Thursday, March 23, 2017

Б.Тулга: Байрны төлөө амьдардаг залуу үе гэж байх ёсгүй



Эксперт ярьж байна ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор МАХН-ын нарийн бичгийн дарга Б. Тулгыг урьж ярилцлаа.
-Эцэг эхийнхээ бизнес хийж байсан үндсэн хөрөнгөөр байр авч, сурч боловсорсон-
-Дархан-Уул аймгийн харьяат, Америкт боловсрол эзэмшсэнээс чинь өөр танилцуулга бараг байдаггүй юм билээ. Эцэг, эх гэр бүл, бага насныхаа тухай хуучлахгүй юу?
-Би Дархан хотод төрж өсөөд  Улаанбаатар хотод их сургуулиа дүүргэсэн.   Миний аав төмөр замд машинист хийж байгаад тэтгэвэртээ гарч гавьяаныхаа амралтыг эдлээд сууж байна. Ээжийн маань хувьд төлөвлөгөөний комисст мэргэжилтнээс ажлынхаа гарааг эхэлж, сумын даргааар ажиллаж явсан нийгмийн идэвхтэй хүн бий. Зах зээлд шилжсэний дараа хувийн хэвшил рүү орж бизнесээ эхлүүлсэн. Ээжийн маань эхлүүлсэн бизнест хамгийн найдвартай ажилчид нь гэр бүлийнхэн нь байлаа. Би хүүхэд байхаасаа л янз бүрийн бизнесийг оролдож үзсэн дээ. Өрхийн үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж, дэлгүүр хүртэл ажиллуулж үзсэн шүү.
Ингээд намайг арван жилийн сургууль төгсөх үед бизнес маань хөл дээрээ тогтож "Ажил хийвэл ам тосдоно" гэдгийг үзчихсэн байлаа. Харин арван жилээ төгсөөд их сургуульд орох үе сургуулиуд өндөр төлбөр авдаг хүнд үе эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөр гэр бүлийн санхүүд чамгүй дарамт болдог тийм үе байлаа. Энэ үед аав ээж хоёр маань надад "Нэгэнт бизнес эхэлсэн юм чинь миний хүү бизнесээ удирдаад, аваад яв" гэсэн санал тавьсан.
-Энэ үед та ямар сонголт хийсэн бэ?
Харин би заавал сургуульд шалгалт өгч, сурна гэдэг сонголт хийсэн. Дархан хотдоо конкурсийн шалгалтанд нэгдүгээрт жагсаж, МУИС-ийн математикийн ангийг сонгож орсон доо.
Манай арван жилийн ангиийн багш Батмөнх Дархан хотдоо нэр хүндтэй, математикийн гүнзгийрүүлсэн анги удирддаг байсан юм. Багшийн дааж авсан ангийн хүүхдүүд сургуульдаа нэртэй, нийгмийн идэвхтэй хүүхдүүд байлаа. Тухайн үед 40 хүүхэд шалгаруулах конкурст манай ангийн 32 хүүхэд тэнцсэн байдаг юм.
Тухайн үед Улаанбаатарт оюутны байранд байхад маш хэцүү байсан болохоор аав ээжийнхээ бизнесийн мөнгөөр Баянгол дүүрэгт нэг жижиг байр авсан юм байна. Одоо санаж буйгаар дөрвөн сая орчим төгрөг аав, ээж хоёроосоо аваад л галт тэргэнд нойр хүрэхгүй, цүнхтэй мөнгөө тэврээд явж байсан. Үндсэндээ эцэг эхийнхээ бизнес хийж байсан үндсэн хөрөнгөөр байр авч сурч боловсорсон гэсэн үг.
Оюутан байхдаа найз нөхөдтэйгээ нийлж сургалтын төлбөрөөрөө нэг компьютер авч тэрнийгээ ашиглан дараа, дараагийнхаа сургалтын төлбөрийг хийж эхэлсэн. Бид оюутнуудын бие даалт, дипломын ажил, компаниудын вэб хуудас гээд л мэдээллийн технологи ашиглан хийж болох бүгдийг өдөр, шөнөгүй нөгөө ганц компьютер дээрээ ээлжилж хийдэг байсан сайхан түүх бий. Ингээд их сургуулиа төгсөөд "Дархан" дээд сургуульд багшлаж дээд тоо, компьютер зэрэн хичээл заадаг байлаа.
-Үүний дараа МАХН-д ажилд орсон гэж дуулсан?
-Улаанбаатарт байдаг найз маань анх мэдээллийн технологийн ажилтан авна гэсэн зар олж хараад надад хэлсэн нь МАХН-ын төв аппарат дээр байж таарсан. Тухайн үед буюу 2000 оны эхээр мэдээллийн технологи дөнгөж хөгжиж байсан үе юм. Энэ чиглэлээр ажиллах хүн намд их хэрэгтэй байсан боловуу.
Энэ үед Н.Энхбаяр дарга Монгол улсын Ерөнхий сайд, намын дарга байв. Би бол жирийн л нэг залуу. Харин Н.Энхбаяр даргын хувьд технологи маш чухал гэдгийг мэдэж байсан болохоор давхар өөрийн туслахаа болгосон байх. Ингээд би МУ-ын Ерөнхий сайдын буюу намын даргын туслах болж байлаа шүү дээ. Харин 2009 онд би гадагшаа сургуульд явахаар болж, АНУ-ын Нью-Йорк хотод улс төр судлалын магистр хамгаалсан.
Америк бол гурван зуу гаруй жилийн улс төрийн түүхтэй. Энэ түүхийг шинжлэх ухааны төвшинд судалдаг юм билээ.
-Урвана, намаа солино гэдэг бээлий, оймс сольж байгаа юм шиг зүйл биш-
-Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гараад МАН-д элслээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Одоо цагийг ойлгохын тулд өнгөрснөө сайн харах ёстой. Төр улс байгуулж байсан хэмээн бид бахархан ярих дуртай. Манай төр улсын том судар бол Нууц товчоо. Нууц товчоонд урвалтын тухай, урвалтыг давж гарсан хүн нэгдсэн Монгол Улсыг байгуулсан тухай гардаг шүү дээ. Тухайлбал, Чингисийн эцэг Есүхэй нас барахад хажууд нь байсан хамаатан садан, отог омгийнхон нь урваж, ээж, дүү нарыг нь хаяад явчихаж байгаа тухай өгүүлэмж бий. Энэ бүх замыг даван туулж төр улс байгуулах ажил амар хялбар байгаагүй нь ойлгомжтой.
Улс төрийн хүчтэй нам болж төлөвшихийн тулд бид бүх төрлийн саад бэрхшээлтэй тулгарч байна.  Аль ч намд тухайн намын цөм болсон хүмүүс байдаг. Тэр хүмүүст янз бүрийн ятгалга, дарамт ирнэ. Гагцхүү энэ бүхнийг давж гарах нь нэг шалгуур даваа юм.  Хүний чанар энгийн үед биш, хүнд үед танигддаг гэдэг үг байдаг даа. Хэн нь хэн бэ гэдгээ л харуулж байна гэж боддог.
Д.Тэрбишдагва манай намын дэд дарга, бага чуулганы гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн. Ч.Улааны хувьд Сангийн сайдаар МАХН-аас нийтдээ дөрвөн удаа томилогдсон хүн. Мөн л бага чуулган, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Энэ хоёроос гадна Г.Шийлэгдамба Ерөнхий нарийн бичиг дарга байсан.  Манай намын бодлого хөтөлбөрийг зогсоохын тулд эдгээр хүмүүсийг ямар нэг байдлаар цаанаас нь дарамталсан, шантаажилсан байх.
Гэхдээ намаа солино гэдэг бээлий, оймс солихоос өөр шүү. Нам бол дэлхий нийтийн жишгээр авч үзвэл үзэл санаа нэгдсэн хүмүүсийн бөөгнөрөл буюу бүлэг юм. Улс орноо хөгжүүлэхээр ярьж, хэлэлцэн, ийнхүү боловсруулсан бодлого, хөтөлбөрөө амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө явдаг нэг баг. Миний зорих ёстой үндсэн чиг, ноён нуруу бол энэ юм байна гэдэг итгэл үнэмшилийн үүднээс намаа сонгодог. Харин аливаа багийн нэг хэсэг нь болж явна гэдэг амаргүй. Янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн хүмүүжил боловсролтой хүмүүс нэгдсэн учираас аливаа асуудлаар санал зөрөх юм ч байна. Амьдралд гардаг л бэрхшээл. Харин ингэлээ гээд намаасаа гарна гэдэг бол өөрөө өөрөөсөө урвасан хэрэг юм. Өөрийнхөө үзлээс урвачихаад бусдын үзлийг дагаад явчихаж байна гэсэн үг.
Тэд өнөөдөр МАН, АН-ыг шүүмжлээд явж байснаа маргааш дунд нь ороод явж буй нь ерөөсөө үзэл бодлоосоо л ухарсан хэрэг. "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэгчлэн төрөө засч байгаа хүн итгэл үнэмшил, үзэл баримтлалын хувьд хатуу бат суурьтай байх ёстой. Гэтэл ухрах, урвах, туйлбаргүйтэх нь төлөвшөөгүйн л шинж юм уу даа.
Улстөрчид сүүлийн үед өөрсдийн тавьсан үзэл бодол, зорилгоосоо илүү би хаана очвол  албан тушаалд хүрэх бол, яавал ашиг сонирхлыг маань гүйцэлдүүлж, хэрэг төвөг, хэл амнаас холдож болох вэ гэсэн бодлоор үзэл бодлоо өөрчилж, намаа сольж байна. Тэгээд үүнийгээ улс төрд байдаг л юм мэтээр ярих нь маш буруу. Сонгуулиар ард түмэн дүн тавих байлгүй.
-ЭМСЯ сайдгүй удлаа. Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар сайд томилох асуудлыг мөн л хойшлуулсан шүү дээ. Угтаа бол танайхаас хоёр ч хүн санал болгосон гэсэн?
- Манай нам өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш мэргэжлийн хоёр дахь хүнээ санал болгосон. Эрүүл мэндийн гавьяат ажилтан Жамбалдоржийг эхлээд нэр дэвшүүлсэн юм. Хүлээж аваагүй. Дараа нь Ц.Оюунбаатар сайдыг жинхэлээд өг гэсэн ч зөвшөөрөөгүй. Анагаах ухааны сургуулийн захирлаар олон жил ажилласан Ц.Лхагвасүрэн докторыг хамгийн сүүлд сайдад тодорхойлоход бас л зөвшөөрсөнгүй.
Сайдын үүргийг улс төрийн намд байгаа нөхөд өөрсдөө гүйцэтгэх ёстой юм шиг өмчилчихөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ дотроос эсхүл улс төрийн намд ямар нэг байдлаар өндөр албан тушаал хашдаг нөхрийг л тавь гэж байна.
ЭМСЯ-ны сайдад нэр дэвшүүлсэн Ц.Лхагвасүрэн манай намын гишүүн мөн. Гэхдээ улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, албан тушаал хашдаг хүн биш. Бид эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн удирдвал зөв гэж үзээд санал болгосон. Бид намынхаа зарчимд ч  тухайн салбарт мэргэжлийн хүмүүсийг дэмжиж ажиллахаа зааж өгсөн байдаг. 2000-2004 оны хооронд ажилласан Засгийн газрын бүрэлдэхүүнийг эргэж саная. Тэр үеийн төр бол 1990 оноос хойш Монгол улсад засаг барьсан, барьж байгаа бүх Ерөнхий сайд, Засгийн газрын кабинетуудаас хамгийн тогтвортой ажилласан засаг. Бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллахдаа 2000 оны эхэнд маш хүчтэй ганхаж байсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг 2004 он гэхэд үндсэнд нь тогтворжуулаад түүнээс хойш гарсан бүхий л дэвшлийн суурийг тавьсан юм.
Хамгийн энгийн жишээ хэлье! Эрчим хүчний нэгдсэн системээр бүх сумдыг цахилгаанаар холбох ажлыг 2000 онд санаачилснаас гадна их өрийн хийгээд оюутны дотуур байрны асуудлыг ч шийдвэрлэж чадсан. Эдгээр ажлын залгамж халаа одоо ч явж байгаа.
Мэдээж мянганы замын ажил маш хүндрэлтэй эхэлсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр бүх аймгийн төвүүдийг холбосон хар замтай болох эхлэлийг тавьсан юм. Тэгэхээр мэргэжлийн хүн салбартаа ажиллахад ямар үр дүнтэй байдгийг эндээс харж болно. Түүнээс биш ямар хуйвалдаад л, бүлэглэлийн ашиг сонирхол хангах гэж чичирч байгаагаа улс төр хийж байна гэж ойлговол дэндүү том эндүүрэл болно.
Тиймээс эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн томилох хүсэлт гаргасныг эсэргүүцэх шийдвэр гаргасан нөхөд өөрсдийгөө улс төр хийж байна гэж бодож байгаа бол андуурч байна. Өөрсдөө Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг тэтгэврийн насных болсон гээд хууль гаргаад авч хаях гэж үзлээ. Тэгсэн хэрнээ ЭМЯ-ны төрийн нарийн бичгээр тэтгэвэрт гарсан хүнийг аваачаад тавьж байх жишээтэй.
Хууль нэг хүнд бус нийтэд ижилхэн үйлчлэх зарчим хаана байна вэ гэж асуумаар санагддаг юм.  Ийм жигд бус байдлыг засахын тулд бид тэмцэж байгаа. Засах бололцоо байгаа гэдэгт эргэлздэггүй.
-"Шударга ёс эвсэл" задарсантай холбоотой АН-аас танай намын гишүүдийг Засгаас гаргах талаар ярьж эхэллээ?
-"Шударга ёс эвсэл"-ийн бүлэг 2012-2016 он хүртэл засгийг тогтворжуулахыг бүх талаараа хичээж ажилласан. Харамсалтай нь, бүлгийн гишүүдийн тоо өөрчлөгдсөнөөс чадамж алдагдлаа. Энэ байдал дээр дөрөөлж, АН-ын нөхөд ямар шийдвэр гаргахыг тааж мэдэхгүй байна. Мэдээж, МАХН-ын сайд нарыг засгаас гаргах сонирхолтой улс зөндөө байгаа байх.
Тэднийг гаргалаа гэхэд Засгийн газрын тогтвортой байдал, чадамжид нөлөөлөх нь тодорхой биз дээ. Ер нь одоогийн засаг чадамжтай юу, УИХ өөрөө чадамжтай их хурал мөн юм уу гэх мэт асуудлууд бий.
Үндсэн Хуулийн Цэцийн сүүлийн гаргасан сонгуулийн тухай шийдвэрийг л аваад үзэхэд логикийн хувьд зөрчилтэй асуултууд гарна. Нэгэнт  пропорциональ тогтолцоо хууль зөрчсөн юм бол энэ тогтолцоогоор байгуулагдсан Их хурал, засгийн газар хууль зөрчиж байгуулагдсан болж таарах нь. Ер нь бид засаг төртэй байсан юм уу, энэ хугацаанд гарсан хууль, эрхзүйн акт, баримт бичгүүд хүчин төгөлдөр мөн үү, биш үү гэж бодогдоно. Үүнийг нягталж, улстөрчдөд дүн тавих ёстой.
Цэцийн гишүүд өөрсдөө "Цэцийн дээр хөх тэнгэр бий" гэж ярих юм билээ. Яг үнэндээ, өнөөдөр тэр дээр тэнгэр нь байна уу, МАНАН-ын ашиг сонирхлын бүлэглэл байна уу гэдгийг лавлах цаг болжээ. Нарийндаа яривал, Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэртэй холбож үзэх юм бол өнөөгийн УИХ, Засгийн газар, УИХ-аас баталсан Ерөнхийлөгч чинь чадамжгүй шүү дээ. УИХ-аас баталсан гэрээ хэлэлцээр, хууль журмуудын ард ч асуултын тэмдэг тавимаар болж байна.
УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарах аваас бүгд л огцрох ёстой. Тэр нөхдийн баталсан бүх хууль хүчингүй болно. Ийм л энгийн логик.
Сонгуулийн хуульд ч ойлгомжгүй эрхзүйн орчин бүрдчихсэн. Үндсэндээ, ард түмнийг сонголтгүй болгох бүх л бололцоотой зүйлсийг хийж байна. Сонголт нь АН эсхүл МАН. Хуулиараа өнөөх л МАНАН-гийн төлөөллийг сонго гэж боомилж, өөр хүнийг сонгох боломжийг хааж байна.
Та өнөөдөр гэрээсээ гарч яваад замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам гарахад "Дүрэм өөрчлөгдсөн. Буруу замаар гарсны торгууль" гэдэг байдалд орохгүй гэхийн баталгаа алга, нэг шөнийн дотор л хууль өөрчилдөг боллоо.
-С.Ганбаатарт МАХН-аас нэр дэвших сонирхолтой байна гэвэл бид үгүй гэж хэлэхгүй-
-С.Ганбаатарт гишүүнийг ойрын хугацаанд танай намд элсэж сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?
-С.Ганбаатар ямар ч байсан хэвлэлийн хурал зарлаж, МАНАН-д орохгүй гэж мэдэгдсэн байна билээ. Тэр гишүүнтэй бид өмнө нь хамтарч ажилласан түүх бий. 
Төрийн машин нэг хүний эсрэг яаж ажилладгийг С.Ганбаатар дээр харууллаа. Яах вэ дээ, сургууль төгсөөгүй нэг нэрэлхүү монгол л байгаа биз. Тэрэн дээр нь дөрөөлж, яаж эвгүй байдалд орууллаа даа. С.Ганбаатар гишүүн энэ сонгуульд нэр дэвшихгүй байх гэж би харж байгаа.  Учир нь, тэр хүнд асар их дарамт ирж байна. МАНАН-ын бузар булхайг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эр зоригтойгоор илчилж ирсэн хүн шүү дээ.
Хэрвээ С.Ганбаатар бидэн дээр ирээд МАХН-аас нэр дэвших сонирхолтой байна гэвэл бид үгүй гэхгүй. Яагаад гэвэл бид ХҮН намыг хөдөлмөрчин анги, социалдемократ үзэл баримтлалыг дэмждэг зүүний нам гэж ойлгож байгаа. МАХН ч мөн ялгаагүй чинээлэг дундаж давхрагыг бий болгох зорилготой зүүний үзэлтэй нам шүү дээ.  Хөгшчүүд, хүүхдүүд, хүнд нөхцөлд орсон хүмүүсээ дэмжиж тэтгэх тухай асуудлыг ярьдаг нам бол МАХН. Би С.Ганбаатарыг ижил чиглэлтэй нам байгуулж явсан гэж хардаг. Тиймээс бидэнд  хамтарч ажиллахад зарчимын хувьд ямар нэгэн үл ойлголцох зүйл гарахгүй байх гэж бодож байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр 2016 оны сонгуульд намаа удирдаж  орно гэж мэдэгдсэн. Гэтэл нөгөө талаас түүнийг сонгуульд өрсөлдөх хууль эрх зүйн чадамжгүй гэх яриа яваад байгаа шүү дээ?
-Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлж хилсээр ял тулгасан.  Ялтай гэж хүнийг ангийн дайсан болгож харагдуулдаг, тухайн үеийн бодлогыг эсэргүүцэж байгаа бүх хүнийг хоморголон устгаж, гадуурхдаг байсан Сталины үеийн дарангуйллын хэлбэр яваад байна гэж бид ойлгодог.
Эрүүгийн хуулийн 2015 онд шинэчилсэн найруулгаар иргэнээ давхар ялладаг байдал ардчилсан нийгэмд байж болшгүй хэмээн үзээд байхгүй болгосон.Тэгэхээр энэ хууль тодорхой хүнд үйлчлэхгүй журамтай юм бол дэлгэрэнгүй бичих ёстой. Бүр болохгүй бол Н.Энхбаяраас бусад хүнд үйлчлэх хууль гэж заалт оруулаад өгчих юм биш үү.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр тайлбар хийхдээ "Н.Энхбаярын ялтай хугацаа 2017 оны наймдугаар сард дуусна" гэнэ билээ. Ажил үүргээ сайн мэддэг түүн шиг хүн 2017 он гэж цохон дурьдсан нь Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй санаархал нь цухалзаад л байна. Тэр үнэхээр хуульч хүн мөн л юм бол яагаад хуулиас гажсан үндэслэлгүй зүйл ярьж байгаа юм бэ. Үүнд л хар төрөөд байгаа юм.
МАНАН-гийн бүлэглэлд нэгдэхээс татгалзаж, буруу үйлдлийг нь эсэргүүцсэн бүх хүнийг хуулиар далайлгах, гүтгэж гүжирдэх гэх зэргээр барьцаалж, улмаар замаасаа шахан зайлуулж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүтэн долоон жил шалгалаа. Тэр оффшор данс, гуйвуулсан мөнгө, гадаад дахь орон сууц, тансаг хауснууд нь хаана ч байгаад байгаа юм. Бүү мэд. Төрийн зүгээс АТГ, Цагдаа, Тагнуул, Татвар гээд ашиглаж болох бүхий л институтээ хөдөлгөж шалгаад түүнтэй холбоотой ямар ч асуудлыг гаргаж ирээгүй. Эндээс харахад, Н.Энхбаярт тулгасан ял, хэвлэл мэдээллээр бичиж байсан гүтгэлэг мэдээллүүд нь анхнаасаа зохион байгуулалтай байсан нь илэрхий байгаа юм. Цаг хугацаа бүхнийг нотлоно гэдэг. Тэгээд ч ер нь цаг хугацаа харуулчихаад байна шүү дээ.
-Монгол Улс ирээдүйд орон сууцны төлөө амьдардаг улс баймааргүй байна-
-МАХН-аас 2016 оны сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг уншихад анхаарал татахуйц зүйл маш олон байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Хот, хөдөөний иргэдийн дунд тэмээ, ямаа шиг их ялгаа гарчээ. Хуучин социализмийн үед  хариуцлага алдсан албан тушаалтныг нутаг заах, цөлөх зэргээр шийтгэдэг байсан.Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид хөдөөний иргэдэдээ хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгож өгөхгүй байна шүү дээ. Бодлогоо ч зөв тодорхойлохгүй сумандаа асуудлаа шийдчих гэсэн шиг хаяж байгаа нь шийтгэл гэхэд хилсдэхгүй.
Тиймээс хот, хөдөөгийн ялгааг арилгаж, утаа, ажлын байр, боловсролын асуудлыг шийдэж, шинэ шинэ хотуудыг барих ёстой. 
Монгол Улсын газар нутгийн байдал, хүн амын төвлөрлөөс нь үзэхэд иргэдээ хоёр, гурван хотод шахах эсвэл 21 хот байгуулах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Эхний ээлжинд найман том хот байгуулья гэж үзэж байгаа. Хамгийн гол нь улс бодлого гаргаж, хөрөнгө оруулалт хийж байж  энэ ажил нэг тийш болно.
Өнөө найман том хотоо байгалийн баялагт тулгуурлахаас гадна хүн амьдрах нөхцлийг дээд зэргээр бүрдүүлэх шаардлагатай. Манайд хот барьж байсан туршлага бий шүү дээ. БНМАУ зорилгоо таван жилээр төлөвлөж, Дархан хэмээх сайхан хотыг байгуулсан түүх байна. Эрдэнэт, Багануурыг хүртэл босгосон. Улаанбаатар гэж энэ том хот бол хэмжээ шигээ арвин их туршлагатай болсон. Иймэрхүү сайн төсөл, тодорхой зорилго байхад хүссэн хүсээгүй гадны хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байр нь ч дагаад бий болно.
Мянганы замыг анх тавьж байхад мөнгө, туршлага байхгүй гэж гоочилж байсан хүмүүс өнөөдөр амаа барьж байгаа. Их замын бүтээн байгуулалтыг ард түмэн хүлээн зөвшөөрсөн. Том бодож байна гэдэг том зүйл бүтээнэ гэсэн үг юм.
Зарим хүн "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий", юун тэр 3500 км төмөр зам бэ" гэлцдэг. Нөгөө хэсэг нь "Наад төмөр зам чинь  ямар ч ашиггүй" гэнэ. Үнэндээ энэ маань ажлын байр бий болгох, хот, хөдөөгийн ялгааг арилгах гээд нийгэмд ч, улсад ч ашигтай төсөл юм. Гагцхүү, төр л энэ бүгдийг боломжтой болгож чадна. Энэ бүгд том боломж, том эдийн засгийг хөдөлгөх хөшүүрэг, түлхэх хүч нь болох учиртай юм.
-МАХН "470 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хэрэгжих боломжтой юу?
-Байрны төлөө амьдардаг залуу үегүй болцгооё л доо. Энэ үеийн залуус бүгдээрээ шахуу хоёр өрөө орон сууцтай болох мөрөөдлөөр амьдарч байна шүү дээ. Гэтэл хүн нас ахиж, үр хүүхэд нь өсч томорно. Тэр цагт дахиад л хүүхдийн орон сууцны төлөө амьдрах болно. Хамаг насаа байрны төлөө зарцуулсаар дуусна. Энийг л шийдвэрлэе гэж мөрийн хөтөлбөртөө суулгасан.
Монгол Улс ирээдүйд орон сууцны төлөө амьдардаг улс байх уу, нээлт хийж, сансарт нисч, урлагийн бүтээл туурвилын төлөө амьдардаг бүтээлч иргэдээр нийгмээ бүрдүүлэх үү гэдэгт хариулт өгөх цаг болсон байна. Иймээс л бид мөрийн хөтөлбөрөө боловсруулсан юм.
Залуус маань хоёр өрөө орон сууцны зээлд 20 жил талхиулж, зээл төлөх гэж өдөр, шөнөгүй зүтгэж, эдийн засгийн механизмийн эрэг шураг болж байна шүү дээ. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлага эсрэгээрээ байна. Сэтгэж, нээлт хийсэн нь амжилтад хүрдэг жишгээр явж байгаа. Зөвхөн орон сууцны төлөөх сэтгэлгээнээсээ салж байж л тийм нийгэмд хүрнэ.
Монгол Улсын иргэд 700 орчим мянган өрхөд хуваагддаг. Тэдний 200 орчим мянган өрх нь орон сууцанд амьдардаг бол үлдсэн хувь нь гэр хороололд амьдардаг болох нь. Тэгэхээр орон сууцны дутагдлыг тэг түрээстэй буюу ус, тог гэх мэт урсгал зардлаа төлж амьдардаг болох зохицуулалт хэрэгтэй. Стандарт жишгийн орон сууцанд амьдрах хүсэлгүй хүмүүс нь мөнгөөрөө хаусаа авна уу, эсхүл пентхаусаа худалдаж авах уу гэдэг тэдний өөрсдийнх нь сонголт байна.
Харин сургууль төгсөж байгаа хүүхэд амьдрал зохиоход урсгал зардлаа төлөөд орон сууцанд амьдарч болдог болгох хэрэгтэй. Бидний тооцоогоор 470 мянган айлын орон сууц барихад дунджаар 10 тэрбум ам.доллар шаардагдана. Гэтэл өнөөдөр Монгол Улсын тавьсан өр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20 тэрбум ам.доллар болчихсон байх юм. Магадгүй, дөрвөн жилийн өмнө энэ ажлыг эхлүүлсэн бол дээрх өрийн 2.5 тэрбумаар л хийчих ажил байлаа. Энэ ажил эхлэхэд барилгын компаниудын үйл ажиллагаа сэргэж, ажлын байр олноор бий болж, ажиллах хүчээ гадагшаа биш дотооддоо ашиглах боломж ч нээгдэнэ.
Та бүхэн бага ангийн хүүхдүүдээс очоод "Ирээдүйд чи юу болох вэ" гэж асуувал "Би байрны төлөө ажилладаг хүн болно" гэхгүй нь лавтай. Харин сансарын нисгэгч, зураач болно гэнэ. Багачуудынхаа тэр гэгээн мөрөөдлийг нь биелүүлэхийн төлөө өөрчлөлтийг төрийн зүгээс яаралтай хийх хэрэгтэй байна.
-Уг нь сурч чадахгүй байгаа хүүхдүүдийг сургах, оюутнуудын төлбөр зэрэгт төрийн зүгээс илүү бодитойгоор дэмжлэг үзүүлвэл ирээдүйн асар том хөрөнгө оруулалт болох байх шүү?
-Улс хөгжихийн төлөө хүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой юм. Хүндээ боловсролоор хөрөнгө оруулалт хийж чадвал жинхэнэ дэмжлэг болно. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөрийг зохицуулж, чадварлаг, чанарлаг оюутан бэлтгэхэд анхаарах нь зүй.
Өвчин эмгэг бол аль ч өрхийн хувьд хамгийн хүнд зовлон болохоор иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог маш сайн шийдэх хэрэгтэй. Тэр тогтолцоо нь иргэдээ эрүүл байх бололцоогоор хангадаг тогтолцоо  байх ёстой.
 "10.60.30" хэмээх хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэх, суурийг нь тавих бүх зүйлийг ирэх дөрвөн жилд хийнэ гэж бодож байгаа. Бид мөрийн хөтөлбөрөө аудитын газар шалгуулж, баталгаажуулсан. Харамсалтай нь, сонгуулийн хуулиараа мөрийн хөтөлбөр ярьж болохгүй гээд заачихлаа. Мөрийн хөтөлбөрийг гурван сая хүнд жигд, сайн ойлгуулахын тулд хоёр жил хэлж, ярьж, тайлбарлах шаардлагатай. Тийм байтал хуульд заасан сонгуулийн 18 хоногт санаанд нь тултал хүргэнэ гэдэг их бэрх шүү. МАХН-ын мөрийн хөтөлбөр бусад намынхаас маш их илүү тул сурталчлах, ойлгуулах бүх бололцоог нь хаах сонгуулийн хууль баталлаа. Гэхдээ ард түмэн энэ бүгдийг харж сонсож байгаа болохоор сонор соргог байж энэ сонгуулиар зөв сонголт хийнэ гэдэгт найдаж байна.
Ярилцсан Р.Улам-Оргих

Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны тавдугаар сар