Monday, November 8, 2010

Шийдвэрлэх тулааны өмнөх нам гүм хийгээд "Шинэ үнэр" бүлгийн Улам-Оргих гэж хэн бэ?

Оршил.

Шийдвэрлэх тулаан хараахан эхлээгүй байна. Тийм учраас хаа сайгүй нам гүм ноёлно. Гэхдээ –ОДООХОНДОО… Ертөнцийн жам, орчлонгийн хууль тогтоолоор дандаа ийм ажин түжин байдал мөнхөд үргэлжлэхгүй. Нэг л гэрэлтэй өдөр “тулаан” эхэлнэ. Шударга үнэн хийгээд жам ёсны тулаан байх болно. Дүр үзүүлэх, цээж хаялах, атаархан мунхаглах, авьяастайгаа хорлохыг хүсэх, авьяасгүйдээ тэчъяадах гэсэн “хачин“ юмнуудын эсрэг ноён цаг хугацаа тулалдаанд босох болно. Тэр цагт “хэн нь хэн бэ?” гэдгийг хүссэн хүсээгүй хар цагаанаар нь ялгах учраас тэр цагийг тэсэн ядан хүлээгчид одоо манай уран зохиолд цөөнгүй болжээ. Тэдний ихэнх нь дөнгөж 20 шүргэж яваа залуус гэж бодохоор сэтгэлд нэг таатай. Тийм залуусын нэг нь Улам-Оргих.

Нэг.

“Шинэ үнэр” бүлгийнхэн үнэхээр “шинэ” яруу найраг бүтээхийг хүсэж байна. Аман яруу найргийн уламжлалт хэлбэрүүдээс зайлсхийж, өвөрмөц сэтгэлгээ, хэлбэршлийг чухалчилж, уран чамин үгээр мөр толгой холбодог хөнгөн зугаацлын “гэнэн” яруу найргаас татгалзсан нэн шинэ үеийнхэн. Юуны өмнө амьдралын төсөөллүүд нь цоо шинэ. Ялимгүй “гуниглуун” байдал нь ч цоо шинэ. Яруу найргийн зүйрлэл энэ тэр нь одооны хэллэгээр “янзын” өөр. Рок хөгжим сонсцгоодог. Их дээд сургуулийн их бага багш нараар хичээл заалгаж, мэдлэг боловсролтой, мөн ”дээд боловсролын улаан, ногоон, цэнхэр хавтастай” болохоор суралцацгааж яваа гудманд тааралдвал хэнд ч анзаарахааргүй эгэл жирийн, энгийн даруу ч бас болоогүй “Шинэ үнэр” нэртэй монголын утга зохиолын хамгийн отгон бүлгийн гишүүд. Үнэхээр “олны дундаас онцгой“ гэдэг шиг тэдний дотор нэг сайхан юм ”өнхөрч” яваа. Түүнийг нь “ЯРУУ НАЙРАГ” гэдэг юм. Сэтгэлдээ тийм сайхан юм өнхрүүлсэн залуусын нэг нь мэдээж Улам-Оргих.

Хоёр.

Оюун санааны эрх чөлөөт байдал мандтугай. Өөр юуг яаж ч мандуулсан түүний дайны үнэ цэнэтэй байж чадахгүй. В.Хлебниковын “элэг зүрх рүү минь цэцэг шидлэсээр, эрх чөлөө минь чи нүцгэн ирлээ” гэдэг шүлэг шиг оюун санааны хил хязгааргүй эрх чөлөөт байдал бүхий “эрэлхийллийн шүлгүүд” ёстой өмнөөс цэцэг шидлэх болно. Тэр л цэцгүүдийг –ОДООХОНДОО… авьяастай гэж тодорхойлоход хангалттай. Харин өөр томоохон дүгнэлтэнд арай л хөнгөдөж мэднэ. Мөн “бусдаас өөр” байна гэдэг ганцхан хүчтэй бодлоор яруу найраг бүтээх дэндүү эрсдэлтэй зүйл. Байгаль хэдийгээр зарим хүнд эрчим хүч, энергээ нэг их гар татаад байдаггүй ч бас дандаа хүссэн зоргоор нь өгөөд байдаггүйг санаж зөв мөн чанарт түүнийгээ зөв зарцуулж явах нь ухаантай, бодолтой, боловсролтой яруу найрагчдын баримталдаг сүүлийн үеийн “супер” зарчим гэдгийг ухаарах чадалтай залуус манай уран зохиолын ертөнцөд төрцгөөж байна. Тэдний нэг нь мэдээж Улам-Оргих.

Гурав.

ХХ зууны Монгол бол хотжилт. Хэн ч эсэргүүцэж маргахааргүй үнэн. Нэг үгээр нүүдэлчдийн соёл иргэншлийн цор ганцхан хамгийн том өрсөлдөгч нь бүр дэргэд буусан гэсэн үг. Нөгөө талаар нүүдэлчин Монголчуудын нэг үе хот босгож, тэдний үр хүүхдүүд тэнд нь өсөцгөөв. Тиймээс уртын дуу, морин хуур, адууны салхитай юу, юуны салхитай адуу зэрэг огтоос сонирхолгүй, онц шаардлагагүй нэг “хэсэг” бий болов. Харин ч суурин иргэншлийн сэтгэлгээний суурьтай, / гэхдээ 100 хувь биш, яагаад гэвэл Монгол гэдэг чинь Монгол болохоор / тийм нэгэн өөр үеийнхэн өнөөгийн монголын уран зохиолд хүрээгээ тэлсээр, өөрсдийн ондоошлийг зарлан тунхаглах алхмуудаа хийцгээж байна. Зүгээр нэг хаалга, цонх, гудамж талбай н шүлэг бичсэн төдийд ойлгож байсан “мунхаг” үе ч нэгэнт уран зохиолын түүхээс арчигдаж, шинэ эрин зуунтай хамт жинхэнэ өөр ертөнц, өөр сэтгэлгээний цаг үе морилон ирж байна. Тийм өөр ахуй, өөр сэрэл мэдрэмж бүхий залуусын нэгэн төлөөлөл гарцаагүй Улам-Оргих.

Дөрөв.

Адармаатай цаг үед адармаатай хүмүүс олноор төрөн гардаг. Чухам юугаараа адармаатай болохыг илэрхийлэх ганцхан үзүүлэлт бол “амьдралыг оношлохуй” юм. Түүнийг юутай ч зүйрлэж, адилтгаж магадгүй. Юу ч гэж “доош нь хийж” бас ”дээш татаж” болзошгүй. Угтаа бол амьдралд ойр бичих, амьдралтай хэт зууралдах уран зохиолд буруу хандлага л даа? Гэвч бас түүнгүй бол уран зохиол яаж төсөөлөгдөхгүй байдагт л хамаг нууц нь байгаа юм. Их л багаасаа амьдралыг оношлох хүсэлд бүрэн автсан цөөнгүй залуус, өөр дотроосоо амьдралын түгээмэл эмгэгийг илрүүлж, яруу найргаар түүнийгээ эмнэхийг хүсэвч ихэвчлин сэдрээж орхиод байгаа нь уран зохиолын ертөнцөд шинэ юм биш бас хуучин ч юм биш. Дээхэн үед “бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ” хэмээн хөвсөлзөж явсан насанд энэ гэгээн өвчин биднийг ч бас дайрсан юмдаг. Одоо ч сайн эдгээгүй бөгөөд эцэст нь муугүй олон залууд халдварласан нь он жил улирах тусам илүү ихээр анзаарагдана. Ийм л хачин гаргалаатай шүлэг ихээр бичих шинж тэмдэгтэй “амьдралыг оношлох” өвчтэй, залуусын нэг бол Улам-Оргих.

Тав.

“Хөх мэдрэхүйн” Б. Баясгалангийн орчуулгаар Хулио Кортасарын хэлсэн үгийг ишлэл болгон авч байна. “Уран зохиолын өв санг эвдэлж сүйтгэж чадахгүй бол ямар сайн зохиолч байх вэ дээ. Харин бидний хувьд.., тэрхүү эвдэн сүйрүүлэх ажиллагаанд чадах чинээгээрээ туслахгүй юм бол бидний сайн нь бас юундаа байх вэ дээ...” Сүүлийн үед энэ үг бидний дотроос гижигдээд байгаа юм. Тэрхүү эвдэн сүйтгэх үйл ажиллагаанд нь чадах чинээгээрээ туслах хүсэл бас дотроос буцлаад жаазлагдаагүй хэвшмэл бус сэтгэлгээний “орон зай”-д тэмүүлсэн, уран зохиолыг даруйхан хийгээд дориухан шинэчлэх хүсэл “эрмэлзэл” бүхнийг талархан дэмжих санааг 1990-ээд оныхон гэх цөөнгүй зохиолч, яруу найрагчид агуулах агуулах болжээ. Тэр уужим бодол санаатай хэсгийн анхааралд өртөж, хүлээн зөвшөөрч, сонирхол тааллыг татаж байгаа цөөнгүй залуусын нэг бол мэдээж Улам-Оргих.

Зургаа.

Жангарын туульд “Араг улаан Хонгор” гэж сайн баатар бий. Орчлонгийн сайхан Миньяан шиг сайхан эр биш л дээ? Гэхдээ “эр хүний хуйх” байдаг даа? Түүнтэй хааяа зүйрлэн бодоход хүрнэ. Учир нь хүн нь зан чанарынх нь хувьд 9-р ангийн “жаал” байхаас нь түүнийг мэдэхийн хувьд ОДООХОНДОО ингээд дүгнэчихье. Энэ сайн чанараасаа болж тэр шүлэг бичиж эхэлсэн биз. Энэ сайн чанараасаа болж муу чанартай охидод гомдож шүлэг бичиж яваа биз. Мөн энэ сайн чанараасаа болж сайн шүлэг бичихээс өөр сайн бодолгүй болсон биз. Хүн судлалын шинжлэх ухаанд “индиго” хүүхэд гэж их ярих болжээ. Харин бидний хувьд шүлэг бичиж байгаа хүүхэд бүхэн “индиго” чанартай хэмээн мунхаглан санадаг. Үнэн зөвийг мэдэхгүй ч “өөрийн бодол өөртөө зөв” хэмээн эргэлзэхгүй итгэдэг. Ер нь бидний мэдрэмжээр зөвхөн уран зохиолд ч бус тийм “индиго” чанартай олон залуус өнөөдөр Монголын нийгмийн бүх салбарт өсөж, боловсорч, өөрчлөгдөж, бас өөрчлөхийг хүсэж байна. Тэдний нэг нь мэдээж энэ Улам-Оргих.

Долоо.

Шийдвэрлэх тулааны өмнөх нам гүмд хэн дуртай вэ? Маш товчхондоо “дүр үзүүлэгчид”. Яагаад гэвэл тулаан нэгэнт эхэлвэл үнэн нүүр царай нь илэрнэ гэдгээс үхтлээ айдаг юм. Яруу найраг эр зориг биш ч лав тийм хүмүүсийн нуугдах газар байхыг энэ залуу хүсдэггүй. Тиймээс л “Ширүүн тулааны өмнөх нам гүм хийгээд “Шинэ үнэр” бүлгийн Улам-Оргих” гэж шулуухан нэрлэхэд хүрэв. “Тулалдаанд зөвхөн шонхорууд нисдэг” хэмээх Орос киноны нэрийг бодохоор “шонхорууд” гэдэг нь зөвхөн”шонхоруудад л хамаатай гэдгийг энэ залуу мөд илүүтэй ойлгоно. Улам-Оргих гэж ийм нэгэн залуу уран зохиолд “Шинэ үнэр” түгээж байна.



Найм.

Яруу найргийн шинэ ном мэндлэж байна. Үүнээс сайхан юм ОДООХОНДОО…
Монголын амьдралд алга даа?

Ес.

Яруу найргийн шинэ үе төрөн гарч байна. Үүнээс сайхан юм ОДООХОНДОО…
Монголын уран зохиолд алга даа?



Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг

2010-05-05