Tuesday, October 12, 2010

Бяцхан хотын төв гудамаар /хар өглөөгүүр/

бяцхан хотын төв гудамаар /хар өглөөгүүр/
б-ын оршуулаганы даруухан цуваа явж өнгөрөхийг
багын найзууд минь бүгдээрээ ширтэж зогсохдоо
сүүлчийн замд нь сайн найзыгаа гар даллан үдэх шиг
гашуун саарал утаанууд шавар яндангаар нь
гунигтайгаар замхран одох өвлийн пийшинд ганц
хоер хөлдүү мод шидлэх зуураа өршөөлгүй
хүйтнийг хайр гамгүйгээр хараан зүхэж
өвөл болдоггүй оронд дараа төрөлдөө өт
болж төрмөөр байна гэсэн илэрхийлэл бүхий
эрээ цээргүй урт өргөдөл эрх баригч бурханд хаяглаад
зурагтныхаа өмнө томоотой сууж зутантай шөлөө
дуртай, дургүй халбагадан идэхдээ хэдэн цаг
хөдөлгөөнгүйгээр fashion tv үзэх мэт хэвийн л нэг
давтамжтай өдөр хоногуудийн /нэг өдөрт дунджаар/
хэд нь амиа егүүтгэж боож үхдэг тухай
сонирхолтой тоо баримтуудыг гэрэл зургийн
хамтаар хавсаргасан сонины нийтлэл уншиж,
хуучин хуучин танилруугаа мессэж бичихэд
хаалганы хонх цочсон эмгэн шиг уулга алдаж
эмгэн шиг хаалганаасаа илүү их цочсон би
харайж очин хаалгаа дэлгэвэл хэдэн жилийн өмнө
шоронд ороод суллагдасан улс төрийн хэнээтэн,
халаасны хулгайч сар урдаас мэлийтэл ширтээж зогсов.