Sunday, November 7, 2010

Энэ өдрийн шүлэг

Толгой өвтгөсөн бодлуудын минь үрчлээс,
нугалаа бүхэнд гүн шигдэсэн зовлонт
өргөснүүдийг гэнэтхэн л хэн нэгний
буянтай гар бүгдийг нь түүгээд хаячихсан
юм шиг хамаг зовиур минь арчигдан арилж,
тавилгыг нь хураагаад авчихсан
зочны өрөөний цэлгэр танхим шиг
хоосон оргих цээжнийхээ гүнээс
уртаар санаа алдасныхаа дараа
төрсөн сэтгэгдэлээ хананы чихэнд
уруулаа нааж байгаад чангаар хашхирч
хэлчихээд бүр хүчтэйгээр үхлийн тухай
төсөөлөн бодоход бүх амьдрал минь ердөө л
саяхан татсан тамхины утаанууд
сарниж хараахан амжаагүй байгаа унтлагын
өрөөний мухарт өрөөстэй номнуудын
уур хүрмээр ухаантай яриануудын
ердийн л нэг хямдхан хувилбар болохыг ойлгов.

ХӨТӨЛ ХОТ 2010.7-9