Sunday, November 13, 2011

Намайг энэ амтгүй шөлийг ууж дуустал тэсэх хэрэгтэй...

Төөрсөн надад зам зааж өгсөн чи ч бас
Төөрсөн байж
Тэгээд хоёулаа гар гараа атгалцаад
Нүдээ аницгааж
Үгийг нь ч мэдэхгүй дуу аялаад л
Үргэлжлүүлэн цааш алхаад л
Чи намайг ойлгодог
Би чамайг мэддэг
Тэндээс яагаад зугтсныг чинь
Энд яагаад ирснийг чинь
Инээд чинь хуурамч
Эмзэглэл чинь хөхнийхөө доор байдгийг
Чи хэлээгүй ч
Би мэддэг.

Нүдрүү чинь хараад л
Надтай адил цөхөрсөн тэнүүлч болохыг мэдсэн
Санаа алдахыг чинь анх
Сонсоод л шаналал ижил гэдгийг ухаарсан

Гэлээ гээд яах вэ?
Би шидтэн биш чамтай л адил цөлөгдсөн этгээд
Ганц чадах зүйл минь чалчих бичих сараачих солиорох
Эндээс бас явмаар байна гэл үү?
Надтай хамт
Тэгвэл чи хүлээх хэрэгтэй
Намайг энэ амтгүй шөлийг ууж дуустал
Тэсэх хэрэгтэй.
Тэгээд дараа нь
Хоосон тайзыг чимээгүй үзэгчидтэй нь орхиод
Хоёул эндээс зугтнаа ахиад
Ахиад алга ташихгүй!

2008.2.15

Яруу найрагч С.Болдсайхан