Tuesday, October 12, 2010

Улс төр ба Очирбатын Дашбалбар үргэлжлэл ба Баатарын Галсансүх














Тэр цагт багшийг улс төрд орсноор буруудсан гэж зарим хүмүүс сурталчилдаг байлаа. Би ч бас тэр үед хэсэг тэгж бодсон болох байсан юм. Энэ тэр гэцгээж байв. Харин өнөөдрийн шовгороос /өндөрлөг  биш шүү / харахад тийм биш  байжээ.
Өнөөгийн“ТОМЧУУЛЫН” эх орныхоо эд баялгийн холимог хуургыг хуваан  халбагадалт, нэг халаастай хоёр намын бодлого, хаа сайгүй тоос боссон газар шороо, урвагч шарваачдыг хараад “ард түмний үнэн шударга, гал цогтой дуу хоолой” Монголын улс төрд ингэж их дутагдахыг мэдрэх тоолондоо Очирбатын Дашбалбарын “оройн зай” ямар ихээр үгүйлэгдэж байна гээч. Эх оронч гэж хэнийг хэлэх вэ? гэсэн асуултанд нийгмээрээ “бүдэрч унах” болсон энэ л үед “үнэний талд насан туршдаа хатуу зогссон” үс ихт багшийг минь хүн бүхэн санагалзах болжээ. Яруу найрагт хайртайгаас илүү эх орондоо хайртай байсан нь түүнийг улс төр лүү чангааж, цаг үе нь түүнийг хатуу ”гараар” дасгалжуулж бэлтгэсэн юм. Яруу найрагчийн нийгмийн үүрэг, ард олныхоо зовлон жаргалыг зүрхэн дундуураа гаргах зэргээр зүрх сэтгэл, тархи толгойд хоногштол ярихыг нь сонсоод ч сонирхдоггүй байсан насандаа “Газар шорооны төлөө дайн” эхлэлээ гэхэд нь юун дайн, юун дажин гээд л өнгөрч билээ. Эх орноосоо урвагчдыг бөөгнүүлж байгаад дүүжилнэ гэж дүрэмдэхэд нь хайран олс дээс, овоо хэдэн “миатр” орно гээд сэмхэн шоолоод өнгөрцгөөсөн дөө? Дээрээс шидсэн том захиалгатай, жижиг тоглогчтой “жүжигт” өртөж, оюун санааны дарамтанд ороход нь хэн ч өмгөөлж дуугараагүйд одоо харамсан бодохдоо даанч нас балчир нус шингэн байжээ хэмээн боддог юм. Хэрэв өнөөдрийн үймээнтэй тайз, үймэрсэн тэнгэрт тийм “явдал болсон бол өдлөсөн бүргэд шиг хэдэн шавь нь цэрэг Матрасов шиг өргөн цээж, цэцэн Шаандор шиг /өөрийнх нь хайртай яруу найрагчдын нэг / хурц үгээр хэрхэн хамгаалах байсан бол гэж бодохоор омогшил дотроос оргилон, зүрх огшдог юм даа? Нэг удаа омогтой үедээ багш минь “Муусайн гөлөгнүүд, нохой хазаж, гөлөг хуцдаг юм гэж билээ. Тэр үг одоо л орой руу орж байна. Үнэхээр гөлөгнүүд хуцдаг юм байналээ. Учир нь бидний хуцдаг үе дуусаж хаздаг үе минь эхэлжээ. Нэг үгээр нохой болцгоов. Гөлөг хэвээрээ дуусах юмнуудтай ярих юм даанч үлдсэнгүй. Гөлөгнүүд хуцсаар... Дөчин хоёр нас. Эр хүнд даанч залуу нас. Гэхдээ харамсах юмгүй зорилготой амьдрал. Харамсах юмгүй үнэн амьдрал. Тэгээд л Монголын улс төрийн үнэн шударгын сүүлчийн МОГИКАН-ы алхаж гишгиж, амьсгалж явсан амьдрал төгсөж, алдар хүндийн зам эхэлсэн билээ. Тэнэг мунхагууд түүнийг ингээд хэл ам татлахгүй, замаас  зайлж, ам нь үүрд хамхигдлаа гэж хөөрцөглөн бодсон биз. Үгүй дээ? Тэр үргэлжилж байна. Удахгүй бүр томоор эхэлнэ. Тэр үргэлжлэл нь шуудхан л хэлье. Юуг нь тойрч, мэдээж юмыг юуг нь нуух вэ? Монголын эх орончгүй улс төрд багшийн минь байж болох үргэлжлэл БААТАРЫН ГАЛСАНСҮХ. Яруу найрагчийнх хувьд би “ер бусын” гэсэн ганцхан үгээр л түүнийг тодорхойлдог. Бусад хүмүүс амаа олохгүй магтсан уран зохиолын талбарт би ч бас амаа цууртал чалчих хүсэл алга. Нэгэнт түүнийг яаж ч тодорхойлоод Галсансүхийн гүн гүнзгий, этгээд гаж, эсэргүү, тэсэргүү сэтгэлгээнд “тултал” бичиж чадах “хоншоор” одоохондоо бидний дунд алга. Яруу найргийн хэлбэр, шинэчлэл, энэ тэр гэвэл би бас захын хүүхдүүдээс дутахгүй “зиндааны” үг хэдийг унагааж лав чадна. Гэхдээ тийм налигнуур бодол одоохондоо надад лав байхгүй. Тэр тэгсэн тэгээгүй ПОСТ ПАНК үлгэр дуурайлал, олон залуучуудын ёс зүйн сонгодог зарчим. Харин манай Хүрээ хөвгүүдийн бараг надаас бусадтай нь тэр үй зайгүй найзууд. Хамт пиавдана, хамт сэнсэрнэ, ер нь л хамт. Үнэндээ яруу найргийн нэг реалити шоу шүүснээс өөр би түүнтэй зэрэгцэж сууж байгаагүй. Мөн манайхны /Хүрээ хөвгүүдийн / 80 хувь ”түүнийг фронт командлагч” гэдгийг хүлээн зөвшөөрдөг байж магад. Тэгээд түүний фронтын хээрийн штабын “генералууд” гэж өөрсдийгөө цоллон хошигноцгоодог. Харин би өөрөө фронт командлагч учраас, өөрийнхөө фронтыг захирч ядаж байж, юун хүний фронтын “генерал” болж тоглох. За энэ ч яахав.

Харин яагаад Б.Галсансүх, монголын улс төр дөх О.Дашбалбарын үргэлжлэл вэ? Би саяхнаас бодох боллоо. Өнөөдөр Монголын оюун санааны амьдрал, ард түмний язгуур эрх ашгийн төлөө дуугараад явж чадах хүн байна уу? Бидний дундаас, бидний дундаас гэдэг нь О.Дашбалбарын “гөлөгнүүд” дундаас яруу найрагчийн зандарга, эр зориг, үзэл санаагаараа байж болох хамгийн өндөр “шанс”-тай нь Баатарын Галсансүх. Шавь нь байсан гэдэггүй ч үг бодлын сонсож, гэрт нь хонож, хоолыг нь хороож, хатуу үгэнд нь өрвөлзөж, үнэн үгэнд нь дэрвэлзэж явсан хувь заяагаараа гүн бат холбогдсон яруу найргийн 90-ээд оныхны нэг бол тэр гарцаагүй мөн. Тэр үед багшийг олон залуучууд дагадаг байлаа. Яг гөлөг шиг. Ханддорж чин вангийн өргөөний хоёр давхарт ”Гуну”-ийнхан цуглах... Одоо энэ MSC-ийн Л.Энхамгалан кино тайлбарлаж, үзүүлэнгээ мань мэтийн дүү нартаа үлгэр сургаалтай яриа хийдэгсэн. Тэр бүү хэл хичээл дээр хүртэл ирээд Оскар Уайльдийн ”Дорейн Грейний хөрөг”, ”Дорнын хурдан галт тэрэг”, А.Рембо, П.Верлен нарын нөхөрлөлийн тухай лекц уншиж, Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил... олон залуус байсаан. Тэдэн дунд Галсансүх ч байв. Тэгэхээр түүний үзэл санааны нөлөөнд орж бидэнтэйгээ хамт үсэрч л явсан л билээ. Өр зүрхэнд нь их тоогддог хэдэд нь ч Галсансүх гэдэг нэр олон дуулддаг байлаа. Зөв л дөө? Монголын улс төрийн хийгээд уран зохиолын “дэндүүчүүлтэй” тулалдаж зарим талдаа цөхрөөд хэдэн сөөсгөрөө дагуулаад хилэнтэй нь аргагүй дүрэлзэж явдаг байж дээ? Нэг удаа Галсансүхийг муулсан залууг сонсоод багш дүрсхийгээд явчихлаа. ”Та нар муусайн гөлөгнүүд таримал, Галсансүх бол төрмөл хүн шүү. Хуцалгүй дуугай гударцгаа, үгүй бол явцгаа”... гээд бууж гарлаа. Базарвани хум пад. Миний нэмснээр алдас болохгүй бол варений шилтэй компот. Үнэндээ багшийгаа бид ойлгодоггүй байсан юм билээ. Тэгээд ч багшийгаа бурхан болсноос жил 11 жил утга зохиолын ертөнц дэхь люмпен, түмпэнгүүдтэй тэмцэл хийгээд би ч хувьдаа дэн дун л явна. Энэ оюун санааны хувьсгалын төлөө, шударга ёсны төлөө л шүү дээ. Өнөөдөр надад ийм хэцүү байхад, тэр үед багш минь ямар байсан бол. Ганцаардаад, өнөөдрийн амьдралыг олж харчихаад, байж ядахдаа л биднийг дагуулж, тархи толгойг минь болтол ”чанадаг” байсан байх. Яагаад ч юм бэ? Тийм л болтлоо чанагдсан тал сүүлийн үед Галсансүхийн үзэл санаанд хүчтэй цухалзахад болсонд баярлаад бахдаад, өргөөд өргөмжлөөд байгаа юм. Найдвар нэг талдаа байна гэсэн үг. Найдвар баөгаа учраас одоо жаахан мөрөөдье. Хэрвээ усан галав юүлчихгүй л бол ирэх 2012 оны сонгуульд бид л лав “мөнгөнд “хууртахгүй. Одоо ханалаа. Харин хэнд хууртах вэ? Ердөө эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө тэмцэх үндэсэрхэг үзэлтэй, шударга шинэ залууст. Хичнээн жил гал дээр лаглайсан гурилтай лавшаа идэх вэ? Би л хувьдаа залхлаа.

Хэрэв анзаарсан бол Галсансүхийн ард өөрөө ч олж хараагүй их хүч нэгэнт хуралджээ. Хэрэв түүнийг нэрээ сонгуульд дэвшүүллээ бол ямар ч ХУ нам, энэ тэрийг нь үл тоож эхлээд “Хүрээ хөвгүүд” 100 хувь дэмжинэ. Би л лав хоёр гараа өргөнө. Тойрогт нь эхнэрээ, хэдэн сөөсгөр “дагуулуудаа” дагуулаад буучихна. Дараа нь энэ жагсаалт ингээд үргэлжилвэл яах вэ? ”Нисванис” ба монголын альтернатив рокийн бүх “жаал” хамтлагууд, ”Даяар монгол”, ”Хөх монгол”, ”Монголын нэгдсэн фронт”-ийн жинхэнэ монгол хэт үндэсэрхэг үзэлтэнүүд, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, бөө удганууд, лам нар, жирийн уншигч, яруу найргийн шинэ үеийн шинэ сонголттой залуус, багшийн минь улс төрийн “эх оронч орон зайг” үгүйлэн санагалзсан АРД ТҮМЭН. Солонгос хэлээр цаг агаарын мэдээ зарлахад үхэхэд ч бэлэн, бэлэн гоймон, тодон савх хоёрыг үзэн яддаг, хэл соёл, түүх угсаагаа өмгөөлөн хамгаалагчид. Эргээд хар даа? Ямар ч намын лидер хулхи нь хуга буухаар хүч. Тэгээд ЯЛАЛТ. Монголын парлемант дахь дахин сэргэсэн эх орончдын дуу хоолой. Монгол парлемант дахь Монголын шинэ үеийн яруу найрагчийн эх оронч, үндсэрхэг үзэлтэй төлөөлөл. Үхэх долоон шалтгаан хангалттай байвч энэ бүх хуурамч үеийхнийг дуусахыг харах хүртлээ” амьд” явах гэгээн шазуур төрсөн –МАНАЙ ТАЛЫН БААТРУУД. Бүгд л Галсансүхийг дэмжинэ.

Нэгэнтээ Эзра Паунд нас барсан жил Баатарын Галсансүх төржээ гэдэг шиг Монголын улс төрд шинэ үе төрөх цаг болжээ. Саяхан түүний энэ цагийн олон урвагчтай хатуу тооцоо бодох тухай, эх орноо өмгөөлөн хамгаалах цаг болсон тухай, халуун зоримог үгээ үнэн сэтгэлээсээ хэлэхийг сонсов. Чихэнд минь 281-ийн холбооны цуглаан дээр О.Дашбалбар багшийн хэлж байсан үгс дахин сонсогдох шиг санагдав. Дотроо ямархан баярлаж, ийм үг хэлэх яруу найрагчаар Монголын ард түмэн олон жил дутсангүй хэмээн билигшээн бодов. Тэгээд ч манай улс төрд гэр бүлийн залгамжлал дэлгэрснээс биш үзэл санааны залгамжлал тасарсан гэдэгт олон хүн надтай санал нийлэх биз. За, урагшаа... эсвэл хойшоо. Чухам хаашаа гэдгээ бид ч Галсансүх ч мэдэж байгаа. Эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө... Энэ тэмцэлд удирдагч байх эрхийг би л хувьдаа чамд өгөхөд татгалзах зүйлгүй.


Зургаан сумтай винтов буугаа сүмбэдэж суугаа 
Хүрээ хөвгүүн Пүрэвхүүгийн Батхуяг нь
                       
Дэлхийн газар шорооныхоо төлөө тэмцэгчдийн өдөр догдолж бичив, эээ
                                                                           2010.10.12