Sunday, December 25, 2011

Гоцлол дуучин

Намайг эзэмдсэн сөөнгө хоолойны дэргэд
Найрал хөгжим бол юу ч биш.
Уйтгар хийгээд харанхуйн тухай үзлийг минь
Уландаа гишгэлсэн эмэгтэйгээс бусад нь
Үзэгслэн худалдаан дээр хямдруулан дэлгэсэн
Үнэтэй энгэсэг, нялуун сүрчиг төдий.
Тамхины утаа мэт амьдарлын манан
Тамир тэнхээг минь цөлмөн сорсон гунигт үнсэлт
Энэ бүхэн замхарч амжаагүй байхад л
Таазнаас өлгөгдсөн гэрэл 
үзэгслэнт царайг чинь илчлэн харуулж
Танхим дүүрэн үзэгчид чиний тухай шуугилдан ярилцахад
Борооны шиврээ, бүрээний дуурьсалт мэт
тэр л чимээн дунд
Би чиний нэрийг эцсийн удаа энхрийлэн шивнэх болно
Гоцлол дуучин минь.

Тулга кафе 2011.12.08