ сүүлийн жилүүдэд нүүрсний хэрэглээнээс татгалзаж сэргээгдэх эрчим хүч рүү асар хурдтайгаар шилжиж байна.
Нөгөөтэйгүүр, Оюунтолгойн далд уурхай ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Энэ нь эдийн засагт их чухал нөлөө үзүүлнэ. Гэтэл зэсийн үнэ тонн тутамдаа 7-8 мянган доллар хүрэхээ больсон. БНХАУ өөрсдөө зэсийн багагүй нөөцтэй болчихлоо. 2012 оноос хойш экспортын нүүрсний үнэ 71 хувь, зэсийн үнэ 47 хувь буурсан байна.Боловсруулах үйлдвэрлэл гээд байх юмгүй л сууж байна. Ийм байхад манай улс өр зээлээ юугаараа төлөх гэж байгаа юм бэ гэдэг асуулт ноцтой байгаа биз дээ.
-Зээлээ эргэн төлөх эх үүсвэр таныхаар юу байж болох вэ. Цаашдаа дампуурал зарлах эрсдэл хүлээхээр байна гэж ойлгож болох уу?
-Ер нь Грекийн араас Монгол маань ороход ойрхон байна гэдгийг гадаад дотоодын судлаачиданхааруулаад байгаа шүү дээ. Нэмүү өртөг шингэсэн экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэрлэл л биднийг тогтвортой орлогоор хангана. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх эх үүсвэрээ олохын тулд байгалийн баялгаа нэг хэсгийг нь хагас боловсруулж, нэг хэсгийг нь түүхийгээр нь гаргаж таарна. Хамгийн гол нь улстөрчид, эрх баригчид хувьдаа завшдаггүй эх оронч сэтгэлтэй баймаар байна. Хөгжлийн тушаануудыг явуулах цаг нь аль хэдийнэ болчихоод байна шүү дээ.
-Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн зөвлөхөөр та чамгүй хугацаанд ажилласан. Энэ тухайгаа дурсахгүй юу?
-Анх Н.Багабанди гуайн шадар туслахаар хамтарч ажиллаж эхэлсэн. Улмаар сүүлийн хэдэн жил гадаад бодлого болон эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр нь ажилласан. Энэ үе бол миний хувьд маш их зүйл сурч мэдэж, туршлагажсан он жилүүд байлаа.
Н.Багабанди гуай хүнийг хариуцлагатай,  хийж байгаа ажлаа сэтгэлээсээ, санаачлага гаргаж, үр бүтээлтэй ажиллахыг шаарддаг хүн.
Яахав залуу үеийнхэн Н.Багабанди гуай юу хийсэн юм бэ гэж ярьдаг. Миний хувьд Н.Багабанди гуайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа улс орныхоо хөгжилд асар их зүйл хийж бүтээсэн, Ерөнхийлөгч хүнд байх ёстой чанарыг өөртөө шингээсэн хүн гэж боддог. 
Тухайн үед төсөв мөнгө их хомс, шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж байсан он жилүүд байсан ч улс орны маань төр төр шиг байсан үе. Дээр, дооргүй хүн бүр хуульд захирагддаг, эрхзүйт төртэй байсан. Төрийн дээр нам, эрхтэн дархтан биш, төрийн дээр хууль ноёрхдог байлаа шүү дээ. Шүүх захиалгаар шударга бусаар шийдвэр гаргасан гэх хэл ам гаргадаггүй нуруутай шийдвэр гаргадаг байсан үе. Цаашлаад улсынхаа батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан хүн гэж үнэлдэг.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс байнга төвийг сахих тухай санаачлага гаргаж, хуулийн төсөл боловсруулсан. Та үүнд ямар байр суурьтай байна?
-Энэ асуудалд судлаач хүний хувьд нилээн ул суурьтай болгоомжтой хандах ёстой гэж боддог.  Байнгын төвийг сахих улс орон үндсэн дөрвөн үүргийг хүлээдэг.
Нэгдүгээрт, аливаа дайнд татагдан оролцдоггүй. Хоёрдугаарт, аливаа гадны цэргийн хүчнийг газар нутаг дээрээ байрлуулдаггүй. Гуравдугаарт, үй олноор хөнөөх зэвсэглэлээс ангид байх. Дөрөвдүгээрт, зэвсэглэлээр үл хөөцөлдөх, улс төрийн аргаар улс орнуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэсэн үүргүүд.
Гэтэл эдгээрийг манай улс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, төрийн бодлогоороо бүрэн шийдээд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Цөмийн зэвсгээс ангид байх хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль болон Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд эдгээр зарчмыг маш тодорхой тусгасан. Тэгэхээр төвийг сахих зарчмаа дотоодын хууль тогтоомж, гадаад бодлогын үзэл баримтлалдаа тодорхой өөрчлөлт хийх замаар тодотгоод явах нь  өнөөдрийн нөхцөлд тохиромжтой гэж бодож байгаа.
Байнгын төвийг сахих тухай хууль нь манай дипломатчдын олон арван жилийн хоёр талт болон олон талт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хүч хөдөлмөрийг үгүйхийх эрсдэлтэй.
Манай улс 3 улстай стратегийн түншлэл, 5 улстай иж бүрэн түншлэл, 3 улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Үүний зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн тодорхой байгууллагатай холбоотой ажилладаг. Монгол улс байнгын төвийг сахих статустай болвол энэ бүх харилцааны түвшин байхгүй болно. Одоогоор ажиглагч байгаа, удахгүй жинхэнэ гишүүнээр элсэхээр яригдаж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэгт оролцох боломжгүй болно гэсэн үг.
Төвийг сахих үзлийг манайх хууль гаргаж баталлаа гээд үүнийг нь олон улсад хүлээн зөвшөөрөх тусдаа асуудал байгаа.  Учир нь төвийг сахих статустай болохын тулд тухайн улс орон аливаа зүйлээс хараат биш байх ёстой. Тухайлбал, худалдаа, гадаадын зээл тусламжаас хараат бус байж, хүн амын орлого тодорхой түвшинд хүрсэн байх шаардлагатай байдаг. Төвийг сахих хууль батлаад зогсохгүй, уг статусыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх учиртай. Тухайлбал НҮБ-ын Ерөнхий Ассамблей тогтоол гаргаж шийддэг. Тэгэхээр энэ бүхнийг сайн бодолцох хэрэгтэй.
Манайх яах аргагүй мөнхийн хоёр хөрштэй улс. ОХУ болон БНХАУ аль алинтай нь стратегийн түншлэл хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр хоёр хөршийнхөө олон улсад явуулж буй бодлого, үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, улсынхаа давуу болон эрсдэлтэй талыг зөв тооцоолсны үндсэн дээр хоёр хөрштэйгөөэдийн засгийн харилцан ашигтайхарилцаа өрнүүлж, үүний зэрэгцээ бусад улсуудтай харилцаагаа хөгжүүлээд улс орныхоо хувьд онцлог бодлого баримтлах нь зөв гэж бодож байна.
Ярилцсан Р.Улам-Оргих

Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны зургаан сар