Saturday, May 14, 2011

Дөрвөн сарын нэгэн

Тэр өдөр дөрвөн сарын нэгэн байлаа. Хүнд  хагалгаанд өнөө маргаашгүй орох гэж байгаа эхнэрт нь эргэлт оруулж өгчихөөд эмнэлгийн үүдээр гарч явахдаа түүнтэй халз мөргөлдөв. Ус нар үзэлгүй удсан тасалгааны цэцэг шиг цонхийж шаралсан ядруухан царайтай найзынхаа амар мэндийг эрэхийн оронд үгийн солиогүй шууд л ингээд хэлчихэв.
                     --сайн уу?... сайн уу ч гэждээ...
                      тэр... эхнэр чинь дөнгөж сая өнгөрчихлөө
                     - ... чи сая юу хэлчивээ надад?
                     -авгай  чинь бурхан болчихлоо
                     -... үнэн гэж үү? ийм хурдан...
                     -тиймээ, үнэн... харамсалтай нь
Юунд ч юм итгэж ядсан догдолсон эсхүл доромжилогдсон аль нь үл мэдэх тийм нүдээр намайг хоромхон зуур цоргитол ширтэхдээ хоёр гартаа барьж явсан тортой зүйлээ сал хийтэл газар алдаж орхисон байв. Аль хэдийнэ. Огт тамхи татдаггүй атлаа  тамхи байна уу? гэж асуухад нь  хайрцагтай тамхиа асаагуурын хамт түүнд өгөв.  Салгалж чичирсээр нэгийг сугалан авч амандаа зуугаад мөн л тийм байдалтайгаар асааж нухацтайгаар хэд сорсныхоо дараа л сая  нэг юм ингэж хэлэв.
                           -тиймдээ, болох ёстой зүйл болдгоороо л болж. Эрт орой
                            хэзээ ч  юм ингэнэ гэдгийг мэдэж байсаан найз нь...
                          - ....
Залирхаг урууландаа гутрал гуниг, баяр баясалын чухам аль ньүл мэдэгдэх тийм нэг нууцлаг инээмсэглэл тодруулснаа зүүн энгэрийнхээ халааснаас гар утсаа гаргаж ирэн “ дид дид дид дид...” гэж тоо цуглуулан хэн нэгэн рүү залгав. Тэгснээ
                  -Байна уу? Сарнай хонгор минь чи мөн үү?
                   чамд дуулгах сайхан мэдээ байна,
                   -   ..................?
                   - ямар гэж үү, янзтай сайхан мэдээ.
                   чи  сонсоод чихэндээ ч итгэхгүй.../хэхэ/
                  -  ................?
                  -  Нөгөө эмгэн шулам чинь талийгаач болсон.
                   Бүх зүйл яг бидний санаснаар...
-       .................   
 - Чи юун тухай ярьж байгааг минь эрх биш ойлгож байгаа
    биздээ,   хонгор Сарнайхан..
-         ...............
Ичгүүр сонжуургүй ийм яриа болно гэж огтхон ч төсөөлөөгүй би юу хэлэхээ эс мэдэн  
анх түүнтэй тааралдсан газараа бөглөрөн зогссоор л байв. Эцэст нь найздаа энэ бүх зүйл өөрөөр хэлвэл миний чамд хэлсэн тэр бүхэн чинь ердөө л дөрвөн сарын нэгэн байсан юм гэж хэлж хараахан амжаагүй л байлаа.