Thursday, July 14, 2011

Эх дэлхий чиний эргүүлдэг сандал юм

Японы суут яруу найрагч: Шүнетаро Таникава



Миний бүсгүй хүний онол

1.
Хөгжим юм чи,
Хөгжмийн мэдрэмжтэй юм би.

2.
Могойтой адилхан юм чи
Хаана чамтай адилхан могойтой таарснаа санахгүй.

3.
Улаан, цагаан өнгө биш
Хар бас цагаан өнгө биш
Харин улаан, хартай төстэй ч юм уу
Гурван бүлэг ийм онолыг
Хурхирах нойрондоо сонсох
Би дуртай.

4.
Тэр гэрэлтэй зүйлсийг
Тайлахын тулд өмсдөг үү
Өмсөхийн тулд тайлдаг уу
Энхрий чиний минь өгзөг том байлаа ч
Эх дэлхий чиний эргүүлдэг сандал юм

5.
Эерэгээр төсөөлөхөд чи бол миний зөрчил
Эсрэгээр төсөөлөхөд би бол чиний гэнэн бодол

6.
Эхлээд нүд рүү тань харсан эрчүүд
Эелдэг сайн хүн
Эхлээд цээж рүү тань харсан эрчүүд
Эргэлзээгүй муу хүн
Эхлээд нүд салгалгүй
Бүгдийг чинь харж, тэвэрсэн эрчүүд
Үнэнч шударга

7.
Чи бол очир эрдэнэ
Би бол нүүрстөрөгч

8.
Эсхүл,
Чи нэгэн байгалийн өнгө бүхий зураг
Би чамд тусгал өгч
Жилийн жилд тасралтгүй гэрэлтүүлсээр...




Голын урсгал

-Ээжээ, голын урсгал яагаад инээгээд байна?
-Түүнийг нар оролдоод байгаа юм
-Ээжээ, голын урсгал яагаад дуулаад байна?
-Болжмор давалгааных нь чимээг магтаад байгаа юм
-Ээжээ, голын урсгал яагаад хүйтэн байна?
-Цастай дурлалцаж байсан үеэ дурсаад байгаа юм
-Ээжээ, голын урсгал хэдэн настай вэ?
-Цэл залуу хавартай чацуу
-Ээжээ, голын урсгал яагаад амардаггүй юм?
-Далай ээж нь түүнийг ирэхийг хүлээж байгаа.



"Шүнетаро Таникавагийн сонгомол шүлгүүд" ном
Орчуулагч С.Хадаа