Wednesday, July 18, 2012

ЭР ХҮҮРНЭЛ

“Ном бол зохиогчийн сэтгэлийн-хүүр” гэсэн текст  С.Анударын "4 биш 4" зохиолын “Тэгэхдээ хадлан” гэдэг хэсэг дээр байдаг санагдана. Миний анхны шүлгийн түүвэр, миний бас нэгэн сэтгэлийн цогцос  “Эр хүүрнэл” нэртэйгээр хэвлэгдлээ. Удахгүй уншигч таны ширээн дээр эсвэл дэрэн дор ясаа тавих ерөөлт өдөр номонд минь мөдхөн ирэх биз ээ. Тэгэж найдъя. 

Үүнээс өмнө яруу найрагч, найз Д.Сосорбарамтайгаа хамтран хоёр талаас нь уншдаг нэгэн бяцхан ном гаргаж байсан билээ. Обшокийг маань олж уншсан цөөхөн хэдэн хүмүүс энэ тухай мэднэ.  Тэр бол бидний хувьд аль альны маань анхны ном байсан. Түүнээс хойш хоёр жил өнгөрчихөж.  Анхны номоо гаргачихаад нэг их удалгүй дараагийн номоо хэвлүүллээ энээ тэрээ гэхээр зарим нэг хүмүүсийн хувьд арай яарчихсан, хэтэрхий адгасан мэт инээдтэй санагдаж болох л доо. Тэрийг  би үгүйсгэхгүй ээ. Гэвч хоёр жил гэдэг бол эхэлж яваа бид мэт залуу шүлэгчдийн тухайд өөр дотроо эрэл хийх, сэтгэлгээгээ задлах, уншиж боловсрох, ууж согтуурах, элдэв охид хүүхэн эргүүлж дэмийрэх,бас ч гэж авталтуудаасаа ангижирч “жинхэнэ өөрийгөө” олж аван түүнийгээ мэдэрч, илэрхийлэхэд хангалттай урт хугацаа билээ. Учир ийм тул  энэ хугацаанд нэгэнт бичигдчихсэн шүлгүүдийг халуун дээр нь ном болгоод хувь заяаг нь шийдчих нь яруу найраг бид хоёрт хаа хаанаа хэрэгтэй гэж саналаа. Түүнээс Бавуугийн Лхагвасүрэн гуай шиг бичсэн номоо  хорь, гучин жил дарах сэтгэлийн хат, эр зориг байхгүй юм шиг билээ над мэтэд бол. Аягүй бол нэг өдөр л хамаг бичсэн зүйл маань өөрт таалагдахаа болиод урж жижиглээд идчихэж магадгүй санагдаад байгаа юм. Тэгвэл ёстой хайран хөдөлмөр болно биздээ хаха. Үгүй ч биз. За тэр ч яахав.

Шүлгийн түүвэр энээ тэрээ гэсэн нь бас учиртай. Юу гэвэл бусад шиг болсон болоогүй бичсэн л бол бүх шүлгээ хавтаслаад хүний өмнөөс “май энэ миний шүлгийн түүвэр ээ” гээд ичихгүй сарвайчихаж чадсангүй. Хэрэв зээ тэгж тэнэгтсэн бол нойр нь үргэчихсэн нэгнийг унтуулж дөнгөмөөр овоо зузаан book бас  гаргаж болох  байлаа. Даан ч тэгэхийг хүссэнгүй. Нэг үгээр жоохон хариуцлагатай баймаар санагдаад. Цусанд шингэсэн коммунист зан минь тэгж шаардаад гээд байхгүй юу, хэхэ.
Миний хувьд шүлгийн түүвэр бол шүлгийн түүвэр шиг л байх хэрэгтэй гэж боддог. Ингээд л бичсэн хэд гурван шүлгээ голж, шилэн бараг л цайны шүүрэн дээр шигших нь холгүй юм болж байж 70 шүлэг номондоо коверлосон гэхүү түүвэрлэсэн гэх үү ямартай ч нэг тийм юм болсон.

Энэ завсар Савка ахын хэлсэн нэг үг санаанд оров. Юу гэхээр “номонд нэр өгч, хавтасны дизиан хийнэ гэдэг саак ажил.”  Үнэхээр л саак ажил юм шиг байна билээ . Хэхэ.

Ном маань үндсэн хоёр хэсэгтэй. Эхний бүлэг нь хөгжмийн хэллэгээр бол  миний цул металл шүлгүүдээс бүтсэн байгаа. Гэхдээ үхлийн металл бол бас биш. Хоёр дахь бүлгийн тухайд гэвэл хүн л юм болсон хойно /тэгээд яруу найрагч шүү/ хайрлана, дурлана, хаягдана, гомдоно, гутарна, шанална, ганцаардана, үзэн ядна тэгээд үр дүнд нь шүлэг бичнэ. Тэр нь жоохон комершил. Комершил гэх нь бас юу юм уянгын шүлгүүд л юм даа. Гэхдээ иргэний уянга бол үнэхээр биш. Хайр сэтгэлийн тухай шүлгүүдийг уянгатай бичихгүй бол болдоггүй юм гэж хэн надад хэллээ дээ байз, нэг шүлэг бичдэг настай хүн л тэгж хэлсэн байх. 

Заза ерөнхийдөө бол нэг иймэрхүү. Би ямар миний тэр шүлэг тэгж бүтсэн, ингэж бичигдсэн гээд яриад суугаад байлтай нь биш энэ хүргээд өндөрлөе. Эцэст нь өвөг дээдсийн хэлсэн нэг үг байдаг даа. “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшөөд юун” гэж. Тэгээд нэг ч гэсэн шүлэг минь ганц ч атугай хүний сэтгэлийг хөдөлгөж чадвал миний хөнгөн бийрийг хөших гэж хөгөө хөлдөө чирэн зүдэж яваагийн хэрэг тэр болох биз ээ.

2012 оны 7 дугаар сар 16. Хөтөл хот