Wednesday, January 26, 2011

Ж.Лхагва.


Жагдалын Лхагва 1942 оны 03-р сарын 18нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар Санжмятав,Жагдал нарын хоёр дохь хүү болон мэндэлжээ. 1951-1958 онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд,
1958-1961 онд Сайншандын 10 жилийн дунд сургуульд,
1961-1966 онуудад ЗХУ-ын Киев хотын Техникийн их сургууль / КПИ/
1966-1970 онд Сүхбаатар хотын Дулааны цахилгаан станцад инженер
1970-1985 онд “Үнэ стандарт,хэмжүүрийн хэрэг эрхлэх байгууллага”-д “Техник технологийн мэдээ”, “Бүтээгдэхүүний чанар,стандартчлалын асуудал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга
1985-1987 онуудад Москва хотын М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургуулийн” дээд курст
1987 оноос “Үнэн” сонины соёлын хэлтэст редактор,сэтгүүлч, сурвалжлагч
1992 -1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
1970 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна.
Ж. Лхагвын уран бүтээлийг төр засгаас үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал тус тус хүртэж байжээ.


                                                      
                                                                    Автобусанд . 

Ажил тарах цаг тул автобусанд зорчигчид олон. Суудал хэдийн дүүрснээр ч барахгүй хоорондох зайгаар нь хүмүүс шахцалдан зогссон байлаа. Зүгээр ч нэг шахцалдсан биш , бүр арваад жил ажилласан кондуктор ч зайг нь олоод явж чадахгүй болтол тэгж их шахцалдсан байжээ.
Гадаа гудамжинд халууныг хэлэх үү ? энэ автобусанд бүүр ч долоон дор амьсгал авахын аргагүй бүгчим, тэгээд ч ууц хөлрөн цамц наалдаад хүн бүхэн энэ автобуснаас гарахын мөн болж байлаа.
Миний урд цэнхэр даашинзтай нэгэн бүсгүй зогсоно.
Нуруу нам тэр бүсгүй бие томтой хүмүүсийн дунд орчихсон тул улам их халууцаж байгаа нь илт байсан, тэрбээр над руу харц чулуудах нь аврал гуйсан юм шиг санагдаж билээ. Би хоёр гараараа сандлын түшлэг тулан яргаж өчүүхэн зай гаргаад сайхь бүсгүйг тэр зайд зогстугай гэвэл тэр ч уриалагхан зөвшөөрч , хоёр гарын минь хооронд орон зогсоод байн байн над руу харан сэргэлэн хоёр нүдээрээ талархал илэрхийлэх бөгөөд “баярлалаа, чи сайн” гэсэн үг харцанд нь бичээстэй үзэгдэнэ.
Би ч хөөрхөн бүсгүйн талархсан харцанд баахан урамшиж, түүнийгээ л хайрлан хамгаалж явах ганцхан ажилтай юм шиг улайран мэрийгээд халууцаж ядрахыг ч үл мэдрэн бөөцийлсөөр явсан бөгөөд хэрэв тэр бүсгүй хөөрхөн харцаараа талархан шагнасаар байвал над өөр юу ч хэрэггүй агаад , түүнийгээ хоёр гарынхаа хооронд зогсоочихоод тэр бүгчим автобусандаа дэлхийг тойроход ч бэлэн санагдаж билээ. Ингэж явсаар өөрийн буух газраас хоёр буудал өнгөрчихсөн байжээ.
Ай ,энэ хүүхнүүд үү? Хэдэн ч буудал явуулж мэдэх улс шүү...


                                                             Үдийн наран

Таван сарын цэцэг шиг балчирхан явахад багшийгаа өглөөний нар шиг бодож байжээ.
Тэгээд би багшийнхаа сургаалд гэгээрч байгаагаа наран өөд тэмүүлэн алхалж яваагаар зүйрлэдэг байлаа.
Багш маань ч гэсэн шавийнхаа зүтгэлд урамшин сургаал – эрдмээ харамгүй айлдах нь тэнгэрийн хаяанд мандан гараад наашлан хөөрөх наран мэт бөлгөө.
Наран бид хоёрын айсан ойртох тутам болхи бүдүүлгийн хар сүүдэр улам бүр сэмрэн хоргодсоор байж дээ.
Үдийн наран зулай дээрээс гийгүүлэх цагт зургаан сарын алтанзул цэцэг шилбээ тасчих дөхөн тэмүүлж, “нэгээхэн ч сүүдэргүй болов оо” хэмээн жингэнэн алддагийн адил ид хорин насныхаа аагаар их юм мэдлээ гэж алдаж бодож явсныгаа наран хэвийж, алтанзулын шилбэ гудайх үед л мэддэг байна.
Ай , Багш минь та алтанзулыг сүүдэргүй болгох үдийн наран шиг байжээ. Сэрүүн тунгалаг өглөөн нарыг дэргэдээ юм шиг санаж, зулай төөнөх үдийн нарыг өндөр хэмээн бодож явсан хориодхон нас минь ээ… ухаарлын учиг эрхий ороох гучаад насанд алдсан хичнээн агтыг чинь барьж өгөх билээ…

Улаанбаатар хот. 1970 он.

                                                              Халуун гурил.

Намайг бага байхад ах минь гурил зуурч эгч элдэнэ. Ахын зуурсан гурил цав цагаан , голын захын чулуу шиг мөлгөрхөн хавтгай , бариад үзэхэд бүлээхэн байдагсан.
Ах минь дайнд яваад эргэж ирээгүй. Тэгээд би гурил элдэж сурсан юм. Миний зуурсан гурил бас л цав цагаан голын чулуу шиг мөлгөрхөн боловч ер халуун болдоггүй байлаа.

Эгч маань ахын зуурсан гурилыг шууд элддэг атлаа миний зуурсан гурилыг нухаж байж элдэх нь гагцхүү халуун хүйтний зөрүүнд л байна даа гэж би боддог байжээ. Тэгээд нэг өдөр гурилаа халуун болтол нь нухахаар шийдлээ. Эртээ гэгч гурилаа зуураад эгчийн үнээгээ сааж байх хооронд нь удаан гэгч нухаж билээ.
Нухасаар байтал би өөрөө их л халууцан, гурил ч бүлээн болох шиг санагдав. Эгч минь гурилыг авч эргүүлэн тойруулан дарж үзээд над руу харж инээмсэглэн нухалгүй элдэж орхилоо. Би ч халуун гурил зуурсандаа ихэд баясан ахын дайтай болсон шиг санаж явжээ.
Энэ гурилыг өчнөөн ядарч бүлээн болгов. Гэтэл ах минь хормын дотор халуун болгодог мөн ч бүлтэй хүн байж дээ гэж би бодно. Энэ тухайд эгчдээ хэлбэл , тэрбээр сүүгээ самрах мэт уртаар санаа алдсанаа ахтайгаа улам адил болж өсч байгаа дүү намайгаа ширтэн инээмсэглэхэд сэтгэл нь өрөмтөн байгаа сүү шиг хөөсөрч байлаа.

Сүхбаатар хот. 1966 он

                                                        Межиречийн шөнө

Аянч шувуудын зурагтай эрээн дугтуй задлахуйд оюутан цагийн найз Дмитро Чередниченко : “ти вже щось став забувати про Киев .Так ?” / чи Киевийн тухай нэг л мартагнаад байна аа даа . Тийм үү ?/ хэмээн зэмлэжээ.
Үгүй л дээ , Дима… би тэр лусын дагина шиг гоо хот, үзэсгэлэнт Днепр , мөнх ногоон Канев , зулзаган хунгуудын бүжиг Шевченкогийн бульвар , үлгэрийн сайхан Межиречийн шөнийг яахан мартана.
Дима намайг төрөлх тосгондоо аваачиж, ээж аавдаа золгуулна гэж дандаа ярих боловч нэг л амжилдахгүй байсаар нэлээд хугацаа өнгөрсөн юм. Тэгснээр диплом хамгаалсаны маргааш хөлсний тэргээр довтолгон ирж , “манай тосгонд эртний хүний урц олджээ. Маш ховор зүйлс… явъя , явъя” хэмээн яаруулж сэтгэл ихэд хөдөлснийг нь үзээд , өчүүхэн салхинд тасчих шахан дэрвэж байдаг дарцаг шиг сүржигнүүр хүн бишийг нь нэгэнт мэдэх тул би даруй зөвшөөрч хөдөлцгөөв.
Рось, Росава хоёр голын бэлчир дээрх Межиречь тосгон бурхадын орон шиг байлаа. Автобусны буудал дээр цэцэг барьсан охид гармошка хөгжимтэй харцуул , гоёж гоодсон олон хүмүүс байхыг үзээд хурим тойн ёслол болж байгаа юм болов уу гэсэн шүү юм бодож буутал гэнэт надад цэцэг гардуулж гайхахдаа ангайсан амаа хамхиж амжаагүй байтал бүдүүн улаан авгай нэгэн гол шиг охины хамт хүрч ирээд хоёр талаас сугадан гэрийн зүг хөдөлж нөгөө хурим тойн хүмүүс биднийг дагалдан , гармошка хөгжмийн гэр дээр гарсан шиг цовоо аялгуу…
чужа хата такая,
яшко свекруха лихая,лихая / харийн гэр тиймхэндээ ,хадмын зан муухааяа, муухааяа/ хэмээн чихнээ хадах нь ичиглэн дооглож байгаа юм шиг санагдахад , хайр хүндлэл үзэж сураагүй эрмэг залуугийн сэтгэлээр ийм янзын юм зохион байгуулсанд нь Димад гомдох шиг болж билээ.
Дима сурвалжлагч мэт урд хойно гаран гүйж тэр энэтэй танилцуулах бөгөөд зүүн талаас сугадан яваа бүдүүн улаан авгай ээж нь ажээ. Гэрт хүрэлцэн очвол хата хэмээх намхан цагаан байшингийн хатаж амжаагүй шохой,шинэчлэн дэвссэн сүрэл сэлт ямар нэг баяр ёслолд хэргээр бэлдсэнийг нь гэрчилж байлаа. Оронгуут дээш урин суулгаж учиргүй их будаалга болов. Би эвийг нь олж Димагаас хүн хар андуураад байгаа юм биш үү хэмээн сэм асуувал тэрбээр учиргүй инээж “Манай тосгонд Батхаанаас хойш монгол хүн ирээгүй , чи бол шинэ монголын анхны зочин тул энэ зэргийн хүндлэл багадна” гээд сэтгэл дүүрэн сууж байлаа.
Тэгж хэлэхэд нь би гэнэт ухаан авч “Аа энэ чинь нээрээ намайг инженер болчихлоо ч гэж хүндэлж байгаа нь бус , монгол хүнийх нь хувьд л хүндэлж байгаа ют байна шүү” гэж бодонгуут халамцаж байсан архи гараад тэрхэн мөчид буурь суугаад явчих шиг болж билээ.
Шөнө дөлөөр найр өндөрлөж тосгоны хөгжимчид , дуучид, ер монгол хүн үзэхээр ирсэн гийчдийг гаргаж өгөхөөр салхинд гарцгаавал саргүй шөнө тул оддын гэгээ хурц, эрүүл хээрийн салхинд үхрийн баас, цэцэг жимсний үнэр , хашаанд тарьсан сонгино , нойтон тахианы үнэр холилдон украйн тосгоны өвөрмөц үнэр болон ханхийнэ.
Дима цэцэрлэг рүүгээ намайг дагуулж орох гэвэл аав нь :маргааш орох юм биш үү хүүхээд… хар чийг буучихсан, өмднийх нь шуумгийг норгочихно… гэв. Би “зүгээр лавсан даавууны индүү гарах биш” гэж алиалан хэлбэл тэнд байсан хүмүүс хөхрөлдөн

У меня тоже лавсановые
У меня теж такий гэлцэн орос украйнаар шуугилдаж цөм цэцэрлэгт орцгоов.

Дима газар шүүрэн атга гүзээлзгэнэ авчирч , дээш цоройн жимс таслан дайлах бөгөөд , шүдэнз зурвал тэнгэрийн хилэн хар дэвсгэр , асад анвилзах оддын наана , бэлцгэр ногоон навчсын дунд интоорын ув улаан жимс ёүлд модны чимэг шиг нэвт гэрэлтэн байх нь үлгэрийн юм шиг , навчин дээр буусан шүүдэр толгой дээр хаяа унаж , найрнаас гарсан охид хөтлөлдөн :
Садок вишневый коло хати
Хрущи над вишнями гудуть,…
Спивають идучи дивчата,
А матери вечерять ждуть,… хэмээн дуулах бөгөөд тэртээ хашааны буланд гармошка хөгжим өнчин ботго шиг буйлна.
Яаж мартахав дээ Дима минь…

Улаанбаатар хот . 1972 он.
  
                                                             Баярын гоёл.

Ажил бүтэмжтэй байхад хорвоогийн өнгө улам ч саруул болж нар хурцаар гийгүүлэн , зүлэг ногоо хүртэл хурдан ургаж байх шиг харагдана. Мэдэх мэдэхгүй дууны ая санаанд орж, хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх нэгэн түргэн хэмнэлт аялгуу хөл удирдаад ,сэтгэл нэг л хөнгөн , хажуугаар өнгөрөх танихгүй хүүхдийн толгойг ч өхөөрөн илмээр санагдана. Хүрэл шиг хүрэн царайтай хав дөрвөлжин эртэй эрхлэн наалдаж яваа жаахан хүүхнийг хараад талх цөцгий хоёр шиг эвтэй байгаад нь тэдний өмнөөс баярлаж гар барих шахна. Шатан дээр ч автобусан дотор ч бохь зажилан ангалзаж явдаг манай байрны нөгөө сангас толгойт хүртэл өнөөдөр хэвлүүн намбалаг харагдаж байна.

Тийм ээ , би өнөөдөр нормоо зуун тавин хувь биелүүлчихээд харьж явна. Замын хажууд цойлон зогсох танкат хөшөөний одонг өчнөөн удаа дэргэдүүр нь өнгөрөх дөө тоолоогүй атлаа өнөө л нэг тоолмоор санагдаж, үзэхүй ес ажээ. Есөн хүсэл шиг есөн одон . Одон гэж… тэнгэрийн од шиг хол санагддаг одон хүртэл өнөөдөр энгийн танил зүйл шиг л байх юм.
Өдрийн ээлж тараад явахад замын тойруу дээр дандаа тааралддаг тэр нэгэн шавил бүсгүй намайг ердөө ажиглалгүй өнгөрдөг мөртлөө өнөө бүр холоос харчихаад ёотон цагаан шүдээ яралзуулан инээв.
Түүний сайхан инээд цагаан шүд хоёрыг тогтоож авахыг оролдон байж, хорин хоёр насныхаа тухай, ээж л аав хоёрынхоо тухай эрхгүй санагалзан , өөрийгөө нэг сайн ажиглаж үзэв. Чацархаг урт хөлийн минь шагай шалигүй богиндсон шалбуур өмднийхөө шуумаг дор цухалзан, бор бааз хүрэмээ туранхай мөрөндөө өлгөчихсөн нэгэн горзгор бор залуу ажээ.
Машины тос нэвчсээр өнгө нь үхчихсэн шаахайны минь ул ялигүй ханзарчихсаныг үзээд саяын бүсгүй үүнийг олж харсан болов уу? … гэж бодохоос гэнэт ичиж , ичсэндээ бас “ хэдийдээ ханзарчихдаг золиг вэ?...” гэж гуталдаа уур хүрлээ.
Нар үүлэн цаагуур орж, нэвт гэрэлтэн алдаж байсан навчис зузаараад явчих шиг болов. Тэгээд баярынхаа гоёлыг дотроо тооцоолон , тэр тэрийгээ өмсөн гэж тохоон бодоход гутал л нэг тааруухан болоод явчихлаа. Дэлгүүр хоршоонд сайхан гутал гарсан л байх юм . Ээж, аав хоёр гадуур гарч чадахгүй , би өөрөө ажилтай болохоор одоо яая гэхэв дээ. Залуучууд сайхан сайхан гутал өмсөөд , асуухаар “арын хаалга” гэж залитайхан инээх юм. Манайхны хийж байгаа гутал ч сайжраад л байна. Ганцхан улаа л нааж сурахгүй юм даа. Ул үрэх, цавуу найруулах ,түрхэх гээд л олон дамжлага байдаг байх. Нэг нь л чадахгүй байгаа хэрэг. Тэгээд тэр хоомой ажилтай хүн бас л нормоо биелүүлчихсэн гээд ханхалзаж яваа байх даа хэмээн бодохуй өөрийн зуун тавин хувийг дотроо цэгнэж нэг үзлээ.
Тэр нэгэн бүсгүй миний гутлын ханзархайг харж инээсэн бус , баяртай царайг минь баяртай царайгаар дамжуулан зуун тавин хувийг минь харж инээсэн гэдэгт одоо би баттай итгэж байна.
Би одоо энэ хувиа алдахгүй энэ миний “арын хаалга”- гаар аваагүй баярын гоёл билээ.

Улаанбаатар хот. 1971 он.