Thursday, October 28, 2010

Эрхмүүдээ, “Inbox”-т шинэ “Message” ирлээ.

Эрхмүүдээ,
“Inbox”-т шинэ “Message” ирлээ.
                                                         
                                                          Хурдхан шиг “Save”- лээд гялс “Send”- лээрэй.
Нэр нь “Үйлийн үрийн байшин”.
Ний нуулгүй хэлэхэд би хүний мууд болоод муу муухай юмст учиргүй дуртай. Тэр нь гайхал шок рок, цус, үхэл, шинэ таашаал, шинэ мэдрэмж. /Би муу муухай гэхгүй, харин гоё. Хүмүүст л муу, муухай санагддаг учраас тэр/ Тийм муу юм харагдахгүй үед би жаахан гонсгор ч сүүлийн үед бага ч гэсэн баярладаг болсон. Учир нь болсон болоогүй түүхий, шүүрхий энергийн онолчдоос болж байгаа юм биш. Хувь заяаны онолоос үүдэж байгаа юм.
… Зохиолч П.Батхуягийн “Үйлийн үрийн байшин”-г уншиж суутал яагаад ч юм бэ, өвлийн жихүүн салхи хурдны галт тэрэг шиг судсан дундуур минь эрчлэн сүлэлдэн хүйгэх шиг болов. Хүн өөрөө бүхэл бүтэн орчлон ертөнцийн жижигрүүлсэн хэлбэртэй агуу хувилбар гэж байгаа. Тэгвэл хүн гэдэг ертөнцийн судас хэдэн км-ийг хэн ч үл мэднэ. Яг тийм тодорхой атлаа тодорхойгүй хувь заяаны аялал мэдрэгдэв. Энэ бол салхинаас биш хувь заяанаас жихүүцэж байгаа явдал билээ. Бид хэтэрхий өнөөдрөөр амьдардаг нь ийм бодлын үүдийг тогшиход хүргэв.
 Эртнээс өрнийн сэтгэгчид болоод тэдний ард түмэн хувь заяанд хүндэтгэлтэй хандах талаар номлож, сургаж ирсэн байдаг. Жишээ нь: Хүн өөрийнхөө хувь заяаны дархан нь” гэж үг бий. Монголчуудын “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгтэй төстэй юм уу даа?
Дорнынхон харин хувь заяаг үйлийн үртэй нягт холбогдуулж ойлгодог. Хүн бүрийн хувь заяа гэдэг үйлийн үрийн урсгалаар дайгдан ирж, биднийг зам дундын боомт болгоод урсан явж байгаа “хишиг” юм. Хөөрхий дөө, орчин үеийн хүмүүс бол үр хүүхдэдээ сонин сонин үйлийн үрийн хишиг үлдээж байгаа. 1 литр сүүнд 2 литр ус, 1 кг ноолууранд 2 ширхэг чулуу, 1 сонгуулийн жил 2 ширхэг хишиг гэх мэтээр дурьдаад байвал болмоор байна. Даанч хүсэл алга. .
Үйлийн үр гэхээр л бид муу юм бодож, муу юмны шалтгаанд л үйлийн үрийг хэрэглэдгээ болимоор. Үйл- Үр- Шалтгаан- Дагавар- Үйл...
Ерөөсөө цаг хугацааны процесс төдийгүй, хүн- хугацааны процесс юм. Хүн өөрөө урсдаг цаг хугацаа гэж авч үзвэл хэтэрхий тодорхой урсгалын тухай ярьж байгаа хэрэг. Бид цаг хугацаа урсдаг, цаг хугацаа талийлаа гэж ярьдаг хоцрогдсон үг хэллэгээсээ ганцаас нь ч болов салж баймаар. Чи өөрөө цаг хугацаа. Чи өөрөө урсгал. Ердөө л энэ.
Хэзээнээс Монголчууд ярьдаг. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж. Энэ бол цэвэр үйлийн үр буюу удмын урсгалын ариун цэврийн тухай хэлж байгаа явдал. Энэ нь судсаар ч юүлэгдэнэ, цусаар ч жирийнэ. Дүйцэн юм уу ямар нэгэн онцгой өдөр хэлсэн ганц хараал саяар үржигдэж, хэлсэн ерөөл маань саяар үржигддэг гэж хэлэлцдэг. Энэ бол үйлийн үрийн урсгалын ариун цэврийг сахих талаар жилдээ хэдхэн өдөр ч гэсэн санаж яв гэсэн шашны ч гэлээ санууштай сургаал.
Бид эдүгээ дэмий л зүрх сэтгэл рүүгээ битгий хэл өөрсөд рүүгээ ч харах завгүй нэг л их завгүй хүмүүс хааяа албан шахалтаар нүдний өмнө, хөлийн дор байгаа гудамж талбайгаа халтар мултар цэвэрлэх юм даа.
Үйлийн үрээ гэж.
Бид дэндүү хүнийсэж байгаа нь мэдрэгдэж байна. Хамгийн их бодож явах ёстой юм маань хамгийн харь, алст байдаг.
Амны билгээс ашдын билэг гэдэг.
Бас л үйлийн үр. Нэг шүлгэрхүү илэрхийлвэл...
Хэдэн зуун жил төмөр хүлэгний үлгэр зохиож мөрөөдлөө, хахсан.
Хэдэн зуун жил төмөр шувууны үлгэр зохиож мөрөөдлөө, хальсан.
Хэдэн зуун жил төмөр эриний үлгэр зохиож мөрөөдлөө, ханасан.
Одоо хэдэн зуун жил ямар үлгэр зохиох л үлдэж байна.
Одоо хэдэн зуун жил залхах үлгэр зохиох л үлдэж байна гэмээр юм уу даа?
Тиймээс бидний өөрсдөө бүтээсэн хүйтэн төмөр “роботууд” гай тариад гэнэт гараад ирэхээр л бид нэг муу юм хүжийн гал шиг ухаан орох юм шиг байгаа юм. Тэр нь техниклэг биш байгаллаг байх урлаг. Магадгүй тэр үед томоохон компаны захирлууд “Хүн” авч үлдэхийн тулд одоо үед цаашаа харж уйлж, наашаа харж инээж байж зун байгальд нь тавьж явуулж  “сармагчных нь жаргал”- ыг эдлүүлдэг сарын амралтыг тэр үед гуйж түүж, амралтынх нь мөнгийг 10 хувиар ч хамаагүй өсгөөд явуулах талаар ятгах биз. Ер нь робот болсноос сармагчин төрхтэй гайгүй шиг “ХҮН” байсан нь ч хавьгүй дээр биз.
Ийм л бодлуудыг тээсээр, нэг үгээр ийм л бодлууддаа тээгдсээр ноён П. Батхуягийн “Үйлийн үрийн байшин” номыг уншиж дуусав.
Шинээр хэвлэгдсэн ном байна. Хэвлэлийн үнэр нь ч гараагүй. Миний мэдэхээр энэ жил ийм ном цөөхөн хэвлэгдсэн байх. Юуны өмнө уншиж дуусаад зохиогчтой холбогдмоор бодогдлоо. Тэгээд дараах зүйлүүдийг хэлмээр болж хэл загатнав.
Гэвч:
1- рт нь таны номонд лавлах утас, электрон хаяг алга. Яаж ч бодсон энэ тоогүй. Нууцлаг нууцлаг гэхэд ийм нууцлаг байж болохгүй. Ядаж электрон хаяг хүсье.
2- рт нь та энэ номоо үнэтэй зар. Гэв гэнэт Розановын: “Жинхэнэ ном хямдхан байна гэдэг бүдүүлэг явдал. Тэр бол архи биш, сонин ч биш. Илүү дээгүүр, эрхэмсэг зүйл” гэдэг үг санаанд орлоо. Бид энэ үгтэй эвлэрэх цаг нь болсон. Ийм номыг хайж олоод хар, бор, шар, цоохор сонин унших түвшингээ хааяа ч болов ахиулж бай. Үгүй ядаж сардаа 1, эс бөгөөс улиралд 1, бүр үгүй бол жилдээ 2 ч юм уу. Тийм сонголтын босгон дээр байгаа бол би юуны өмнө энэ номыг л зөвлөх байна. Уран зохиолын доогуур биш, сонгодог шалгуурын хувьд шүү дээ. 
Харин энэ ялдамд зохиогчийг би бүдүүлэг гэж хэлмээр байна.
Учир нь таны ном хямдхан байна лээ. Яагаад тийм түвшний юмаа ийм хямдхан гэж бодов.
3- рт  нь таны номыг үнэ хүргэмээр санагдаж байна. Энэ үнэ түрүүчийн үнээс арай өөр.  “Үнэ”. “Үнэ цэнэ”.  “Нүүр”. “Нүүр царай” болгомоор.
  Бас жич зөвлөхөд өдрийн тэмдэглэлч, ерөөлч, магтаалчид энэ номыг унших хэрэгтэй. Бараг ч уншихгүй биз. Өөрөөсөө ичих яахав, нүүр улайна. Хүний өмнөөс ичнэ гэдэг бөгс улайдаг эд. Горьгүй. Тийм хүмүүс ийм номуудыг уншихгүйдээ л тийм “сайхан” явдаг байх.
  Сүүлийн үед яг үнэнийг хэлэхэд  хөдөөний дуунаас дэндүү залхаж байна.  Зохиодог, дуулдаг хүмүүс нь толгойдоо хүжийн галны ч гэрэлгүй байж алсын одтой өөрсдийгөө зүйрлэхий нь яана,аа.  /Хүжийн гал өөрийгөө ч гэрэлтүүлж дөнгөдөггүй / Жинхэнэ урлагийн үнэлэмжийг гуйвуулж байгаа энэ нөхдүүдийг яанам билээ.
Хамаатуулж ярихад Жанцанноров гуайн хэлсэн үгийг би мартдаггүй юм. Дууны ая бичнэ гэдэг харьцуулж ярьвал зүгээр л өдрийн тэмдэглэл хөтлөхтэй адил юм шүү дээ гэж. Яасан үнэн гээч. Утга зохиолд ч адилхан. Дууны шүлэг бичнэ гэдэг өдрийн тэмдэглэл бичихтэй л адил, бараг олигтой  хүний олигтойхон өдрийн тэмдэглэлээс  ч дор. Бараг л галзуу хүний өдрийн тэмдэглэл. Зарим нь логикийн хувьд авах юм байхгүй. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө мэдвэл яахав. Агуу ихийн дэмийрлээр өвчлөөд, нялхсын өвчин буюу хүжийн галны гунигт автах нь өрөвдмөөр.
Шуудхан л би ерөөлч нь үнэн, би магтаалч нь үнэн, би дууны үг /шүлэг биш/ бичигч /хараахан зохиогч биш/ нь үнэн, би өдрийн тэмдэглэлч нь үнэн гээд хэлчих л дээ. Зоригтой. Одоо бол нэг үеийг бодоход үнэн юмны салхин зүгийг үнэлдэг болсон цаг ш дээ. /хэ хэ тоглосон юм, багтай хүмүүс хэзээ багаа авах дуртай байлаа, та нар хэзээ ч чадахгүй. Шордож байна. Баггүй хүмүүс нь л байгаагаараа үлддэг хойно/.
Ийм улсын үйлийн үрийг их сонирхож байна. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Одоо бүгдээрээ ангилагдах цаг нь болсон. Өдрийн тэмдэглэлээ бичдэг нь хувь заяатайгаа эвлэрээд ширээнийхээ чийдэнгийн ард жаахан гунигтай өдрийн тэмдэглэлээ хөтлөөд, хүүхдийн зохиол бичдэг нь хөөрхөн тоглоомын талбай хэсэж барби судлаад л, ерөөл магтаал туурвидаг нь найр наадам хэсээд л. Болж байгаа биз дээ. Аягүй гоё ангилагдацгаая л даа, ухамсартайгаар. Харин гайгүй сэтгэдэг хүмүүс нь өөрсдийн гал голомт /3 гол-мод/-оо манах хэрэгтэй. Хүний юман дээр хүү0дэгнээд байгаа хүмүүст хүмүүс хэзээ дуртай байлаа. Хэзээнээсээ дургүй байлаа.
Нэг балагтай зүйл нь нийгмийг их төөрөлдүүлж байна. Орон зайндаа байх хүмүүсийнх нь орон зайг хуурамчаар эзлээд суучихсан. Маогийн хэлдгээр ард түмэн гэдэг хов хоосон цагаан цаас, түүн дээр дуртайгаа сараач гэдгийг энэ үеийн эвдэрхий PR-тай эвтэйхэн найруулаад салаад унахаас наагуур хөөрхөн царайтай, урлагийн янхан- үзэгдлүүд бэлдэж байгаа нь ерөөс таалагдахгүй байна. Гэхдээ үйлийн үр хүссэн ч хүсээгүй ялгаад өгнө байх. Би түүнд итгэдэг. Учир нь тэр бол өнгөрсөн. Мөн одоо. Хамгийн гол нь ирээдүй. Сайн цаг ирж юм бүхэн ялгарах байх даа гэж найднам.
4-рт нь таны номонд үнэн нэвт шингэсэн байна. 
“Нэгж”, “Сүүний үнэр”, “Миний санал”, “Зүүднээс ирнэ”, “33 цаг”, “Үйлийн үрийн байшин” зэрэг өгүүллэг, туужийг уншаад үнэхээр юм бодно. Угаасаа юм бодогдоно. Уншихаас өмнө хэвлэлийн үнэр л их мэдрэгдэж байсан бол харин одоо “Үйлийн үр” үнэртэж байна.
 Энэ номыг унших хүмүүст иймэрхүү зөвлөгөө өгмөөр санагдав. Битгий уурлаарай. Уншиж дуусаад чи бээр би гэж ер нь хэн бэ? Ямар учиртай хүн бэ? Аав ээж, ахан дүүс, найз нөхөд, миний дээрэлхэж явсан цэрэг, долигонож явдаг дарга, анхны хайрын чинь алдааны нулимс, зүрхэнд чинь ямар хэлбэрийн асуулт болж үлдсэн, арчсан толь руу харахад ямар байдаг, таны сэтгэлийн халтар толь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг гэх мэт үйлийн үрээ нэг сөхөөд хар. Та  бүхэнд энэ ном дасгал болж өгнө.
Хүний амьдрал гэдэг оньсого.
Яагаад гэвэл үйлийн үр учраас.
Гэхдээ оньсого онгон охид шиг задлагддаг дугтуй.
Учир нь үйлийн үр учраас. Түүнийг сонирх. Амьдралын утга учрыг амтал. Хоосон тархины хий үзэгдэлтэй амьдарсан тэрбум тэрбум хүмүүсийн хий- хоосон амдралын  жишээгээр дэлхий дүүрлээ. Гайтай ч хамаагүй уншаад гайгүй сэтгэхийг бод. Олиггүй ч гэсэн жаахан уншаад олигтой сэтгэхийг бод.
Орчин үеийн хүмүүс өөрсдийгөө шинэ үеийн, шинэ үеийн гэсээр нэг л сайхан шинэ үеийн нэртэй хуучинсаг бузар субьект болж хувирсан. Ингэж явсаар эцэстээ “Робот” нэртэй обьект болж санаа нь амарцгаах биз. Заримдаа өөрсдийгөө тольноос биш өөр өөр юмсаас харж баймаар. Ийм цөвүүн цагийн солион дунд хувцас хунарныхаа хирнээс гадна хувь заяаныхаа хирийг ажиглаж, арилгаж сур. Вок савангийн үүргийг сэтгэл чинь гүйцэтгэнэ биз. Үйлийн үрийнхээ байшинг засварлаж дад. Алх хадаасны үүргийг зүрх чинь гүйцэтгэнэ биз.
Эцэст нь их энгийнээр та нарын ярьдаг орчин үеийг чинь орооцолдуулаад дүгнэвэл, хятад үрээр тарьсан төмс хичнээн сайхан монгол газар шороонд ургалаа гээд монгол төмс болчихгүй. Боллоо ч цаадуул чинь архив ухаж байгаад л гарал үүслийн бичгийг нь гаргаад ирнэ.
Хятадаас хятад.
Монголоос монгол. 
Бид нэг юм бодох цаг болсон.
Бид болоод бидний үр хүүхэд ирээдүйд ямар үйлийн үрийн үрээр ургаж ямархан үйлийн үрийн байшинд амьдрах бол, бурхан минь.
Бид ямар үйлийн үрээр үр хүүхдээ тариад ямар үйлийн үрээр ургуулаад байна вэ? Аллах минь. Оригиналь сэтгэж тун чадахгүй бол. Асман лам Менделийн вандуйны үлгэрээр ядаж үйлийн үрийг үржилд цэвэрхэн оруулцгаая. 
      … Уг муутыг усан дотроос ч түймэр иддэг юм шүү, үр ачаа бодож сайхан амьдар гэж захидаг байсан өвөөгийн минь үг санаанд буув. 
Үйлс нь дандаа дэлгэрч яваарай гэж уулзсан бүхэндээ дандаа хэлдэг байсан аавын минь царай нүдний өмнө үзэгдэх шиг болов. 
Энэ бол яах аргагүй үйлийн үрийн мессеж. 
Зохиолч П.Батхуягийн номноос... цааш нь тавилаа. Бүр сэтгэл үймэрч орхилоо.

Эрхмүүд ээ,
“Inbox”-т шинэ “Message” ирлээ…

                                                         Лу Батнасан