Tuesday, March 26, 2013

Гуравдугаар сарын байшин



***
Хараач, арай гэж дүүжлэгдсэн энэ оддыг хараач
Хэрхэн биеэ займчин чимээ өгөхийг нь мэдрээч
Хүлэх бүсээ гишгэчин дэлхий гуйваж буйг
Хамгийн түрүүнд мэдээд яаран тонгочихыг хараач

Ажаач энэ тэнгэрийг, бараан хулдасан хэвнэгийг
Асар том зул тэвэрсэн өөр ертөнцийн гарыг
Нүүрээ дарчихаад ширтэж буй эрээгүй бахим гар
Нөгөө л инээдтэй аязийг бүрээ, бөмбөрөө нижигнүүлэхийг

Тэгснээ хажууд ирээд гэнэт хацар луу үлээхийг
Тийм тэнгэрийн амьсгалыг би хэзээ ч чөлөөлөхгүйг
Бид хоёр сугадалцан нэг зүгт одоод
Буцаад хагацах хүртэл одод арай гэж дүүжлэгддэгийг.



БАГА НАСНЫ ШҮЛЭГ

Чиний үйлдэл бүхэн чамаас илүүг баталдаг.
Чи дуучин болох байсан, ийм дотно хоолойтой.
Чи Б-тэй уулзаж юу хийсэн бэ?
Чамайг би өчигдөр их сургуулийн үүдэнд харсан.
Чи ер нь намайг юу гэж боддог вэ?
Чиний хар цагаан зургууд надад их таалагддаг.
Чи надтай цуг хаашаа ч юм явах уу?
Чамд би дандаа амиа хорломоор санагдатлаа гомддог.
Чи намайг ойлгодог гэж юунд худлаа хэлсэн юм?
Чи хариулсангүй ээ, шүлэг ахиж бичихгүй.


 САЛАХ ЁС ХИЙСЭН НЬ

Илч гэрэл цацраагч өчүүхэн зүрхний
Их олон зүүдийг дотно чи булаасан ч
Хайрлаж дурласан сэрэлүүд
Хатаж сарнин алга болоход
Ганцаардалын дөнгөнд хориотой
Ганц энэ бадарчин чамд хэрэгтэй үлдсэн.

Хаврыг хараан зүхэх хайнга болоод сөөнгө
Өөөрийг чинь хайрлан дуулах солгой хоолойны
Тасарсан хөвч, бут үсэрсэн эгшигүүдийн
Таалал болоод таашаалын дээд өнгө нь чи байсан.

Амьдарч амжаагүй амьдралын
Амь халуун судасан дээр
Ангасан тэнгэр, цангасан чи л
Атаархал болж бичигдсэн.

Эргэлзээгүй хүлээлтийн минь
Эцсийн хайртдаа шивнэх үг
Би түүнийх, түүнийх л
Байсан болж үлдэнэ.



А.Урантогос "Гуравдугаар сарын байшин" ном