Thursday, September 22, 2011

Нас... Нас... Нас... /эссэ/


Зохиолч: П.БАТХУЯГ
                       
 Саяхан надад ахимаг насны эмэгтэй жүжигчин “нас бол ердөө тоо” гэж хэлсэн юм. Бодоод л байлаа. Нас үнэхээр тоо, тоо, тоо... өөртөө шууд л  итгүүлэхийг хүслээ. Гэвч таван настай жаахан охин минь төрсөн өдрөө дөхөхөөр хоног тоолдог шиг  сүүлийн үед би ялгаагүй тийм болжээ. Чухам цаад учрыг нь сайн мэдэхгүй ч нэг нас нэмэх тоолонд дотроос минь хэн нэгэн өөдгүй этгээд “чи юу хийж амжуулав” хэмээн нэхэл хатуухан асуух болов. Эргэлзэж эхэллээ. Зарим хүмүүсийнхээр нас ердөө тоо л юм бол яагаад би шөнө нойр муутай бол маргааш нь тархи өдөржин дүйнгэ оргих болов. Өмнө нь хоёр өдрийн нойрыг огт тоодоггүйсэн. Үнэхээр зарим хүмүүсийхээр нас ердөө ТОО юм бол яагаад миний шанаанд буурал үс нэмэгдэж, хөл гар өдрийн алхаандаа түүртэж өвдөг булчин халуу оргиод байх болов. Тэгэхээр биологийн амьдралын хувьд нас зүгээр хэдэн ТОО биш байх нь. Оюун санааны амьдралын  хувьд өөр байж болох юм гэж найдах сэтгэл төрнө.
 Харин ямар хүмүүс насыг зүгээр тоо гэж боддог вэ? Магадгүй ямар ч зорилгогүй явсан он жилүүдээ мартах гэж ирээдүйд хийж бүтээх найдлага бий гэдэгт итгэж явдаг гэнэн хүмүүсмийн бодол биз. Үгүй бол нэгэнт юу ч хийж бүтээж чадахгүй гэдгээ мэдчихээд өөрсдийгөө хуурах гэсэн харамсмаар оролдлого байхыг үгүйсгэхгүй. Нэг танил зохиолч минь 50 нас хүрээд хамгийн гол бүтээлээ бичнэ гэдэг юм. Тэр нь яруу найргийн бүтээл байх юм гэнэлээ. Мэдээж хувь тавилан байвал түүний энэ мөрөөдөл биелэнэ. Харин... дахиад л би өөрөө ч мэдэлгүй учир битүүлэг гурван цэг хаяж орхилоо. 50 нас оюун санааны байнгын бэлтгэл хийдэггүй, таван жилд яруу найргийн ганцхан жижиг ном хэвлүүлдэг  ЗОХИОЛЧИД идэвхтэй оюуны амьдралын хувьд даанч өндөр нас. Тиймээс л би бүх эргэлзээ тээнэглзлээ гурван цэгэнд багтааж орхилоо.
Хэрэв хонин арц шиг 2000 жил, үгүй ядаж яст мэлхий 300 орчим жил насалдаг бол хүнд 50 жил хүүхэд нас л даа? Гэтэл харамсалтай нь тийм биш. Тэртусмаа Монголд. Ар Кавказын ч юм уу Хятад, Афганистан хоёрын хил дээр оршдог уулын нэг тосгоныхон шиг 100 насалдаг бол бас асуудал өөр л дөө? Тэнд мэдээж цаг уурын таатай сайхан нөхцөл байдаг нь тодорхой. Уулын тунгалаг агаар. Харин энд бол миний хотын гоё саарал утаа, нүргээн, атаархал жөтөөрхлийн мананцар, уур бухимдал. Товчхондоо гадаад хэлний гайхамшигтай үг болох СТРЕСС ноёлоно.
Дахиад л нас... нас... нас.. гэсэн дарамттай үг тархин дотор минь үүрлэж, үл тайлагдах хүнд бодлууд зууралдана. Өнөөх өөдгүй этгээд сар өдрүүд хорогдох тусам ”юу хийж амжуулав” хэмээн ам асууна. Тэгээд л түүнд хариулах юмтай байх гэсэн мэт чухам юунд шахагдаж хөөгдөөд байгаагаа мэдэхгүй тархи толгойгоо гашилган зүгээр суухгүйг хичээнэ. Ямар үйлээр ийм дарамтанд сайн дураараа уначихсанаа ч мэдэхгүй. Заримдаа аавынхаа хэлсэн нэг үгийг эрхгүй санаж биеэ чагнана. Чамд хангалттай цаг хугацаа, хувь тавилан  оногдсон бол амьдралдаа чи юунд ч яарахгүй, юу ч бодохгүй, бүр юу хийхгүй амьдраад л байна. Инээгээд л идээд л хэхрүүлээд л... Харин тийм биш бол яг л чононд ээрэгдэж хөөгдсөн хонь мэт амьдарна. Яараад л амжуулмаар л санагдаад л, нэг амьсгаагаар бүгдийг хиймээр бодогдоно. Ийм хоёр зам бий. Аль нэг замыг нь чи өөрөө мэдэлгүй сонгочихсон байна. Тэр үедээ миний хэлсэн үгийн утга учрыг ойлгож магадгүй. Үгүй бол хэзээ ч чи энэ үгийг эргэж санахгүй гэж билээ. Аавынхаа буурал санчиг, магнайнаасаа шингэрсэн үс, эрэмгий төрх, тэр үгсээ хэлж байсан Баянхонгор хотын Номгон зочид буудлын гурван давхарын эрээн цаасан ханатай өрөөг одоо ч би өчигдөрхөн юм шиг тод санадаг юм. Аавын минь тэр хэдэн үг нас...нас... настай ямар их холбоотой болохыг хожуухан ч гэсэн би сайн ойлгосон.
  Зохиолчид ихэвчлин чононд ээрэгдэж хөөгдсөн хонь мэт амьдрах үйлд унасан байдаг. Яах гэж өдөрт 3 хан цаг унтаж, яах гэж амрах завгүй цаас цоохорлож, яах гэж бусдын өмнөөс  энэлэн шанална вэ? Энэ асуултанд минь ханатал хариулах хүн одоохондоо миний амьдралд учраагүй л явна.
Өнгөрсөн зун найз минь говийн нэгэн суманд амьдардаг хоёр Ариунаагийн тухай ярьсан юм. Тэр нутгийхны нэрлэснээр нэгийг нь бодох юмгүй Ариунаа, нөгөөхийг нь дутах юмгүй Ариунаа гэдэг ажээ. Нэг нь өглөө бүхэн сумын дэлгүүрүүдээр хэсч тэр надтай сууж шинэ гэр барина гэсэн юм харагдана уу? хэмээн нутгийн хэн нэгэн залуугийн нэрийг асууж явна. Түүнд бодох юм үгүй. Харин нөгөө Ариунаа нь арилжаа наймаа хийж эд хөрөнгөөр дутах юмгүй хангалуун амьдардаг гэнэ. Түүнд дутах юм үгүй. Алин алиных нь амьдралын замд надад мэдээж таалагдаагүй. Гэхдээ аль алин надад таалагдсан. Бодох юмгүй хүмүүс урт насалдаг хийгээд дутах юмгүй хүмүүс ч бас дутахгүй өндөр насалдаг гэнэ. Гэтэл хэрэггүй өнгөрсөн  гучин жил хэрэгтэй өнгөрсөн гурван хоногтой тэнцдэг гэж мэргэд хэлэлцдэг гэнэ. Хааяхан бас мэргэдэд ч эргэлзэх бодол төрнө. Ноён Блумийн нэг өдөр яаж заваарсаар байгаад  “Зуунаас урт өдөр”  шиг болчихдог билээ дээ? Тэгэхээр худлаа ч юм шиг.
 Өнөөх л нас... нас... нас... гэсэн бодол эцэст нь “дуу шуугиан, өнгийн гэрэл анивс татавс хийсэн найр цэнгээний газар хэдхэн хором ч сууж чадахаа байсантай  минь” холбоотой санагдана. Саяхан бичсэн шинэхэн шүлэг минь энэ.
                  Нүргээн дунд өссөн одоо анир гүмд дурлах болжээ
                  НАС... НАС...НАС...
Энэ шүлэг зунжин суусан зуслангийн хүрээнээс гарч хотын нүргээн руу орж ирэх үед бодолд харван орж ирсэн юм. Цааш нь нэмэн үргэлжлүүлэхийг ч бодсонгүй. Үргэлжлүүлвэл  бүр утгагүй ч болчихож мэдмээр санагдсан юм.
Өөртөө тавьж өөрөө хариулчихаар асуулт байгаа юм. Яагаад би гэнэт анир гүмд дурлах болов. Хүүхэд нас минь ёстой жинхэнэ сонгодог хэмнэл нүргээн дунд өнгөрсөн, хорин хэдэн нас минь бүр тэр нүргээний гол дунд үргэлжилсэн. Нэг их эзэн дүр нь байгаагүй юм аа гэхэд нүргээний гол холбогдогч бол лав байсандаг. Гэтэл зуны өглөө бяцхан горхины эрэг дээр сууж байхдаа  анир гүм намайг ямар ихээр эзэмдэж байгааг мэдэрсэн юм. Тэгэхэд л би яруу найргийн хамгийн чухал чанарыг олж мэдэв.
Анир гүмийг сонсох. Анхдагч язгуур эхлэл нь байхыг ч үгүйсгэхгүй.
Дараа нь соно усны мандалд яаж суудгийг мэдсэн юм. Биеийн голчийг хадгалж. Яруу найрагт ухааны голчийг хадгалахад суралцах хамгийн хэцүү гэдгийг ойлгосон юм.
Нас...нас...настай энэ бүхэн бүгд холбоотой гэдгийг би сайтар ухаарав.
Нэгэн  лам  “одоо эс хувирваас хожим эс хувирна” гэж өдөр бүхэн өөртөө хэлсээр гэгээрсэн юм гэдэг. Түүнтэй адил зүрх сэтгэлдээ “одоо эс хувирваас” хэмээн шивнэхийг хүсэх болжээ. Оюун санааны шинэ том алхам хийх цаг болсныг нас...нас...нас... надад сануулаад байгаа ч юм билүү?
Хувирч чадалгүй өөрийгөө давтсаар байгаа зохиолчид манайд даанч олон. Зарим нь сэтгэлийн боловсрол боломжийн түвшинд эзэмшсэн байдаг. Тэгсэн атлаа олон зүйлийг огт эргэцүүлэн бодолгүй зөвхөн бичсээр байсан нь мэдэгддэг юм. Эрт сэтгэл ханасан гэдэг тодорхойлолт  ЗОХИОЛЧДЫН хувьд цаагуураа нас...нас... настай холбоотой байжээ гэдэг бодлоо одоо хэнтэй ч хуваалцах билээ. Тэгтлээ ганцаардаж...
   Шилэн дэлгүүрийн толин хананд алхаж яваагаа харахад хэдийнээ би ялимгүй бөгтийжээ. Харин оюун санааны хувьд...