Wednesday, April 13, 2011

Тун удахгүй би ч бас саран дотор очиж амьдарна ...

 * * * * *

Унтлагын өрөөний хөшиггүй цонхоор
Сар шагайгаад . . .
Давруу сар орон дээр минь
Дөрвөн мөчөө тэнийлгээд хэвтчихсэн... 


 * * * * *
 

Сарыг дэрлэж хэвтээд
Хувь заяаны тухай гэгээн үлгэр
Номноос уншихад хангир жингэр
Усны савтай бяцхан жаал
Хангинтал санаа алдаж
Ээжээ санаад уйлах нулимс нь
Дэр нэвтэлж амтагдаад
Сарыг зүхэж хүүг өрөвдөөд
Тун удахгүй би ч бас саран дотор очиж амьдарна ...



 * * * * *


Сар тэвэрч үхсэн архичин хятадын
Шартсан ганцаардал хувцасны шургуулганд
Тэмдэглэлийн дэвтрийн хуудас бүхэнд
Бурхны нүдийг зураад завгүй байгаа
Бурхан шиг ганцаардалтай минь
Гар барилцаж сайхан танилцаад
Сайхан байхад зөнөг сар толгойтой үсийг минь
Ширхэг бүрээр нь тоолно гэж зүтгээд
Унтуулахгүй уур хүргэхэд
Орныхоо бүтээлгээр цонхондоо хөшиг хийж
Сарыг хөөж гаргачихаад
“ Сайхан амраарай сар аа, маргааш уулзъя ”
Гэсэн утгатай товчхон зурвасыг
Салхивчаараа чулуудаад тэмдэглэлийн дэвтэрээ
Хайж олохоор хувцасны шүүгээгээ онгично...