Friday, December 24, 2010

Эзотерикч Н.Сома: Бөө болж, сүнстэй харьцдаг гээд байгаа хүмүүс бол эмнэлэгийн хэлээр сэтгэцийн хямралын салбарт хамаарагдана


-Эзотерикийн ухааныг сонгох болсон учир нь юу байсан юм бол. Юу нь танд тэгтлээ их таалагдаж татагдах болов?
-Мэдээллийн анхдагч эх үүсвэрээс бүх урлаг, шашин, гүн ухаан, шинжлэх ухаанууд салбарлан гарсан түүхтэй. Энэ мэдлэгийн анхдагч эх уурхай нь эзотерик ухаан юм. 1989 онд би хоёрдугаар курст байсан. Энэ үеэсээ нарийн мэргэжлээр мэргэшиж эхэлсэн. Тэгээд курсийн ажил бичиж эхлэхэд, миний сонгож авсан багш маань эзотерикч хүн байсан. Тэгээд л би энэ салбар луу орсон доо. Үндсэндээ хувь заяа байх. Аливаа зүйлийг цогц байдлаар нь тайлбарлаж, судалж байгаа нь илүү их таалагдсан. Шинжлэх ухааны салбарууд аливаа зүйлийг нэг л өнцгөөс хардаг. Тэгвэл эзотерик бүх талаас нь судалдаг.

-Та “энэ эринд шашин үүргээ гүйцэтгээд дууссан” гэж хэлдэг. Тэгвэл эзотерик шинэ үеийн шашин мөн үү?

-Шашин биш ээ. Шашин гэдэг маань тухайн цаг үед тохирсон хэлбэрийн чанартай зүйл. Түүний мөн чанар нь мэдээж мэдлэгийн анхдагч эх сурвалжтай холбоотой зүйл байдаг. Хэлбэр үзэгдлийн чанартай зүйл гэдэг утгаараа шашин хэлбэрийнхээ талаас үүргээ гүйцэтгээд дуусч байгаа юм. Мөнхөд үнэн байдаг шашин гэж байхгүй шүү дээ. Тэр шашны аливаа үзэл суртал нь тухайн нийгмийн ухамсарт зориулсан л зүйл. Тэгээд үүргээ гүйцэтгэлээ дахиад шинэ өөр тайлбар хэлбэрүүдэд байраа тавьж өглөө. Ийм байдлаар л нийгмийн үйл явц урагшилж байдаг. Тэгэхээр шашныг сүсэг бишрэл гэдэг утгаар нь авч үзвэл үүргээ гүйцэтгэж дуусчээ. Яагаад гэвэл хүмүүс хий хоосон сүсэг бишрэлээс илүү батлагдсан зүйлд, танин мэдэхүйд илүү их хүсч тэмүүлж байна. Мэдлэгийг синтезийн талаас нь хардаг ийм хандлага цаашид улам хүчээ авах болно.

-Сүүлийн үед хүн төрөлхтнийг сайхан сэтгэлтэй байя, байгаль дэлхийгээ хамгаалъя гэсэн үзэл суртал их явагдах болжээ?
-Одоогийн хүн төрөлхтөнд тулгараад байгаа энэ хямрал нь аргын хямрал юм. Өөрөөр хэлбэл арга ухааны талаас бүх зүйлийг тайлбарлах гэдэг энэ байдал өөрөө хямралд орсонтой холбоотой. Хүний зүрх сэтгэл, зөн билгийн ухамсар мэдрэмжийн тал их хойно хаягдсан байжээ. Одоо арга, билгийг тэнцүүлэхийн тулд зөн билгийн гениүд илүү давамгайлсан хүмүүс төрж байна. Энэ юу вэ гэхээр хөгжил гэдэг цогц байх ёстой. Арга ухаан гэдэг хүний зүүн тархины тодорхой нэгэн функц дээр суурилсан зүйл шүү дээ. Энэ аргыг хэтэрхий их баримталснаас болоод хүн байгалийг гадаад болоод дотоод түвшинд сүйтгэсэн. Дотоод түвшинд гэдэг нь өөрийнхөө сэтгэлийн ертөнцийг сүйтгэсэн. Гадаад түвшинд байгаль эх дэлхийгээ сүйрүүлсэн. Тэгэхээр одоо энэ гажуудлыг засах хэрэгтэй. Амьдралд хандах илүү цогц хандлагыг шаардаж байна.

-Яаж засах ёстой гэж?
-Сэтгэлийн соёлыг эрхэмлэж байж сэтгэлийн хоосрол, мацаг барилтыг үүсгэсэн гажуудлыг засах хэрэгтэй. Зөн мэдрэмж, зөн билгийг хөгжүүлдэг байгальд, өөртөө, бусад олон амьтанд хандах нинжин сэтгэлийг дээдлэх хандлагаар засах хэрэгтэй.

-Та зөн билигтэй хүүхдүүд их төрж байна гэлээ. Яаж мэдэж байна?

-1984 оноос бүр 1970 оноос эхлээд цоо шинэ зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг буланд төрж байна. Нэгэнт сонин хэвлэлүүд яриад эхэлсэн шүү дээ. Эхлээд индиго ауротой хүүхдүүд төрж байсан, дараа нь цэнхэр туяаны хүүхдүүд төрж эхэлсэн. Одоо 2000 оноос хойш бүр талст ауротой хүүхдүүд төрж байна. Эдгээр нь оюуны маш өндөр түвшнийг илэрхийлдэг. Ялангуяа талст гялбам цагаан ауро гэдэг бол багажаар тогтоосон зүйл шүү дээ. Түүнээс бусдаас илүү өндөр хараатай хүн харчихаад бусдад хэлээд, бусад нь үнэмшээд байгаа зүйл биш. Тэгэхээр цэнхэр, хөх, талст, индиго ауро гээд ийм гайхамшигтай аурыг эзэмдсэн хүмүүс баруун зүүн тархи нь хоёулаа тэнцвэртэй хөгжсөн, хэл, шинжлэх ухаан, урлагийн салбаруудыг маш өндөр түвшинд эзэмшдэг төрөлхийн чадвартай. Өөрөөр хэлбэл өндөр түвшний сүнснүүд гэсэн үг. Эдгээр хүмүүсийн сүнснүүд шинэ цикл ирэхийг маш тэвчээртэйгээр удаан хүлээж байсан. Тэгээд одоо төрж байна. Энэ хүүхдүүд цоо шинэ дэлхий ертөнц, соёл иргэншлийг цогцлуулна. Энэ хүмүүсийн эрин ирж байна.

-Сүүлийн үед бөө үзмэрч их олноор төрөх болж. Бараг л дэргэдэх танил маань бөө болчихлоо гэхэд гайхахааргүй боллоо?
-Бөө болгон зөн билигтэн биш шүү дээ. Далд ертөнцийг мэдрэх, далд хэмжүүрүүдтэй харьцах энэ чадвар маань өөрөө доод, дунд, дээд гэсэн бүдүүвчилвэл ийм гурван түвшинтэй байгаа. Манайд бараг л сэтгэхүйн тахлын хүрээнд үзэгдэж байгаа энэ бөө, үзмэрчийн үзэгдэл бол ерөнхийдөө доод түвшнийх. Хүний амьтанлаг биед байдаг тодорхой чадвар сэрсэнийх юм. Гэнэт бөө болоод л, сүнстэй харьцдаг гээд байгаа хүмүүс бол эмнэлэгийн хэлээр шизофрени буюу сэтгэцийн хямралын салбарт хамаарагдана. Далд ертөнцийн үзэгдлийг харах энэ үзэгдэл нь нохой мууранд ч байдаг чадвар төдий юм. Энэ тийм олигтой зүйл үү гэвэл үгүй юм. Асар олон сая жилийн өмнө хүн хөгжлийн доод түвшинд байхдаа автоматаар эзэмшиж байсан чадвар. Энэ бол хэрэггүй байсан учраас л дарагдсан хэрэг. Бидний хувьд арга ухаанаа хөгжүүлэх нь илүү хэрэгтэй байсан учраас тэр чадварыг байгаль эх унтраасан хэрэг л дээ. Тэр чадварыг сэргээх шаардлага байхгүй. Энэ бол эмгэнэл. Харин сэтгэлийн дээд психик чадвар гэж байна. Энэ нь нөгөө бодь сэтгэлийн чадвар. Энийг л бид илүүтэй хөгжүүлэх ёстой юм.

-Та ямар чадвар эзэмшсэн хүн бэ?
-Би өөрийгөө чадвартан гэж тунхагламааргүй байна. Энэ тухай асуудлыг ердөө ярьмааргүй байна. Яагаад гэвэл хүн болгон чадвартан, хүн болгон зөн билигтэн болчихсон байхад би бас дээрээс нь нэрмээс болмооргүй байна.

-Хүн ер нь яаж амьдарвал зөв амьдрал болдог юм бэ?
-Бид бол нийгмийн амьтад шүү дээ. Тиймээс бид бусдад дараагүй, гэмгүй амьдрах урлагт суралцах хэрэгтэй байна. Бид бусдаас л болж би зовлонтой амьдарч байна, төр засгаас болчихлоо гэж дандаа бусдад бурууг тохож амьдардаг. Энэ бол их нялхамсаг сэтгэлгээ. Их амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ ч тэгж бусдыг буруутгаж амьдардаггүй. Дандаа өөрөө өөрийнхөө дотроос амжилтын эх үүсвэрийг олж амьдарсан байдаг. Эдгээр хүмүүсийн үлгэр жишээг бид дагаж дуурайх хэрэгтэй л дээ. Тухайлбал хүн аз жаргалтай байхын тулд орчин нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй. Орчин нөхцлөө бүрдүүлж, өөрийнхөө биеийг зассаны дараа нийгэмдээ өөрийнхөө төлөвшсөний хэрээр тусыг бүтээж амьдардаг. Хүн аз жаргалтай байхын тулд эх үүсвэрийг нь өөрийнхөө дотоодоос олж сурах хэрэгтэй юм. Энэ нь хэдий чинээ аз жаргалтай байна, бусдаас хамааралгүйгээр түүнийхээ хэрээр бусдад аз жаргал бэлэглэгч болж хувирдаг. Би шинжлэх ухааны баримт хэлмээр байна. Тухайлбал 1,5 км-т миний нэгэн дотны найз аз жаргалтай байхад тэр хүний аз жаргал нь автоматаар надад нөлөөлж, намайг аз жаргалтай болгодог. Энэ бол олон жилийн турш хамт олон, бүлэг найз нөхөд, гэр бүлийн хүмүүс дунд хийсэн туршлагын үр дүн. Тэгэхээр бидэнд аз жаргалыг бусдад түгээж амьдрах боломж байна уу гэвэл байна. Дотны хэн нэгэндээ бид аз жаргалыг бэлэглэх бололцоотой юм байна.

Тэгвэл бид үүнийхээ хажуугаар бухимдлыг, айдсыг бас бэлэглэдэг. Энэ нь өөрөөр хэлбэл халдварладаг. Энэ механизмыг бид үнэрийн салбар дахь нээлтээр тайлбарлаж болох юм. Бидний хамар тодорхой тооны үнэрүүдийг ялгах чадвар байдаг. Гэтэл хамар маань хоёр системээс бүрддэг. Нэг нь ухамсартайгаар мэдэрдэг, нөгөөх нь далд ухамсарт мэдрэгддэг. Тэгвэл бусад хүний айдас түгшүүр эргэлзээтэй байдал зэргийг бид далд ухамсар буюу зөн совингоороо мэдэрдэг. Тэгээд тэр далд ухамсраараа өөрсдөө мэдэлгүйгээр бусад хүний сэтгэл санааг мэдрэх, мэдэрснийхээ дараагаар хариу үйлдэл үзүүлэх өөрөөр хэлбэл айдсыг нь хүлээж аваад айдаст автах зохион байгуулалттай. Тэгэхээр хүн бусдад өөрийнхөө айдас, стресс, уур бухимдал зэрэг муу муухай бүхнээ халдварлуулахгүйн тулд тэрийгээ өөртөө саармагжуулж сурах ёстой. Яагаад гэвэл хүн дан ганц өөрийнхөө төлөө амьдраагүй. Хүн болж өгвөл бусдад тустай амьдрах хэрэгтэй. Тустай амьдарч чадахгүй бол ядаж дараа тээргүй амьдрах хэрэгтэй.

-Гэхдээ хүн хэдий бухимдалгүй байя гэсэн ч энэ нийгэм чинь өөрөө бухимдлыг бий болгоод байна шүү дээ?
-Хүн өөрийнхөө үйлийн үрийг өөрөө л зохицуулах хэрэгтэй шүү дээ. Хэн тэр үйлийн үрийг бий болгосон юм, өөрөө шүү дээ. Тийм болохоор түүнээсээ болж байгаа бухимдал, айдас түгшүүр зовлонгоо бусдад халдааж, нялзааж амьдрах эрхгүй. Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах урлагт яаж ийгээд суралцах хэрэгтэй. Бурхан хэзээ ч хүнд өөрийнх нь дааж давах хэмжээнээс нь хэтэрсэн зүйлийг үүрүүлдэггүй. Тэр хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг л үүрч байгаа. Үүрээд дээр нь сэтгэл хангалуун байх үүрэгтэй болж байгаа юм. Энэ чинь өөрөө бидний амьдралд ирсэн зорилгуудын нэгд ордог шүү дээ. Хаашаа ч бултах аргагүй бидний үүрэг юм. Гэтэл харамсалтай нь үүнийг өөрийнхөө үүрэг гэж ойлгодоггүй. Би зовж байна гээд өөрөөсөө бусад хэн нэгэн рүү үсчихэд бэлэн явж байдаг. Энэ чинь өөрөө амьдарч чадахгүй, хүн болж, төлөвшиж чадаагүйн илэрхийлэл. Хүн өөрөө өөрийнхөө алдааны буруутан, ололт амжилтынхаа эзэн нь юм.

-Ядаж л орой бүр үздэг телевизийн кино нь ч аллага хядлага гараад байхаар уурлахгүй, стресстэхгүй байх ч арга алга?
-Мэдээлэлд үзэл суртлын цензур байх ёсгүй. Намчирхсан байр сууринаас цензурдэх ёсгүй. Харин нийгмийг эрүүл байлгах, нийгмийн сэтгэл санааны байдлыг тогтвортой байлгах, соён гэгээрүүлэх үүднээс нь хэрэгтэй хэрэггүй, зөв буруу мэдээллийг шүүх цензур байх ёстой. Болж өгвөл оюуны их өндөр байр сууринаас хүмүүст хүрч байгаа мэдээллийг цензурдэж байх ёстой. Шашны, намын, үзэл суртлын байр сууринаас биш.

-Манай хэдэн телевизүүдээр дэлхийн хаа нэгтээ болж байгаа шинжлэх ухааны ололт амжилтаас илүүтэй аймшгийн кино хурдан нэвтэрнэ. Магадгүй өчигдөр дэлхийн нээлт болоход өнөөдөр манай аль нэгэн телевизээр шууд үзэгчдэд хүрч байх жишээтэй. Энэ байдал сэтгэлийг минь маш их зовоох юм.
-Энэ бол маш эрүүл үзэл байна. Энд ёстой жинхэнэ нийгмийн хараа хяналт хэрэгтэй шүү дээ. Хэсэг хүмүүст аймшгийн балмад хэрцгийлэлтэй кино үзүүлээд дараа нь шүлснээс нь сорьц авахад тухайн хүний дархлааны эсрэг биетүүд огцом буурч, стрессийн гормон маш өндөр болсон байдаг. Тэртэй тэргүй стресстэй зовлонтой байгаа нийгэмд дахиад стресс үүсгэх, эрүүл бус болгох мэдээлэл өгөх ямар шаардлага байгаа юм бэ. Хүний цусан дахь кортизол буюу стрессийн гормон хэвийн хэмжээнээс их болоод эхлэнгүүт тухайн хүн өвчилдөг, эрт өтөлдөг, хөгширдөг. Тэгээд ч тийм их картизол буюу бухимдлын гармон ихтэй хүн нийгэмд маш их дараа тээртэй этгээд байдаг. Хаа яваа газраа дандаа өө сэв хайж, үргэлж амьтан хүнтэй хэрэлдээд л, аз жаргалгүй байдлаа бусдад халдварлуулсан ийм нийгмийн эсрэг амьтан байдаг. Тэгвэл ийм нийгмийн эсрэг амьтдыг олноор нь бий болгоход өдөөсөн, ийм аймшгийн болон балмад хэрцгийлэлд уриалан дуудсан кинонуудыг гаргахгүй байх нь зүйтэй шүү дээ. Энд нийгмийн хараа хяналт байж, олон нийтийн байгууллагууд үүний эсрэг хөдлөх ёстой.

-Таны номнууд голдуу юун тухай өгүүлсэн байдаг вэ?
-Би уг нь эзотерик чиглэлийн ном гаргах ёстой. Гэтэл одоо хүртэл би цэвэр эзотерик ном гаргаагүй л явж байгаа. Яагаад гэвэл тэрийг ойлгох хэмжээнд нийтийн ухамсрыг бэлтгэхийн тулд бэлтгэл шатны номнуудыг бүтээж, орчуулж байгаа л даа. Ихэвчлэн буддын номнууд орчуулсан байна лээ. Стивен Ковэгийн “Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал” гэдэг номыг орчуулсан. Яагаад энэ номыг онцлоод байна гэхээр энэ номны тулгуур зарчмууд нь буддын гүн ухаан, буддын бясалгалаас эхтэй байдаг. Бүр тодруулбал бас миний орчуулсан Чожьям Трунгпа гэдэг Ринбүүчигийн “Шамбалын дайчин” гэдэг номон дээр шууд тулгуурласан. Тэгээд хүмүүст энэ хоёр номыг харьцуулж үзээрэй гэж хэлмээр байна. Өрнийн бизнесийн ажил хэрэгч ертөнц хүртэл энэ нинжин сэтгэл, бодь сэтгэлийг маш их шимтэн сонирхож байна шүү. Учир нь өрнийн соёл иргэншил өөрөө амьд эсэн үлдэхийн тулд өөрийн эрхгүй энэ практикт хандаж байна. Зүгээр л биеэ хамгаалах зөн совингоороо. Хүн төрөлхтөн амьд эсэн үлдэхэд өрнийн соёл иргэншлийн өөрийнх нь парадигмууд буюу тулгуур зарчмууд хомсдчихсон. Ямар ч ажиллах чадваргүй болчихсон учраас шинэ юмыг хайж байна. Тэгээд дорнын практик руу хандаж байна. Нөгөө л сэтгэлийн соёл. Тэгэхээр ирж байгаа цагийн хамгийн гол түлхүүр нь сэтгэлийн соёл боловсрол.

-Би дахиад л кино ярих гээд байдаг. Нийгмээрээ хошуурч үзээд байгаа “Эхнэрийн урхи” гэдэг Солонгос кино гэхэд л дүүрэн өшөө хорсол л байх юм байна шүү дээ. Энэ тэгэхээр сэтгэлийн соёл гэдгээс их хол зайтай сонсогдож байна шүү?

-Ерөнхийдөө санал нийлж байна. Бурхан багшийн сургаальд байдаг шүү дээ. Цусыг цусаар угаадаггүй, хорслыг хорслоор тайлдаггүй. Хамгийн гол арга нь юу юм бэ гэвэл уучилж өршөөх. Тэгээд өөрийгөө л хөгжүүлэх. Би яагаад тэр дайсанд чадагдчихав, миний сул доройнх шүү дээ. Тэгэхээр “энэ хүн надтай ингэж хандсанаараа миний сул талыг илрүүллээ, энэ дээрээ ажилла гэж зааж өглөө, баярлалаа” гээд тэр алдаан дээрээ л ажиллах хэрэгтэй байхгүй юу. Энэ хамгийн зөв эерэг хандлага. Уучлахаасаа өмнө эхлээд өөрийгөө хайрлаж байгаа биз дээ. Гэтэл өшөө хорслоо авна гэдэг маань хүн өөрийгөө ч хайрлахгүй, хүнийг ч хайрлахгүй болоод явчихсан байна шүү дээ. Өөрийгөө эерэгээр хайрлаж байгаа хүн бол өөрийнхөө сул талуудтай тэмцдэг. Гэтэл өшөө авч байгаа хүн өөрийнхөө сул талтай тэмцэхгүй, дайсантайгаа тэмцэж байгаа хэрэг юм.

-Таныг тэргэл сарнаар бясалгал хийдэг гэж сонссон юм байна?
-Тийм ээ, таван өдөр гурван эрдэнэд бясалгал залбирал хийдэг юм даа. Манай уламжлалын суурьтай бясалгал байгаа. Тэргэл сарны бясалгал залбирлыг дорно дахин дээдэлсээр ирсэн шүү дээ. Тэгвэл энэ зөвхөн дорнын үзэгдэл биш болж өрнийн манлай сэтгэгчдийн хүрээнд энэ тэргэл сарны бясалгалыг эрхэмлэдэг болсон байна. Тэгэхээр Монголчууд яагаад энэ уламжлалаа сэргээж болохгүй вэ гэсэн үүднээс хийж байгаа.

-Ганцхан олдох насаа бясалгасаар өнгөрөөнө гэдэг харамсалтай ч юм шиг санагдах үе гардаг болов уу. Сайхан наргиж цэнгэж байгаад насыг баръя гэдэг бодолтой хүмүүс бас байдаг шүү дээ?
-Яагаад гэвэл надад тэр хүмүүсийн сайхан гэж бодоод байгаа зүйлс нь ерөөсөө сайхан биш учраас. Тэр үнэхээр надад таашаал төрүүлдэг бол би тэгээд л явж байх сан. Гэвч үнэндээ тэндээс би ямар ч таашаал олж үзээгүй, харин хийж байгаа юмнаасаа дээд зэргийн аз жаргалыг амсдаг учраас л би энэ ажлыг хийж байгаа. Аливаа юм надад сайхан биш бол би юу гэж хийх юм бэ. Би албадаж хийж байгаа биш. Би үүнийг цэвэр сэтгэлийнхээ дуудлагаар жинхэнэ аз жаргалтайгаар хийж байгаа.

-Таныг залуухан эмэгтэй атлаа ийм хүнд салбарт тэмүүлж байгаа болохоор чинь сонирхож байна л даа. Таны найз нөхөд, гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Залуу хүн гэж би чинь одоо дөчтэй шүү дээ. Дээрээс нь би бүр хоёрдугаар курсээсээ 19 наснаасаа энэ рүү орсон учраас эргэлт буцалтгүй миний хувь заяа байхгүй юу. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй шүү дээ. Би бол энийг хэн нэгэн шинжлэх ухааны үүднээс, хүмүүст ойлгуулж, хүргээсэй гэсэн үйлийн үрийн зохицуулалтаар ажиллаж байгаа байх. Би тэр программ дотор л ажиллаж яваа.

-Гэхдээ нэг зүйлийг асуухад би заавал бясалгахгүйгээр сайхан сэтгэлтэй байж, бодь мөрийг эрхэмлэж болно биз дээ?
-Зарчмын хувьд тийм. Гэхдээ хүн чинь аливаа юманд ханадаггүй амьтан шүү дээ. Сайн ч утгаар, муу ч утгаар. Тэгэхээр зүгээр л зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж явж байхаар нэг шат ахия даа байз гээд илүү хүчтэй арга хэрэгслийг сонирхож эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө зөв энергийг улам хүчтэй болгох, танин мэдэхүйгээ тэлэх гэх мэтээр дараа дараагийнхаа шат руу ордог. Түүнтэй л адил.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа

Ярилцсан О.Ариунбилэг
 мэдээллийн эх сурвалж: news.gogo.mn

Thursday, December 23, 2010

Г.Аюурзана: Хог шороогоор шуурсан, машин бөглөрсөн хотын амьдрал дунд ч даяанчлах боломж бий

-Ярилцлага авахаар холбогдоход та “ёстой завгүй” гэлээ. Таны амьдралын өдрүүд үргэлж завгүй байсаар өнгөрдөг үү?  
-Хаа нэг газар алба хашдаггүй, аль нэгэн байгууллагад харьяалагддаггүй болохоор хүмүүс намайг завтай хүн гэж боддог байх. Гэвч уран зохиолын зах руу хөлөө дүрээд, нортол нь гишгэчихсэн хүнд завтай, дэл сул амьдрах боломж үгүй дээ. Олж харах ёстой номуудаа унших, бодсон зүйлсээ тэмдэглэж бичихэд ч энэ амьдрал минь хүрэлцэхгүй юм шиг заримдаа санагддаг.

-Та утга зохиолын ажилдаа нэг өдрийн хэдэн хувийг зарцуулдаг вэ?
-Юутай ч, сүүлийн 20 жилийн туршид л лав уран зохиолоос гадуур нэг ч өдрийг өнгөрүүлж үзээгүй шиг санагдана. Мэдээж, хүн л болсон хойно, ахуй амьдралын аахар шаахар асуудалтай тулгарах үе зөндөө л гарна. Гэхдээ л би тэр бүхэнд жинхэнээсээ автдаггүй. Энэ хорвоо дээр ганцхан хоног амьдрах нас үлдлээ гэдгээ мэдэх юм бол, би бушуухан шиг өмнө нь уншаагүй ямар нэг номоо шүүрч авна. Тэр нь уран зохиолын л ном байж таарах байх.

-Яагаад. Ганцхан өдрийг хамгийн хайртай хүмүүс болох гэр бүлийхэнтэйгээ өнгөрөөхгүй гэж үү?

-Ном ч бас миний гэр бүлийн нэгэн гишүүн.

-Энэ жил зуншлага тааруу байх шинжтэй гэх юм. Байгаль дэлхий ийнхүү үзэмж болоод “ааш муутай” байхад таны сэтгэлзүйд хэр нөлөөлж байна. Магадгүй бүтээлийн санаа төрдөг ч юм уу?
-Монгол саяхныг болтол хамгийн сайхан орон байсныг бид цөмөөрөө мэднэ. Одоо мэдэхгүй ээ, амьдрахад хамгийн хэцүү газруудын нэг болох гээд ч байгаа юм шиг. Газар дэлхий бол сүнстэй, оюун ухаантай, амьд амьтан шүү дээ. Хэр баргийн зүйлд өширч хонзон санахааргүй хосгүй уудам сэтгэлтэйдээ л биднийг сэгсрээд хаячихгүй, амгалан хүлцэж байна. Манайхан сүүлийн үед хамаг л хэвлийг нь ярж шархлуулж, судас шөрмөсийг нь хэрчиж таслаад даанч дэндүүлчихлээ. Монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч ийм шунахай, ховдог, байгальд ийм хайр найргүй цэвдэг хандаж байгаагүй. Хавсарга тавьж, хуурайшиж, газрын гарц муу байгаа нь байгалийн буруу биш шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, бид өөрсдөө монгол хүмүүс биш болцгоосон байна.

-Та ийнхүү сэтгэл зовниж байгаагийнхаа хувьд байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлст нэмэр хандиваа оруулсан уу. Жишээ нь мод тарьдаг ч юм уу?
-Нэг талаас нь хэлэх юм бол, миний бичиж байгаа ном бүр хүмүүсийн сэтгэлд ургуулж буй, ургаж буй мод юм. Нөгөө талаас нь хэлэх юм бол, би арваад жилийн өмнө “Цасны роман”-ыхаа өмнө “Говь нутаг дахь элсний нүүдэл, цөлжилтийн эсрэг сэтгэлийн тэмцэл болгов” гэж тодоос тод бичиж, уншигчдадаа сануулга өгөх гэж чармайсныг мэдэх нэг нь мэднэ. Би чаддаг зүйлээрээ л дамжуулж хүмүүст хэлэх юмаа хэлнэ. Эх орон минь сүйрэх нь гээд хүрз бариад гүйхээс илүү үр дүнтэй санаанууд надад бий. Мод тарихын тухайд гэвэл би хүүхэд байхдаа чамгүй олон мод тарьсан. Тэр үед миний үеийнхэн бүгд л мод тарьж байсан даа. Миний нагац ах Жигжидсүрэн гээд агрономич хүн одоо Баянхонгор аймагт амьдардаг. Тэр Байдрагийн голын сав газарт нийт 40 мянган мод тарьсан нь одоо тун сайхан ургаж байгаа. Ганцаархнаа тарьсан юм шүү дээ. Ноднин “Эгэл баатар” гэдэг шагнал бий болж нэгэн эмэгтэй Сэлэнгийн үржил шимтэй хөрсөнд 30 мянган мод тарьсан гээд шалгарч байсан. Миний нагац ах хэнээс ч ямар ч тусламж авалгүйгээр өөрийн чин сэтгэлээрээ улаан говьд бяцхан ой бий болгож чадсанд би бахархаж явдаг. Одоо тэнд хүмүүс очиж амардаг болсон гэнэ лээ.

ХАЙКУГААР ДАМЖУУЛААД ЯРУУ НАЙРГИЙН ЦААД МӨН ЧАНАРЫГ ТЭМТЭРЧ БОЛНО


-Та Дурлалгүй ертөнцийн блюз” зохиолд орсон “Зуслангаас төрсөн хайкуны тэмдэглэл” бүтээлээ үнэхээр гадаад “ертөнцөөс тасран” байж туурвисан уу?
-Тийм ээ, тэнд бичсэн бүхэнд өчүүхэн төдий ч зохиомол юм байхгүй. Тэр жил их бороотой байсан, замгүй газар тул машин явах аргагүй болж, дээр нь нэмээд трансформатор руу аянга бууж, хэд хоног гэрэл цахилгаан ч үгүй яг хоригдсон юм л даа.

-Мөн “Философийн шүлгүүд” хэмээх номдоо та японы хайку маягийн шүлгүүдийг бичсэнээс гадна Б.Явуухулангийн зарим шүлгүүдийг хайку хэлбэрт оруулсан байсан. Ийм шүлэг бичиж үзье гэсэн санаа юунаас үүдэлтэй вэ. Монгол орчинд монгол сэтгэлгээгээр хайку бичигдэх боломжтой юу?

-Микеланжелогоос “Яаж та Давидыг бүтээв ээ?” гэж асуухад “Би бүтээсэн юм биш, илүүц зүйлсийг нь аваад хаячихсан, тэгээд л үлдсэн нь энэ” гэж хариулсан юм гэнэ лээ. Хайку бол яг л “Давид” шиг юм. Ихэнх муу шүлэг хэтэрхий их устай, хэтэрхий олон илүүц мөрүүдтэй, цагаа олж төгсөөгүй, бүр хадуураад явчихсан байдаг. Тэр бүхнийг нь авч хаясаар байтал нэг хайкуны хэрийн юм үлдэж чадвал тэр боломжийн сайн шүлэг. “Хар-Ус нуурын шагшуурга” дотроо тун гоё хайку агуулдаг учраас сайхан шүлэг санагддаг ч байж магадгүй. Ер нь хайкугаар дамжуулаад яруу найргийн цаад мөн чанарыг тэмтэрч болно.

-Хайку гэдэг үг өөрөө ямар утгыг агуулдаг юм бэ?
-Бүүр анхандаа хошин хэлц шүлгийн нэр байсан юм билээ. Харин Башёгоос хойш гүн ухаан, зэнгийн бясалгалаар баяжаад жинхэнэ яруу найргийн түвшинд хүрсэн, өнөөдөр бол аль ч хэлэнд орчуулах шаардлагагүй дэлхий нийтийн үг болжээ.

-Хайку шүлгийг уншихаар байгалийн чимээ, дүрслэл сэтгэлд бууж, түүний цаана хүний амьдралын жам, мөн чанар өгүүлэгддэг юм шиг санагдсан. Яагаад ч юм уншихаар гуниг төрж ганцаардах шиг болдог...

-Тэгэлгүй яахав, жинхэнэ яруу найргийг бий болгодог сэтгэхүйн гүн цаад утга сэтгэлд бууж байгаа нь тэр.

-Шүлгүүдийг тань уншихад намрын улирал, гуниг, өнгөрч буй цаг хугацааны талаар өгүүлсэн байдаг. Энэ бүхнээс харахад та их ганцаарддаг юм шиг санагдсан. Эсвэл гуньсан үедээ” хөнгөрөх” гэж шүлэг бичдэг юм уу?
-Ганцаардана гэдэг уран зохиолын амин сүнс юм. Зохиолч байна гэдэг жүжигчин байхаас, эсвэл сэтгүүлч байхаас эрс өөр. Гав ганцаараа л бүх ертөнцөө бүтээдэг. Тэгээд бичсэн зүйлээрээ дамжуулж л бусадтай ганцаардлаа хуваалцдаг. Ганцаардал гэхээр л уй гуниг гэж ойлгоод хэвшчихсэн шиг байгаа юм. Үнэндээ ганцаардал гэдэг бол гуниг зовлонтой ямар ч хамаагүй мэдрэмж. Хувь хүн хувь чанараа сэрж мэдрэхийн нэр гэж би ойлгодог.

ЭХНЭРИЙН МААНЬ БҮТЭЭЛҮҮД  МИНИЙ ҮНЭЛЭХ ХЭМЖЭЭНЭЭС ХАЛИАД ЯВЧИХСАН БАЙГАА БИЗ


-“Цасны хүн”, “Хэвтрийн хүн” зохиолоос хүн гэдэг ганцхан хэв цутгагдсан бүхэл бүтэн давтагдашгүй ертөнц байдаг учраас бие биенээ хэзээ ч ойлгодоггүй юм байна гэдгийг ухаарсан. Үнэхээр амьдрал хоосон, хүмүүс бие биенээ хэзээ ч ойлгохгүй гэж үү. Яагаад?
-Хүн юмс, үзэгдлийг ойлгох чадвартай боловч харилцан ойлголцох чадваргүй амьтан юм шиг заримдаа надад санагддаг юм. Ойлгох хийгээд ойлголтын тухай орчин үеийн философид херменевтик гээд бүхэл бүтэн шинэ салбар ч бий. Бидний эргэн тойронд гомдол, цөхрөл, хорсол, сөргөлдөөн, мөчөөрхөл дүүрэн байдаг нь ойлголцоогүйнх л юм.

-Та дээрх зохиолынхоо төгсгөлийн “Зохиогч эхнэртэйгээ ярьж байна” гэсэн хэсэгт уг зохиолын дүрийг яаж ч чадалгүй эмгэнэлтэйгээр төгсгөчихлөө, хүмүүс бие биенээ хэзээ ч ойлгодоггүй талаар харамсан ярьдаг. Үнэхээр зарим зохиолоо бичиж байхад өөрийн төсөөлснөөс өөр төгсгөл, үйл явдал яалт ч үгүй өрнөх тохиолдол гардаг уу?
-Гардаг юм аа. Сая “Бөөгийн домог” гарсны дараа нэг найз маань утасдаад “Чи тэр бөөг хэтэрхий хурдан үхүүлчихлээ. Жаахан амьд байлгах байсан юм” гэж хэлсэн. Хөөрхий, амьсгалж чадахгүй бүгчимдээд шөнөжин гадаа суудаг түүнийг би энд бариад байх нь утгагүй байсан юм. Тэгээд ч намайг Тэнгистэй хамт гэрт ороод дугхийх зуур л өөрөө хорвоогоос явчихсан байсан.

-Таны номын редактораар таны эхнэр, зохиолч Л.Өлзийтөгс ажилласан байдаг. Мөн зарим номоо эхнэртээ зориулсан нь харагддаг. “Зовлон нэгтэй”-н хувьд эхнэрээ зохиолчийнх нь хувьд хэр үнэлдэг вэ?

-Жаргал нэгтэйн хувьд уу. Ямар ч байсан Өлзийгийн зохиолоос гадаадад нэлээд хэвлэгдсэн. Тухайн тохиолдол бүрт хэвлэсэн сэтгүүлийн газруудаас нь номыг нь бүтнээр нь хэвлэх санал тавьсан юм даг. Тэгэхээр миний үнэлэх хэмжээнээс халиад явчихсан байгаа биз. Турк, Испани, Польш, Голландаас санал ирсэн ч харамсалтай нь, бидэнд орчуулагч олдохгүй байна. Өнөөдөр манайд утга зохиолын бэлтгэгдсэн орчуулагч алга даа.

БИ ӨӨРИЙНХӨӨ НОМУУДЫГ ЯМАР Ч ОРНЫ ЯМАР Ч МУНДАГ ЗОХИОЛЧИД ҮЗҮҮЛЭХЭД НҮҮР УЛАЙХААРГҮЙ ГЭДГИЙГ МЭДНЭ

-“2x2=6 буюу суут жаран сэтгэгч”, “Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил” зэрэг олон орчуулгын номыг тань хүмүүс мэднэ. Та орчуулагч уу аль эсвэл зохиолч уу?
-Наад хоёр номыг чинь хоёуланг нь би олон янзын эх сурвалж цуглуулж, судалж, харьцуулж, өөрөө түүж сонгож байгаад, өөртөө таалагддаг сэтгэгчид, зохиолчдыг голлон барьж бичсэн юм. Баруунд иймэрхүү номыг non-fiction writing гэдэг. Бас Монтэнийн эссэнүүд, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Фолкнерын “Өвгөд”, Борхэсийн “Хоёр хаан, хоёр хонгил” гээд цэвэр уран зохиолын орчуулга ч нэлээд хийсэн. Зохиолч хүн орчуулга хийх нь хэвийн, түгээмэл, зүй ёсны хэрэг. Жишээ нь чи Мураками гэдэг япон зохиолчийн тухай сонссон байх. Өнөөдрийн хамгийн алдартай романч. Тэр хүн Сэлинжер, Карвэр гээд л 20 гаруй номыг англиас япон руу орчуулсан байдаг. Набоков л гэхэд “Евгений Онегин”-ийг англи руу төгс орчуулсан гэж тооцогддог. Пушкин, Нацагдорж, Пауль Целан гээд л бүгд орчуулга хийдэг байсан шүү дээ. Чиний асуултын тухайд гэвэл би орчуулагч ч мөн, зохиолч ч мөн.

-Таныг зарим хүн зохиолч гэхээсээ илүүтэй орчуулагч гэж үздэг юм билээ. Тэр ч бүү хэл бичсэн зохиолыг тань үгүйсгэж гадны зохиолоос хуулсан мэтээр ярьж байхыг сонссон.
-Зарим хүн гэдэг нь хэн юм бол. “Аюурзана тэндээс ингээд ингээд хуулчихаж” гээд баримттай нотолгоотой бичээд, нэр овгоо доор нь тавьчихсан нэг ч хүнийг би мэдэхгүй. Яагаад ч юм нууцхан өширхөөд, элдэв гүтгэлэг тараагаад явдаг ердөө таван л хүн бий. Өөрсдөө нэг ном байтугай нэг өгүүллэг ч орчуулж үзээгүй, орчуулж чадах ч үгүй, ганц роман бичиж үзээгүй тийм л нөхдийн тараадаг яриа. Манай уран зохиолынхон маш залхуу, бүтээлч биш. Учраа олохоо больчихсон, юу бичихээ ч мэдэхээ байчихсан олон хүнийг би мэднэ. Тийм хүмүүс намайг ойр ойрхон ном гаргаад байхаар их л сэжиглэнгүй ханддаг юм. “Энэ яагаад ийм хурдан дараагийн номоо гаргачихав, яг л нэг газраас хуссан байж таарна” гэж боддог шиг байгаа юм. Би олон оронд, уран зохиолын арга хэмжээн дээр шүлэг болон зохиолоосоо уншиж, орчуулгын workshop-д хэлэлцүүлж байсан. Хууллаа гэхэд дор нь л баригдана ш дээ. Зарим хүн мэдээжийн юмыг олж хардаггүй, элдэв ярианд дүгнэлт хийх чадваргүй байдаг. Ер нь тэгээд маш тодорхой зүйлийг олж харж чадахгүй байна аа гэдэг бол боловсрол муутай нь л холбоотой.

-Ахмад зохиолчдынхоо хийсэнд сэтгэл дундуур байж, шүүмжлэл тэй ханддагт зарим зохиолч, шүүмжлэгчид дургүй байдаг юм билээ?
-Хийсэн зүйлд нь би сэтгэл дундуур байдаг юм биш ээ. Харин юу ч хийгээгүйд нь л гонсойж явдаг.

-Тэгвэл та өөрийгөө хэр зохиолч гэж үнэлэх үү?

-Хэрэв би өөрийгөө авьяасгүй, тааруухан зохиолч гэж боддог байсан бол, хэзээ ч бичсэн зүйлээ хэвлүүлэхгүй байсан. Эсвэл, муу зохиолчдыг муу зохиолч гэж огт хэлэхгүй, авьяасгүй мөртлөө зальхай амьтад уран зохиолыг гутааж завшаан хайж яваад нь дургүйцэхгүй, ердийн арилжааны юмс биччихээд түүнийгээ үхэн хатан рекламдаж, бүх хүний аргыг олох гэж гүйх байсан. Тэгээд чадалтай чадалгүй үй олон найзын дунд хөвж явах байсан биз. Ер нь манай ихэнх зохиолч өөрийгөө худлаа ч хамаагүй магтуулахын тулд л, үгүй ядахнаа шүүмжлүүлчихгүйн тулд бусадтай гэмгүй явахыг оролддог. Надад бол тэгэх шаардлага байхгүй. Би өөрийнхөө номуудыг ямар ч орны ямар ч мундаг зохиолчид үзүүлэхэд нүүр улайхааргүй гэдгийг мэднэ.

-Үлгэр жишээ авч хамгийн ихээр шүтэн биширдэг ямар зохиолч байдаг вэ. Хэзээ ч уншаад уйдамгүй зохиол гэвэл?

-Монтэнь, Фолкнер, Борхэс гээд зөндөө дөө. Гайхамшигтай, уншсаар байгаад бүр дотно нөхөд шиг санагдах болчихсон яруу найрагчид ч байна. Ер нь би шүлэг уншихаас хэзээ ч уйддаггүй. Хэзээ ч дахин уншихад бэлэн ном бол Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд”. Би заримдаа өөрийгөө хамгийн их аз жаргалтай байгаагаар төсөөлөхдөө зуслангийнхаа байшинд гал түлчихээд, дээл нөмрөөд, Прүстийг уншихаас өөр ажилгүй хүн болчихлоо гэж мөрөөддөг.

-Таны өөрийн бичсэн зохиол бүтээлээс хамгийн сайн болсон хэмээн олзуурхаж “тоодог” нь?

-Шүлгүүддээ хамгийн их хайртай. “Амь тавьж буй шувууны далавч”-ийн зарим хэсэг, бас “Арван зүүдний өр” их гайгүй болсон санагддаг. Сая гарсан “Бөөгийн домог” романаа сайн боллоо гэж бодож байна.

-“Арван зүүдний өр” содон шийдэлтэй, сонирхолтой зохиол шиг санагдсан. Тэрхүү зохиолд гардаг баатар шиг энэ номоо арай зүүднээсээ сэдэвлэж бичсэн юм биш биз дээ. Зарим суутан агуу бүтээлээ зүүдэндээ харсан гэлцдэг.  
-Хачин этгээд гар бичмэлийн төлөө миний баатрын төлсөн тэр арван зүүд бол арвуулаа надад жинхэнээсээ зүүдлэгдсэн. Тэр номын тухай Петербургт эрдэм шинжилгээний хурал зохиогдсоны дараа орчуулаач гэж тэндхийн нэг судлаач санал тавьсан юм. Тэгээд би өөрөө орчуулж, зарим бүлгийг нь найз Чинбаяртаа даалгаж, дараа нь надтай Горькийд хамт сурч байсан найз Андрей маань редакторласан. Одоо хэвлэгдэж байгаа. Хэвлэх гэж байгаа хүн нь над руу утасдаад “Энэ зүүднүүдийг яаж зохиосон юм бэ?” гэж асуухад нь би “Зүгээр л надад өөрт зүүдлэгдсэн юм” гэж үнэнээ л хэлсэн.

УРАН ЗОХИОЛЫН ИЙМ ХИЧЭЭЛ ОРСНООС ОРООГҮЙ НЬ ШУЛУУН ЮМ БАЙНА ГЭСЭН БОДОЛТОЙ ҮЛДСЭН


-Сүүлийн үед ном бичдэг, туурвидаг нь харьцангуй олширч. Номын дэлгүүрүүдээр ч дүүрэн ном. Гэтэл утга зохиол гэхээсээ илүүтэй “яаж баян болох вэ”, “амжилтанд хүрэх нууц” гэх мэт орчуулгын номууд бэстселлер болчихсон байдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ном гэдэг бол үдээд наачихсан, хавтаслачихсан, нэг л төрлийн хэвлэлийн бүтээгдэхүүн. Зарим нь номыг хэвлэж мөнгө олдог, зарим нь зарж мөнгө олдог. Яг л хувцас оёдог, машин үйлдвэрлэдэг шиг үйл ажиллагаа. Номыг уран зохиол гэж хардаг хүмүүс бизнес гэж хардгаасаа хавьгүй цөөхөн. Харин би хувьдаа ном гэдэг үгийг уран зохиол, философи, танин мэдэхүй гээд ойлгоод хэвшчихсэн болохоор, тиймэрхүү мөнгө олох зорилгоор хийгддэг хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг ерөөсөө ном гэж үздэггүй. Хэн толь бичиг уншиж байна, хэн шар сэтгүүлийн роман уншиж байна, хэний зохиосон хэвлэмэл бүтээгдэхүүн галзуу сайн зарагдаж байна, надад ер хамаагүй. Надад хамаатай зүйл бол миний бичсэнийг зарим хүн уншдаг, тэдэнд би дараагийн удаад илүү сайн уран зохиол уншуулахын төлөө л амьдарч яваа хүн гэдгээ мартахгүй байх явдал.

-Дунд сургуулийн хичээлийн программд “Чойбалсангийн ойд зориулсан магтаал” ч бил үү тиймэрхүү шүлэг, зохиол ягштал цээжлүүлж уншуулдаг байсан санагдана. Хүүхдийн толгой хогийн сав биш учраас магадгүй энэ тал дээр анхаарч “цэвэрлэгээ” хийх цаг болсон юм шиг...

-“Чойбалсангийн ойн ерөөл” байлгүй дээ. Өнөөдөр ч гэсэн түүнээс нэг их илүү түвшинд гарчихсан дунд сургуулийн сурах бичиг байхгүй л юм билээ. Уржнан утга зохиолын хичээлийг сургалтаас хасах гэлээ гээд баахан зохиолч эсэргүүцэл гаргаж, би сайдад өргөх бичгийг нь ноороглосон юм даг. Тэгээд дараа нь хүүхдийнхээ уран зохиолын сурах бичгийг зориуд үзсэн. Бүр гутраад, ийм хичээл орсноос ороогүй нь шулуун юм байна гэсэн бодолтой үлдсэн.

-Та зарим зохиолоо хүний амьдралын утга учрыг ойлгуулах зорилготой бичдэг үү?
-Уран зохиолд хэн нэгнийг сэнхрүүлэх шаардлага, хаа нэг тийш уриалан дагуулах зорилго байх ёсгүй юм. Ер нь ямарваа зорилго гэдэг бол уран зохиолын өргөн утгад тэнцэхээргүй, хэтэрхий прагматик ойлголт л доо. Номлолын, ухуулгын зохиолууд, эсвэл амьдралд мөрдлөг болгох тунхагийг хүмүүст түгээхийн төлөө бичигдсэн номууд байдаг. Анхнаасаа нэг том санаа дэвшүүлчихээд, түүнээ сурталчлан дэлгэрүүлье гэж зориод зохиол бичдэг хүмүүс ч байдаг. Тухайлбал, Эйн Ранд гээд ХХ зуунд хамгийн сайн зарагдсан романуудтай, үзэл санааны тунхагч эмэгтэй бий. Гэлээ ч уран зохиолын түүхэнд нэр нь дурдагддаггүй.

ХОТЫН АМЬДРАЛ ДУНД Ч ДАЯАНЧЛАХ БОЛОМЖ БИЙ




-Түүнээс гадна буддын шашны салаа мөчир болсон Зэн буддизмын тухай өгүүлсэн номыг тань уншсан. Энэ номоос хэн ч гэгээрэлд хүрэх боломжтой бөгөөд коан гэх логикт баригдаагүй утгыг сэтгэлдээ тунгааснаар гэнэт гэгээрэлд хүрдэг гэж ойлгосон. Та өөрийн амьдралдаа зэнг нэвтрүүлж гэгээрсэн үү. Гэгээрэл хүнийг юунд хөтлөх вэ?    
-Ямар ч хүнд агшин зуурын гэгээрэл ирдэг. Гэнэтхэн юунд ч адгахаа больж, хүмүүст чин сэтгэлээсээ найр тавьж, бусдын төлөө ямар нэгэн сайхан зүйл хиймээр санагддаг, огт танихгүй хэн нэгнийг энэрэн хайрлах, өөдгүй амьтдыг ч гэлээ ойлгож уучлах сэтгэл төрөх, тийм байдалд бид цөмөөрөө л ордог. Амьдралыг түр зуур ч болохноо жигтэйхэн уудам саруулаар харж, “Амьдрал ийм амархан, бас ер бусын сайхан юм байна шүү дээ” гэж бодогдоод, сэтгэл уужраад, ирээдүй өөдрөг сайхнаар төсөөлөгддөг. Ийм үе таарч байгаа маань гэгээрэл юм. Даанч гэнэтхэн хажуунаас нэг сагсуу жолооч дайрчих шахаад нөгөө сайхан бодлыг маань хийсгэчихдэг. Тэгээд бид хараагаад хоцордог. Дараа нь өдөржингөө сэтгэл бухимдуу явна. Ийм болохоор л эртний лам нар олноос дайжиж, аглагт даяан хийдэг байсан болов уу.

-Та даяан хийе гэж боддог уу?
-Би бясалгал хийж, автаж үзсэн. Ширэндэвийн удирддаг “Випашяна” төвийн бясалгалаас амссан мэдрэмжийнхээ эрч хүчээр “Цуурайнаас төрөгсөд” романыг бичсэн. Ер нь амьдралын сайхан нь өөр рүүгээ гүнзгий нэвтэрч, бусадтай хутгалдахгүй байхад л илүү тод мэдрэгддэгийг би бясалгалаар батжуулан ойлгож авсан. За, тэгээд хог шороогоор шуурсан, машин бөглөрсөн хотын амьдрал дунд ч даяанчлах боломж бий. Сайхан ном унших бол нэг ёсны даяанчлал юм даа. Эндхийнхээс эрс өөр ертөнцөд яваад оччих хамгийн амархан боломж бол миний мэдэхээр энэ хоёр зам л байна.

-Та хэр шүтлэгтэй вэ?
-Огт шүтлэггүй биш л дээ, гэхдээ бурханд мөргөөд, лам залаад явдаггүй. Жилийн засал масал ч гэж хийлгэдэггүй. Баргийн лам, хэрийн бөөд итгэдэггүй. Зүгээр л Монгол хүний ёсоор тэнгэртээ сүсэлж, өвгөд дээдсийн маань сүнс сүлд намайг харж байгаа хэмээн найдаж, бүх зүйл цаанаа утга учиртай гэж боддог. Уул овоонд дотроо сүсэлж залбирдаг, гэхдээ хариуд нь ямар нэгэн юм горилж хүлээдэггүй.

“БӨӨГИЙН ДОМОГ”-ИЙН ГОЛ ДҮР БОДИТ ХҮН

-Саяхан “Бөөгийн домог” хэмээн романаа гаргасан. Ном бүтсэн түүхээсээ сонирхуулахгүй юу?
-Байгал нуурын Ольхон гэж арал бий. Тэнд анх очоод л би газрын эрчим хүч гэж үнэхээр байдаг юм байна аа гэдгийг биеэрээ мэдэрсэн. Нэг л ер бусын, гойд үзэсгэлэнтэй тэр газар эсэн бусын хачин зүүд зүүдлэгддэг юм. Ганцхан надад л тэгж нөлөөлсөн үү гэвэл үгүй юм билээ. Би бүр нэг хэсэг Ольхон арлаар өвчилж, нэг америк найзыгаа хүртэл уруу татан дагуулж явсан удаатай. Одоо Нью-Йоркт байгаа тэр америк зохиолч тэнд оччихоод, сэтгэл нь хөөрч, Байгалын мөсөн дээр хэвтчихээд “Би эндээс явахгүй, үүрд үлдэнэ” гээд бүр од түгтэл босоогүй шүү. Тийм л шидтэй нутаг байгаа юм. Арал дээр Бурхан хад гэж домогт газар бий. Дэргэд нь очиход бас л гайхалтай сэтгэгдэл төрдөг. Түүнийг зохиолынхоо үйл явдлын төв болгож бичихээр шийдээд л, баримт цуглуулж эхэлсэн дээ. Ямар нэгэн хувь ерөөлөөр ч юм уу, би оюутан байхаасаа л буриад дуу, буриад хэл аялга сонирхдог байсан юм. Тийм болохоор буриад бөө нартай хэл нэвтрэлцэхэд амархан, бас сонирхолтой байсан.

-Зохиолд гарч буй буриад бөө бодит хүн үү?

-Тэр бол бодит хүн, миний сэтгэлдээ төсөөлж бодсон бөө хоёрын холимог юм. Уг нь бөө бол зохиомол домог биш, шоу биш, бодит гайхамшиг шүү дээ. Хүн эмчилдэг, зэрэгцээ далд ертөнцүүд рүү нэвтэрдэгийг нь үгүйсгэлээ гэхэд, ард түмнийхээ хэл соёлын анхдагч сэтгэлгээг дамжуулан хадгалагч гэдэг утгаараа оюун санааны онцгой үзэгдэл. Жинхэнэ бөөгийн бүх гайхамшиг бие махбодийн бус, оюун санааны ертөнцөд л өрнөдөг. Тиймээс мод руу нисч гардаг, гал долоодог энэ тэр чинь бөөгийн увдис биш, зүгээр л илбэ, жүжиг. Увдис нь далд ухамсрын түвшинд л илэрдэг. Гэхдээ гайхамшиг гэдэг олдошгүй ховор л байдаг шүү дээ. Монголд одоо шавийнх нь тоо зуу хүрчихсэн бөө нар ч байна гэсэн. Жинхэнэ бөө бол зуугаар биш, арваар биш, ганц хоёроор л тоологдоно. Яг л жинхэнэ яруу найрагч зуугаар биш, арваар биш, ганц хоёроор л тоологддог шиг.

-Тэгвэл жинхэнэ бөө, хуурамч бөөг хэрхэн ялгах уу?

-Их амархан. Жинхэнэ нь огт шуналгүй, хүнийг дарамталж айлган мөнгө салгах гэж улайрахгүй, өч төчнөөн шавь бараа бологч дагуулахгүй, онгодтой холбогдоогүй байж холбогдсон царайлж худлаа жүжиглэхгүй, олны нүдэн дээр биш ганцаархнаа юм уу эсвэл зөвхөн ойрын хүрээнийхэн дотроо л онгодоо дууддаг. Нартын орон, онгодын ертөнц хоёрын ялгааг мэддэг тул өөрийгөө барагтай л бол зарладаггүй. Бөө байх нь тэр хүний л ертөнц болохоос бусдад хамаатай явдал огт биш. Гэхдээ энэ бүхнийг би яриад энд багтахгүй. “Бөөгийн домог” номыг минь уншаад үзсэн хүн миний юу хэлэх гэснийг аяндаа ойлгох болов уу.

-Одоо ямар бүтээл уншигчдын гар дээр очих бол?

-Монголчуудад хэрэгтэй, уншууртай, үлдэцтэй ном болчихоор, нэлээд том ажил дээр шамдуу сууж байна. Олон жилийн өмнө эхлүүлсэн ном л доо. Намраас хэвлэгдэхээр нь эргээд танай уншигчидтай уулзъя.
 
Ярилцсан: Г.Одгарав
мэдээлийн эх сурвалж: NEWS.GOGO.MN

Friday, December 17, 2010

загалмайлсан эцгүүд

Загалмайлсан эцгүүд, Загалмайлсан эцгүүд,
Зүрх нь гэр бүл, гэр бүл гэж цохилдог...



МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖ, НЯМБУУГИЙН НЯМДОРЖ, ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР.... Монгол уран зохиолын үе цаг бүхэн өөр өөрсдийн үлгэрлэн дууриах, хүндлэн дагах, бишрэн шүтэх, хайрлан өмгөөлөх загалмайлсан эцгүүдтэй байжээ.  Тийм нэг загалмайлсан эцгүүдийн нэг нь миний багш ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ




яруу найрагч нямбуугийн нямдорж багшдаа
зориулсан шүлгээс


Өвөл мэт саран. Хавар мэт салхин. Зуны үдэш
Өмнө минь сонгодог яруу найрагч.
Өмнө минь жүнзэнд хүйтэн дарсны мэлмий.
Өөрөө би яруу найрагчийн өмнө үл таних хөвгүүн
Намар мэт од. Өвөл мэт саран. зуны үдэш.
Найрагчдын зургийг Ван Гог зурсан мэт
Багш минь намайг олсон. Багшаа би олсон.
Бидэн хувь заяаныхаа зургаар уулзсан
Найрагч  хүзүүн дэх уруулын будгийг арчихад
Нүгэлээс хагацсан мэт ухаан минь сэргэлээ
Батюшковын унагсан ваарнаас цэцэг дэлгэрэх зун
Бид хоёр хөтлөлцөн нэг тийшээ явлаа
Горхны ус шиг тунгалаг хүмүүс
Гаднаас маань хараад аав хүү гэж нэрлэжээ
Лондонгоор тэнэх Верлен, Рембогийн хөрөг
Яагаад биднийхтэй ийм адилхан байгаа юм болоо

                                                


















  О.Дашбалбарт


Эхний бодол
Ямар ч онгироо юм бэ
Дунд vеийн бодол
Яг миний хайж байсан хvн юм
Дунд vеийн «дунд» vеийн бодол
Яаж ингэж бичиж байна аа.
Дундын төгсгөл vеийн бодол
Яах аргагvй vнэн vг хэллээ дээ
Төгсгөл vеийн бодол
Ядрангуй царайтай харагдах чинь
Төгсгөл vеийн дараах бодол
Ялагдашгvй хvнтэй нэг vед амьдарч байна даа
Төгсгөл
Яруу найрагч шиг «омог бардам» амьдарсан даа
Эцсийн бодол
Ямар их сvр хvч агуулна вэ?
Yхэл нь хvртэл «омог бардам» байлаа.

                                                          














МОМО багшдаа зориулав

хэн нэгэн танил нь талийгаач болоход
хэрэг болгож булшны нүхийг нь ухаж өгдөг
буянтай нэгэн хижээл эрийн
бүрх малгайны гандмал өнгөтэй
гайхалтайгаар зохицсон оршуулгын газрын
бор шорооны нүдэнд үл үзэгдэх нарийн
ширхэгүүд шиг дараах хаврын бороон дуслууд,
дэлгэгдэх номын хуудас мэт
тэнд бичигдсэн шүлгүүдийн
яруу сайханыг бахдан хэлэлцэх
бидний ариун нөхөрлөл адил Сөүлийн гудамд
ургасан бут сөөгний гэрэлтэх биеийг
зөөлөн уруулаараа илбэн таалах дараа хаврын
бороон дуслуудын бүлцийтэл усалсан чулуун сандал
дээр багш бид хоёр тамхи татан суух минь
дэлгэгдэх номын хуудсанд бичигдсэн яруу
сайхан шүлгийн цэг тависан төгсгөл мэт

                                                                

Tuesday, December 14, 2010

Их хот





 









Энд чи хэн ч биш
Энгийн л нэг хүн. Гэвч
Хүн гэдэг үгний үнэ цэнэ унаж
Хорхой шоргоолж нохойтой дүйцхүйц болсон
Энэ газар чи хэн ч биш
Чи хэн ч биш
Чиний нэрийг хэн гэдэг
Чиний юу хийж бүтээсэн
Чиний юунд дуртай хайртай
Чиний юунд дургүй хайргүй
Чиний үндсэрхэг үзэлтэй эсэх
Энд хэнд ч хамаагүй
Эндхийн хүмүүс хиймэл
Зарим нь төмрөөр
Зарим нь эрзийнээр
Зарим нь хуванцраар хийгдсэн
Инээднийхээ цаана төрхөө нууцгаадаг
Эндэхийн хүмүүс үе үе галзуурдаг
Тэд галзуурхаараа буугаа бариад л
Тааралдсан бүхнийг хөнөөчихдөг. Чи мэднэ дээ.
Эцэст нь чи хүн мөн
Гэвч үнэ цэнэгүй
Тэгээд яах вэ?
Зориг байвал амиа хорлолдоо
Тэгэлээ гээд
Түмэн шоргоолжноос нэг нь үхэх
Хэнд ч хамаагүй
Үхээд ч үнэ цэнэгүй
Үлдэнэ.
Үүнд л аймшиг нь байна.
Их хотын.
                   
           

 

Friday, December 10, 2010

Sunday, December 5, 2010

Намар цаг











  

  хонгор намрын гэрэлт уйтгар 
 чамайг санах сэтгэлтэй минь тэнцүү



Тэнгэр үнэртсэн нойтон солонго мэт
Тийм үзэсгэлэнт, тийм хуурамч
Тэнэгхэн минь. Сицили маягийн
Гунигтай дуу аялдаг байсан
Намуухан уйтгарт хоолойг чинь
Догдлон дурсах - намар цаг…

Thursday, December 2, 2010

Жүржийн бут

Ягааран харагдах жүржийн бут минь
Яагаад заримдаа надад ийм уйтгартай байна вэ?
Ягааран харагдах жүржийн бут минь
Ялаанууд, шумуулнууд өвөл хаачдаг вэ?
Ногоорон харагдах жүржийн бут минь
Номнууд, ширээнүүд унтаж байхад
Однууд яагаад түгдэггүй юм бэ?
Ногоорон харагдах жүржийн бут минь
Өчигдөрт миний зарим хэсэг үлдсэн гэж
/ Аз жаргал бас хэсэгхэн уйтгар / ээж хэлсэн
Энэ үгэнд би итгэж байна