Wednesday, October 20, 2010

Үүлсийн тухай

Жаахан байхдаа айлуудын яндангаар хөврөн гарах цэнхэр утаанууд тэнгэрт очоод үүл болон хувирдаг гэдэгт үнэн голоосоо итгэдэг байж билээ. Энэ итгэл үнэмшилийг хаанаас, хэнээс олж авсныг одоо ч санадаггүй юм. Тэр үед бас надтай адилхан бодолтой хүүхдүүд байжээ. Тэдгээр хүүхдүүд нь Төөгөө, Сайнаа гээд миний хоёр найз. Төөгөө болохоор гурван хүүхэдтэй айлын бага нь харин Сайнаа айлын ганц охин, Сайнаагийн аав манай аав хоёр нэг дор  хамт ажиллаж, хагас бүтэн сайнаар загасанд явдаг сайн найзууд байв. Тийм болохоор Сайнаагийн аав ээж хоёр булцгар хацартай Барбиных шиг дэрвэгэр сормуустай хөөрхөн охинтойгоо Төөгөө бид хоёрыг тоглохыг зөвшөөрдөг байсан юм. Тэгээд л ямар ч үүлгүй зуны өдөр надтай адилхан бодолтой Төөгөө, Сайнаа хоёртойгоо цаг товлон уулзаж байгаад гал түлж, үүл үйлдвэрлэдэгсэн. Тийм нэг “үүл үйлдвэрлэх” үйл ажиллагааны үеэр анх тамхи татаж үзсэн юм. Тэр үед Төөгөө надад тамхи татах бол утааг нь зуугийн ундаа ууж байгаа юм шиг л нэг амьсгаагаар хүчтэй залгихыг хэлдэг юм гэж зааж өгсөн зөвлөгөөг нь газар дээр нь хэрэгжүүлсэн би “сигарета” гэдэг тамхины гашуун утаанд хахаж цацаад уйлахаас наагуур болж билээ. Хожим сургуульд ороод “Байгаль шинжлэл”-ийн хичээл дээр ус ууршихаараа үүл болдог гэж зааж байсантай нэг хэсэгтээ л эвлэрээгүй юмдаг....

Одоо харин багын хоёр найз минь нэг Америкт, нөгөө нь Архангайд авгай аваад малчин болсон гэнэлээ. Төөгөө, Сайнаа хоёртойгоо цаг товлон уулзаж байгаад байшингийн чардакан дээр гал түлж, үүл үйлдвэрлэх нүсэр ажлаа хийгээд 7-р байрны жижүүр эмээд “түймэр тавилаа, улаан тугнууд, одоохон наадхаа унтраа” гэж загнуулаад баяр хөөртэйгээр хөөгдөхсөн.