Thursday, May 17, 2012

Ханаа цоортол, таазаа үйртэл ширтэх нүдэнд минь буй Халуун, бүлээн, дулаан... шатмаар дүрэлзсэн гуниг юм чи!

Шаргал навчсын сонгодог нулимс юм, чи
Шаахайгаа тайлаад сүүлчийн бороонд гүйх эрх чөлөө минь юм
Замын хажуугийн өнчин модны хэнд ч шивнэж зүрхлээгүй
Залуухан намрын тухай, үхлийг хүсэмжилсэн тайлагдашгүй зүүд юм, чи
Хумсны толио бүрт минь үлгэр ярьж өгөх
Хуучин хүрэмний халаасанд үүрд мартагдсан навч юм,
Хүрвэл л үйрчихэж мэдэх болохоор, хүрч чадахгүй хараад л байгаа
Хүлээлтээр дүүрэн одоо цаг дээрх дурсамж минь юм чи,
Тасалданги үзэгний минь бичээгүйг гүйцээж чадах хөв хөх бэх юм
Тарчлаан нь бас мөн юм, тайвшрал нь ч бас юм
Нарыг нуугдтал цацарч чадах инээмсэглэл минь юм
Чи миний намар юм...
 
Алганы минь хээ бүрт үг шивнэж чаддаг
Анхны борооны үнэр юм, чи
Сэтгэлээ үзгээрээ өөрөө цоолж суух асар их өвдөлт юм
Сэмлэж, сийчсэн ч бай, өлмийд чинь зүрхээ хадаж өгөх агуу их зориг минь чи юм!
Ханаа цоортол, таазаа үйртэл ширтэх нүдэнд минь буй
Халуун, бүлээн, дулаан... Шатмаар дүрэлзсэн гуниг юм чи!
Гудамжны бүдэг гэрлийн дор зогсоо
Залуу хосын атгалцсан бүлээн гар шиг
Хачин хавраар учрах..., учрахгүй байж мэдэх
Ер бусын тохиол юм чи
Хайртай болзох цаг хугацаа нь бас мөн юм...
Чи миний хавар юм...
 
Гуталгүй, хар хурдаараа гүйгээд
Ертөнцийн нөгөө захад хүрч очих тэнэглэл юм
Хэн нэгнийг чиний төлөө үгүй хийж чадах үзэн ядалт
Өөрийгөө ч мөн үзэх ядахуй минь, чи юм
Тагтан дээрээ чичирч зогсохдоо аялсан
Дахилтыг нь санахгүй байгаа дуу юм
Хорвоо дээр ганцхан байдаг бүдэг өнгөтэй
Хосолж чадах ганцхан шидэт өнгө нь чи юм...
 
Өөрийн минь гоо үзэсгэлэнг бүрэн итгүүлж,
Өндөрт тунхаглах шидэт толь минь юм
Өрөөнийхөө ханан дээр зүрхийг чинь жаазалж тавиад ч
Хэзээ ч дуусахгүй өнө мөнхийн шунал минь чи юм
Харанхуйг хайгаад ч, үл тэмтрэх атлаа
Харанхуйгаас үхтлээ айх айдас минь юм, чи
Өөрийнхөө бүхнийг алдах, алдаад инээж чадах галзуурал юм
Өөрийгөө балчир охин гэж итгэх гэнэн сэтгэл минь ч бас юм...
 
Цонхны цаадах жинхэнэ худал хуурмагаас хамгаалж чаддаг
Цонхны минь хөшиг юм...
Зүрхний хөшиг юм чи...
Цоргитол ширтэж чаддаг
Цор ганц эрэлхэг харцат нь чи юм
Энхрийлэл минь бас юм,
Эзэрхийлэн түрэмгийлэгч
Энэ биеийг минь хоосруулагч
Булаан эзлэгч нь чи юм...
Юу ч хийлгүй хараад л суудаг
Өөрөөсөө урвагч нь харин би юм...!!!  
 
Явуулахгүй гэж хэлээгүй ч, үүрд минийх гэсэн өмчирхөг харцтай нь чи юм
Явах гэж, зугтах гэж оролдлоо ч, өөрийгөө л чамтай хүлчихдэг олс нь юм би
Өмрөөд л, эмтрээд л байдаг зүрх нь минийх юм
Өрөөд л, эвлүүлээд л байдаг сэтгэл нь чинийх юм
Ид шидийн
Ер бусын
Бүхэн минь чи юм
Би юм чи
Чи юм би.
2012.02.27-28