Tuesday, June 25, 2013

АМЬД ЯВНА ГЭДЭГ ТАНИКАВА ГУАЙН ХУВЬД...

  
Өвгөчүүлтэй яриа нийлэх хэцүү л дээ. Хэдий сайхан яруу найрагч боловч, хэтэрхий өндөр нас нь харьцахад садаа болоод байв. Япон хэл, монгол хэл энд ямар ч хамаагүй. Тэрүүхэн үедээ, яагаад ч юм бэ, мань өвгөн надад таалагдаагүй. Зүгээр нэг дотогшоо хүмүүс байдаг л даа. Тэр дотогшоо ч гэхэд хангалтгүй, бүр хаалттай хүн шиг санагдсан.

Философичийн хүү гэдгийг нь би санах ёстой ч байсан уу, мэдэхгүй ээ. Өвгөн бийрэрхүү хошуутай ханзны үзгээр юу ч юм бэ бичээд, англиар буй тэр хэвлэмэл эд өөрийнх нь шүлгүүд яг мөн эсэхэд эргэлзэж байгаа шинжтэй, удаан харж харж номыг над руу буцаан сарвайсан. Том яруу найрагч учраас, япон хүний зангаар мэхийгээгүй. Бидний үг дуугүй, товчхон уулзалт.

Таникава гуайн Америкт хэвлэгдсэн нэг номын нээлт дээр “Өнөө цагт амьд сэрүүн яваа хамгийн аугаа их яруу найрагч” гэж цоллосон нь зөвийг би одоо л мэдэрч сууна. “Амьд явна гэдэг” хэмээх шүлгийг ахин уншаад л. Шүлгийг ойлгох хамгийн сайн арга бол орчуулах.



Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Ам цангахын,
Алтрах нарнаа гялбахын нэр.
Дууны ая санаанд орохын,
Гэнэт найтаахын,
Дулаахан гараас чинь хөтлөлцөхийн нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Оодон банзал ширтэхийн,
Оддыг ажихын нэр.
Иохан Штраусс,
Пикассо,
Альпын нуруу,
Алив бүхнээс сайхныг олж харахын нэр.
Ужид хүслээс ангижрахын нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Уйлж чадах,
Инээж чадах,
Уурлаж чадах
Эрх чөлөөний нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Нэгтээ нохой хуцаж,
Дэлхий тэнхлэгээ эргэж,
Нэгтээ хүн төрж,
Цэрэг эр шархдан унаж,
Хаа нэгтээ яг одоо хоосон савлуур хойш урагш ганхаж,
Хайран энэ л одоо цаг элж үгүй болохын нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Далавчаа шувуу дэвэхийн,
Давалгаа түрэх татрахын нэр.
Бутны ёроолоор төөлүүр хорхой мөлхөхийн,
Бусдыг хайрлахын нэр.
Алганд мэдрэгдэх гарын чинь илч!
Аяа, амьд яваа минь ердөө л үүний хүч.

Эх сурвалж: http://www.ayurzana.mn/