Wednesday, November 10, 2010

ЭМИЛИ ДИКИНСОН

















Нэрт яруу найрагч Эмили Дикинсон Массачүсэтсийн Эмхерст хотод төрсөн. Түний шүлгүүд амьд ахуй үед нь олонд ерөөсөө хүрээгүй бөгөөд харин нас барахад нь гэрээс нь 40 дэвтэр 1800 гаруй шүлэг олдсон байна. 1955 онд хэвлэгдсэн Эмили Диконсоны шүлгүүд бол түүний яруу найргийг бүрэн эхээр нь, засаж өөрчлөөгүй хэвлэсэн анхны ном болно.
Ингээд орчуулагч Ц.ОЮУНДАРИЙН хөрвүүлгээр гайхалтай яруу найрагч эмэгтэй Эмили Дикинсоны шүлгүүдээс толилуулж байна.


Өөр нэг тэнгэр
Тэнд өөр нэг тэнгэр байдаг
Тэр нь үргэлжид найртай амирлангуй.
Тэнд өөр нэг наран мандаж байдаг
Тэнд бас харанхуй ч болдог,
Өнгө нь гундсан хөвчөө мартдаа, Аустин* минь
Аниргүйд автсан талаа ч бас огоор.
Энд навчиснь үргэлж ногоорч байдаг
Эгэл бяцхан ой байж лбайна шүү дээ,
Хэзээ ч энд цан цохидоггүй
Хамаагүй өнгөлөг цэцэрлэг байна,
Түүний гандашгүй цэцэгсийн дотор
Зөгийнүүд дүнгэнэлдэн байхыг би сонсдог.
Ах минь дээ, Та миний
Ахуйлсан цэцэрлэгт цочлон ирээч!

                                      *Аустин-зохиогчийн ахын нэр


 

Хэн ч мэдэхгүй бяцхан сарнай
 
Хэрэн аялагч ч байж болох
Хэн ч мэдэхгүй бяцхан сарнайг
Ургах замаас нь тасалж
Өргөн барьсансан чамд.
Энгэрийг нь дэрлэж амрахаар
Эгэлгүй аянаасаа яаран ирдэг
Бяцхан эрвээхэй эсвэл,
Бас нэг зөгий тэрнийг санасан даа-
Үгүй бол ганц шувуу баахан гэгэлзсэн байх,
Үлээх салхин ч бас санаа алдасан байх-
Ай бяцхан сарнай минь чи ийм гайхалтай атал
Амьны чинь тасрах хичнээн хялбар юм бэ!


 
Зүрх минь!  түүнийг бид мартах болно.

Энэ л шөнө-чи бид хамтдаа
Эгнэгт түүнийг мартах болноо! Зүрх минь
Гэрэл гэгээг нь би мартая, харин чи
Гал халуун илчийг нь мартах гээд оролдоод үз!
Мартаж дуусангуутаа надад мэдэгдээч гэж гуйя
Магад араас нь би шууд эхлэх болно!
Алив түргэлээч дээ!  ингээд удаад байхаар чинь
Ахиад л би түүнийг санаад эхэллээ!

 
Ангаж цангахаараа л бид усны үнийг мэддэг
 
Ангаж цангахаараа л бид усны үнийг мэддэг.
Алс далайд гарахаараа л эх газраа санадаг.
Аз жаргалыг бид үхэл дуудахад л анзаардаг
Амар амьдархын чухлыг тулааны талбарт л мэдэрдэг.
Өнгөрсөн дурсамжуудаасаа бид хайрыг олж ухаардаг
Өвөл болж аниргүй нөмөрхөд шувуудийг бид үгүйлдэг.

Орчуулсан: Ц.ОЮУНДАРЬ
(“АМЕРИКИЙН ЯРУУ НАЙРАГ”  УБ 2010 номын 85,86,87-р тал)