Thursday, March 23, 2017

С.Молор-Эрдэнэ: Давхар иргэншил бол улстөрийн алдаатай нүүдэл хийсний хариулт нь




Философич С.Молор-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хөндсөн давхар иргэншлийн асуудал нийгмийн сүлжээнээс хальж монгол даяар шуугиан тарьж байна. Энэ нь үнэхээр манай үндэстний аюулгүй байдалд сөрөг зүйл үү?

-Бид алдаатай нүүдэл хийсэн. Тэр нүүдлийнхээ хариуд давхар иргэншил гэсэн асуудлыг гаргаж ирлээ.

-Та ямар алдаа яриад байна вэ? 

-Энэ бол Далай ламыг эх орондоо оруулж ирсэн том алдаа. Хятад орон байн, байн сануулснаар байхад хоёр хөршийн энх тайван оршин тогтноход заналхийлсэн Далай лам цолтой Данзангочоо гэж энэ хүн Хятадын төр мэдэгдэл хийснийг мэдсээр байж бидэнд гай тарьлаа.  Далай лам ч даалгавраа амжилттай биелүүлж, биднийг алдаа гаргуулж Хятадтай муудалцуулж чадлаа.

-Одоо тэгээд хэрхэх нь зүйтэй вэ? 

-Бид нэгэнт алдаа хийсэн. Алдаагаа залруулахын тулд давхар иргэншлийг хэрэгжүүлэхээс өөр замгүй.

Учир нь энэ бол том улс төр. Бид том улс төр хийж чадахгүйгээ харууллаа. Улс төр гэдэг шатрын нүүдэлтэй адилхан. Ээлжилж нүүдэг дүрэмтэй.  Манай хоёр хөрш том улс төрийн шатрыг сайн тоглож чаддаг туршлагатай.

-Далай лам давхар иргэншлийн асуудалд буруутай гэдэг зүйл таны ярианаас ойлгогдоод байна л даа?

-Энэ нь цаанаа том улс төрийн шалтгаантай. АНУ ын Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх олон жил хийсэн,  одоо ч Обамагийн улс төрийн зөвлөх хийж байгаа Бржежински “Их шатрын хөлөг” номондоо Еврази гэсэн том шатрын хөлөг дээрх том улс төрийн талаар бичсэн байдаг. Евразийг хэн барина вэ, тэр улс дэлхийг атгаж чадна гэсэнд хариу болгож “Монголчуудын хар хайрцагны бодлого” номоо 5 жилийн өмнө бичсэн. Үүнд энэ том нүүдэлд хамгийн чухал байрлал бол Монгол байсан.  Би номондоо, “Бидний хамгийн чухал нүүдэл бол Орос, Хятад хоёр. Бид хөршүүдийнхээ эсрэг хэзээ ч гуравдахь талтай нийлж алсын бодлогогүй үйлдэл хийхгүй. Тиймээс Оросууд аа, биднийг ойлгоорой. Хятадууд аа, биднийг хүлээн зөвшөөрөөрэй. Хэзээ нэгэн цагт биднийг  та нарын эсрэг турхирна. Тэр үед бид алсын хараатай найдвартай хөрш байж чадна. Тиймээс, Бржежинскид та нар Евразийг барих гэсэн улс төрийн бодлогодоо Монголыг ашиглах гэвэл гонж шүү” гэсэн хариултыг бичсэн.

-Та давхар иргэншлийг энэ удаад зөвшөөрөхөөс өөр аргагүй гэлээ. Яагаад? 

-Алдаа гаргасан тал нөхцөл тавих боломжгүй. Энэ бол улс төрийн тоглоомын дүрэм. Хүмүүс гэснээс муусайн хужаа нар хуцаж л байг, өмхий хужаа нар гэх мэт үгнүүдээс бүрэн салахгүй бол бидний нөхцөл байдал цаашид улам муудна гэдгийг сэрэмжлүүлмээр байна. Өөрсдийн байгаа яг өнөөдрийн нөхцөл байдлаа бодитойгоор ухаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад л алдаа гаргана. Дахиад л бүр хүнд байдалд орох эрсдэлтэй.

-Давхар иргэншил нь цаашдаа манай үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах юм биш үү? 

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хятад бид нарыг хэзээ ч эзэлж байгаагүй. Эзлэх ч шаардлага байхгүй. Бид  л очиж түйвээж байсан уу гэхээс.

Давхар иргэншил бол асуудал биш. Гадны ашиг сонирхол орсон эсэх нь ч асуудал биш. Бид өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлээд шийдэх маш  олон арга замууд бий. Наад зах нь хотын утаа, инженерчлэлийн асуудлыг шийдэхэд дөхөмийг тооцоолж нарийн мэргэшсэн инженерүүдэд урт хугацааны эсвэл байнгын оршин суух виз олгож болно шүү дээ.  Үндэстнийхээ ашиг сонирхолд нийцүүлээд янз бүрийн шалгуур шүүлтүүр тавьж болно. Тиймээс давхар иргэншил ерөөсөө асуудал биш. Том асуудал бол бидний хүн чанар, иргэншил, эдийн засгийн асуудал.

Монгол хүн  ёс суртахуунгүй байна. За жишээлбэл, утааны асуудал байна. Өнөөдөр бидэнтэй хамт Улаанбаатарт экс ерөнхийлөгч, ерөнхий сайдууд утаагаар амьсгалаад байж байна уу хар л даа. Өвөл болохоор авгай хүүхдээ аваад Канад, Англи, арлын орнууд руу явчхаж байна. Эсвэл хотоос холхон халуун устай хаусандаа очоод өвөлжиж байна. Эд нар тэгвэл яагаад энэ олон мянган нялхас өвдөж зовж байхад утаанаас холдуулаад тэр том, том хауснуудаа хүүхдийн сувилал болгож болохгүй гэж. Энэ том том хаустай улс төрчид, баячууд хауснуудаа хүүхдийн сувилал болгох хэрэгтэй. Эсвэл энэ олон хотыг тойрсон тансаг амралтууд ч гэсэн ийм онцгой нөхцөлд өвдөж зовсон хүүхдүүдийг байрлуулж болохгүй гэж. Энэ шилдгийн шилдгээр жил бүр шалгараад байдаг монголын том том компаниуд тийм л шилдэг юм бол яагаад утааны асуудлыг шийдэхгүй байгаа юм? Энэ мундаг том том цолтой эрдэмтэн профессор гээд байгаа улсууд, ШУА, их сургуулиуд яагаад утааны шийдэл гаргахгүй байгаа юм? Ерөөсөө Монгол хүн утааны асуудалтай биш, ёс суртахууны асуудалтай байна.  Аливаа ард түмэн босч ирье гэвэл бие биенээ хайрлах хэрэгтэй. Эв нэгдэлтэй, Монголын гэрээтэй байх хэрэгтэй.

-Том улс төр гэж ярилаа. Үүнийгээ тодруулаач?

-Нэгдүгээрт, Улаанбаатар хотыг Орос, Хятад хоёр байгуулж өгсөн. Бидэнд хот суурин байгуулах туршлага байхгүй. Өнөөдөр хоолойд тулаад байгаа хотжилт, утаа, түгжрэл гээд суурин амьдралын асуудлуудыг бид хоёр хөрштэйгээ хамтарч шийдэхээс өөр арга байхгүй. (Бээжингийн утаа бол аж үйлдвэржилтийн утаа, Улаанбаатарынх бол ядуурлын, аргаа барсан, өлссөн даарсан хүмүүсийн утаа. Чанарын, улс төр, эдийн засгийн том ялгаа байгаа. Утааг арилгахад хөдөлмөрч чанар, мэдлэг, технологи хэрэгтэй. Утааны цаана орон сууц, цахилгаан, дулаан, зам байхгүй гэсэн л асуудал байгаа. Тиймээс бидэнд орос, хятад инженерүүд хэрэгтэй.)

Хоёрдугаарт, биднийг Орос, Хятадын эсрэг тавих гэсэн, хоёрдахь Украин болгох гэсэн геополитикийн ашиг сонирхол маш их байгаа.

Гуравдугаарт, хоёр хөрш маань олон улсад улам хүчирхэгжиж, байр суурь нь улам бэхжиж байна. Ийм том тоглогчидтой шатар нүүж чадахгүй. Ц.Мөнх-Оргилд маш том нүүдэл ирж байхад Далай ламд сөгдөж унаад бэрсээ идүүлчихлээ.Тиймээс одоо яалт ч үгүй, том улс төр ярихаас аргагүй цаг үе ирлээ.

-Та түрүүн “Монголын гэрээ” гэлээ. Энэ юуны тухай ном бэ? 

-Хятадын Күнзээс авхуулаад Францын философич Руссо, Германы философич Кант бүгд ард түмний эв нэгдэл бол ёс суртахуун дээр суурилдагийг хэлсэн. Тиймээс эвтэй бол хүчтэй биш, ёс суртахуунтай бол эвтэй. Бид дотроо хэл амаа ололцож байж гадагшаагаа харьцаж чадна. Тиймээс бид дотроо эхлээд нийгмийн гэрээгээ байгуулах хэрэгтэй. Энэ хоёр номыг уншаагүй ч юм уу, уншаад ойлгоогүй ч юм уу, өнөөдөр ямар ч байсан аавдаа загнуулсан хүүхэд шиг л сууцгааж байна.

Том улс төр хатуу учраас аливаа ард түмэн алдаа гаргасан бол алдаагаа бас даах л асуудал тулгарна. Дэлхийн том шатрын нүүдэл байтугай, хүүхэдтэйгээ тоглож байгаад  ч гэсэн бэрсээ алдчихаад уучилчих л даа гээд буцаачиж болдоггүй биз дээ. Эсвэл хүүхэд нь аав аа гэж уйлж байгаад буцаагаад бэрсээ авчихдаггүй биз дээ.

Давхар иргэншлийн асуудал бол улс төрийн нүүдэл шүү дээ. Зориуд иргэншил гэдэг асуудал тавьж өндөр авхуулж байгаа. Зөвшөөрөх, зөвшөөрөхгүй нь бидний шийдэх дараагийн асуудал. Улс төрийн нүүдлийг нэг нэгээр нь нүүхээс  нэгмөсөн гурав дөрвөн нүүдлийг нэгэн зэрэг нүүхгүй. Тиймээс давхар иргэншлийг шийдэж болно. Өөрсдийн ашиг сонирхлоо бүрэн тусгаад янз бүрээр шийдэж болно.

Энэ олон асуудлыг тэгээд хаанаас нь эхлэж шийдэх хэрэгтэй вэ? 

-Мэдлэг боловсрол, толгой нь хүрэхгүй байгаа нөхдүүд чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд чаддаг хүний үгийг сонсох хэрэгтэй. Чаддаг хүнээр нь хийлгэх хэрэгтэй. Ц.Элбэгдорж 1990 онд Оросын элчингийн гадаа жагсаж, колоничлогчид зайл гэж хөөж байсан. Оросуудыг хөөж гаргасан одоо тэгээд хятадууд ирж л таараа. Урд хилийг М.Энхсайхан нээж, импортын татварыг тэглэж, Хятадын бэлэн бараа орж ирээд Монголын аж үйлдвэрийг сүйрүүлсэн. Одоо гэтэл хилээ хаалаа гээд бид өөрсдөө л хэцүүднэ. Хятад Орос хоёр хилээ хаахад бид ганцхан сар л тэсэх байх. Төсөөлөөд л үз. Энэ бүх шатахууны компаниуд шатахууны үнээ тэнгэрт тултал нэмнэ. Махаа тэгээд үхэр тэргээр зөөх үү. Махны үнэ бас тэнгэрт хадна. Бараа таваарын үнэ тэнгэрт хадна. Тэгээд бид нар хоорондоо хэрэлдэж зодолдоод, нэг нэгнийгээ алаад  эхэлнэ. Улс төрчид, баячууд нисээд, нисээд гараад явчихна.  Ийм л юм болно. 

Эцэст нь хэлэхэд том улс төр бол том зургийг харах, деталь бүрийг тайлж унших чадвар.  Үүнд толгой хэрэгтэй. Мэдлэг боловсрол хэрэгтэй. Хэдэн нүүдлийн цаадахыг харах, гүн бодох чадвар хэрэгтэй.

Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих

Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны 12 сар

С.Молор-Эрдэнэ: Далай ламаас оюуны хувьд тусгаар тогтнохын тулд төрөөс 5 арга хэмжээ авах хэрэгтэй


Философич С.Молор-Эрдэнэ Далай ламыг монголд ирэхээс өмнө тулгарах эрсдэл, гарч болох сөрөг үр дагаварын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа сэрэмжлүүлж, бичиж, ярьж байсныг уншигч Та санаж байгаа бизээ.
Далай ламын манай улсад хийсэн айлчлалтай холбогдуулж БНХАУ-ын төрийн зүгээс албан ёсоор эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд харин үүнд С.Молор-Эрдэнэ бээр, “Монголын талаас дорвитой өндөр түвшний хариу тайлбар хийж, улс орны амьдралд гарах сөрөг үр дагаварыг арилгах хэрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Түүний “Далай лам бол Монголын тусгаар тогтнолын дайсан” гэсэн агуулгатай цуврал ярилцлагууд саявтархан нийгэмд шуугиан тарьж, сошиал орчинд хэлэлцүүлэг маргааны гол сэдэв болсныг ч бас мартаагүй биз ээ.
Тэгвэл бид энэ удаа уншигчдын хүсэлтээр “Эксперт ярьж байна” ярилцлагын буландаа түүнийг дахин урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өчигдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын талаас албан ёсоор уучлалт гуйлаа. Түүний тайлбарыг Та юу гэж үзэж байна, хангалттай хариулт өгч чадсан болов уу?
-Далай ламыг ирэхэд Монголын төр хүлээж аваад уулзаж байна гэдэг нь шашин, төр хоёулаа урьсан байна гэсэн үг. Яагаад хоёулаа урьсан бэ гэхлээр өнөөдрийг хүртэл Монгол Улсын төр нь шашнаасаа хамааралтай, шашинт төр гэдэг нь харагдлаа. Төрийн бүх үйл ажиллагаа шашинтай хамаатай, шашны бүх үйл ажиллагаа төртэй хамаатай гэж ойлгодог учраас сая Хятадад тодорхой хариулт өгсөнгүй. Товчхондоо, шашинт төртэй учраас Далай ламыг яагаад урьсан бэ гэдэгтээ дорвитой тайлбар өгч чадаагүй гэсэн үг.
Зүй нь бол Монголын төр Хятадын талд улс төрийн өндөр түвшинд хариулт өгөх ёстой байсан. Гэтэл өчигдрийн энэ хариулт бол хариулт биш.  Улс төрийн хариулт биш, тэр тусмаа төрийн хариулт ч биш. Энэ бол зүгээр хувь хүний уучлаарай, за зүгээр шүү дээ л гэсэн хариулт байна.
Түвд, Хятадын нэг хэсэг гэдэг бол ойлгомжтой зүйл.  Далай ламыг дахиж нутагтаа оруулж болохгүй гэж би бичсэн. Тэр бол харин биелэгдсэн байна. Энэ бол амлалт. Үндсэндээ Ц.Мөнх-Оргил сайдын уучлал гуйсан асуудал бол хариулт биш, зүгээр нэг амлалт болжээ. Хариулт өгч чадсангүй.
Амлалтаа биелүүлэх эсэх нь ч тодорхойгүй байна. Цаашдаа Далай ламыг шашны шугамаар ч оруулахгүй гэдгийг тодорхой болгох ёстой байсан.  Энэ бол маш чухал. Улс төрийн өндөр түвшний хариултууд тов тодорхой байх ёстой.  Найзуудын хоорондын хоосон яриа шиг байж болохгүй.
Далай лам орж ирж бидэнд ийм их хохирол учруулсны дараа сөрөг үр дагаврыг арилгах,  хэн хэнтэй хариуцлага тооцох, цаашид дахин давтагдахгүй болгохын тулд төр ямар ямар арга хэмжээ авах гээд тов тодорхой байх ёстой. Урьсан, оруулсан, хүлээж авсан бүх эздүүд, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой.
-Бид яагаад улс орон даяараа Далай ламын тоглоом болчихвоо. Хятадаас уучлалт гуйж нэр нүүрээ бараад дээрээс нь эдийн засгийн ихээхэн  хохирол амсах шиг боллоо. Үүний бодит шалтгаан юу вэ?
-Бид түүхэндээ үеийн үед Түвдийн шарын шашнаас болж хохирч явсан. Урагшаа хөгжиж чадахгүй, эрх чөлөө байхгүй, тусгаар тогтнол байхгүй, бие даасан улс болж чадахгүй, олон зуун жил Богд гэдэг түвд хүнээр дамжуулан түвдээс хамааралтайгаар амьдарч ирсэн.  Монголын төр, шашин хоёрыг хоёуланг нь харийн хүн атгаж байсан.  Гэсэн хирнээ энэ бодит байдлыг гуйвуулан тайлбарлаж, Монгол лам нараар гар хөл хийж орчин үеийн Монгол улс урагшилж хөгжихөд саад болсныгоо хэзээ ч хэлдэггүй.
-1939 оны хэлмэгдэл тэгэхлээр юу болж таарах билээ?
-1939 оны хэлмэгдэл бол Монголчуудын хэлмэгдэл болохоос лам нарын хэлмэгдэл биш. Улс орон  хөгжих гэтэл түвдийн шарын шашин Монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж зодолдуулсан. Бидний хөгжлийг зуу, зуун жилээр хойш татах гэж оролдсон ийм л зүйл болсон.
Далай ламд ингэж их бууж өгсний бас нэг том шалтгаан бол төр тэр чигээрээ мухар сүсэгт идэгдсэнтэй холбож ойлгож болно.  Албан тушаалтнууд бүгд мухар сүсэгтэй. Цаашлаад компаниудын захирлууд мөнгөтэй баячууд, феодалууд бүгдээрээ мухар сүсэгтэй байна шүү дээ.
-Ийм нөхцөл байдалд бид яах ёстой вэ?
- Мухар сүсгийг цаашид төрийн түвшинд ингэж гаарахгүй болгох арга хэмжээнүүдийг л авах ёстой.
-Ямар арга хэмжээнүүд байж болох вэ?
-Төрийн зүгээс авах арга хэмжээнүүд гэвэл хамгийн түрүүнд, төрийн бүх албан байгууллагууд, боловсролын бүх байгууллагууд, их дээд сургуулиуд, номын сангуудаас Далай ламын зургийг авч хаях. Үүнийг Үндсэн хуулийн цэц хийх хэрэгтэй.  Яагаад гэвэл төр шашнаас ангид байна гэсэн Үндсэн хуулийн чухал заалтыг ноцтой зөрчиж байгаа учраас Үндсэн хуулиа сахиулах ажлыг хариуцсан байгууллага нь хийх ёстой.  Шашин шүтэх эсэх нь хувь хүний өөрийн асуудал байх ёстой атал өнөөдөр төр нь шашнаасаа хамааралтай болчихсон байна. Гэртээ бол хүн ямар ч шашнаа шүтэж болно. Харин төр гэдэг зүйл шашнаас ангид байх ёстой.
Хоёрдугаарт, Монгол улсад сүм хийд нэрийн дор түвд хэл дээр уншиж байгаа бүх ном судруудыг Монгол хэлрүү орчуулах ёстой юм. Библи хүртэл орчуулагдаад Монгол хэл дээр байна.  Энэ ажлыг Боловсролын яам хариуцаж хийх нь зөв.
Гуравдугаарт, хадаг нэртэй түвдийн цэнхэр даавууг  хөдөө орон нутгийн уул ус бүхий л байгууламжуудаас авч, байгал орчноо цэвэрлэж авах явдал.  Энэ ажлыг Байгаль орчны яам хийх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, Цагаан Сарыг буцааж ард түмний баяр болгох. Өнөөдөр Цагаан сар лам нарын баяр болсон.  Төрийг төлөөлж буй хүмүүс албан тушаалтнууд өглөө уралдаж  лам дээр очиж золгоно, лам нар өдөржингөө зурагтаар түвд хэл дээр ном уншина.  Цаашид Цагаан сараар лам нар Гандангаа хаагаад өөрсдөө энгийн хувцсаа өмсөөд гэртээ харьж баярладаг болгох, цагаан сараар лам нар ямар нэгэн үйл ажиллагаа хийхийг хориглох ёстой. Яагаад гэвэл Цагаан сар бол ард түмний баяр.  Цагаан сараар Гандан явж ламтай золгох биш, Чингисийн талбай дээр өндөр настнууд эсвэл төрийг төлөөлөх Ерөнхийлөгчтэйгээ, эсвэл Ерөнхий сайдтайгаа золгох хэрэгтэй.
Тавдугаарт, даншиг нэртэй Богдоос гаралтай, лам нарын наадмыг хориглох.  Энэ нь бас л түвдээс гаралтай бүх юм нь түвджсөн ийм арга хэмжээ шүү дээ. Түвдээс тусгаар тогтноё гэвэл баяр наадмуудаа энэ мэтчлэн Монгол болгох зайлшгүй шаардлагатай байна.
-Таныхаар төрийн түвшинд ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна. Тэгвэл хувь хүмүүс юу хийх вэ?
-Хувь хүмүүс хамгийн түрүүнд төрийн алдааг ухамсарлах хэрэгтэй. Хэрвээ ламаас түвд нэр авсан бол тэр нэрээ сольж Монгол болгох хэрэгтэй. Үүнд төрөөс шуурхай дэмжиж Иргэний бүртгэл зэрэг байгууллагууд тусгай үйлчилгээ үзүүлэх. Улс даяараа Монгол нэртэй болох хөдөлгөөн өрнүүлэх явдал.
Ээж нар хүүхэд залуучуудыг ямар нэгэн байдлаар дарамтлаж лам руу авч явахыг хориглох. Ингэсэн тохиолдолд зохих хариуцлагыг тооцдог болох. Ламаар ном уншуулах  гэсэн үйлчилгээг хуулиар хориглох.
Лам нар зөвхөн сүм хийддээ л үйлчилгээ явуулна, айлуудаар явж болохгүй гэсэн хууль дүрмийг батлах. Сүм хийдээсээ гадуур энгийн хувцастай явах. Лам нар эмнэлгийн үйлчилгээ явуулахыг хориглох гэх мэт. Эдгээр ажлыг хууль, цагдаа, хүчний байгууллагууд хариуцаж хийх хэрэгтэй.  Ингэж байж бид түвдээс тусгаар тогтнож Монгол болно. Бүх юмаа Монгол болгоё.
-Нийгмийг бухимдуулж буй маш олон асуудал байхад та яагаад ингээд Далай лам, мухар сүсэг гээд онцгойлон тэмцээд байдаг юм бэ? Утаа, авилгал, ядуурал, эдийн засгийн хямрал гээд яг хоолой дээр тулсан асуудлууд зөндөө байна шүү дээ?
-Аливаа улс орон хөгжихөд мэдлэг боловсрол, шинжлэх ухаан хоёр шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл манайд энэ бүхний оронд мухар сүсэг бүгдийг эзлээд нийгмийн  хөгжил дэвшлийг тэр чигт нь боомилж байна.  Жишээлбэл, сая асуусан утааны асуудлыг шийдэх ёстой ШУТИС, ШУА мухар сүсэгт эзлэгдсэн. Утааны эсрэг шинжлэх ухаанч шийдэл боловсруулах нийгмийн үүргээ умартаад Далай ламыг шүтээд сууж байгаа. Ороод харвал нил Далай ламын зураг байгаа шүү дээ.
Авилгал ч мөн том мухар сүсэгээс үүдэлтэй. Нэг ламын гадаа том жийпээ зогсоогоод явж ороод авилгаар олсон хэдээсээ ламд ахиухан хэдэн төгрөг өгч ном уншуулаад тэгээд одоо баригдахгүй, ар нь бат гэж боддог улсууд өчнөөн байна.
Бүр их авилгал авсан нь Дарамсала явж мөргөж, Далай ламын гэрт нь очиж хэдэн мянга доллар төлж нүглээ наминчилах тусгай  үйлчилгээ авч байгаа. Ялангуяа манай экс ерөнхийлөгч, ерөнхий сайд нар их явж харагддаг. Ямар ч их авилгал авч, идэж ууж байсан дараа нь ламаар ном уншуулаад аргачихна гэсэн мухар сүсэгтэй.
Ядуурал ч мөн мухар сүсгийн асуудал. Муу заяа, хувь тавилан, амны билэг, муу амлах, болно доо гээд явж байвал болно, ламдаа даатгачихна гэх мэт гэнэн мухар сүсэг хавтгайрсан байна.  Төр байгаа цагт болно доо, болно ч гэдэг юмуу. Гэтэл төр өөрөө ард түмэндээ туслах нь битгий хэл өөрөө нил мухар сүсэгтсэн нь харагдаж байна. Үүний тод жишээг Ц.Мөнх-Оргил сая харууллаа. Гадаад харилцааны сайд нь Далай багш гэчихсэн шүтчихсэн гүйж байсан. Ц.Мөнх-Оргилын бүр багш нь гэж байна шүү дээ. Уг нь дэлхийн том төрийн онолчид багш нь байх ёстой атал түүний багш нь Далай лам байх жишээтэй.
Эдийн засгийн хямрал ч мөн мухар сүсгээс үүдэлтэй.  Хүн хүндээ туслаж, хайрлаж, бие биенээ түшиж явдаг гэсэн хүн ёсны морал алдагдаж, мухар сүсэг моралын дээр гараад суусан.  Ядарсан зүдэрсэн хүнд тусалбал буянаа барна, холхон байх хэрэгтэй гэсэн мухар сүсэг. Өөрөө л болж бүтэж байвал ядарсан нэгнээ хохь нь, заяа нь тэр, муусайн юмнууд гэсэн хандлагатай болчихож. Нэг нэгэндээ туслах сэтгэл байхгүй болсон учраас бие биедээ итгэх итгэл байхгүй болсон.  Хамтарч хийж бүтээх ямар ч боломжгүй. Бүгд хар амиа бодоод явдаг болсон. Мухар сүсэг хүнийг хүнлэг бус, зэрлэг араатан шиг болгодог.
-Та 5-6 жилийн өмнө бичсэн “Монголчуудын хар хайрцагны бодлого” номондоо Монголчуудын геополитикийн гол асуудлууд, тэр дундаа хөршүүдтэйгээ болон барууныхантай хэрхэн харьцах талаар маш сайн анализ хийж дүгнэлт, чиглэлүүдийг гаргасан байсан. Олон жилийн өмнөөс бичиж, анхааруулсаар байтал өнөөдөр Монголчууд ийм гэнэн алхам хийж нэр нүүрээ барж, эдийн засгийн хувьд ч ихээхэн хохирол амсаж байх юм?
-Энэ номыг уг нь сэхээтэн хүмүүс унших ёстой. Гэтэл манайд сэхээтэн хүмүүс байхгүй болжээ.  Ийм сэдвээр өндөр түвшинд ойлгож ярилцах хүмүүс гарч ирэхгүй байна шүү дээ. Улс төрийнхөн бол өөрсдийнх нь үнэн царай харагдчихна гэж айдаг. Хэвлэл мэдээлэл угаасаа улс төрийнхны гарт байдаг учраас Монголд оюуны хүмүүс гарч ирэхэд маш хэцүү. Бараг л боломжгүй гэхүүдээ.  Уг нь аливаа улс орны амин сүнсийг философичид нь авч явдаг.  Платон, Аристотель, Күнз гээд эргэн тойрноо хар л даа. Монгол хүн тэгвэл яагаад философидож болохгүй гэж.  Заавал гадны л хүнийг шүтээд, Монгол хүндээ үнэмшихгүй гэвэл бид хэзээ ч харийн бодлогыг давж нүүж,  өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй.
Би номондоо нийгэм, улс орон, дэлхийн нийтийн хандлагыг судлаж дүгнээд бид хоёр хөрштэйгээ эвтэй байж, хамтрахгүй л бол урагшлахгүй гэдгийг гаргаж тавьсан. Хятад өнөөдөр дэлхийн тавцан дээр том тоглогч. Орос мөн адил. Ийм хоёр том хөрштэйгээ өндөр түвшинд л харицахгүй юм бол хэцүүднэ. Далай лам капиталистуудын даалгавраар ирж бид нарыг Хятадтай муудалцуулж чадлаа.  Дараагийн аюул бол биднийг Оростой муудалцуулах.  Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн эсрэг явуулгууд биднийг нэн түрүүнд Орос, Хятадтай муудалцуулахад чиглэнэ. Тиймээс сонор сэрэмжтэй, хоорондоо эвтэй бас их чамбай байх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд Хятадад өгсөн амлалт бол улс төрийн хариулт биш. Тиймээс улс төрийн түвшинд хариулт өгөхийн тулд Гадаад харилцааны сайдтай хариуцлага тооцон огцруулах хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ дипломат ёс болно.
Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих
Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны 12 сар

С.Молор-Эрдэнэ: Монголын тусгаар тогтнолын дайсан бол Далай лам


Улс тунхагласны баярын өдөр тохиож буйтай холбогдуулан "Монгол Улсын тусгаар тогтнол ба Далай лам" сэдвийн дор  "Эксперт ярьж байна" ярилцлагын булангийнхаа энэ удаагийн дугаарт философич С.Молор-Эрдэнийг урьж ярилцлаа.

-Саяхан XIV Далай лам манай улсад дөрөв хоногийн хугацаатай айлчлал хийгээд буцлаа. Таны хувьд энэхүү айлчлалын өмнөхөн "Далай ламд монголчууд хэн болсноо харуулах цаг эхлэх нь ээ" гарчигтай нийтлэл бичиж хэвлүүлсэн нь нийгэмд багагүй шуугиан тарих шиг боллоо?
-Далай лам Монголын тусгаар тогтнолыг үл тоосондоо уучлалт гуйх хэрэгтэй.
- Тийм гэж үү. Яагаад уучлалт гуйх ёстой гэж?
-Би үүнд ноцтой үндэслэл хэлье. Юуны өмнө хамгийн нэгдүгээрт, бидний тусгаар тогтнолыг үл тоож дэлхий нийтийн өмнө Монголыг ичгэвтэр байдалд орууллаа. Гадны хүн улс оронд нь орж ирээд ард түмний ухаан санааг үймүүлээд, улстөрийг нь бужигнуулаад, зүв зүгээр явж байсан өдөр тутмын  ажил амьдралд саад хийгээд, интернетээр хүмүүсийг орилж хашгируулж зодолдуулаад, дотор нь хагарал үүсгэж нэг нэгнийх нь өмнөөс сөргөлдүүлж дайсагнуулаад сүүлдээ бидний эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд хүндрэл, хохирол учруулаад дипломат ёсонд алдаа гаргуулаад ингээд яваад өглөө. Өмнө нь ч ингэдэг байсан. Ийм хүмүүсийг эх орондоо оруулж ирэн чөлөөтэй явуулж бүр зарим нь магтан дуулж буй энэ байдал бол бид ямар гэнэн томоогүй, хүний үгэнд орж, мухар сүсэгт автаж, ирээдүйн хөгжлөө устгаж байгаагаа дэлхий нийтэд харуулсан явдал юм.
Дэлхий нийт биднийг хараад үнэндээ шоолж байна. Энэ Монгол гэж яасан арчаагүй орон бэ гэж. Зүгээр нэг хүн дуртай цагтаа орж ирээд л бужигнуулж амьдралыг нь үймүүлчихээд л гараад явчихдаг. Ямар визээр, хэний урилгаар орж ирсэн нь мэдэгдэхгүй.  Одоо бол Далай ламыг хэн урьсан нь мэдэгдэхээ больчихоод байна шүү дээ. Энэ нь үндсэндээ биднийг оюун санааны хувьд тусгаар тогтносон орон биш гэдгийг харуулчихлаа. Хэн ч хамаагүй орж ирээд хооронд нь хэрэлдэж, зодолдуулчихаад яваад өгөх боломжтой ийм замбараагүй, эх захгүй эзэнгүй улс орон гэдгийг харуулчихлаа.
Манайхаас өөр бусад улс орнууд энэ Далай ламыг тэгж хамаагүй хилээрээ нэвтрүүлдэггүй. Хаагуур явах, хэнтэй уулзах, юу ярихыг нягталж шалгаж байж эх нутагтаа оруулдаг.
Далай лам ирэхийн өмнөхөн Хятадын талаас мэдэгдэл хийгээгүй бол Монголын улс төрчид Далай ламыг ийш тийш нь авч явж, хөөрч давхиад, газар нутаг, уул усаа бэлэглэх байсан биз. Аягүй бол одоо үлэг гүрвэлийн музей болгочихоод байгаа Лениний музейг бэлэглэх байсан болов уу.
Монголын баячууд нь хурдан морь, жийп, байшин барилгаа бэлэглэх байсан биз. Сүхбаатарын талбай дээр юу, юу болох байсан бол. Энэ бүгдийгээ эд нар хийж чадаагүй. Хэрвээ саяны ярьсан зүйлүүдийг хэрэгжүүлсэн бол ичгэвтэр юм болох байсан шүү. Далай лам бид нарыг ичгэвтэр байдалд оруулахаасаа илүү бид нар өөрөө өөрсдөө хөл алдаж, өөрсдийгөө шившиг болгох байсан шүү. Одоо манай улс төрийнхөн Далай ламыг ирээд буцсаны дараа өмнө нь хийх гээд төлөвлөсөн ажлууд нь бүгд нураад шоконд орчихсон сууцгааж байна. Эд нар гэртээ, албан өрөөндөө бүгдээрээ Далай ламын зурагтай. Түүнийгээ шүтээд сууж байдаг .
Хоёрдугаарт, одоо Монголд хахир өвөл эхэлж байна. Бид Оросоос шатахуун, Хятадаас хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл, барилгын материал гээд хамаг юмаа зөөх ёстой. Бидний эдийн засаг тэр чигээрээ Хятад дээр тогтож байгаа. Ийм байдалтай байхад биднийг урд хөрштэй зөрчилдүүлээд, цаашид хамтран ажиллах хөгжлийн чухал чухал төслүүдийг зогсоогоод өвлийн хүйтэнд монголчуудыг хүнд байдалд оруулчихаад яваад өглөө. Магадгүй энэ нь даамжирсаар зөвхөн улс төрийн хямрал биш бүр эдийн засгийн хямрал болох гээд байна. Далай лам Хятадтай биднийг муудалцуулж Монголын улс төрийг төдийгүй эдийн засгийг хүнд байдалд орууллаа.
-Улс төрийн хямрал гэдгээр та яг юуг хэлж байна?
-Улс төрийн хямрал гэдгээр Монгол орон улс төрийн бодлогоо бие даан явуулах чадваргүй юм байна, Монголын улс төр Далай ламд ялагдаж байна, Далай лам Монголын улс төрөөр зүгээр тоглочихоод яваад өглөө гэдгийг хэлж байгаа юм.  Одоо Монголын улс төр Хятадын улс төрийн өмнө өртэй үлдсэн. Хятадын Гадаад яамнаас хийж байгаа мэдэгдлүүдийг хар.  Тэд өндөр түвшинд ажиллаж байна. Гэтэл бид эргүүлээд өндөр түвшинд хариулт өгч чадах уу? Чадсангүй. Яагаад гэвэл чадваргүй учраас тэр. Гадаадын өндөр түвшинд ирүүлсэн мэдэгдэлд бид тохирох хариултыг өгч чадахгүй сууж байна. Энэ чинь улс төрийн гүн хямдралд орсны тод жишээ.
-Тэгвэл Далай ламын тухай таны тайлбар?  Далай лам бол Монгол туургатны шашны тэргүүн хэмээн шүтэж бишрэх нэгэн ч бас байна шүү дээ?
-Монголчууд яагаад Далай ламыг хараад үхчих гээд байгаа юм бэ? Яагаад төвдүүдээс айгаад байдаг вэ? Төвдүүд мундаг, Далай лам мундаг, Далай лам их багш, Далай ламыг хэн ч шүүмжилж болохгүй, хэн ч эсэргүүцэж болохгүй гэсэн ийм нэг уур амьсгал, сургааль ч юмуу нэг юм Монголчуудын дунд яваад байна. Тэгэхлээр ямар нэг сүсэг бишрэл, сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр авч үзвэл Төвд гэдэг бол Хятадын харьяа, төвдийн иргэн бол хятадын иргэн. Далай лам ч мөн адил Төвд орны буюу Хятад орны иргэн. Төвд гэдэг орон бол мухар сүсэгт унаад боловсрол, эрүүл мэндийн орчин үеийн эмнэлэг, сургууль байхгүй, дэлхийн хөгжлөөс хэдэн зуун жилээр хоцорчихсон арчаагүй ийм л орон. Улс орноо ийм болгосон нь Далай лам.
Төвд орон өнөөдөр ингэж мухар сүсэгт идэгдсэн нь Далай ламын тарьсан гайтай холбоотой. Далай лам энэ ард түмний шим шүүсийг сорж эд баялаг, сайн сайхныг нь өөртөө эзэмшсэн. Далай лам бол яах аргагүй Хятадын иргэн. Хятадын эсрэг улс төрийн үйл ажиллагаанд оролцож, гадаадаар доншуучлан явдаг ийм л этгээд шүү дээ.
Хятадын эсрэг "Төвдийг чөлөөл" гэсэн хөдөлгөөн зарлаж, Хятадын эсрэг улс төрийн байгууллагууд, ялангуяа АНУ-ын тагнуулын байгууллагуудаас маш өндөр цалин авдаг. Үнэхээр улс орныхоо төлөө явж байгаа хүн бол улс орондоо, ард түмэнтэйгээ хамт байх ёстой биз дээ. Энд тэндээс мөнгө авч, гадуур тэнэж яваад яах юм? Ийм л хүн. Өөр зүйл байхгүй.
-Тэгвэл Монголчууд яагаад ийм хүнийг нийтээрээ шүтээд байна вэ?
-Уг нь аль 100 жилийн өмнө бид энэнээс салсан. Бид бол Төвдийн дарлалд олон зуун жил зовсон хүмүүс. Энэ хооронд бидний бүх юм төвд болчихсон. Төвд лам нар орж ирээд нэн түрүүнд Монголчуудын нэрийг өөрчилсөн. Бүгд төвд нэртэй болцгоосон. Бидний ээж, аав, эмээ, өвөө нарын нэр дандаа төвд. Сүбэдэй гэсэн Монгол хүн ховор. Чингис гэсэн Монгол хүн ховор. Гэтэл Данзан, Гочоо гэсэн Монгол хүмүүс олон бий.
Бидний нэрийг өөрчлөөд дараа нь Монголчуудын үлгэр домгуудыг бүгдийг нь өөрчилсөн. Бүгдийг нь богд болгосон. Сайн анзаарвал Монгол үлгэрийг баатрууд дандаа Богд байгаа. Эсхүл дандаа Богдоос адис авч байгаа дүр, дүрслэлтэй. Оюун санааны, ухаан сэтгэлийн том хордлогонд орсон ийм л ард түмэн. Тийм учраас бид үлгэр домгоо уншихаар төвдүүдийг уншдаг, ээж аавыгаа дуудахаар төвд нэр дууддаг, бүх сүм хийдүүд төвдөөр бичсэн номтой, төвд хэл дээр ном уншдаг. Эх хэлээ Монгол хүн дорд үзэх болсон. Төвд хэлийг шүтдэг. Ингээд Монгол оронд Монгол хэл хэрэг дээрээ албан ёсны хэл биш мэт. Төвд хэл албан ёсны хэл мэт. Бидний бүх юм төвд хэл дээр. Даваа, Мягмар, Лхагва... гээд гарагийн нэр хүртэл. Тиймээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл бид нэн тэргүүнд Төвдөөс чөлөөлөгдөх хэрэгтэй. Бид оюун санааны хувьд төвдийн боол болсон байна. Энэ бол арай дэндүү гутамшиг. Тиймээс бид тусгаар тогтнол ярихын өмнө эхлээд Төвдөөс оюун санааны хувьд чөлөөлөгдөж, оюун санааны тусгаар тогтнолоо олж авах хэрэгтэй. Ядаж л эмнэлэг, сургууль, төрийн байгууллагууд, их сургуулиудаасаа Далай ламын зургийг гаргаж хаях хэрэгтэй. Шатааж хэрэггүй, гэр хорооллын айлууд түлж дулаацсан нь дээр. Тусгаар тогтнолынхоо өдрөөр ядаж Далай ламаас чөлөөлөгдөцгөөе.
-Таныхаар Далай лам Монголд айлчилсан цаад үнэн зорилго нь юу байв?
-Хятадтай биднийг муудалдцуулж, Хятадын хилийг хаалгах гэж оролдож байна. Өнөөдөр Орос, Хятад хоёр хилээ хаалаа гэж бодоё. Тэгвэл юу болох вэ? Бид өвлийн хүйтнийг давмаар байна, амьд үлдэж оршин тогтномоор байна. Шатахуунгүй, хувцас хунар, бараа тавааргүй бид яах билээ? Бид Хятадаас эдийн засгийн хувьд бүрэн хамааралтай болсон нь хэний буруу вэ? Бидний өөрсдийн буруу. Социализмын бүтээн байгуулалтаа устгаж, аж үйлдвэрээ устгасны гай. Үнэн хэрэгтээ өнөөдөр бидэнд дангаараа өөрөө өөрсдийгөө аваад явчих чадвар алга. Ямар ч боломж байхгүй. Японоос бараа таваар авчирья гэх хүмүүс байдаг. Хүсэх юм бол үүнийг нь Орос, Хятад хоёр нутаг дэвсгэр дээгүүрээ нисгэхгүй байж чадна. Тиймээс онгоцоор зөөнө гэдэг үлгэр. Алсын Америк биднийг харин ч нэг тоохгүй. Тэд бол ядуу орнуудыг газрын баялгийг нь авч хөгжилгүй чигээр нь орхидог ийм л туршлагатай орон. Америкийг дагаад хөгжсөн орон байхгүй. Тэгвэл Орос орон, Хятад орныг дагаад хөгжсөн ард түмнүүд зөндөө бий. Үүнийг үгүйсгэж болохгүй.
Дахин хэлэхэд Далай лам бид нарыг доромжилчихоод явлаа. Зуны дэлгэр цагт ирэхгүй яг хахир өвөл эхлэхийн өмнөхөн бэлдэж тооцоолж байгаад ирж байгаа биз дээ. Хятадуудтай муудалцуулчихлаа. Одоо дараагийн ажилдаа орж биднийг Оросуудтай муудалцуулж, Оросын хилийг хаалгана. Энэ бол цаанаасаа Америкийн тагнуулын газрын даалгавар. CIA Америкийн тагнуулын газраас мөнгө авдаг нь интернетэд тавигдчихсан, нийтэд ил болсон мэдээлэл. Хэн ч ороод уншчих боломжтой. Сая ирэхдээ хүртэл Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, Трамп, улс төр ярьж байгаад явлаа шүү дээ. Бид нарт л лам хувцастай харагдаад байгаа болохоос цаанаа шал өөр хүн. Монголыг Орос Хятадын эсрэг тавьж хоёр дахь Украин болгох гэж байна. Юун бидний тусгаар тогтнол. Ингээд Далай лам энэ удаагийн томилолтынхоо зорилгыг биелүүллээ. Дараагийн даалгавараа биелүүлэхийн тулд дахиад ч ирэх болно.
Биднийг дэмжиж туслаж байгаа хоёр хөршөө гомдоож, алс холын мухар сүсэгтэй, хаа нэг газрын даалгавартай доншуулч этгээдэд дээд түвшинд доромжлуулаад, эцэстээ хоорондоо хэрэлдэж зодолдоод, хуваагдаж талцаад үлдэнэ гэдэг бол Монгол хүн хэн бэ гэдгийг л харуулж байна. Бид дэндүү арчаагүй байна.
Төвдүүд биднийг оюун санааны хувьд мунхруулж, доромжилж, Манжтай нийлж ноёлж ирсэн. Манж унасны дараа дангаараа ноёлох болж Орос, Хятадын эсрэг турхирч хөгжиж дэвшихэд саад болсоор ирсэн түүхтэй. 1930-аад оны хэлмэгдүүлэлт бол төвдийн хэлмэгдүүлэлт. Төвд лам нар Монгол лам нарыг турхирч эмнэлэг сургуультай болж, хөгжиж дэвшихийг зогсоох гэж оролдсон. Түүнээс биш Оросууд, Хятадууд бидэнд туслаж л байсан уу гэхээс хэлмэгдүүлээгүй шүү. Өнөөдрийн Улаанбаатарын барилгуудыг л хар. Хэдийг нь Оросууд, хэдийг нь Хятадууд барьсан байна? Хятадууд өнөөдөр ч Улаанбаатарын шилэн барилгуудыг барьсаар л байна. Монголын боловсролтой сэхээтэн хүмүүсийн ихэнхи нь Оросод боловсрол эзэмшсэн шүү дээ. Монголын их сургуулиуд, намынхан бүгд Оросын дипломтой. Монголын баячууд бүгдээрээ л социализмын бүтээн байгуулалтыг хуушуурны мөнгөөр хувьчилж авч баяжсан биз дээ. Оросод боловсрол эзэмшиж диплом авчихаад одоо Далай ламыг шүтээд гүйж байна гэдэг гутамшиг биз дээ. Ямар том ялагдал вэ. Европд сурсан хичнээн залуучууд байна. Гэтэл дийлэнх нь мухар сүсэгтэй байна шүү дээ. Монголчууд Далай ламын шавь нар биш биз дээ? Монгол орон мэдлэг боловсролын орон болохоос мухар сүсгийн орон биш биз дээ? Төрийн ордонд улс төрчид төрийн өндөр албан тушаалтнуудын өрөө, их сургуулиудын тэнхимүүд, профессоруудын өрөө тэр чигээрээ Далай ламын хөрөг зургаар дүүрэх үү?  Монгол орон Далай ламын орон биш биз дээ?
-Бид яагаад ингэж их мухар сүсэг рүү хошуурах болов? Бас яагаад өдий болтол төвдийн тархи угаалтаас тусгаар тогтнож чадахгүй байна вэ?
-Энд гурван том төөрөгдөл яваад байдаг. Эхнийх нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг Төвдүүд өөрсдөөсөө зайлуулж, Оросууд, Хятадууд та нарыг хэлмэгдүүлсэн шүү гэж биднийг мунхруулсан явдал. Хар л даа. Өнөөдөр Далай лам юу  ч хэлсэн үнэмшихэд бэлэн байна шүү дээ. Тэгвэл 30, 40 онд интернет байтугай бичиг үсэггүй Монголчууд бүр ч амархан үнэмшинэ биз дээ. Хятад Орос нийлж байгаад биднийг Улаанбаатар гэсэн хоттой, бичиг үсэгтэй, эмнэлэг сургуультай болгосон.
Дараагийнх нь социализмын тухай худлаа тайлбар. Социализмын үед л Монгол орон аж үйлдвэртэй болж, том том бүтээн байгуулалтыг хийж, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн хөгжсөн.
Гуравдахь төөрөгдөл бол ардчилал Монголчуудыг аварна гэсэн төөрөгдөл. Гэтэл өнөөдрийн бүх зүйл сургууль, эмнэлэг, том компаниуд бүгд социализмын бүтээн байгуулалт дээр түшиглэж, социализм дээрээс босч ирсэн. Ардчилал Монголын хилийг нээгээгүй. Дэлхий ертөнц хоёр том систем нурахад нээлттэй болсон болохоос ардчилал энд ямар ч гавьяагүй.
Мухар сүсэгт автана гэдэг биеэ даах чадваргүй, арчаагүй, айдастай хүний л хийдэг ажил шүү дээ. Бид яах гэж Далай ламыг шүтэж байгаа юм бэ? Бүгдээрээ 100 жилийн өмнөх шигээ эмнэлэг сургуулиа хаагаад сүмд шавилан суух уу? Хэн биднийг ийм болгох гээд байгаа юм бэ? Монгол орноо хамгаалах улс төрийн бодлоготой гэж бодсон байхгүй байна шүү дээ. Монголчуудыгаа хөгжүүлэхийн төлөө, ирээдүйнхээ төлөө ажиллаж байгаа төртэй гэж бодсон чинь байхгүй байна шүү дээ. Нөгөө Үндсэн Хуулийн Цэц хаа байна? Нөгөө Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөл хаа байна? Нөгөө Стратеги, Бодлогын хүрээлэнгүүд хаа байна? Далай лам ирээд буцахад Монголын улстөрд онц, ноцтой сөрөг үр дагавар гарах болно гэсэн анализ, дүн шинжилгээ хаа байна? Эд нар зөв ажиллаж чадсан бол бид өнөөдөр Хятадын өмнө ийм ичгэвэртэй байдалд орохгүй байх байсан. Тусгаар тогтнолын өдөр л гэнэ. Эцсийн эцэст бид хэнээс тусгаар тогтносон юм бэ?
-Одоо тэгээд яах вэ?
-ҮАБЗ ажлаа хийх хэрэгтэй байна. Дараагийн үйл ажиллагаанаас сэргийлж арга хэмжээ авах хэрэгтэй. Далай лам биднийг Оростой муудалцуулахаар дахиж ирнэ. Тиймээс дахиж ойрын хэдэн арван жилд ирүүлэхгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй. Олон улсад үүнийгээ зарлах хэрэгтэй. Далай ламыг Монголын ард түмнээс уучлалт гуйлгуулах хэрэгтэй. Далай лам дахиж би танай оронд очиж гай тарихгүй, уучлаарай. Танай эдийн засгийн хамгийн том хөрш Хятад орныг ийм мэдэгдэл хийлгэхэд хүргэсэндээ маш их гэмшиж байна гэж хэлүүлэх хэрэгтэй.
Тэгэхгүй бол одоо энэ улс төрийн хямралаас болж эдийн засгийн хямрал улам гүнзгийрнэ. Эдийн засаг хямарна гэдэг нь хүмүүс өлсөнө гэсэн үг. Хүмүүс өлсөхөөрөө яахаас ч буцахгүй болдог. Хамгийн түрүүнд гэр хорооллынхон өлсөж эхэлнэ. Зайсангийнхан өлсөхгүй. Тэгээд яг 1990 оны жороор картын бараанд оруулна. Аливаа нэг улс орныг авахын тулд зориуд хоол ундны асуудлыг хиймлээр бий болгож, картын бараанд оруулдаг. Энэ бол сэтгэл зүйн хувьд шоконд оруулж, айлган сүрдүүлэх арга. 1990 онд биднийг өлсгөж картын бараанд оруулж байгаад хулгайч нар төрийг авсан бол одоо гадныхан ирж төрийг аваад Украин-2 болгоно. Гадны колоничлогчид ирэх бэлтгэл ажлыг Далай лам хийчихээд явлаа.  Далай лам гэж бууны нохой одоо бүхэл бүтэн улс орныг Орос, Хятадын эсрэг бууны нохой болгох гэж байна. Яг Украинтай адилхан. 
-Манай төрийнхөн, УИХ-ын гишүүд хэр ажиллаж байна гэж Та харж байна?
-Улс төр гэдэг чинь дөрвөн жилд нэг хийдэг сонгууль төдий зүйл биш. Сонгууль бол намуудын хийдэг жижиг улстөр. Том улстөр бол улс орноо авч явах, улсын Төр гэсэн үг. Том улстөрд Монгол хүнээ бэлдэх тогтолцоо байхгүй байна. Жижиг улстөрдөө л гарамгай байна. Яаж сонгууль хийж хоорондоо хэрэлдэж зодолдохдоо л сайн. Харин намаасаа дээгүүр гарч ирээд том улстөр хийж, төр улсаа авч явах, олон улсын тавцанд гарч ажиллах чадвар алга. Яагаад гэвэл бэлтгэгдээгүй учраас тэр. Төрд зүтгэж байгаа гэх улсууд ядаж улстөрийн онолын суурь бүтээлүүдийг хүртэл уншаагүй сууж байх жишээтэй.
Улстөрийн хямрал гээд байгаа нь манайд чадавхи бүрдээгүй байгаатай холбоотой. Манай Гадаад хэргийн сайдын хийж байгаа мэдэгдлийг хар л даа. Час хийсэн хариулт өгч чадахгүй байгаагийн цаад учир нь эд нарт тийм боловсрол байхгүйтэй холбоотой. Эд нар дунд Платон, Аристотелийн улс төрийн онолын ном уншсан хүн байна уу? Хятадын талын мэдэгдлийг харав уу? Нил Күнзийн сургааль, философи явж байна лээ шүү дээ. Тиймээс хариулт нь гэсэн мөн маш сайн бодож боловсруулсан философийн өндөр түвшинд хариулт өгөх хэрэгтэй.
Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих
Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны 11 сарын 26

С.Молор-Эрдэнэ: Далай лам ирж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой


Философич С.Молор-Эрдэнэтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёр жилийн өмнө   Далай ламыг Монголд ирэхэд та  "Шашин бол ард олны хар тамхи" нийтлэл бичиж байсан. Харин  өнөөдөр "Далай ламд монгол хүн хэн болсноо харуулах өдрүүд эхлэх нь" гэж бичсэн байна лээ. Гэвч өнөөдөр Монгол Улсад ирсэн Далай ламаа  хөл алдан угтаж гүйсээр л  байна?  
-Миний хоёр жилийн өмнө бичиж байсан нийтлэлийн санаа батлагдлаа. Тухайн үед цагаан сараар ээжийндээ очиход телевизээр лам нар л ном уншаад  гараад байх юм. Би бүр гайхаад.  Нөгөө ард түмний баяр чинь лам нарын баяр болчихсон байна. Э.Бат-Үүл чинь Даншиг хийнэ гээд л. Цагаан сар, наадам хоёроо лам нарт алдчихжээ. Тэгээд би  бодохгүй юу. Ерөөсөө шашин гэдэг  төр улс, сэхээтэн, энгийн хүнийг хүртэл хар тамхи шиг мансууруулж, мэдрэмжийг нь балартуулж, өөрийн ухаангүй болгодог гэж хэлж байсан Марксын 150 жилийн өмнөх үг яасан  үнэн бэ гэж бодсон. Хар тамхи хүнийг мансууралд оруулахыг хэлээд байгаа юм.  Бүр өөрөө дурлаж мансуурдаг.   Үүнтэй адил хүн гараас нь хөтлөөгүй байхад яагаад өөрөө очоод байгааг Маркс  гайхаж судалсан байдаг. Гаргалгаа нь муу төртэй бол  тийшээ  явдаг юм байна гэж. Амьдрал нь зовлонтой,  асуултынхаа хариултыг хэлэх  хүн байхгүй, энэрч хайрлах төр байхгүй . Ийм болохоор хүн  сүм хийдэд очиж  хэдэн хором аман уншлага сонсч ,арц хүжний  үнэрт мансуурдаг юм байна л даа. Харамсалтай нь гандангаас гараад л тэр  зүйл нь алга болж, автобусанд суугаад хүнтэй хэрэлддэг л  байхгүй юу.
Би "Ар монголд орчин  үе үгүйлэгдэж  байна" номоо  4-5 жилийн өмнө бичиж байсан. Бид өнөөдөр  I phone  утас барьж, машин унаж, кофе ууж байна.  Тэгсэн хэрнээ тархиндаа ямар их мухар сүсэгтэй, ямар их хоцрогдчихсон юм бэ. Үс авхуулдаггүй өдөр, орой хумс  авч болохгүй ч гэх шиг. Бид  100 жилийн өмнө байгаа хэрэг үү. Гаднаа бол маш их орчин үеийн. Машин унаж давхилдаад л, ухаалаг утсаар харилцаад, орой нь дискодоод л. Бөөн электроник. Гарлаа мухар сүсэг. Энэ л монгол хүний худал, хуурамч, шашин гэхэд хэцүү өөдгүй хулчгар, хуучиндаа хоргодсон, юм л бол түүх, уламжлалт ёс, зан заншил ярьдаг. Энэ байдал маань хэвээрээ л , бүр гүнзгийрч байгаад харамсч байна.
-Бидний  сөгдөж мөргөөд, тахин шүтээд байгаа Далай лам  ямар түвшинд, хаана хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм бэ?
-Хаана ч хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэр байтугай өөрийн эх орондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн. Эх орон, ард түмнээ орхиод  хувийн жаргал, биеийн амар амгаланг хөөж эх орныхоо гадна амьдарч байгаа хүн. Тэрийг хэн ч хөөгөөгүй. Өөрөө ихээр хөрөнгөжөөд эх орноо орхин гарсан л хүн. 100 жилийн өмнөх шашны муухай зан заншлуудаа өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа. Энэ бол  шашин биш. Ламаизм. Нөгөө шарын урсгал. Япон, Тайланд, Бангладешд байдаг  буддизм биш. Энэ бол яргачин мухар сүсэг. Ялангуяа эмэгтэй хүнийг маш их доромжилдог. Түвдийн лам нар эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг. Үүнийгээ муу муухайг нь зайлуулж байна гэж тайлбарладаг. Лам  багш  нь  шавь нартаа нус, шүлсээ долоолгодог яг хэвээрээ. Манайд ч  гэсэн лам нар хүний нүүр лүү нулимдаг байдал байж л байгаа. Тэр байтугай шээсээ уулгах бол тоглоом. Үүнийг монгол ээжүүд дуурайгаад хүүхдээ өвдөхөөр шээсээ уулгадаг. Одоо ч  ийм байгаа. Чиний эргэн тойронд ч ийм зүйл байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Биднийг ийм зүйлээс орчин үеийн эмнэлэг, сургууль, анагаах ухаан  салгасан. Гэтэл бид 100 жилийн өмнөхтэй зууралдсаар л байна. Хөдөө аж ахуйн их сургууль Далай ламд хүндэт доктор өгнө гэнэ. Уг нь их сургуулийг залуу үеийг шашнаас, мухар сүсгээс салгаж  эрдэм боловсролтой, орчин үеийн залуусыг бэлтгэхийн тулд  байгуулсан. Сүм хийдэд хүүхдүүдийг боолчилж, арчаагүй амьтад болгоод байсан учраас дунд сургуулийг 1930-1940 онд байгуулсан юм. 1930 оныхоо хэлмэгдсэн чигээрээ үлдсэн бол би хаа нэгтээ лам, чи нэг хүний  зарц, бичиг үсэггүй, үргэлжийн доромжлолд амьдарсан эмэгтэй байх  байсан. Ингэж  бодохоор бидний сонгосон зам ямар их хувьсгал вэ. Гэтэл 100 жилийн өмнөх бүдүүлэг Түвд орны харгис, гэмт хэрэгтэн, ямар ч боловсролгүй "Далай лам" нэртэй хүнийг шүтээд байгаа юм. Яагаад яагаад шүтээд байгаа юм. Тэр хүнээс бид юу авах юм, юу сурах юм бэ?
-Гэмт хэрэгтэн гэв үү?
-Гэмт хэрэгтэн шүү дээ. Далай ламын гэмт хэргүүд гээд  интернэтэд маш их мэдээлэл  бий. Их зальжин,   худал инээж хүн уяраасан хүн. Монголын төр  нийгмээ, иргэнээ хамгаалахгүй байна вэ. Иргэдээ Түвдээс ирсэн нэг балай амьтанд яагаад өгч байгаа юм. Нөгөө Үндсэн хуулийн цэц яагаад Үндсэн хуулиа хамгаалахгүй байна. Үндсэн хуульд  шашин шүтэх нь хувь хүний эрх гэж заасан болохоос нийгмийн хэрэг, төрийн  хэрэг гэж заагаагүй. Шашин бол нийгмийн хэрэг биш. Тэгсэн атал  иргэндээ зориуд  нөлөөлж байна.
-Одоо ийм үйл явц өрнөөд байгаа юм биш үү?
-Төр бүр оролцоод, хамтраад байна. Хөдөө аж ахуйн сайд нь их ургац хураах  гээд хэдэн ламаар ном уншуулж байх юм. Юу гэсэн үг вэ. Хэдэн лам ном  уншаад их ургац авчихдаг бол Хөдөө аж ахуйн их сургууль байгаад хэрэггүй биз дээ. Хөдөө аж ахуйн сургууль Далай лам нэртэй хүнд хүндэт доктор өгөх гэж байгаа бол "Ламын сургууль" болох хэрэгтэй. ШУТИС бүр 5-6 жилийн өмнө өгсөн. Тэр сургуулиар ороход одоо ч хананд нь далай ламын том зураг өлгөөстэй байгаа. Би ректорт нь энэ зургаа аваачээ гэж хэлж байсан.  Хүлээж авахгүй  юм билээ. Бидний амьдрал дунд, сайн сайхны дунд, их сургууль дунд  тэртээ тэргүй Далай лам ороод ирчихсэн. Одоо бүр Монгол Улсын эзэн  аятай л ирж байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр хүндтэй байна. УИХ-ын гишүүдийн өрөөнд далай ламтай татуулсан зураг  байхыг олон удаа харж байлаа. Тэдний хийж байгаа зүйл нь  дуган барих. Номын сан бариад түүнийгээ хүлээлгэж өгсөн УИХ-ын гишүүний тухай би лав дуулаагүй. Дандаа л суварга, дуган, хийд. Тэгэхээр ерөөсөө л төрийг  төлөөлөгсөд  монголчуудыг  зориуд  100 жилийн өмнөх шиг бүдүүлэг, арчаагүй, сул дорой, хоцрогдсон, аймхай хулчгар болгож байна. Хүмүүсийг аймхай болгочихсон болохоор л мухар сүсэг байгаа  юм. Юунаас айж байна вэ. Нийгмийн энэ их хямрал, бухимдал, улс орны байдал биднийг айдастай болгожээ. Айсан хүн хаа нэг газраас аврал хайж байна. Төр нь аврахгүй болохоор ламыг  зорьж байна. Ийм хэвээр байлгахын  тулд  төрийг барьж байгаа хүмүүс Далай ламтай хамтарч ажиллаж байна. Далай лам ирж байна гэдэг нь үүний баталгаа. Энэ заваан зүйлээс 30 жилийн өмнө арайхийж салаад байтал эргээд хуучин руугаа  явж байна.
-Таны нийтлэлээс буддизмыг үгүйсгээгүй юм байна гэж ойлгосон. Харин таны эрс эсэргүүцдэг  ламаизм орж ирсэн түүхийн улбаа нь  юу юм бэ?
-Түвдэд шар, улаан гэсэн хоёр урсгал хамтдаа  оршиж байсан. Сүүлдээ шарын талын урсгал нь хэцүүдсэн. Тэр үед шар урсгал руу монголчуудыг автуулахаар Түвдэд аваачин алт мөнгө, хүүхэн өгч найр тавьсаар өөрсдийнхөө эсрэг бүх  шашны урсгалыг устгуулсан гэдэг. Монголчууд дайнч байлдаанч чанарыг ашиглаж ийм заль хэрэглэсэн хэрэг л дээ. Ингэж сайн сайхан амьдралаа устгаад хамгийн муу муухай урсгал нь үлдсэн. Тэр заваан зүйлийг бид мэдэхгүй л сохроор тахиж шүтээд явж байна.
-Далай ламыг хэн урьж залаад байгаа  юм?
-Харин хэн уриад байгаа юм бэ. Би мэдэхгүй байна. Тэр  хүн зүгээр л гадаад улсын иргэн. Хаанаас виз авсан  юм, эсвэл Түвд хүн Монголд визгүй орж ирдэг юмуу. Визээ авч орж ирсэн бол цагдаагийн газар бүртгүүлэх хэрэгтэй. Олон хонож болохгүй шүү дээ. Түвдэдээ л Далай лам юм байгаа биз. Бид нарын багш лав биш. Тэр хүнийг ингэж л харах хэрэгтэй. Бидний шүтэж дээдэлдэг хүн бол Чингис хаан. Арай Чингис хаанаа Далай ламын дор тавих гээд байгаа юм биш биз.
-Бидний бурханы  шашин гэж  ойлгодог Гандантэгчинлэн хийд, бурханч лам Пүрэвбат, энд тэндэхийн сүм хийдүүдийг та бас үгүйсгэх үү?
-Шашин биш ээ. Гандантэгчинлэн хийд маш ашигтай ажилладаг бизнесийн  компани. Чой хамба бол том компанийн захирал. Ингэж харах ёстой. Бурханы шашин буддизм гэж харах нь маш том эндүүрэл. Пүрэвбат ч ялгаагүй. Монголчуудыг залилж мөнгө олдог зальтай этгээдүүдийн бүлэг. Эдийн засгийн гэмт хэрэгтнүүд. Хүний зовлон, сэтгэл зүйн асуудал дээр дөрөөлж  залилж мэхэлж мөнгө олдог хүмүүс. Хаана "Ах нь мөнгө авахгүйгээр сайхан ном уншаад өгье" гэхийг харсан юм бэ. Тийм лам хаана байна вэ. Хамгийн тарган, баян эрчүүд  лам нар. Тэгээд маш их ёс бус үйлдэл хийдэг.  Тэдний нус, шүлсийг долоодог болоход ойрхон байна.  Ийм л болмооргүй байна.
-Аравдугаар богдыг нууцаар тодруулах гэж байна, хоорондын зөрчлөөсөө болоод тодруулж чадахгүй байна  гэх юм?
-Хамгийн сүүлийн богд бол Богд Жавзандамба. Түвдүүд заль хэрэглэсэн.  Монголын шашны тэргүүн Түвдээс  залагдаж байна гээд  3 настай хүүхдийг Түвдээс авчирч Монголд суулгаж богдоор тодруулдаг байсан. Түвдүүд Манж нартай хуйвалдаж байгаад Богдод хаан цол олгосон. Богд гэдэг нь шашны тэргүүн хаан гэдэг нь төрийн тэргүүн. Ингэж  шашин, төрийг хослуулж барьж байсан.  Үүний улбаа өнөөдөр үргэлжилж байна. Богдыг  тодруулна гэдэг нь хааныг  тодруулна гэсэн үг. Тэгэхээр монголын төр ямар ч чадваргүй болно. Юун УИХ, Засгийн газар. Тэднийг хэн ч сонсохгүй. Монголын төр устах аюул нүүрлэнэ. Богд хаантай болчихвол  сонгууль явуулаад ч хэрэггүй. Ийм л инээдэмтэй зүйлтэй учирна. Аягүй   бол улстөрчид  мөнгө  төлж байгаад  өөрийнхөө  юмуу, нууц хүүхдээ  тодруулна.  Монголын улстөрийн дотоод зөрчилдөөн Далай лам  энэ цаг үед ирж байгаагаар илэрч байна.
-Ямар учраас энэ цагт ирж байгаа гэж?
-2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор Далай лам ирж байгаа. Өөр ямар ч  шалтгаан байхгүй. Ард түмнийг тэнэг байлгах, мунхруулах улстөрийн үйл ажиллага.  Үүнийхээ шанд Далай лам хэдэн доллар авч байгаа бол.
-Энэ үйл ажиллагаанд хамгийн их хүчин зүтгэж байгаа хүн хэн бэ?
-Нэгт Чой хамба лам,  дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асанууд. Тэдний хийсэн ажил. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа урьж залаад давраачихсан. Тэдний хийж байгаа гэмт хэрэг, өшөө хонзон. Чой хамба бол арга хэрэгсэл нь болж яваа. Тэр хүн хэдийн Монголын төрийн үйл  хэрэгт оролцоод эхэлсэн.  Ламгүйгээр төрийн ямар ч үйл ажиллагаа явагдахаа больсон. 2008-2009 оны үед цагаан сараар С.Баяр, Н.Энхбаяр нар Гандантэгчинлэн хийдэд уралдаж ирээд Чой хамбатай золгож байсан түүхтэй. Уг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эхэлж ирэх ёстой байсан ч 5 минутын өмнө С.Баяр ирж байсан. Ингээд бодохоор ямар их эрх мэдэлтэй байна вэ. Уг нь зүй нь Ерөнхийлөгч нь бүх  шашны төлөөлөгчийг Төрийн ордондоо хүлээж авч уулзах учиртай.
-Тэгвэл үүнийг хэн өөрчилж засах ёстой юм?
-Филисофичид үгээ хэлээд, номоо бичээд лекцээ уншаад нийгэмд ил гараад явбал энэ засарна. Харамсалтай нь хэн ч ил гарахгүй байна. Хаана байна тэр De facto-ийн Жаргалсайхан, Ногоон ном-ын Энхбат. Хаана байна  тэр сэхээтнүүд. Тэд үгээ хэлмээр байна ш дээ. Бавуугийн Лхагвасүрэн, Сосорбарам, Аюурзана, Шүүдэрцэцэг, Ногоон нүдэн лам-ыг бичсэн Оюунгэрэл   нар бол  уран цэцэн үг хэлж, Түвдүүдийн тухай зохиол, роман бичиж  ээж аавуудын төдийгүй залуусын тархийг угааж байгаа. Ээж, эмээ нараас илүү залуус мухар сүсэгтэй болсон нь дээр хэлсэн хүмүүсийн  хийж  байгаа ажлын үр дүн.
-Уг нь Монголчуудын өөрсдийнх нь шүтээн нь бөө гэж ярихыг мэр сэр сонсч байсан. Харин та нийтлэлдээ бөөг  Түвдийнх гэсэн байсан?
-Бөө бидний шүтээн биш. Бөө гэдэг чинь бүр түвд үг. Шарын шашин дэлгэрхээс өмнө Түвдэд бөө байсан. Тэр бөө нар чинь шарын  шашин, Алтай хаанаас  зугтаад Монголд ирж үйл хэрэгээ үргэлжлүүлсэн. Монголчуудын шүтээн бол тэнгэр, уул ус, нар сар. Ерөөсөө л байгалиа шүтэж ирсэн. Бидний шүтээн хүн, зураг, гүнгэрваа, баримал байгаагүй. Түүнийгээ гээгээд удаж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны 11 сар

С.Молор-Эрдэнэ: Монгол эрчүүд өнөөдөр юун түрүүнд насанд хүрэх хэрэгтэй байна


"Эрх чөлөө - Эрхэм үг" хэмээх ээлжит номоо хэвлүүлээд байгаатай нь холбогдуулж философич, доктор С.Молор-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө шинэ номоо  хэвлүүлсэнд баяр хүргэе. "Эрх чөлөө -Эрхэм үг" хэмээх энэхүү номыг ямар  учраас бичих болов. Номынхоо талаар товч танилцуулгыг бидэнд өгөхгүй юү?

-Би философич хүн. Философич хүний хувьд үнэнийг бичиж нийгмээ урагшлуулах үүрэгтэй. Энэ үүргээ л биелүүлж явна. Бусдаас нэг их илүү гарах гэсэн дээ биш. Монгол хүн учраас эх орон,амьдран буй нийгмээ  шүүмжлэлтэйгээр хардаг. Гол нь  бидэнд ямар  боломжууд байна вэ, тэр боломжуудыг яагаад ашиглаж чадахгүй байна. Яагаад  XXI зуунд бид өөрийн хүслээрээ, илүү их эрх чөлөөтэй амьдарч чадахгүй болчихвоо.  Өнөөгийн нийгэмд эрх чөлөөтэй амьдрах боломжууд  ямар их хаагдаж, боогдсон юм бэ гэх мэтийг  олж харсны үндсэн дээр энэ номыг бичиж хэвлүүлсэн.

-Би гайхаад байна л даа. Монгол хүн хамгийн их эрх чөлөөтэй биш гэж үү. Гадаадад ялангуяа баруунд ингэж ч болохгүй, тэгэж ч болохгүй гээд хөдлөх боломжгүй хавчигдмал байдаг шиг санагддаг . Монголд харин ч эрх чөлөөтэй хүссэнээ хийж болдог шүү дээ?

-Тэр хавчигдмал гээд байгаа орнуудад эмнэлэг сайн,  мухар сүсэгт нийгмээрээ живээгүй учраас эрүүл явах эрх чөлөөтэй. Арван жилийн сургуулиуд олон оронд их дээд сургуулиуд төлбөргүй тул мөнгөтэй мөнгөгүй ялгаагүй бүх хүн сурч боловсрох эрх чөлөөтэй. Замын хөдөлгөөний дүрмээ сайн биелүүлдэг дураараа биш тул заавал дарга сайд болж дохио хангинуулж гудамжны хөдөлгөөн зогсоох шаардлагагүй бүх хүн түгжрэлгүй хурдан явах эрх чөлөөтэй.

Монгол амьдрал харин тэр чигээрээ эрх чөлөөгүй. Бүгдээрээ дураараа аашилдаг тул нэг нэгэндээ саад болж нэг нэгнийхээ эрх чөлөөг хаадаг.  Оюутан хүнд тэтгэмж байхгүй тул мөнгө багатай хүнд сурах эрх чөлөө байхгүй. Мөнгөгүй бол эрүүл явах ч эрх чөлөө байхгүй . Зөвхөн эрүүл мэнд боловсрол төдийгүй эхнэр хүн нөхрөөсөө салах  ч эрх чөлөөгүй. Бүгд айдастай. Бүгдээрээ аймхай.  Өөрөө шийдэж чадахгүй тул бүгд ламруу гүйж ламын орон болсон.  Сайд хүртэл ажлаа хийж чадахгүй тул лам дуудаж ламд бүх хариуцлагаа даатгадаг . Сайдаасаа авхуулаад оюутан залуус хүртэл мухар сүсэгт хүлэгдсэн тул муу ёр далдын хүчнээс айх айдастай,  жинхэнэ эрх чөлөөгүй. Хэн нэг албан тушаалтан эсвэл баян хүнийг бараадахгүйгээр ажлаа хийгээд биеэ даагаад амьдрах эрх чөлөө байхгүй. Тиймээс эрх чөлөө гэсэн нийгмийн суурь үнэт зүйлийг зөвөөр тайлбарлаж зөвөөр ойлгоцгоох шаардлагатай. Ганц нэг онолч судлаач хүн биш бүх нийтээрээ, нийгмээрээ нэгдсэн ойлголттой болж байж нийгэм зөвөөр төлөвших боломжтой. 
 
-Номын гарчигаас дахиад нэг зүйл тодруулах гэсэн юм. Эрхэм гэдэг үгний эхний үсгүүд ЭРХ гэж байгааг тодотгожээ. Эрх, Эрхэм гэх хоёр үг хоорондоо холбоотой юу эсвэл зүгээр тохиолдол уу?
-Ер нь гаднаас орж ирсэн мэдлэгийн үгнүүдийг ихэнхдээ шашны үгнүүдээр орчуулсан байдаг. Энэ эрх гэсэн үг бас л гартаа эргэлдүүлдэг эрх гэсэн үгнээс гаралтай боловуу. Эрх гартаа зүүсэн бол буруутахгүй гэсэн ойлголтыг орчин үед улстөрийн эрх гэж орчуулсан. Кирилл үгсээр адилхан бичигдээд ирсэн байж болох. Нэгэнт дасаад өөр утгатай болжээ. Эрхэм гэдэг үг бас л буруу хэрэглээд дассан бололтой. Эрх зүүгээд эрхэм болдог байжээ дээр үед.  Өнөөдөр зарим залуучууд гартаа эрх зүүж явааг харахад эрхэмлүүлэх гээд л зүйдэг бололтой.
-Тун сонирхолтой тайлбар байна. Номын хавтсан дээр  чөлөөлөлтийн онол гэж тодотгосон байна. Мөн энэхүү номонд ааваасаа чөлөөлөгдөх, ээжээсээ чөлөөлөгдөх, мухар сүсэг, бөө мөргөлөөс чөлөөлөгдөх гэх мэт цуврал өгүүллүүд багтжээ. Ер нь таны харж байгаагаар монголчууд чөлөөлөгдсөн ард түмэн мөн үү?
-Чөлөөлөгдөх гэдэг бол өөрөө их гоё үг. Бид өдөр тутмын амьдралдаа энэ үгийг асар их хэрэглэдэг.  Хүн аливаа зүйлд баригдахгүй байх,  баригдсан байдлаасаа салж чадах, түүнийгээ олж мэдэх нь их чухал. Янз бүрийн хүлэгдсэн байдлаасаа салж сурна гэдэг бол эрх чөлөөний анхдагч алхмуудын нэг.
Миний харж байгаагаар монголчууд ядаж л ээж, ааваасаа чөлөөгдөж чадахгүй байна. Энэ нь түүхийн шалтгаантай л даа. Малчин удамтай, эсгий гэрт олуулаалаа халуун ам бүлээрээ амьдарцгаадаг байсан зэрэг үүдэл шалтгаанууд бий.  Гэтэл дээр үеээсээ уламжлагдсан энэ их дотно байдлаа орчин үеийн нийгэмд орж ирчихсэн атлаа хадгалах гээд зүтгээд байдаг нь гол алдаа. 
Ухаан нь, ээжийгээ хүндлэх, ачийг нь хариулах ч гэдэг юм уу, аавынхаа заасан заавар, загнасан дүрмэнд нь баригдаад л яваад байдаг. Гэтэл орчин үеийн нийгэмд ээж, аавуудын туулж өнгөрүүлсэн  цаг үеийн амьдралын туршлагууд ерөнхийдөө хүчингүй болчихсон.  Тухайлбал, орчин үеийн охид ээжийнхээ зааснаар явахад маш их хэцүү болсон.  Ээжийн амьдарлын туршлага өнөөдөр биелэгдэхгүй.  Ээжийг залуу байхад өнөөдрийнх шиг интернэт, гар утас гэж байсангүй. Тэгэхээр ээж ямар амьдарлын туршлага ярих вэ.
Аав нар хүүдээ амьдралын туршлага ярих ямар чболомжгүй болсон. Яагаад гэвэл орчин цагийн хөвгүүд огт өөр амьдарлын туршлагаар амьдарч байна. Дээхэн үеийн малчин айлд бол аавыгаа дагаад л адуучин болохоос өөр замгүй байлаа. Энэ тохиолдолд аавын туршлага маш их хэрэгтэй.  Уурга яаж хэрэглэх, адуугаа яаж манаж хонох, эмнэгээ хэрхэн сургах гэх мэт тэр бүх амьдарлын туршлагууд хүүхдэд чухал болох нь тодорхой. Гэтэл өнөөдөр чи аавыгаа дагаад  адуучин болохгүй нь тодорхой шүү дээ. Чи эмч, багш, сэтгүүлч, хуульч болох хэрэгтэй.  Тэгэхээр орчин цагт залуучуудад аавын сургаал, туршлага нэг их хэрэг болохгүй.  Энэ талаар номондоо бичсэн байгаа.
Мөн монголын нийгмийг харж байхад хүүхдүүд нь нэг л их аавынхаа зааж зааварласан замаар явах гээд байх шиг.  Аавыгаа их л ухаантай, хангай шиг түшигтэй гэж бодоод байдаг.  Үнэн хэрэг дээрээ өнөөдөр тийм боломж байхгүй. Хангай шиг түшигтэй аавыг хайж олно гэвэл үнэхээр хэцүү. 
Орчин үеийн нийгэмд залуу хүн өөрөө өөрийгөө авч явахын тулд ээж, аавтайгаа зууралдаж ерөөсөө болохгүй.  Ээж аавууд ч гэсэн хүүхдүүдээ бариад л, заавал өөрийнхөө үгээр явуулах гээд байх хэрэггүй. Чи тэрэнтэй суу, одоо хүүхэд гаргахгүй бол нас чинь явлаа гээд л шахаад байдаг шүү дээ эцэг, эхчүүд. Ээж нар цагаан сар болохоор хүүхдүүдээ Ганданд дагуулж очиж суудлыг нь засуулна ч гэх шиг. 100 жилийн өмнө Гандан, сүм хийд чухал байсан нь маргаангүй. Гэтэл орчин үед тэд нар шиг хэрэггүй юм алга.  Ламд очиж засал хийлгүүлж байхаар тэр мөнгөөрөө олигтойхон шиг ном худалдаж аваад уншаад сууж байсан нь дээр биздээ.  Яаж ч бодсон ламд мөнгөө өгснөөс номонд мөнгөө өгсөн нь чухал.
-Хоцрогдлоосоо хурдан хугацаанд салах хэрэгтэй гэж ойлгож болох нь ээ?
-Яг тийм, Монголчууд өнөөдөр зуун жилийн өмнөх хоцрогдсон амьдралтайгаа зууралдаад байна. Зуун жилийн өмнөх тэр амьдрал өнөөгийн нөхцөлд ямар ч хүчингүй болсон. Товчхондоо, эцэг эхдээ уягдсан байдал, лам, бөө, мухар сүсэг, зан заншилд баригдсан байдал маань бидний эрх чөлөөтэйгээр, өөрөө өөрийнхөө амьдарлыг аваад явах тэр боломжуудыг хаагаад байна. Өнөөгийн залуучууд аль хэдийнэ өөрөө, өөрийгөө аваад явчих чадвартай болчихсон.  Хамгийн гол нь ээж, аавууд нь үүнд саад болж болохгүй.
Маш их боломжтой үе эхэлчихээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Зуун жилийн өмнөх монгол хүнд өнөөдрийнх шиг эрх чөлөөтэй байх боломж байгаагүй.  Ер нь нүүдэлчид буюу малчин ард түмэнд эрх чөлөө гэдэг зүйл нэг их байдаггүй л дээ. Харин зан заншил гэх мэт эрх чөлөөг хааж боосон зүйлүүд бол багагүй бий.
-Нийгмийн эрх чөлөөний талаар та шинэ номондоо бичсэн байна. Нийгмийн эрх чөлөө гэдэг ойлголтыг товчоор тайлбарлахгүй юу?
-Ээж, ааваасаа холдсон залуу хүн маань огт танихгүй хүмүүстэй танилцаж,  тэдний дунд сайн сайхан аж амьдарлаа зохиохыг нийгмийн эрх чөлөө гэж үзэж болно. Мэдээж хэрэг өнөөх залуу хүн маань мэргэжилтэй болно, ажилтай болно, шинэ найзуудтай, тэр бүү хэл эхнэртэй ч болно.  Эхнэртэй болчихоод ээжийгээ яриад, санаад байх утгагүй шүү дээ. Энэ тохиолдолд тэр эмэгтэй чиний гол хүндэтгэх хүн чинь болж хувирч байгаа юм.  Авгайтай болчихоод ээжийгээ санаад уйлаад суугаад байж яасан ч болохгүй. Охид бол нөхөртэй болчихоод нөхрийгөө яаж хүндэтгэх вэ, хайрлах вэ гэсэн тухай л бодох хэрэгтэй. Аавыгаа, ахыгаа санаад суугаад байх нь утгагүй.
Уг нь залуу хүнд зоригтойгоор гэрээсээ гарах, аав, ээжийгээ орхиж сурах гэх мэт зүйлүүд маш чухал.  Одоо бол тэгж чадахгүй байна л даа. Хүнтэй суусан атлаа л аав, ах нар нь нөхрөөс нь ямагт дээгүүрт байдаг. Эхнэр авдаг, эхнэрийгээ тоохгүй ээжийнхээ үгээр яваад байдаг.  Тийм залуучууд зөндөө байна шдээ. Энэ бол яахав, нийгмийн амьдралд орж чадахгүй нөгөө л хүүхэд насны гэрийнх нь амьдрал үргэлжлээд байгаагийн тод жишээ. Аав, ээжээсээ холдож чадахгүй, үгээр нь байгаад байх юм бол хүний хүүхдийг нөхөр, гэргийгээ болгож баллаад яах юм бэ.
-Монголчуудын өнөөгийн мэдлэг, боловсролын талаар та бас номондоо өгүүлсэн байна. Энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?
-Миний тухайд Германы гурван ч их сургуульд ажиллаж байсан.  Тийм учраас боловсрол, мэдлэг гэж юу байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Монголд ирснээсээ хойш сүүлийн  найман жил янз бүрийн их сургуулиудад лекц уншиж, хичээл зааж явлаа. Ингэж явахдаа ажигласан нэг зүйл маань манай оюутан залуусын ихэнхэд нь дэлхийн хэмжээний 10 жилийн боловсрол ерөөсөө байдаггүй болохыг анзаарсан явдал. Өөрснөө болохоор 10 дугаар ангиа төгсчихсөн гээд байдаг. Гэтэл тулаад харьцахаар өөрийнхөө санааг ч илэрхийлж чаддагүй, замбараагүй, яахаа мэдэхээ больчихсон шилжилтийн насны хүүхдүүд л байдаг шүү дээ. Хатуугаар хэлвэл юун оюутан гэж хэлэх нь байтугаа буцаад 10 жилийн сургуульд нь буцаагаад сургамаар хүүхдүүд оюутан нэр зүүчихсэн явж байдаг. Энэ мэтээр 4 жил явж байгаад яаж ийж байгаад нэг диплом олоод авчихдаг. Диплом авч байгаа нь ч бас их амархан.  Яагаад гэвэл тэдэнд хичээл зааж байгаа багш нар нь өөрсдөөс нь ялгаагүй улсууд байдаг юм. Бас л яаж ийж байгаад  доктор, проффесор цол авчихсан нөхдүүд. Ярьж байгаа юм ямар ч мэдлэг боловсролын үнэргүй.  Өөрийнхөө санааг юмуу өөрийнхөө ойлголтыг л оюутнуудад яриад байдаг. Олон улсад үйлчилдэг, хүн төрлөхтний хүчинтэй мэдлэг боловсролоос их хол юмыг манай их сургуулиуд зааж байна.  Физик, математик, анагаах гэх мэт байгалийн салбарт арай гайгүй.  Хууль, улстөр, социологи гэх мэт нийгмийн салбар тэр чигээрээ уначихсан байх жишээтэй. Тэнд мэдлэг  боловсрол ямар ч хүчинтэй биш. Багш нар гээд байгаа улсууд нь англи хэлээр ч ярьж чадахгүй, гадаадын хэл дээр гарч байгаа мэргэжлийнхээ номыг ч уншаагүй хүмүүс л байдаг байхгүй юу.
Ядаж байхад, муу дээр муу, муухай дээр улцан гэдгийн адил боловсролын салбар нь энэ мэтээр дампууралд орчихсон байхад залуучууд нь бас мухар сүсэгтээ живчихсэн байна.  Үс авдаггүй өдөр, хумсаа авдаггүй өдөр ч гэж байх шиг. Нөгөө л нэг зуун жилийн өмнөх юмаа ярьцгааж байна.  Ингэж болохгүй. 
Монголын залуу үеийг харахад маш их мухар сүсэгтэй, үүнийгээ дагаад ямар ч эрх чөлөөгүй болчихсон байгаа нь анзаарагддаг.   Бүр нэг хөгшин хүн шиг дандаа зан заншил ярьна. Уламжлалт монгол ёс, монгол ёсонд ингэж болохгүй шдээ гэх мэтээр ярьна.
Урагшаа харсан, хөгжил боловсрол, уншсан номоо хоорондоо ярилцана гэж байхгүй. Уулзахаараа дандаа зан заншил, ямарч ач холбогдолгүй түүх, хов жив ярьцгаана. Ерөнхийдөө хараад байхад хүн хөгжихгүй, толгой өвтгөсөн хачин сэдвүүдээр залуучууд хоорондоо их ярилцдаг болсон байна. Үүнийг нэг орой бааранд орж суугаад хажуу ширээнийхээ залуучуудын ярианаас захаас аваад анзаарч болно.
-Насанд хүрэх эрх чөлөө гэдэг сэдвийг та онцолсон байна. Насанд хүрсэн хүн гэж хэн бэ. Монголд насанд хүрсэн хүн байна уу.
-Тийм хүн харамсалтай нь ховор байна. Яагаад гэвэл насанд хүрэхийн тулд хүн өөрийгөө танин мэдэх ёстой. Ингэхийн тулд өндөр боловсрол, мэдлэг хэрэгтэй. Өөрийгөө олох хэрэгтэй. Өөрийгөө олоход мораль буюу ёс суртахууны өндөр чадвартай байх хэрэгтэй. Ер нь бол хүн өөрөө өөрийгөө л насанд хүргэнэ шүү. Өөр хүн чамайг хэзээ ч насанд хүргэж чадахгүй. Хүн, хүндээ хүмүүжил өгч болно. Бусдадаа мэдлэг боловсролоо зааж болно. Харин насанд хүрэхэд нь туслаж чадахгүй.  Өөрөө өөрийгөө дайчилж байж л тухайн хүн насанд хүрнэ. Үүний тулд юун түрүүн нийгэмтэйгээ зөрчилд орно, ламыг эсэргүүцнэ, ээж, аавыгаа эсэргүүцнэ, багшдаа эргэлзэнэ, төрийг шүүмжлэлтэйгээр харна. Энэ бүх чадварууд чам дээр явагдах ёстой. Тэгж байж чи насанд хүрнэ.  Энэ нь тийм амар биш.
Хараад байхад манайхан сүүлийн үед маш их нутгархадаг болсон байна.  Хүнд нутаг биш эх орон хэрэгтэй.  Наадмаар яадаг билээ. Хоёр бөх барилдаад нэг нь түрүүлээ л биз. Гэтэл хэн нэгэн бөхийг нь өмчирхөн дэмжиж нутгархаад л, талцаад л  бөөн юм болдог биздээ. Уг нь бол монголын газар нутаг дээр төрсөн хоёр нөхөр хоорондоо үзэлцээд нэг нь түрүүлээ л биз. Энэнд чинь нутгархаад байх ямар шаардлага байна аа.
Аливаа хүн насанд хүрнэ гэдэг маань жинхэнэ утгаараа эх оронч болж төлөвшихийг хэлж байгаа юм.  Эх оронч гэдэг бол бас бусдыг ад үзээд үндсэрхэг үзэл үнэртүүлээд явахын нэр биш шүү.  Эх оронч гэдэг бол хөдөө явж байхдаа хогоо хаячихдаггүй, нутаг усаа хайрлачихдаг, архины шилээ хаа хамаагүй шидчихдэггүй, наад голдоо битгий машинаа угаагаад бай, наад модондоо битгий хадаг уяаад өнгө үзэмжийг нь гутаагаад бай гээд хэлчихдэг, дуугардаг ухамсартай хүнийг хэлнэ. Ийм байж л хүн насанд хүрнэ. Биологийн хувьд бол хүн тэртэй тэргүй 30, 40 хүрээд л насанд хүрчихдэг. Гэтэл үүний хажуугаар  тархи оюунаараа хүн насанд хүрэх ёстой. Оюун санаагаараа насанд хүрнэ гэдэг бол тийм амар зүйл биш.
Монгол хүмүүс маш их бялдууч байна. Энэ нь тэднийг насанд хүрэхэд нь саад болж байна.  Улстөрийн сонгуулийн үеэр  энэ нь илүү сайн анзаарагддаг шүү дээ.
-Бид өнөөдөр эдийн засаг, улстөрөөс гадна хүн ёсны, сэтгэлгээний зэрэг асар олон хямралд орсон талаар ярих болж. Энэ олон хямралуудын аль нь бидэнд тулгамдаад байгаа гол асуудал юм бэ?
-Энэ хямралууд  бол товчхондоо, монгол хүн насанд хүрч чадахгүй байгаатай нь холбоотой. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, боловсрол мэдлэг, бусдаас хараат бус байдал, хэнээс ч хамааралгүй би гэдэг оршихуйг бий болгож чадаагүй хүмүүс улс орныг ч тэр, улстөрийн нам, тэр бүү хэл эдийн засгийг ч олигтой авч явж чадахгүй. Эндээс л энэ бүх хямрал эхлэлтэй.
Би хэлээд байгаа шүү дээ. Монгол эрчүүдийн ихэнх нь эхнэрийнхээ том хүү шиг нь байдаг гэж.  Авгай нь ихэвчлэн ар гэрээ авч явдаг. Ээж нь нь хүмүүжүүлж хүн болгож чадаагүй айлын хүүг авгай нь  хүн болгох гэж оролдоод эцэстээ бууж өгдөг байхгүй юу. Бидний яриад байгаа энэ хямрал монгол эрчүүд насанд хүрээгүй цагт үргэлжилсээр л байх болно.  Хүний хямрал нь нийгмийн хямрал болчихлоо. Өөрөөр хэлбэл, монгол хүний өөрийнх нь хямрал нийгэм, эдийн засаг, улстөрийн хямрал болсон байна.  Монгол хүн өөрөө хүн болж чадахгүй байна. Сэтгэл зүйн баахан асуудалтай,  тархи толгой нь мухар сүсгээр дүүрчихсэн, айдастай, өш хонзонтой, нутгархаж, талцаж байгаа цагт монгол орон одоо байгаагаасаа илүү өндийж чадахгүй.  Тэгэхээр монгол эрчүүд юун түрүүнд насанд хүрэх хэрэгтэй байна.
Шинэ цагийн монголчуудыг гаднаас нь харвал үнэтэй хувцас өмссөн, iphone гар утас барьсан,  хэдэн давхар байшинд амьдарцгааж байна. Гэтэл ухамсар сэтгэлгээ нь зуун жилийн өмнөхөөрөө. Хаанаа вэ, тархиндаа. Бодож байгаа бодол нь, ярьж байгаа үнэт зүйл нь, ёс заншил нь зуун жилийн өмнөхөөрөө. Энэ чинь л бидний хямралын эх үүсвэр, гол асуудал болоод байна.
-Эв нэгдэлгүй монголчууд нэг нэгэндээ дайсан болдог тухай бичсэн байна. Тэгэхээр биднийг чухамдаа юу эв нэгдэлтэй болгож сайн сайхан  амьдруулах вэ?
-Эвтэй бол хүчтэй гэж монголчууд ярьдаг. Энэ бол ёстой худлаа үг шүү.  Эв гэдэг чинь хоорондоо найрахыг л хэлж байгаа юм шүү дээ. Хүн эвтэй байж болно. Гэхдээ үүний цаана нэгдэлтэй байх хэрэгтэй.  Эв гэдэг бол чи бид хоёр зодолдохгүй л гэсэн үг шүү дээ. 
Бидэнд эх оронч үзэл гэж байхгүй учраас эв нэгдэл гэдэг зүйл  ч бас алга байна.  Эх орноо хэзээ ч хүндэлдэггүй.  Эх орноо хэн ч ярьдаггүй зөвхөн нутаг усаа л ярьцгаадаг.  Хаана төрсөн, аль нутаг вэ гэхчлэн.  Хэн ч эх орныхоо тухай ярьдаггүй. Тэр тусмаа гадаад оронд явж байгаа монголчууд маш хариуцлагагүй.  Эх орныхоо нэрийг өндөрт өргөдөггүй.  Дандаа Монгол орныхоо нэрийг муугаар харуулна. Монгол хүн тэнд тэгж гэнэ, ингэж гэнэ гэх мэтээр дандаа муухай зүйл сонсогдоно.
Эв нэгдэлтэй байна гэдэг бол хамгийн энгийнээр хүн бүр эх орон гэсэн нэгдсэн нэг ойлголт, ухамсартай болохыг хэлээд байгаа юм. Тэгж байж бид  улс орны хөгжил, ирээдүйн тухай ярьна. Түүнээс биш эх орон гэсэн ойлголтгүй хэдэн улсууд мянган сайхан ирээдүйн тухай яриад яах юм бэ.
Зун болохоор манай монголчууд яадаг вэ. Хөдөө гараад л, аялал зугаалга хийгээд л, архи ууж, хоног төөрүүлсэн газраа хогоо хаяад эрх чөлөөгөө эдлээд явдаг. Гэтэл энэ чинь яг үнэндээ эрх чөлөө биш дураараа аашлах зангийн нэг хэлбэр байхгүй юу. Монголчуудын дунд билэг танхай гэх нэг ойлголт бий. Энэ бол бүдүүлгээ л илэрхийлж байгаа болохоос биш огтоосоо эрх чөлөө гэсэн үг биш.  Эрх  чөлөө гэдэг чинь ухамсартай, хариуцлагатай  үйл ажиллагаа байдаг.  Шийдэлтэй, сонголттой байдаг. Сонголтгүй газар эрх чөлөө яриад яах юм, ямар ч утгагүй шүү дээ. Сонголт байхгүй учраас хүсэх эрх чөлөө байхгүй. Найзууд орчин тойрныхныхоо үгээр явдаг, өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чаддаггүй учраас нийгмийн эрх чөлөө байхгүй. Боловсрол нь худлаа, диплом нь худлаа, профессорууд нь худлаа учраас оюуны эрх чөлөөгүй, хуурамч хаяг зүүж явцгаадаг. Ээж аавууд өөрийнхөөрөө байлгах гэж зүтгээд үр хүүхэддээ зааж сургах боловсрол байхгүй тул залуус ээж аавдаа, ээж аавууд үр хүүхэддээ баригдсан нэг нэгнийхээ золиосууд болдог.
Нийгмийн шүүмж гэдэг мэдээж зөвхөн шүүмжлэх биш шүү дээ. Гарц, шийдэл хайсан хайлт. Хөгжил дэвшил рүү сайн сайхан руу явъя гэсэн уриалга. Уншигчдад ойлгомжтой болгохын тулд кино филмүүдэд энэ бүх асуудлуудыг хэрхэн харуулсан жишээнүүдийг номондоо нилээд оруулсан тул ойлгоход дөхөм бас сонирхолтой болсон хэмээн найдна.
-Маш сонирхолтой ном бололтой. Сүүлийн асуулт. Монгол хүнийг та эрх чөлөөгүй гэлээ. Тэгэхлээр Ардчилсан хувьсгалаар Монгол хүн эрх чөлөөгөө олж аваагүй гэсэн үг үү?
Ардчилсан хувьсгал мэдлэг боловсролын эрх чөлөө, эрүүл мэндийн эрх чөлөө,нийгмийн амьдралд оролцох эрх чөлөөг устгаж баячууд мухар сүсэгтнүүдийн дураараа дургидаг орон болгосон. Өнөөдөр мэдлэгт суралцсанаас нэг бол банкны менежер эсвэл лам болж мөнгөтэй болох, бүр болохгүй хуурамч дипломтой бол улстөр хийж амьдрах ийм л гурван сонголттой болсон.
Зэрлэг бүдүүлэг байх нь эрх чөлөө биш. Билэг танхай гэдэг эрх чөлөө биш,боловсролгүй бас ёс суртахуунгүйн илрэл. Нэг нэгнийгээ хүндэтгэж хүлээн зөвшөөрч байж л эрх чөлөө хэрэгжих боломжтой.Ийм л цагийг наашлуулах гэж энэ номыг бичсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Р.Улам-Оргих
Эх сурвалж: Zuv.m